Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01829

 


 

 

 

   2020           07            01                                                183/ШШ2020/01829

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ж э э э” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 144.776.569 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, түүний өмгөөлөгч Б.Ж, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б ээж О.Э нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Ж э э э” ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд “Mountain Residence” орон сууцанд 49.5 м.кв талбай 2 өрөө орон сууцнаас 2 ширхэг, автозогсоол 2 ширхэг, нийт 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 165.720.000 төгрөгийг төлсөн. Тухайн үед би гэрээ байгуулах боломжгүй байсан учраас миний өмнөөс ээж маань гэрээ байгуулсан болно. Гэтэл уг орон сууц нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй бөгөөд 2 жилийн дараа ашиглалтанд орсон боловч мэргэжлийн хяналтын стандарт, шаардлага хангаагүй, улсын комисс хүлээж аваагүй, орон сууцны гэрчилгээ нь гарахгүй байсан тул бид орон сууц захилгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 165.720.000 төгрөгийг буцаан авахаар "Ж э э э” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00982 дугаар шийдвэрээр хариуцагч "Ж э э э” ХХК-иас 143.720.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876.549 төгрөг, нийт 144.776.569 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад “Ж э э э” ХХК нь төлбөр болох 144.776.569 төгрөгт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан соёмбот уулын хормойд байрлах. 51 дүгээр байрны 1 давхрын 90 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.  

Гэтэл “Ж э э э” ХХК нь уг гэрээгээр тохиролцсоны дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан соёмбот уулын хормойд байрлах, 51 дүгээр байрны 1 давхрын 90 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг шилжүүлж өгөөгүй бөгөөд үүнээс хойш шаардлага тавьсан ч биелүүлэхгүй хоёр жил болсон. Ингээд удахгүй ашиглалтанд орох барилгаас танайд үйлчилгээний төв. орон сууц өгье гэж санал болгоод 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ДЦС-3 ТӨХК-ийн Ажилчдын орон сууцны 1 давхарт байрлалтай 60 м.кв талбайтай үйлчилгээний төв. уг байрны 2 дугаар орц, 14 давхарт байрлах 196 тоот 43.22 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  дотор шилжүүлэхээр дахин гэрээ байгуулсан боловч мөн үүргээ биелүүлээгүй.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээс татгалзаж, гэрээний төлбөр болох 144.776.569 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.Бадамдарийн нэхэмжлэлтэй, “Ж э э э” ХХК-д холбогдох, гэрээнээс татгалзаж, 144.776.569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Ж э э э” ХХК, М.Бадамдарь нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17/26 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Ж э э э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан соёмбот уулын хормойд байрлах, “Mountain view residence” орон сууцаны 51 дүгээр байрны 1 давхрын 90 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг захиалагч М.Бадамдарьд шилжүүлэн хүлээлгэн өгөх, захиалагч М.Бадамдарь нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 144.776.569 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00982 дугаар шийдвэрээр “Ж э э э” ХХК-иас 144.776.569 төгрөг төлөх үүрэгт тооцохоор” харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “...уг гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байсан” гэсэн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

 

Уг гэрээ биелэгдээгүй учир худалдагч “Ж э э э” ХХК-ийн хүсэлтээр гэрээний зүйлийг өөрчлөн, “Ж э э э” ХХК, М.Бадамдарь нар 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 116/2-196 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгэгч “Ж э э э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ДЦС-3 ТӨХК-ийн ажилчдын орон сууцнаас 1 давхарт байрлалтай 60 м.кв талбай бүхий үйлчилгээний төв болон 2 дугаар орц, 14 давхар, 196 тоот 43.22 м.кв талбайтай орон сууцыг захиалагч М.Бадамдарьд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, захиалагч М.Бадамдарь нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 144.776.569 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00982 дугаар шийдвэрээр “Ж э э э” ХХК-иас 144.776.569 төгрөг төлөх үүрэгт тооцох” гэж харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “...энэ гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байсан” гэсэн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч “Ж э э э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ДЦС-3 ТӨХК-ийн ажилчдын орон сууцнаас 1 давхарт байрлалтай 60 м.кв талбай бүхий үйлчилгээний төв болон 2 дугаар орц, 14 давхар, 196 тоот 43.22 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр худалдан авагч М.Бадамдарийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бадамдарь нь дээрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д “...уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 144.776.569 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00982 дугаар шийдвэрээр “Ж э э э” ХХК-иас 144.776.569 төгрөг төлөх үүрэгт тооцно” гэж заасан, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00982 дугаар шийдвэрээр “...хариуцагч “Ж э э э” ХХК-иас 143.720.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 876.549 төгрөгийг гаргуулсугай” гэсэн баримтыг үндэслэн М.Бадамдариас уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 144.776.569 төгрөгийг “Ж э э э” ХХК-д төлсөн гэж үзэхээр байх тул хариуцагч “Ж э э э” ХХК-иас 144.776.569 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Бадамдарьд олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Шүүхээс хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

Түүнчлэн шүүхээс  хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж э э э” ХХК-иас гэрээний үүрэгт 144.776.569 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бадамдарьд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бадамдариас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 881.832 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ж э э э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 881.832 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.СЭМЖИД