| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0035/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
2024 01 03 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Б.М-дхолбогдох эрүүгийн 2309023402687 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны ..... дугаар сарын ......-ний өдөр ...........аймгийн ........ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М, .............. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдад их хэмжээний хохирол учруулах." гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Б.М нь "үргэлжилсэн үйлдлээр" буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "С д" ХХК-ийн борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн салбараас 112 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ц п салбараас 7 ширхэг, нийт 119 ширхэг цахилгаан бараа худалдан борлуулсны төлбөрийг өөрийн эзэмшлийн Х банкны 53035........тоот дансанд шилжүүлэн авсан, мөн тус байгууллагын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ц п салбараас 11 ширхэг цахилгаан барааг хувьдаа авч барьцаалан зээлдүүлэх газар барьцаалах зэргээр "С Д" ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний буюу 59 096 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дийн “...Б.М нь манай байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр туршилтын ажилтнаар анх орж байсан. Туршилтын хугацаандаа 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тооллогоор 9,233,000 төгрөгийн бараа материал дутаасан. Манай байгууллагын зүгээс Б.Мод сахилгын шийтгэл оногдуулан жинхлэх хугацааг нь тус ажилтны хүсэлтээр 3 сараар сунгасан. Туршилтын хугацаа нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусаж, үндсэн ажилтан болсон юм. Б.М хорооллын И-март салбараас манай хамгийн том салбар болох Ц П салбар дээр ирэн ажилласан. Манай бүх салбарууд бараа материалаа сар бүрийн сүүлийн хоногт тоолдог. Б.М салбар сольж шилжихдээ А болон Д нарт "...Удирдлагуудад битгий хэлээрэй 7 хоногийн дараа төлнө..." гэж хэлээд салбараа сольсон байсан. Хорооллын и-март салбараас 112 ширхэг бараа буюу 35 469 000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүн хувьдаа завшсан байсан. Ц П салбарын 2023 оны 7 дугаар сарын 31-ний тооллогоор тус салбараас нийт 18 ширхэг буюу 25 087 000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүн хувьдаа завшсан байсан нь тооллогоор илэрсэн. Тооллогын дараа Б.Мтой биечлэн уулзахад "...Би банк бус санхүүгийн байгууллагад өндөр зээлтэй. Тэр зээлээ төлөхгүй бол байр хураагдах гээд байсан юм аа..." гэж үнэнээ хүлээн зөвшөөрсөн ба "...Би буцааж төлнө..." гэж хэлсэн... Худалдан авагч нарт "... НӨАТ-аа хасуулаад авах уу..." гэж санал тавин мөнгийг нь өөрийн данс руу аван зарсан. Мөн ломбардад өндөр үнэтэй гар утаснуудыг тавьж зээлдсэн байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-ын “...Б.М нь манай байгууллагад учруулсан байсан 63 645 000 төгрөгөө 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж дуусгасан ба манай байгууллагаас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/, гэрч Э.Т-ын "...Миний бие С Д ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анх ажилд орсон. Бусад салбарууд дээр дадлага хийж байгаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үндсэн ажилтан болон Хорооллын и-март салбар дээр ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороход М гэх залуу салбар хариуцсан борлуулалт үйлчилгээний ажилтан хийж байсан. Би 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тооллого хийхэд нэлээд их тооны бараа дутсан байсан... Тухайн барааг М ах хувьдаа ашигласан юм шиг байна лээ... Түүний дараа М ах салбараа солиод явсан. Намайг бараа хүлээж авах үед бараанууд мөн дутуу байсан. М ах надад...Байраа банк бус санхүүгийн байгууллагад байраа хураалгаж алдах гээд байсан учир бараа зарсан мөнгөөрөө зээлээ төлсөн. Байраа зараад өрөө дарна..." гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, "Д" ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн СБ1-23-1764 дугаартай “Зах зээлийн үнэлгээ нийт 59 096 000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-64 дүгээр тал/, С Д ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022-067 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай" гүйцэтгэх захирлын тушаал /хавтаст хэргийн 13 дугаар тал/, С Д ХХК-ийн "Борлуулалт үйлчилгээний ажилтан"-ы ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, "С Д" ХХК болон Б.М нарын хооронд байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 17-21 дүгээр тал/, "С Д" ХХК болон Б.М нарын хооронд байгуулсан "Эд хөрөнгийн гэрээ"-ний хуулбар /хавтаст хэргийн 15 дугаар тал/, Central Park салбарын ажилтан Б.Мын зөрүүтэй барааны жагсаалт /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Б.Мын эзэмшлийн Хаан банк дахь 5025...... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 25-36 дугаар тал/, “С Д” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11-181 тоот албан бичиг /хавтаст хэргийн 38 дугаар тал/, яллагдагч Б.Мын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч “С Д” ХХК-нд 63 654 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэргийн 38, 89 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн гараар бичсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ