Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 110/ШШ2020/0070

 

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн оршин суугч Жаргалтайн Бгийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох;

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2009 оны 9 дүгээр сараас эхлэн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт манаач- жижүүрийн албан тушаалд тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байтал, цэцэрлэгийн эрхлэгч асан С.Ж нь тус хүүхдийн цэцэрлэгт сантехник-мужаан гэх шинэ орон тоо батлагдсан хэмээн намайг итгүүлэн үнэмшүүлж, сантехник-мужаан гэх орон тоо байнгын ажлын байр бөгөөд манаач-жижүүрийн албан тушаалаас 50000 төгрөгөөр өндөр цалинтай гэж хэлээд түүнд шилжин ажиллахыг санал болгосон юм. Ингэж намайг Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 03 тоот дугаартай тушаалаар манаач-жижүүр албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/05 тоот дугаартай тушаалаар сантехник-мужаан гэх шинэ албан тушаалд томилж, миний урьд эрхэлж байсан манаач-жижүүрийн албан тушаалд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар өөрийнхөө дүү Е.Мийг томилсон юм. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр эрхлэгч С.Ж нь албан тушаалаас өөрчлөгдөж, тус цэцэрлэгийн эрхлэгчээр С.Л томилогдож, төсвийн шууд захирагч болонгуут 2020 оны бүтэц, орон тоонд сантехник-мужаан гэх орон тоо батлагдаагүй байна хэмээн үзэж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Е.Мийг манаач-жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлж, Б/14 дугаартай тушаалаар Ж.Б намайг сантехник-мужааны ажлаас чөлөөлж, манаач-жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилж, зөрчлийг арилгасан юм. Гэтэл Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезийн гомдлоор Баян- Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ/2020/00773 дугаартай шийдвэрээр Е.Мийг Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн жижүүр- манаачийн албан тушаалд эргүүлэн томилсон тул Ж.Б миний эрх ашиг ноцтой хөндөгдөж, ажилгүй болоход хүрээд байна. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал нь Төсвийн тухай хууль зөрчсөн талаар эрхийн акт байхгүй, түүнийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнээд уг тушаалыг нотлох баримтаар үнэлж, Е.Мийг манаач-жижүүрийн албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Ж.Б би урьд ажиллаж байсан манаач- жижүүрийн албан тушаалаас халагдаж, ажилгүй болох нөхцөл бүрдээд байна. Ж.Б миний бие шүүхийн шийдвэрийг 2020 оны 07 дугаар сарын 23-нд хүлээн авч танилцаад, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тооны талаар судалж үзэхэд Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны Баян- Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай 72 дугаар тогтоолын хавсралтаар Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог нийт 24 орон тоотой баталсан. Аймгийн Засаг даргаас өмнөх жилүүдийн бүтэц, орон тоог хэвээр нь нийт 24 орон тоотой батлан мөрдөж, харин сантехник-мужаан гэх орон тоо огт батлагдаагүй болох нь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүтэц, орон тооны жагсаалтаар батлагдсан болохыг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдээд, хуулбарыг баталгаажуулж авсан юм. Гэтэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай Б/01 тоот дугаартай тушаал гаргаж, тухайн оны төсөвт батлагдаагүй байсан сантехник-мужаан гэх орон тоо бий болгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хүнийг албан тушаалд томилох үүднээс хууль бус эрхийн акт гаргасныг нотолж байна.Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д Тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байх ба Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах гэж заасан нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

 

Иймд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай Б/01 тоот дугаартай тушаалаар бүтэц, орон тоог баталж,аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 24 орон тоог 26 орон тоотой болгож нэмж баталсан эрхийн акт нь хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж байна. Энэ Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал нь Ж.Б миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, миний хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан, намайг үндэслэлгүй ажлаас халах эрх зүйн зохицуулалт болж байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 65 дугаар зүйлийн 65.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай Б/01 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасан төсвийн шууд захирагчийн хувьд хуулийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилтнуудын цалин хөлсийг тогтооно гэж заасныг үндэслээд төсвийн ерөнхийлөн захирагчаас бүрэн эрхийн хүрээнд баталж өгсөн 2020 оны бүтэц, орон тоонд сантехник -мужаан гэсэн орон тоог нэмж, урьд манаач-жижүүрээр ажиллаж байсан Ж.Бг тухайн сантехникийн орон тоонд томилсон. Энэ нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус эрхийн акт гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон нутгийн төсөвт байгууллагуудын хувьд аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч байгаа. Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн байгууллагын бүтэц, орон тоог батлах эрхийг олгосон байгаа. Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тусгасан байх бөгөөд 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж тодорхой заасан. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчаас баталж өгсөн цалингийн сан, орон тооны хязгаарт багтаагаад зөвхөн байгууллагын ажиллагчдын цалин хөлсийг тогтоохоос биш, бүтэц, орон тоо батлах эрхийг олгоогүй байтал төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах, цалин хөлс тогтоох тухай Б/01 тушаалаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны төсөв батлах тухай 72 дугаар тогтоол, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн 24 орон тоогоор баталж өгсөн орон тоонд сантехник-мужаан, нягтлан бодогч гэсэн 2 орон тоог нэмж, хууль бус тушаал гарган эрх хэмжээгээ хэтрүүлсэн байгаа. Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон бөгөөд 65.1.8-д тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах эрхийг аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулсан байгаа. Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж өөрт нь хамааралгүй зүйлд эрхийн акт гаргасан нь хууль зөрчсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай Б/01 дугаартай тушаал гаргаж, тус цэцэрлэгт сантехник-мужаан гэх шинэ орон тооны бүтэц буй болгож, тухайн орон тоонд 2009 оноос эхлэн 11 дэх жилдээ манаач-жижүүр гэх тушаалд ажиллаж байсан Ж.Бг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар томилон ажиллуулсан байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02 -ны өдрийн Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай 72 дугаар тогтоолын хавсралтад зааснаар Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 24 хүний орон тоотой баталсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь 2020 оны Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн батлагдсан 24 орон тооны бүтцийг баталж, санхүүжилтийг олгохдоо сантехник-мужаан гэх орон тоог нэмж батлаагүй, сантехник- мужаан гэх орон тооны цалингийн сан 2020 оны төсөвт тусгагдаагүй байтал урьд ажиллаж байсан Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал гаргаж, 26 орон тоотой баталж, шинээр нягтлан бодогч, сантехник-мужаан гэх хоёр орон тоог нэмж, илүү бүтэц, орон тоогоор ажиллуулж ирсэн байв.

 

Уг асуудлыг судалж үзээд бүтэц, орон тоонд зохицуулалт хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай тогтоол, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2020 оны батлагдсан орон тооны бүтэц, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн өмнөх буюу 2019 оны Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай Б/01 дугаартай тушаалаар батлагдан ажиллаж байсан 24 орон тооны бүтцэд тохируулан зохицуулалт хийж, үндэслэлгүй нэмж, цалингийн сан, ажлын байр нь батлагдаагүй сантехник-мужаан гэх орон тооны бүтцийг хасаж, өмнө манаач-жижүүр байсан Ж.Бг өмнөх ажилд томилсон бөгөөд харин орон тооны илүүдэл гаргаж, ажилд авсан Е.Мийг ажлаас чөлөөлсөн юм.Гэвч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаартай шийдвэрээр Е.Мийг манаач-жижүүрийн албан тушаалд эгүүлэн томилсон тул Ж.Б нь чөлөөлөгдөх, ажилгүй болох нөхцөл бүрдэж эрх ашиг нь хөндөгдөж байна.

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан 24 орон тооны бүтцийг Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар 26 болгож баталсан нь Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 65 зүйлийн 65.1.8 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцэхгүй гэж үзэж байна. Гэвч Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргасан тул хариуцагч би түүнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Үндсэн ажилчин болох Ж.Бг 2020 оны 05 дугаар сарын 01-ээс өөрийн эрхэлж байсан манаач- жижүүрийн ажилд нь эргүүлэн томилсон, ажиллаж байна. 2020 онд тус цэцэрлэгийн орон тоо, бүтэц нийт 24 байхад цэцэрлэгийн эрхлэгч байсан С.Ж төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх хэмжээгээ хэтрүүлэн, хууль зөрчин, бүтэц орон тоог 26 болгон нэмсний нэг болох Е.Мийг 2020 оны 05 дугаар сарын 01-ээс чөлөөлсөн, одоогоор тус цэцэрлэгт ажиллахгүй байгаа. Мөн орон тоонд байхгүй нягтлан бодогч А.Пийн эрүүл мэндийн шалтгаан эгзэгтэй байгаа учир орон тоо байхгүй байхад ажиллаж байна. 2020 оны бүтэц, орон тооны бүдүүвчид уурын зуухны галч гэсэн нэршилтэй гурван орон тоонд ажиллаж байгаа үндсэн ажилтан болох цагаан хэрэглэл угаагч С.М, туслах тогооч А.Күнсауле, манаач жижүүр Х.Е нарын орон тоог одоо эрхэлж байгаа албан тушаалын нэршлээр нь бүтэц, орон тоонд тодорхой тусгагдаагүй учир үүнийг шийдвэрлүүлэхээр дээд шатны албан тушаалтанд хандсан. Уг хүсэлтийн хариуг 2020 оны 10 дугаар сарын 08-ний өдөр мөн 24 орон тоогоор, үндсэн ажилчдын одоо эрхэлж байгаа албан тушаалын нэршлээр нь шийдвэрлэж өгсөн. Уурын зуухны галч гэсэн орон тооны нэршилд ажиллаж байсан Х.Еын албан тушаалыг жижүүр болгон өөрчлөн өгсөн байгаа, энэ шинэ орон тоо гэсэн ойлголт биш юм. Иймд үндсэн ажилчдын эрх ашиг, төсвийн байгууллагад хохиролтой, хүндрэлтэй байдал үүсээд байгаа тус цэцэрлэгийн 24 орон тоог 26 орон тоо болгосон эрх зүйн зөрчилтэй акт болох Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг байгууллагын зүгээс шийдвэрлэх боломжгүй байгаа тул маргаан зөрчлийг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд А.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Миний бие тус цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нягтлан бодогч Х.Амандыхын ажиллаж байсан орон тоонд орсон. Миний урьд нягтлан бодогчоор Ө.Хунанбай, дараа нь Х.Амандых ажиллаж байсан. Миний бие цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, аймгийн Засаг даргын орлогчийн албан тоотоор орсон. Ж.Бгийн нэхэмжлэлд нягтлан бодогчийн орон тоо огт хамааралгүй. Миний орон тоонд урьд нь хүн ажиллаж байсан, 2021 оны төсөвт нягтлан бодогчийн орон тооны захиалгаа өгсөн, одоо батлагдаж ирнэ. Байгууллага бүр тус тусдаа нягтлан бодогчтой байх Засгийн газрын тогтоолтой гэжээ.

 

Гуравдагч этгээд Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Иргэн Е.М нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт манаач-жижүүрийн ажилд томилогдсон. Гэтэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон С.Л нь Е.Мийг 2020 оны 05 дугаар сард манаач-жижүүрийн ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Е.М нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.Тус цэцэрлэгийн үйлчилгээний ажилтан Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт манаач- жижүүрээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тус цэцэрлэгт сантехник-мужааны ажилд томилогдсон. Ж.Б тус цэцэрлэгийн сантехник-мужааны ажилд томилогдсоны дараа 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл тус цэцэрлэгт сантехник-мужаан, 2020 оны 05 дугаар сараас одоо хүртэл тус цэцэрлэгт манаач-жижүүрийн ажлыг тус тус хийж байна. Өнгөрсөн хугацаанд Ж.Бгийн цалин хөлс нь 2019 оноос нэг ч төгрөгөөр буураагүй буюу хөдөлмөрлөх эрх ашиг нь огт зөрчигдөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үйлчилгээний ажилтан ажлаас буруу халагдсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тохиолдолд иргэний шүүхэд эрх нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 1 сарын дотор нэхэмжлэл, гомдол гаргах ёстой. Гэтэл өнөөдөр Ж.Б ямар нэгэн гомдол гаргаагүй байхад тус цэцэрлэгт шинээр томилогдсон С.Л нь урьд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Жтэй хувийн таарамжгүй харьцаатай байсныг далимдуулан Ж.Бгаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргуулан өөрийгөө хариуцагчаар тодорхойлуулсан явдал нь буруу гэж үзэж байна.

 

Иймд маргаан бүхий гэх захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай" Б/01 дугаартай тушаалаар Ж.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бгийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаалыг[1] хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь дээрх маргаан бүхий Б/01 дугаар тушаалаар цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсны дараа тус цэцэрлэгт 2009 оноос манаач-жижүүрээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.Бг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалаар[2] Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн өөр ажилд томилох болсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/04 дүгээр тушаалаар[3] гуравдагч этгээд Е.Мийг манаач-жижүүрээр, Б/05 дугаар тушаалаар[4] Ж.Бг сантехник-мужаанаар тус тус томилон ажиллуулсан байна.

 

Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар тус Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон С.Л нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/13, Б/14 дүгээр тушаалуудаар байгууллагын төсөв, орон тооны хязгаар 24 байх ёстойг хэтрүүлсэн, байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй сантехник-мужааны орон тоонд ажиллуулахаар Ж.Бг хуурч манаач-жижүүрийн ажлаас чөлөөлж, уг орон тоонд Е.Мийг томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэсэн үндэслэлээр Е.Мийг манаач-жижүүрийн ажлаас чөлөөлж, Ж.Бг урьд эрхэлж байсан манаач-жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилсон байна. Улмаар Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэрээр Е.Мийг Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач-жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тус Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хэлэлцээд тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00068 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, уг магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие 2009 оны 9 дүгээр сараас эхлэн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт манаач- жижүүрийн албан тушаалд ажиллаж байгаад цэцэрлэгийн эрхлэгч асан С.Жгээс тус цэцэрлэгт батлагдсан сантехник-мужаан гэх шинэ орон тоонд шилжин ажиллахыг санал болгосноор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар сантехник-мужаанаар томилогдсон. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон С.Л 2020 оны бүтэц, орон тоонд сантехник-мужаан гэх орон тоо батлагдаагүй гэж үзэж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/013 дугаартай тушаалаар Е.Мийг манаач-жижүүрийн албан тушаалаас чөлөөлж, Б/014 дугаартай тушаалаар намайг урьд эрхэлж байсан манаач-жижүүрийн албан тушаалд буцаан томилсон. Гэтэл Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гомдлоор Баян- Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ/2020/00773 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал нь Төсвийн тухай хууль зөрчсөн талаар эрхийн акт байхгүй, түүнийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнээд Е.Мийг манаач-жижүүрийн албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Ж.Б би урьд ажиллаж байсан манаач-жижүүрийн албан тушаалаас халагдаж, ажилгүй болох нөхцөл бүрдээд байна. Гэтэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж, тухайн оны төсөвт батлагдаагүй байсан сантехник-мужаан гэх орон тоо бий болгосон нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрийн хамаарал бүхий хүнийг албан тушаалд томилох үүднээс хууль бус эрхийн акт гаргасныг нотолж байна гэж тодорхойлон маргажээ.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас аймгийн 2020 оны төсвийн төсөлд Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийг 24 орон тоотой байхаар /арга зүйчийн 1 орон тоог нэмж/ тусгаж, төслийг өргөн мэдүүлснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолоор Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны төсвийг 366.540.700 төгрөгөөр баталсан, үүний дотор 24 орон тооны цалингийн зардал батлагдсан. Харин тус цэцэрлэгийн хувьд 2019 онд 23 орон тооны цалингийн зардлыг багтаасан 262.174.500 төгрөгийн батлагдсан төсөвтэй байсан, өөрөөр хэлбэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн хувьд 2019 онд 23 орон тооны, 2020 онд арга зүйчийн 1 орон тоо нэмэгдэж, 24 орон тооны төсөв батлагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдож байна.

 

Буянт сумын Хүүхдийн цэцэрлэг нь 2019 онд эрхлэгч-1, багш-6, туслах багш-5, нярав-1, тогооч-1, сав угаагч-1, угаагч-2, туслах тогооч-1, галч-5 /манаач, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан/ гэсэн бүтэцтэй, нийт 23 орон тоотойгоор[7] ажиллаж байсан, энэхүү 23 орон тооны нэг орон тоо болох туслах тогоочийн орон тоонд туслах тогооч болон нягтлан бодогч ажиллаж, 0,5-аар цалинжиж байсан гэж цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан гэрч С.Ж мэдүүлсэн[8] бөгөөд эрхлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дүгээр тушаалд[9] ...цэцэрлэгийн нягтлан бодогчоор А.Пийг 0,5 хувь түр хавсруулан авч ажиллуулах гэж тусгажээ.

 

Маргаан бүхий захиргааны акт болох Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар[10] тус хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог эрхлэгч-1, арга зүйч-1, багш-6, туслах багш-5, нярав-1, тогооч-1, сав угаагч-1, угаагч-2, туслах тогооч-1, манаач-4, сахиул-1, нягтлан бодогч-1, сантехник-мужаан-1 гэсэн бүтэцтэй, нийт 26 орон тоо байхаар баталсан байх ба цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан гэрч С.Жгээс нэмэгдсэн орон тоонуудын талаар ... төсвөөр бол өмнөх оноос 1 орон тоо нэмэгдэж баталсан, энэ нь арга зүйч багшийн 1 орон тоо байсан. Цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд сантехник-мужааны 1 орон тоог нэмж,өмнөх 23 орон тооны 1 орон тоо болж 0,5-аар цалинжиж байсан нягтлан бодогч болон тогоочийн туслахын орон тоог тус тус бүтэн орон тоо болгосон гэж мэдүүлсэн.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргаас Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог эрхлэгч-1, арга зүйч -1, багш-5, дуу хөгжмийн багш-1, туслах багш-5, нярав-1, тогооч-1, туслах тогооч-1, сав угаагч-1, үйлчлэгч-1, цагаан хэрэглэл угаагч-1, манаач-4, жижүүр-1 гэсэн бүтэцтэй, нийт 24 орон тоотой байхаар баталж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А/807 дугаар захирамж[11] гаргасан байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд эрх бүхий этгээдээс 2019 онд байсан 23 орон тоонд арга зүйчийн 1 орон тоог нэмснээр 2020 онд Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог 24 гэж тогтоож, төсвийг баталсан, харин тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар төсөв буюу цалингийн зардал нь батлагдаагүй сантехник-мужаан, нягтлан бодогч гэсэн 2 орон тоог нэмж, цэцэрлэгийн нийт орон тоог 26 гэж шинэчлэн баталсан нь тус тус хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална: 38.1.2.ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 40.1.6.сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэж тус тус заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Бг өөр ажилд буюу маргаан бүхий тушаалаар нэмсэн сантехник-мужааны албан тушаалд ажиллах болсон гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар манаач-жижүүрийн албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагч болох аймаг, нийслэлийн Засаг даргын төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхээс гадна аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилт-ийн талаарх тусгайлсан бүрэн эрхийг заасан, үүнд 65 дугаар зүйлийн 65.1.1-д тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах, 65.1.8-д тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах бүрэн эрхтэй байна.

 

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна гэж заасан ба төсвийн шууд захирагч болох Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.9-д дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

 

Эдгээр заалтаас үзвэл, орон нутгийн төсвийн удирдлагын хувьд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх бүрэн эрх ялгамжтай зохицуулагдсан, тухайлбал төсвийн байгууллагын орон тоог батлах бүрэн эрх аймгийн Засаг даргад байгаа бол төсвийн шууд захирагч ийм эрхгүй, харин батлагдсан орон тоог тодорхой нөхцөл, шаардлагаар баталсан этгээдийн /төсвийн ерөнхийлөн захирагч/ зөвшөөрлөөр өөрчлөн тогтоох боломжтой, гэхдээ зөвхөн батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс батлагдсан орон тооны хязгаар, төсөв буюу цалингийн санг хэтрүүлж, мөн дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр тус цэцэрлэгийн бүтэц,орон тоог дээрх байдлаар 2020 онд шинэчлэн баталж, хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд маргаан бүхий тушаал нь Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн захиргааны акт байна гэж дүгнэлээ.

 

Дээрх байдлаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаараас хэтрүүлж, сантехник-мужаан болон нягтлан бодогч гэсэн 2 орон тоог нэмж цэцэрлэгийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төсвийн тухай хуультай нийцээгүй хууль бус тушаал бөгөөд уг захиргааны актын улмаас сантехник-мужааны орон тоонд ажиллах болсон гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар тус цэцэрлэгийн манаач-жижүүрийн байнгын ажлын байрнаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Ж.Бгийн хөдөлмөрлөх, төрийн албан тушаал эрхлэх,цалин хөлс авах зэрэг эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.8-д тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 75-76-р хуудас

 

[2] Хэргийн 17-р хуудас

 

[3] Хэргийн 18-р хуудас

 

[4] Хэргийн 19-р хуудас

 

[5] Хэргийн 21-22,23,24-28,92,98-112,202-р хуудас

 

[6] Хэргийн 61-64,65-66,132-134,135-138,139-142,143,154-159,160,161-р хуудас

 

[7] Хэргийн 127-128-р хуудас

 

[8] Хэргийн 176-178-р хуудас

 

[9] Хэргийн 181-р хуудас

 

[10] Хэргийн 75-76-р хуудас

 

[11] Хэргийн 148-149-р хуудас