Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0545

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  Г.Б-ын нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: шүүгч Л.Одбаатар  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0020/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б-аас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 192 дүгээр зүйлийн 192.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн..." гэжээ. Тодруулбал нийтийн албанд ажиллаж буй хэн боловч хуулиар олгосон эрх, үүргийн хэмжээнд албаны үйл ажиллагаа удирдлага болгох ёстой бөгөөд хуулиар зохицуулаагүй, хориглоогүй, хязгаарлаагүй гэх агуулгаар өөрийн дур зоргоор эрх зүйг гуйвуулан өөрт олгогдоогүй эрх мэдэл, чиг үүргийг хэрэгжүүлэх нь хориотой юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн 7.1 дэх хэсэгт "... Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно..." гэжээ. Харин хүчингүй болгосон 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно..." гэж заасан бөгөөд энэ агуулга нь 2023 оны баталсан шинэчилсэн найруулгаас хасагдсан байна. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Зөвлөмж", 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/267 дугаартай "Тэтгэмж бодох заавар"-ыг тус тус батлахдаа хууль тогтоогчийн шинэчилсэн найруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиас хассан агуулга буюу ажлын өдрөөр тооцно гэснийг сэргээсэн хэм хэмжээг баталжээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад "...өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол...", 25.1.2 дахь заалтад "...хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох бол...", 25.1.3 дахь заалтад "...хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн нэмэлт, өөрчлөлт орох бол...", 25.1.4 дэх заалтад "... тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон..." бол хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна гэжээ. Тодруулбал хууль тогтоогчоос 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 50 хувиас дээш хэм хэмжээг өөр агуулгаар шинэ хэм хэмжээг бүтээсэн байна.

3.2. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0515 дугаар шийдвэрт ажлын өдрөөр тооцохоор байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд хууль ёсны байх шаардлага хангахгүй байна. Мөн шүүх нэхэмжлэгч нь тэтгэмж авах хүсэлтээ Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/267 дугаартай "Тэтгэмж бодох заавар"-ыг батлахаас өмнө гаргасан үйл баримтад хууль зүйн дүгнэлт огт өгөөгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3 дахь хэсэгт "... Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөх эрхтэй.. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Б-аас “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх “... ажилласан хоног буюу ажлын өдрөөс шалтгаалж цалин, хөлс авахаар, авсан цалин хөлснөөс шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, төлсөн шимтгэлийн хэмжээнээс шалтгаалж тэтгэмж авахаар байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” гэж, 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж,

Нийгмийг даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 192 дүгээр зүйлийн 192.4-д “Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно” гэж,

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль шинэчлэн найруулга батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбоотой тус зөвлөмжийн 3.3-д “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгох хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно” гэж,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор заасан тул даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр адсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин хөлсийг 21-т хувааж тооцно” гэж,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэмж бодох заавар тухай А/267 дугаар тушаалын 5.3.3-т “... тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс болон дууссан өдрийн хооронд 120, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно”, 5.3.4-т “...олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тэтгэмж олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно” гэж тус тус заажээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Г.Б-аас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн хүсэлтийн дагуу тус газраас 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэхэмжлэгчид тэтгэмжийн даатгалын сангаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 28,599,998 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

3.2. Энэ тохиолдолд хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, тус хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбоотой Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөмж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Тэтгэмж бодох заавар” А/267 дугаар тушаалыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг эрх үүссэн хугацаанаас дуусах хүртэлх хугацааны ажлын өдрөөр тооцож тэтгэмж олгосон нь дээрх хууль болон журмын заалтуудтай нийцсэн гэж үзэхээр байна.

3.3. Учир нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.2-т “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно” гэж зохицуулсан нь ажлын өдөрт тооцох өдрийг тусгайлан зохицуулж өгсөн байх бөгөөд энэ нь амралтын өдрийг /бямба, ням гараг/ ажлын өдөртэй адилтган тооцно гэсэн агуулга биш байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль тогтоогчоос 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 50 хувиас дээш хэм хэмжээг өөр агуулгаар шинэ хэм хэмжээг бүтээсэн байна ...” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

3.4. Түүнчлэн, Нийгмийг даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 192 дүгээр зүйлийн 192.4-д “Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг хүсэлт гаргахаас өмнө ч энэ агуулгаар хууль хэрэгжиж байсан төдийгүй хариуцагчийг өөрийн дур зоргоор эрх зүйг гуйвуулан өөрт олгогдоогүй эрх мэдэл, чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны А/267 дугаартай “Тэтгэмж бодох заавар”-ыг батлахаас өмнө гаргасан үйл баримт ...” гэх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                               М.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР