| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 220/2020/0519/Э |
| Дугаар | 677 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 677
2020 5 26 2020/ДШМ/677
Д.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 803 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Д.Бт холбогдох 1805006400260 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Дэмбэрэлийн Б, 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................................../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн;
Яллагдагч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны 2 дугаар орцны 82 тоотод иргэн Г.Ууганбаяраас “Бүгд Найрамдах Солонгос улсын виз шугамаар хүмүүс гаргаж байгаа, нэлээдгүй олон хүн гаргах санаа байгаа, материалын хувьд бол гадаад паспорт болон 500.000 төгрөг байхад л болно” гэж хуурч 500.000 төгрөгийг Хаан банк дахь 5026940530 дугаар дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай яллах дүгнэлтийг дараах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд, яллагдагчийн биеийн байцаалт хэсэг дээр эмэгтэй яллагдагчийг эрэгтэй гэж бичсэн. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга дээр холбогдсон хэргийн талаар утга агуулгагүй бичигдсэн. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт үйлдсэн хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэнд нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзлээ. Түүнчлэн яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд илтэд утга агуулгын хувьд алдаатай агуулга бүхий гэмт хэргийн шинжийг дурдсан байх тул эдгээр асуудлуудыг хуульд нийцүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан заалтад нийцнэ.
Эрүүгийн хууль хэрэглээний талаар дурдахад яллагдагч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна. Гэтэл яллагдагч Д.Бт Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгджээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн энэ нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэснийг хэрэглэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдэгдээгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх үүднээс прокурор өөрт олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолыг хянуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул хуульд заасан зохих арга хэмжээг авсны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Д.Бт холбогдох эрүүгийн хэрийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн товч агуулга нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай ямар нэг утга агуулгын хувьд зөрчилдсөн зүйлгүй, хэргийн талаар бүрэн тодорхой тусгагдсан. Тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг “төөрөгдөлд оруулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож” гэж ямар зүйл, хэсгээр зүйлчлэгдэхийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэхээр тогтоосугай” гэж тодорхой бичсэн нь хуульд заасан яллах дүгнэлтийн шаардлагыг хангаж байна. Гэмт хэргийн шинж гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, заалтын диспозиц хэсэгт заасан нөхцөлийг хэлэх ба яллагдагч Д.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозиц хэсэг гэсэн нөхцөлд тохирсон үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа өөр гэмт хэрэг үйлдсэн нь шинэ илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй байх тул 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 803 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шүүх хууль зүйн буруу дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хульд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Яллагдагч Д.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Д.Бийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Ууганбаярыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз шугамаар хүмүүс гаргаж байгаа, нэлээдгүй олон хүн гаргах санаа байгаа, материалын хувьд бол гадаад паспорт болон 500.000 төгрөг байхад л болно” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5026940530 дугаар дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч Д.Бийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Ууганбаярыг хуурч залилсан үйлдэл нь дээрх 211 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн байх бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд үйлдэгдээгүй байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гарсны дараа өмнөх үйлдэл нь илэрч шүүхээр шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд хэрхэхийг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр заасан байх тул шүүгдэгч Д.Бийн үйлдэлд хамааралгүй зохицуулалт юм.
Энэ тохиолдолд тэнссэн шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдээгүйн улмаас ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүй бөгөөд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй шинэ нөхцөл байдал илэрсэн байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, залилах гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 803 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ