| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2023/01562/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
2023 12 27 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч К.Чимгээ,
Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт Т.Мд холбогдох эрүүгийн 2306 01562 3475 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улс, 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, *********** тоотод оршин суух хаягтай,
********** ургийн овогт Т.М /РД:***********/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Т.М нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр **************** тоотод байрлах иргэн Р.Эын амины орон сууцны цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Лед бичлэгтэй 32 инчийн зурагт, цахилгаан тогоо 1 ширхэг, 2 ширхэг хөнжил, цүнх зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 334,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Т.М нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******************* тоотод байрлах иргэн Р.Эын амины орон сууцны цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Лед бичлэгтэй 32 инчийн зурагт, цахилгаан тогоо 1 ширхэг, 2 ширхэг хөнжил, цүнх зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 334,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4 дэх тал/,
Хохирогч Р.Эын өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ***************** тоотод гэрээсээ би эхнэр хоёр хүүхдийн хамт гарч явсан ба гэрт ямар нэгэн хүн үлдээгүй. Орой 22 цагийн орчим гэртээ ирээд байшин руугаа ортол том өрөөнд байсан LED бичиглэлтэй 32 инчийн зурагт алдагдсан, гэрийн шалан дээгүүр хүүхдийн хувцсыг замбараагүй тараасан байдалтай, хүүхдийн өрөөний орон дээр дэвсдэг 2 хөнжил алдагдсан байдалтай, хүүхдийн өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд ямар нэгэн зүйлд хүрэхгүй цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-7 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “************” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-23-389 дугаартай “...алдагдсан эд зүйлийг 334,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02/105 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан вакум цонхны гадна талын хүрээн болон шилэн дээрээс илрүүлж бэхжүүлэн авсан 4 ширхэг гарын мөр нь папилон санд MN005110002991 дугаараар бүртгэгдсэн Т.Мгийн баруун гарын алга, зүүн гарын алга, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 дахь тал/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Т.Мгийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч өөрийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтын талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” бол хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор,
мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.Мгийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтын талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Мг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нь Т.М нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ гэмт хэргийн улмаас 22 хоногийн хугацаатай цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй...” гэх саналыг гаргасан бол
Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь нөхцөл байдлыг ташаа ойлгосны үүднээс хохирогчид хохирол учруулсан. Т.М нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна гэж үзэж байна. Иймд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.М нь хохирогч Р.Эод хохирол төлбөр болох 334,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Бусад
Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** ургийн овогт Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН