| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 102/2023/01287/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
2024 01 04 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ********** овогт Л.Дөд холбогдох эрүүгийн 2306015242242 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн ****************** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ********************* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *********** овогт Л.Д, /регистрийн дугаар: ************/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Д нь 2023 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Тгийн зүүн гарыг шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306015242242 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цагаан сарын баярын өдөр байсан. Тухайн өдөр би гэр бүлээрээ айл хэсэж байгаад эхнэр, ажлын газрын хоёр хүний хамт ярилцаад сансрын “Мөнгөн бар” гэх баар орсон. Тухайн үед бид нар 1 ширхэг архи, 4 ширхэг пиво захиалсан. Үүнээс би гурван хундага архи уусан. Манай эхнэр ариун цэврийн өрөө орно гэж хэлэхээр нь би хамт ариун цэврийн өрөө орсон. Би ариун цэврийн өрөөний гадаа эхнэрээ хүлээн зогсож байгаад эхнэрээ гарч ирэхээр нь хамт ширээ лүүгээ явах нарийхан коридорт би нэг хүнийг шүргэсэн юм шиг байсан. Тэгсэн миний хойноос нэг хүн дуудаад “чи намайг мөрлөчихлөө” гэж хэлэхээр нь би “уучлаарай” гэж хэлээд цааш явсан. Гэтэл миний араас нэг үл таних хүн түлхсэн. Надад мөрлүүлсэн гэх хүн намайг зодож эхэлсэн. Би шилээр цохиулаад газар унах үед мөрөн тус газар шил зоогдсон байсан. Би газраас босож ирээд эргэн тойрноо харахад нэг ч хүн байгаагүй. Би ариун цэврийн өрөө ороод буцаад ширээн дээр очиход манай ажлын газрын хоёр хүн тасарсан юм шиг ширээ дэрлээд хэвтэж байсан. Би эхнэр, Б хоёрыг хайх үед баарны үүдэнд Б, манай эхнэр хоёр зогсож байсан. Тухайн баарны хамгаалагч бололтой нэг залуу намайг авч гарах гээд байсан. Би эхнэрийгээ цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө Т гэх залуу зүүн талынхаа гарыг боосон шатаар өгсөж байсан. Тухайн үед Т над руу хараад “чи миний гарыг шилээр зүссэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамайг анх удаа харж байна. Юу яриад байгаа юм бэ, цагдаа дуудсан байгаа, намайг зүссэн залуус, чамайг бас зүссэн байх” гэж хэлсэн. Цагдаа ирээд мэдүүлэг өг гэсэн эхнэр, бид хоёр мэдүүлэг өгсөн. Зодоон болох үед би Тг харах сөхөөгүй байсан. Учир нь намайг олон хүмүүс зодож байсан. Би зүүн талын дагз хэсэгтээ шилээр цохиулсан. Тухайн үед цус гарсан, өвчтэй байсан. Одоо сорвитой болсон. Би газар унахдаа шилэн дээр унасан юм шиг байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр... манай бааранд хүмүүс зодолдоод байсан учраас би очоод салгаад, болиулаад учрыг нь олохыг хичээсэн. Тэр зодолдож байсан хүмүүс нь залуучууд байсан. Яг тийм хүн, ийм хүн гэж хэлэхэд хэцүү байна ямар ч байсан нэг эмэгтэйг зодооноос салгахад тэр эмэгтэй манай нөхөр тэнд байгаа, намайг цохичихлоо гэхээр нь би тэр эмэгтэйг нөхөр дээр нь хүргэж өгсөн. Тэгтэл хэсэг эхнэр, нөхөр хоёр салаад тэврэлдээд үнсэлдээд байж байснаа цаашаагаа нөхөр нь эхнэрээ түлхээд зодоон хийсэн. Би араас нь очиж ахих салгах зорилгоор очиход тухайн үед нөхөр нь олон хүмүүсийн голд орилж чарлаад зодоон хийж байсан тул би түүнийг татах гэхэд тэр эрэгтэй миний зүүн гарыг татаж аваад газар байсан шилний хагархайгаар 3 удаа шууны дотор хэсэгт хатгачихсан. Би хатгуулаад ухаан балартсан ба нэг мэдэхэд манай найзууд миний гарыг боочихсон эмнэлэг, цагдаа дуудаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “... яг манай баарны 00-ийн үүдний хэсэгт хүмүүс муудалцаад байсан хэдэн залуучуудыг салгах гэж дундуур нь орсон чинь нэг дээгүүрх хэсгээ шалдалчихсан 98 юм уу эсвэл 99 оны гэмээр нэг залуу байсан. Тэр залуугийн цээж хэсгээр гараа оруулаад салгах гээд татах үед миний гарыг доош дарж байгаад шилээр зоосон эсвэл зүссэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан миний зүүн гар гэнэт халуун оргиод байхаар нь гараа татаад гаргаад иртэл зүүн гарын шуу хэсэг зүсэгдчихсэн маш их хэмжээгээр цус алдаж байсан. Тэгээд манай баарны хамгаалагч нар орж ирээд салгасан. Тэр миний гарыг зүссэн залууг барьж аваад баарны үүд рүү гаргаад цагдаа дуудаад өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Ө.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...00 орчхоод буцаад гараад иртэл 00-ийн өрөөний гадаа үүдэнд 2 эмэгтэй 3-4 эрэгтэй залуучууд зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь гарахдаа жаахан шүрэгчихсэн юм шиг болсон. Тэгтэл араас бид хоёрыг нэг залуу нь аймар хараалын үгээр доромжилсон. Тэгтэл нөхөр Д эргэж хараад яасан гэнээ гээд заамдалцаад авсан хажуугаас хүмүүс орж ирээд салгаад яг явах гэж байтал манай нөхөр Д за уучлаарай гээд тэр заамдалцсан залуутай гар барих гэтэл шууд манай нөхрийг цохиод авсан. Би хажуугаар нь ороод салгах гэтэл дийлээгүй тэгтэл манай нөхрийн толгой дээр нь нэг залуу пивоны шил хагалсан чинь манай нөхөр орилоод босоод ирсэн баарны хамгаалагч нар нь юм уу мэдэхгүй яг тэр баарны хамгаалагч нь эсвэл ажилтан нь гэдэг нь ерөөсөө ялгагдахгүй байсан маш олон хүмүүс л байсан. Тэгээд тэр баарны үүдэнд доошоо буудаг шатны хажууд очоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тухайн үед Т нь манай баарны дижи хийдэг байсан. Өдрийг яг хэдэн сарын хэдэн гэдгээр нь яг хэлж мэдэхгүй байна. Харин Т нь надад маргааш нь байсан санагдаж байна би бааранд болсон зодооныг салгаж байгаад гараа зүсүүлчихлээ гэж байсан. Яг болсон үйл явдлынх нь талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр би ажиллаагүй болохоор...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,
Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай бааранд хэдэн залуучууд хоорондоо зодоон хийж байсан. Тэр зодоон дууссаны дараа тэр зодоон дундуур Т нь гараа зүсүүлчихлээ гээд гараа бариад явж байсан. Яасан талаар Тгээс асуухад нэг залуу миний гарыг зүссэн гэж байсан тэр залуу гээд нэг залууг зааж байсан одоо би царайг нь хараад танихгүй нэг залуу байсан. Тэрийг нь тухайн үед баарны үүд хэсэг рүү авч гараад цагдаа нарт хүлээлгэн өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч О.Т нь тухайн маргалдаж байсан хүмүүсийг хоёр тийш нь салгаж байх ба хяналтын камерын харагдах орчинд маргалдаж байсан хүмүүс нь харагдахгүй байгаа болно мөн хяналтын камерын дүрс бичлэг муу байгаа болно...” гэх тэмдэглэл /хх-ийн 74-76-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2875 дугаартай шинжээчийн “...О.Тгийн биед шуу, бугуйн үенд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Мөнхтулга шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Л.Д нь 2023 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Тгийн зүүн гарыг шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Л.Дийн үйлдэл тогтоогдоогүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч О.Тгийн гарт гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, гэрч Анхбаярын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Гэрч Анхбаяр мэдүүлэгтээ Тг гараа зүсүүлсэн явж байсан гэж хэлдэг. Т өөрийн гарт хэн гэмтэл учруулсан талаар заадаг. Үүнийг гэрч Анхбаяр өгсөн мэдүүлэгтээ хохирогч Т нэг залууг зааж “энэ миний гарыг зүссэн залуу гэж таниад надад хэлсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч хэлэхдээ Л.Дийг надад гэмтэл учруулсан гэж заасан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдож байна. Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэдэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ач холбогдол өгч байна. Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дараа О.Ц өмгөөлөгч дээд шатны прокурорт гомдол гаргасан. Дээд шатны прокурор гомдлыг хүлээж авсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлахдаа хохирогч О.Тгийн биед гэмтэл учирсан нь тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй гэж хэлж байна. Гэхдээ гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт хүчингүй болсон удаа байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авч хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдсэн. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүгүй. Хохирогч тухайн маргаан хаана үүссэн талаар хэлэхдээ ариун цэврийн өрөөний хажууд маргалдаад байсан. Би эхлээд эхнэрийг нь салгасан. Дараа нь тэр залууг эхнэр дээр нь аваачиж өгсөн. Би холдоод явсан. Гэтэл тэр залуу буцаж очоод зодоон хийсэн. Би дахин салгах гэтэл тэр залуу миний гарыг шилээр зүссэн гэх нөхцөл байдлын талаар удаа дараа ярьдаг. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлгээр гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар бүрдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна...” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгч Л.Дийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолтой танилцсан гэх үндэслэлээр яллагдагч болсон болохоос биш Л.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Дээд шатны прокуророос, прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхийг даалгасан. Хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тал бүрээс нь нотолж, тогтоогоогүй. Харин хэтэрхий нэг талыг барьж ажилласан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчоос мэдүүлэг авах ажиллагаа хийх байсан. Л.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд асуусан асуултад “надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй гэж хэлсэн. Хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан гэрч Анхбаяр мэдүүлэгтээ “шөнийн баар, цэнгээний газар ажиллаж байхад энэ асуудал болсон. Т гараа зүсүүлсэн гээд нэг хүнийг заасан” гэж хэлсэн байдаг... Хохирогч О.Т нь шатан дээр Л.Дтэй таараад чи миний гарыг зүссэн гэж тохиолдлоор санаандгүй байдлаар таарсан хүнийгээ заасан гэж бодож байна. Таамаг төдий байдлаар хэргийг шалгасан гэж үзэж байна. Гэрч Уранбилэгийн өгсөн мэдүүлэгт тайлбар хэлсэн. Тухайн үед бааранд хамгаалагч нар болон олон хүмүүс байсан. Хажуугаар гарахдаа шүргэсэн гэх байдлаар хэрүүл маргаан хийсэн. Манай нөхрийн толгой дээр шил хагалсан. Баарны хамгаалагч, олон хүмүүс бужигналдаад байсан. Би доошоо буугаад дуудлага өгсөн гэж мэдүүлсэн. Уранбилэгийн өгсөн дуудлагын дагуу цагдаа нар ирсэн боловч Л.Дөөс хохирогчоор мэдүүлэг аваагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухгүйгээр хэргийн холбогдогч мэт хандсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Л.Д нь өөрт учирсан хохирлоо зүгээр гэж бодсон. Мөн эрх зүйч мэргэжилтэй хүн тул өөрийн ухамсар, төлөвшлөөрөө гомдол гаргаагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ажилтай байсан тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэж хэлсэн. Хэргийн хохирогч биш холбогдогч болоход хүргэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч миний хувьд эрүүгийн чиглэлээр 23 жил ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх чиглэлээр 10 жил ажилласан. Сүүлийн үед Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна. О.Цэрэнпунцаг өмгөөлөгч намайг өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэж гуйсан учраас Л.Дийн өмгөөлөгчөөр хэрэгт оролцож байна. Хэрэг шалгасан байдлын хувьд хэтэрхий нэг талыг барьсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Гэм буруутай эсэхийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Л.Дийг гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдохгүй байх тул улсын яллагч яллахаас татгалзах боломжтой гэж үзэж байна. Л.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Мөн хэргийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдлууд байна. Хохирогч О.Тг миний үйлчлүүлэгч өмнө нь харж байгаагүй. Хамгаалагч нар хэргийн талаар тодорхой мэдүүлээгүй тул хэрэг нь тогтоогдоогүй байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч О.Тгийн “... манай баарны 00-ийн үүдний хэсэгт хүмүүс муудалцаад байсан хэдэн залуучуудыг салгах гэж дундуур нь орсон чинь нэг дээгүүрх хэсгээ шалдалчихсан 98 юм уу эсвэл 99 оны гэмээр нэг залуу байсан. Тэр залуугийн цээж хэсгээр гараа оруулаад салгах гээд татах үед миний гарыг доош дарж байгаад шилээр зоосон эсвэл зүссэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан миний зүүн гар гэнэт халуун оргиод байхаар нь гараа татаад гаргаад иртэл зүүн гарын шуу хэсэг зүсэгдчихсэн маш их хэмжээгээр цус алдаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.У-ийн “...Д за уучлаарай гээд тэр заамдалцсан залуутай гар барих гэтэл шууд манай нөхрийг цохиод авсан. Би хажуугаар нь ороод салгах гэтэл дийлээгүй тэгтэл манай нөхрийн толгой дээр нь нэг залуу пивоны шил хагалсан чинь манай нөхөр орилоод босоод ирсэн баарны хамгаалагч нар нь юм уу мэдэхгүй яг тэр баарны хамгаалагч нь эсвэл ажилтан нь гэдэг нь ерөөсөө ялгагдахгүй байсан маш олон хүмүүс л байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.М-ын “... Т нь надад маргааш нь байсан санагдаж байна би бааранд болсон зодооныг салгаж байгаад гараа зүсүүлчихлээ гэж байсан. Яг болсон үйл явдлынх нь талаар би сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч М.А-ын “...манай бааранд хэдэн залуучууд хоорондоо зодоон хийж байсан. Тэр зодоон дууссаны дараа... Т нь гараа зүсүүлчихлээ гээд гараа бариад явж байсан. Яасан талаар Тгээс асуухад нэг залуу миний гарыг зүссэн гэж байсан тэр залуу гээд нэг залууг зааж байсан... Тэрийг нь тухайн үед баарны үүд хэсэг рүү авч гараад цагдаа нарт хүлээлгэн өгч байсан...” гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч О.Т нь тухайн маргалдаж байсан хүмүүсийг хоёр тийш нь салгаж байх ба хяналтын камерын харагдах орчинд маргалдаж байсан хүмүүс нь харагдахгүй байгаа болно мөн хяналтын камерын дүрс бичлэг муу байгаа болно...” гэх тэмдэглэл,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2875 дугаартай шинжээчийн “...О.Тгийн биед шуу, бугуйн үенд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд,
2023 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” нэртэй шөнийн цэнгээний газарт Л.Д нь бусадтай шүргэлээ гэх зүйлээр шалтаглан маргалдсан улмаар түүний толгой хэсэгт пивоны шилээр цохисон, тэдний маргасан зодоон бүхий үйл явдлыг баарны ажилтан болох О.Т салгах, таслан зогсоох явцад биед нь шуу, бугуйн үед зүсэгдсэн шарх гэмтэл учирсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх,... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж заасныг хэрэгжүүлэгч шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим хангагдана.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт болох хохирогч О.Тгийн биед учирсан шуу, бугуйн үед зүсэгдсэн шарх гэмтлийг шүүгдэгч Л.Д ямар үйлдэл хийснээр учруулсан болох нь тодорхойгүй, тэрхүү гэм буруугийн үйлдлийг хохирогч, гэрч нар нотолж мэдүүлээгүй, өөр бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.
Улсын яллагч “хохирогч О.Тгийн биед учирсан шуу, бугуйн үед зүсэгдсэн шарх гэмтлийг Л.Д нь шилний хагархайгаар зүсэж учруулсан” нь хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлэг /хх-10, 12-13/, гэрч М.М-рын /хх-ийн 70/, гэрч М.А-ын /хх-ийн 72/ хуудаст бэхжүүлэгдсэн мэдүүлгийн нотлох баримт болон хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /74-76/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн.
Эдгээр нотлох баримтуудыг тодруулбал, хохирогч О.Т нь өөрт гэмтэл учруулсан этгээдийн талаар “... дээгүүрх хэсгээ шалдалчихсан 98 юм уу эсвэл 99 оны гэмээр нэг залуу байсан... тухайн залууг одоо харвал танина...” гэж мэдүүлсэн бол тухайн үйл явдал болоход байсан гэрч Ө.У “... Би хажуугаар нь ороод салгах гэтэл дийлээгүй тэгтэл манай нөхөр /Л.Д/-ийн толгой дээр нь нэг залуу пивоны шил хагалсан чинь манай нөхөр орилоод босоод ирсэн баарны хамгаалагч нар нь юм уу мэдэхгүй яг тэр баарны хамгаалагч нь эсвэл ажилтан нь гэдэг нь ерөөсөө ялгагдахгүй, маш олон хүмүүс байсан...” гэж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлж, тэрээр тухайн дээгүүрх хэсгээ шалдалчихсан этгээд болон хохирогч О.Тгийн эрүүл мэндэд хэн нэг этгээд халдсан үйл явдлыг гэрчлээгүй.
Мөн гэрч М.М, М.А нар хэрэг, үйл явдлыг хараагүй, үйл явдал болсны дараа хохирогч О.Т бусдад гараа зүсүүлсэн гэж байсныг дамжмал байдлаар сонссоноо мэдүүлсэн, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хохирогч О.Т нь тухайн маргалдаж байсан хүмүүсийг хоёр тийш нь салгаж байх ба хяналтын камерын харагдах орчинд маргалдаж байсан хүмүүс нь харагдахгүй байгаа болно...” гэж тэмдэглэгдсэн ба бичлэгт дээгүүрх хэсгээ шалдалсан этгээд дүрслэгдээгүй, хэн нэг этгээд пивоны шилээр бусдыг цохиж буй үйл явдал бэхжүүлэгдээгүй байна.
Улсын яллагчийн шүүгдэгч Л.Дийн гэм буруутай гэж үзсэн дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл явдал болох хохирогч О.Тгийн гарыг шүүгдэгч Л.Д зүсэж гэмтээсэн болохыг гэрчилж, нотлоогүй нотлох баримтууд цугларчээ.
Тодруулах нь, хохирогч О.Тгийн анх цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт “...тэр эрэгтэй миний зүүн гарыг татаж аваад газар байсан шилний хагархайгаар 3 удаа шууны дотор хэсэгт хатгачихсан...” гэж мэдүүлсэн бол шинжээчийн дүгнэлт гарсны болон гэрч Л.Д, Ө.Уранбилэг нараас мэдүүлэг авснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа дахин өгсөн мэдүүлэгтээ “...нэг дээгүүрх хэсгээ шалдалчихсан 98 юм уу, 99 оны гэмээр нэг залуу... миний гарыг доош нь дарж байгаад шилээр зоосон эсвэл зүссэн...” гэж тус тус халдагч этгээдийг тодорхойлсноос бус шүүгдэгч Л.Дийг мөн болохыг заах, түүнийг гэж мэдүүлээгүй.
Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийн эх сурвалж нь өөр бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд тэрхүү мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх тул хохирогч О.Тгийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлж, халдагч этгээд Л.Дийг гэж тогтоох боломжгүй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн үнэлэхэд өмгөөлөгч Г.Мөнхцэцэгийн “шүүгдэгч Л.Дийг гэмт хэрэгт холбон буруутгах хөдөлшгүй нотлох баримт байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Мөн шүүхээс, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/2984 дугаартай шүүгчийн захирамжаар яллах болон өмгөөлөх талын гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудаар “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан гомдлыг шийдвэрлүүлэхээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг тогтоолгохоор шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ...” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй…” гэж хуульчилсан ба 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/2984 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан үндэслэл бүхий ажиллагааг хийж, хуулийг мөрдөх учиртай.
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22, 29, 30-ны өдрийн, 12 дугаар сарын 13, 21-ний өдрүүдэд үйлдсэн тэмдэглэл болон прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, захирамжид заагдсан ажиллагааг “хохирогч хүрэлцэн ирээгүй” гэх байдлаар хязгаарлан, огт хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, хохирогч О.Тгийн мэдүүлэгт дурдсан “...нэг дээгүүрх хэсгээ шалдалчихсан 98 юм уу, 99 оны гэмээр нэг залуу... миний гарыг доош нь дарж байгаад шилээр зоосон эсвэл зүссэн...” гэх этгээд шүүгдэгч Л.Д мөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн, түүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, тогтоох боломжгүй байсныг нотолсон гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Л.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Зодоон болох үед би О.Тг харах сөхөөгүй байсан. Учир нь намайг олон хүмүүс зодож байсан. Би зүүн талын дагз хэсэгтээ шилээр цохиулсан. Одоо сорвитой болсон. Би газар унахдаа шилэн дээр унасан юм шиг байсан... Би шилээр цохиулаад газар унах үед мөрөн тус газар шил зоогдсон байсан... хохирогч О.Тд учирсан гэмтлийг тэр этгээд учруулсан байх...” гэсэн, гэрч Ө.Уранбилэгийн “...манай нөхрийн толгой дээр нэг залуу пивоны шил хагалсан чинь манай нөхөр босоод ирсэн баарны хамгаалагч нар нь юм уу, мэдэхгүй яг тэр баарны хамгаалагч нь эсвэл ажилтан гэдэг нь ерөөсөө ялгагдахгүй маш олон хүмүүс байсан...” гэсэн мэдүүлгээр хохирогч О.Тгийн биед халдаж, гэмтэл учруулсан этгээд Л.Д бус өөр этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан байж болзошгүй үндэслэл бүхий сэжиг байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл энэ хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын дүгнэлт, тайлбараар Л.Д нь 2023 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн бар” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч О.Тгийн гарыг шилний хагархайгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдоогүй, түүнийг энэ хэрэгт буруутгах нотлох баримт цугларч, бэхжүүлэгдээгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй, нотлогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Л.Дөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.
Харин тогтоогдсон “үндэслэл бүхий сэжиг”-ийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2306015242242 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, яллагдагч Л.Дөд холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 952А дугаартай яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Дийг цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хохирогч О.Тд учирсан хохирол, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт хавсаргав.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Дөд авсан "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2306015242242 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, яллагдагч Л.Дөд холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 952А дугаартай яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч О.Тгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Дөд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Дөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР