Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/41

 

 

         

 

 

 

 

 

 

   2024         01          08                                   2024/ШЦТ/41

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Н.О,

нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311000001390 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                           

  Шүүгдэгч: М овгийн Н.О

  Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 01:00 цагийн үед хамтран амьдрагч Э.Өын эрх эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас түүний биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Мөн хамтран амьдрагч Э.Өыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар0431609 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0475542 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд 1013 дугаартай шийтгэврээр 50 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн баривчлах шийтгэл тус тус хүлээж байсан нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг байнга зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.О нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХА-8-156 тоот өөрийн гэртээ 01:00 цагийн үед хамтран амьдрагч Э.Өыг зодсоны улмаас түүний биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн хамтран амьдрагч Э.Өыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар0431609 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0475542 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулсан,

, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд 1013 дугаартай шийтгэврээр 50 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн баривчлах шийтгэл тус тус хүлээж байсан нь үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Э.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа тараад 21 цагийн үед гэртээ ирээд хүүхэдтэйгээ унтаж амраад байж байтал шөнө 01 цагийн үед нөхөр О согтуу орж ирээд 4 жил чамтай хамт амьдраад дээшилсэн юм алга чи аавдаа л мөнгө өгч байсан янхан минь гээд хуруугаараа чичилж байгаад дух руу 1 удаа алгадаад, 6 удаа нүүр лүү алгадсан. Би нүүрээ хамгаалахаар хоёр гараараа хаасан чинь миний гар луу цохисон. Тэгээд гэнэт гараа хөдөлгөж чадахгүй сонин болоод ирсэн. Тэгээд байж байтал ээж нь орж ирээд боль гээд болиулсан... Архи уух болгондоо намайг зоддог. Долоо хоногт 3-4 удаа уудаг... ...Н.Отай 2019 онд танилцаад 2021 онд хамтран амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн батлах байхгүй, дундаасаа бага насны нэг хүүхэдтэй... Хан- Уул дүүрэгт байхдаа хоёр удаа, Баянзүрх дүүрэгт байхдаа нэг удаа, Чингэлтэй дүүрэгт байхдаа хоёр удаа дуудлага өгч байсан. Дуудлага өгөхдөө 80807410 дугаараасаа өгдөг байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 7 дугаар тал/,

- гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ө нь манай төрсөн охин 1991 оны 02 сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн...Манай охин их даруухан их шударга, хүнд тусархуу амьдралын төлөө гээд явж байгаа. Отай хамт амьдраад 2 жил гаран болж байгаа дундаасаа нэг хүүхэдтэй ... 2022 оны 06 сард Яармагт хашаа аваад гэр бариад тусдаа гарсан... О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их уур түрэмгий зантай тэгээд Өыг зодож нүдээд Хан- Уул дүүргийн цагдаагийн газарт хэд хэдэн удаа очиж байсан. Манай охин тэгээд дараа нь гомдол санал байхгүй гээд мөнгө төгрөг төлөөд гаргаад авчихдаг. О архи уухгүй байх үедээ ажил төрөлд сайн, тэгээд үг их сонсдог хүүхэд байдаг харин архи уухаараа л зан өөрчлөгдөөд манай охиныг зодоод нүдээд байдаг. Тусдаа гарсан залуу хүмүүс гээд амьдралд нь их оролцоод байдаггүй. Манай охин Ө нэг над руу яриад О миний гар утсыг аваад чи ингээд аав ээждээ хов хүргээрэй гээд утас эвдсэн гэж хэлж байсан дараа гарыг хугалаад салж байна даа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12035 дугаартай шинжээчийн “...Э.Ө биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Баруун богтос ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхи, зүүн эрхий хурууны цус хуралт нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 13-14 дүгээр тал/,

- 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэлийн хуудас /хавтас хэргийн 25 дугаар тал/,

- Н.Оын зөрчлийн хэргээр шалгуулж шитгүүлж байсан Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хавтас хэргийн 26-29 дүгээр тал/,

- 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1013 дугаартай шийтгэвэр /хавтас хэргийн 43 дугаар тал/,

- 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудас, тэмдэглэл /хавтас хэргийн 47-48 дугаар тал/  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

             Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад: “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

             Шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Өтой хэдийгээр албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч, дундаасаа хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн хамтын амьдралтай байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг хамтран амьдрагч гэж үзнэ.

              

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг байнга:” гэж хуульчилжээ. Байнга гэдэг шинж нь давтагдах байдлаараа 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгоно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Өын хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан 3 ба түүнээс дээш удаагийн үйл баримтыг нотлох баримт авагдаагүй байна.

              Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.                         

                            

             Шүүгдэгч Н.Оийн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХА-8-156 тоот өөрийн гэртээ 01:00 цагийн үед хамтран амьдрагч хохирогч Э.Өыг хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас түүний биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

            Мөн хамтран амьдрагч Э.Өыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар0431609 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0475542 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд 1013 дугаартай шийтгэврээр 50 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн баривчлах тус тус шийтгэл хүлээж байсан нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн хохирогч Э.Ө нь хохирол нэхэмжлэхгүй талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч М овогт Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Од шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.  Шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Од урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ