Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01128

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаар шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

Б.Болор-Эрдэнэд холбогдох

 

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******ээс*******д холбогдуулан 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, марагажээ.

 

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч*******эс 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шат шатны шүүхүүд*******, ******* нарыг хамтын амьдралтай байсныг тэдгээрийн хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргасныг үл харгалзан нөхөн тооцож Иргэний хуулийн 132 дугаар зүйлд заасныг илтэд буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргаж байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зохицуулалтаас хальж эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хувааж авах талаар гэрээгээр тохиролцож уг гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн харилцаатай байсан эсэхээ тогтоолгох шаардлага гаргалгүй гэрээний дагуу дундын эд хөрөнгө гаргуулах шаардлага гаргасан бөгөөд гэр бүлийн харилцаатай эсэхээ тогтоолгох шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.4 болон 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан албан ёсны гэр бүлийн харилцаанд дүйцэхүйц хамтын амьдрал үүссэн эсэх улмаар Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан гэрлэгчдийн эд хөрөнгийн харилцаа үүсэх, шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой эсэхийг шүүх анхаарахгүй хууль бус шийдвэр гаргаж байна.

Иргэний хуулийн 132 дугаар зүйлд гэрлэгчид эд хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах талаар зохицуулсан бөгөөд гэрлэгчид гэх нөхцөлийг нотлохгүйгээр ******* болон******* нарын хооронд байгуулсан эд хөрөнгийн эрхийн талаарх гэрээг бусад гэрээ хэлцэлтэй адилтган шууд дүгнэж болохгүй юм. Хэрвээ ******* хамтын амьдралтай байсан буюу гэр бүлийн харилцаатай байснаа тогтоолгох шаардлага гаргаж, үүнийг шүүх тэргүүн ээлжинд тогтоосон бол Иргэний хуулийн 132 дугаар зүйлд зааснаар гэрлэгсэд эд хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулсан байна хэмээн үзэж, улмаар *******,******* нарын хооронд байгуулсан гэрээг үнэлэн шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ: ...нөхөр*******эс хамтран өмчлөх дундын хөрөнгөөс хүүхэд тус бүрт 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг өгөхөөр хэлцэл байгуулж, шүүх хуралдаанаар зөвхөн хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлүүлсэн. Гэвч хурлаас хойш хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэлцэлд дурдагдсан хөрөнгийг өгөх боломжгүй байна... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

8. Зохигч 2012 оноос 2020 оны 05 сар хүртэл гэр бүлийн харилцаатай байж, хамтран амьдарсан, энэ хугацаанд 2012 онд охин Б.Оюунтүлхүүр, 2015 онд хүү Б.Санчир нар төрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 155/ШШ2020/01066 дугаар шийдвэрээр эцэг*******эс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2020.04.28-ны өдөр зохигч харилцан тохиролцож, хариуцагч******* гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 2020.07.01-ний дотор 10,000,000 төгрөг, 2020.08.01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөгийг *******т тус тус олгох, дээрх төлбөрийг төлж барагдуулсны дараа ******* нь Хөвсгөл, Мөрөн, 4-р баг, 26-05 тоотод байрлах 28 м.кв, 65 м.кв талбайтай хувийн сууц, 929 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

 

9. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй, 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэг нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Хоёр шатны шүүх: ...зохигч хамтын амьдралтай байхдаа хамтран өмчилж байсан эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн, энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй... гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

10. Зохигч хамтын амьдралтай байсан үйл баримтын талаар маргаагүй, энэ нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах үндэслэл болж байгаа тул ...шүүх талуудын хамтын амьдралтай байсныг тогтоосны дараа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх байсан, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... талаарх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******эс 2021.01.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                        Г.БАНЗРАГЧ

                                            Б.МӨНХТУЯА

                                              Х.ЭДЭНЭСУВД