| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/01578/И |
| Дугаар | 183/ШШ2020/01836 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2020/01836
2020 07 01 183/ШШ2020/01836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З э” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон, 32.Е дүгээр байр, 01 тоотод байрлах, регистрийн дугаар 9922628/
Хариуцагч: Б.Н холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 543.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “З э” СӨХ нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон, 32.Д дүгээр байр, 37 тоотод оршин суух Б.Н нь 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 11 сарын СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна. Иймд СӨХ-ны 1 сарын төлбөр болох 49.400 төгрөгийг 11 сараар тооцон нийт 543.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон, 32.Д дүгээр байр, 37 тоот орон сууцны өмчлөгч мөн бөгөөд 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 11 сарын СӨХ-ны төлбөрт 543.400 төгрөгийг төлөөгүй талаар маргахгүй. Гэхдээ Г.Насанжаргал нь уг СӨХ-г хуулийн дагуу шилжүүлэн аваагүй тул би СӨХ-ны төлбөрийг төлөөгүй юм. Г.Насанжаргал нь “З э” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар хууль бусаар томилогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“З э” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Над холбогдох, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 543.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар “З э” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор”...Г.Насанжаргалыг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон” байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгосон 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19/18 дугаар “З э” СӨХ-ны гэрчилгээний “Нэмэлт өөрчлөлт” гэсэн хэсэгт “...СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019.07.29-ний өдрийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Насанжаргалыг гүйцэтгэх захирлаар томилов” гэжээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т “гүйцэтгэх захирал нь Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасны дагуу “З э” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Насанжаргал нь уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй болно.
Иймд хариуцагч Б.Нын “...2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 11 сарын СӨХ-ны төлбөрт 543.400 төгрөгийг төлөөгүй талаар маргахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь “...дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасны дагуу хариуцагч Б.Наас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны /11 сарыг 49.400 төгрөгөөр тооцон/ 543.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З э” СӨХ-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Н “...Г.Насанжаргал нь З э СӨХ-ны гүйцэтгэх захирлаар хууль бусаар томилогдсон, төлөөлөх эрхгүй” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Наас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 543.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З э” СӨХ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З э” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид 17.546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД