Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2020/0069

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугч Өы  Амийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай;

Гуравдагч этгээд: М.Д, Д.Еркегүл, Ц.Түвшин, И.Тилеубек нарын бие даасан шаардлагатай;

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ам, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, гуравдагч этгээд бөгөөд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ө.Ам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаартай захирамжаар Өлгий сумын 11 дүгээр баг, 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28 м.кв өмчлөлийн газрыг Ө.Ам надад 140 000 төгрөгөөр худалдаж өмчлүүлсэн. Би дээрх газрын үнэ болох 140 000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тушаасан. Дээрх газрыг надад өмчлүүлэхээс өмнө газрын схем зургийг гаргаж, аймгийн ерөнхий архитектор Б.Марат баталж, холбогдох хүмүүс нь чиг үүргийн дагуу зөвшөөрсөн байсан. Газар өмчлүүлэх аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын газрын даамал Т.З байршлын кадастрын зургийг гаргаж өгч, дэд дарга А.Ермек баталгаажуулж тамга дарж өгсөн. Мөн өдөр Т.З нь газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгсөн. Би дээрх газрыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар хандахад кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон тул кадастрын зургийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дахин гаргуулж ирэх шаардлага тавьсан. Тэрний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад кадастрын зураг гаргаж өгөхгүй намайг чирэгдүүлж байна.

 

Би энэ асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад өргөдөл гаргахад 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай албан бичгээр ...аймгийн Засаг даргын 2016 оны А/417 тоот захирамж нь мэргэжлийн байгууллагыг дамжаагүй гарсан учраас аймгийн Шүүхийн шинжилгээний албанд газар шилжүүлэн эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны А/272 тоот захирамжтай давхацсан байна. Уг захирамжид эзэмшил газрыг худалдаж өмчлүүлсүгэй гэсэн боловч эзэмшүүлсэн тухай эрхийн акт, нотлох баримт байхгүй. Иймд тус газар нь газрын кадастрын мэдээллийн санд байхгүй тул газрын кадастрын мэдээллийн санд шинээр бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Дээрх хариу нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын захирамжид яагаад эзэмшил газрыг өмчлүүлэхээр тусгасныг би мэдэхгүй, энэ нь бичвэрийн алдаа бөгөөд үүнд би ямар нэгэн буруугүй. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаагаас миний бие тухайн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй болж эрх ашиг маань хохирч байна.

 

Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Өлгий сумын 11 дүгээр баг, 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ө.Ам газар өмчлөх тухай өргөдлөө аймгийн Засаг даргад гаргасан. Тухайн газрыг өмчлүүлэхээс өмнө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектораар ажиллаж байсан Б.Марат гэдэг хүн схем зургийг баталсан. Тухайн схем зурагт холбогдох мэргэжлийн хүмүүс гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Эндээс үзэхэд уг газрыг өмчлөхдөө шууд захирамж гараагүй, тодорхой хэмжээний судалгааны ажил хийгдэж, тэр хүрээнд захирамж гарсан гэдгийг баталж байгаа. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр А/417 дугаар захирамж гаргасан. Уг шийдвэр гарсны дараа 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын газрын даамал Т.З газрын байршлын кадастрын зураг үйлдсэн, түүнийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэд даргаар ажиллаж байсан А.Ермек гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай мэргэжлийн байгууллагаар дамжаагүй, бид нар мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

Хариуцагч байгууллага хоёр дахь үндэслэлээ аймгийн Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний албанд эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа учраас кадастрын зураг гаргаж өгөх боломжгүй гэдэг байдлаар тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газрын схем зургийг тодруулж гаргуулсан байгаа. Тухайн схем зургаар Шүүхийн шинжилгээний албанд эзэмшүүлсэн газартай 0.13 м.кв газар давхацсан гэдэг байдлаар тогтоосон. Нэгэнт давхацсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдсэн 27.87 м.кв газрын өмчлөлийн кадастрын зургийг гаргаж өгөхийг хүсэж байгаа. Давхацсан гэдэг газарт нэхэмжлэгч маргахгүй байгаа.Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ө.Амд газар өмчлүүлэхдээ 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Иргэн хүн хуулийн хүрээнд өргөдлөө гаргана, тэрийг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаа байгаа бол тэр нь уг маргаан бүхий захирамжийг бүхэлдээ хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэл гаргасан гол үндэслэл нь улсын бүртгэлд бүртгүүлснээр газар өмчлөх эрх үүсдэг. Улсын бүртгэлд бүртгүүлье гэхээр кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон учраас шинээр кадастрын зураг гаргаж өг гэж байгаа. Харин Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шинээр кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Тийм учраас кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

Гуравдагч этгээд М.Д нараас аймгийн Засаг даргад холбогдуулж бие даасан шаардлага гаргасан. Бие даасан шаардлагын гол үндэслэлээ маргаан бүхий газар манай орчны газар, үүнийг иргэнд эзэмшүүлсэн нь буруу, үүнээс болж бидний эрх ашиг зөрчигдсөн гэдэг байдлаар тайлбарласан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг гэж тодорхой зааж өгсөн. Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно гэж заасан. Ө.Амд өмчлүүлсэн газарт одоогийн байдлаар ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, барилга байгууламж байхгүй, сул байгаа газар. Энэ утгаар бидний энэ эрх ашиг зөрчигдөж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

Хоёр дахь үндэслэлийн хувьд Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээний талаар ба 14.5-д Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно гэсэн гэсэн заалт нь засвар, үйлчилгээ хийх хугацаанд саад учруулахыг хориглосон заалт болохоос энэ Ө.Амийн нэхэмжлэлд хамааралгүй.

 

Газрын тухай хуулийн 441.1-д орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулна гэж тодорхой зааж өгсөн. Уг газрыг ашиглуулахын тулд эхлээд сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс өргөдөл гаргаж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өргөдлийг судалсны үндсэн дээр Засаг дарга захирамж гаргаж, гэрээ байгуулсны дараа энэ ажиллагаа хийгдэх ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэх гэж заасан. 2016 онд аймгийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар Береке гэдэг сууц өмчлөгчдийн холбоонд эзэмшүүлнэ гэж тодорхой дурдсан боловч холбоо байгуулж, үйл ажиллагаа явуулаагүй. Хавтаст хэрэг дотор холбоо байгуулж, орчны газрыг ашиглах талаар ямар нэгэн гэрээ байгуулсан асуудал байхгүй. Үүнээс дүгнэхэд, бие даасан шаардлага гаргасан нэр бүхий 4 хүн нэхэмжлэл гаргах эрхтэй хүмүүс мөн үү гэдгийг анхаарч үзэх ёстой. Жишээ нь нэхэмжлэл гаргасан Д.Еркегүл 2019 онд тухайн байрыг авсан. Тэр үед Ө.Амд газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан байсан. И.Тилеубек гэдэг хүний өмчлөх эрхийн гэрчилгээ нь хэрэг дотор байхгүй. Тэгэхээр уг 2 хүн нэхэмжлэл гаргах эрхтэй хүмүүс мөн үү гэдэг асуудал байна. М.Д, Ц.Түвшин нарын хувьд ч өмчлөх эрхийн гэрчилгээндээ хамтран эзэмшдэг хүмүүсийн нэр байгаа. Тэдгээр хүмүүсийн өмнөөс итгэмжлэл өгсөн асуудал байхгүй. Тиймээс энэ талыг анхаарч үзэх ёстой.

 

Ө.Амд газар өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын ямар эрх ашиг зөрчигдсөн талаар анхаарч үзэх ёстой.Шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд М.Дийн цонхыг хаах юм байна гэж гаргасан. Тийм учраас бид нар зураг гаргаж өгсөн. Тухайн зургаар шинжээчийн дүгнэлтээр гарсан тухайн хаах гэж байгаа цонхыг битүүлчихсэн байгаа. Шүүх хэргийн байгаа байдалд дүгнэлт хийх болохоос ирээдүйн байдлаар энэ цонхыг хаах юм байна гэдэг байдлаар дүгнэлт хийх боломжгүй. Ө.Ам тухайн газрыг өмчлөлөөр авах гэж байгаа боловч тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тийм байхад урьдчилсан байдлаар бидний эрх ашгийг зөрчиж байна гэдэг байдлаар дүгнэх боломжгүй.

 

Газрын тухай хуульд орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулна гэсэн болохоос оршин суугч нарт ашиглуулна гэдэг байдлаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Хэрвээ Береке гэдэг сууц өмчлөгчдийн холбоонд эзэмшүүлж, гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж, холбооны өмнөөс нэхэмжлэл гаргасан бол тэр нь үндэслэлтэй байж болно. Гэтэл тэнд оршин сууж байгаа 4 хүн нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106.3.1 дахь заалтын хүрээнд үзэхэд, тухайн нэр бүхий гуравдагч этгээд нарын эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчсөн асуудал байхгүй байна. Тиймээс гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Ө.Амд газар олгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/417 дугаар захирамж нь мэргэжлийн байгууллагыг дамжаагүй гарсан учраас аймгийн Шүүхийн шинжилгээний албанд аймгийн Прокурорын газраас газар шилжүүлэн эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамжаар олгосон газартай давхцаж байна. Уг захирамжид эзэмшил газрыг худалдаж өмчлүүлсүгэй гэсэн боловч эзэмшүүлсэн тухай эрхийн акт, нотлох баримт байхгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж төрийн байгууллагын газартай давхцуулан олгогдсон газар юм. Газрын харилцаа,барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан Иргэнд газар өмчлүүлж кадастр хийх журам гэж байгаа.Уг журмын 2.1. Иргэнд газар өмчлүүлэхэд дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 2.1.1. иргэний өргөдлийг хүлээн авах, бүртгэх; 2.1.2. иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх; 2.1.3. нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх гэж байгаа. Уг газрыг өмчлөхдөө огт материал бүрдүүлж өгөөгүй тул мэдээллийн санд оруулах, кадастр хийх боломжгүй байсан. Мөн Ө.Амд өмчлүүлсэн газар нь 2006 оны 168 дугаар захирамжаар сууц өмчлөгчдийн холбоонд олгосон газартай давхацсан байгаа. Мөн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/623 дугаар захирамжаар олгосон газартай тус тус давхцаж байгаа. Иймд бусад байгууллагад захирамжаар олгосон газартай давхцаж байгаа учраас кадастрын мэдээллийн санд шинээр бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөх боломжгүй гэв.

 

Гуравдагч этгээд М.Д, Д.Еркегүл, Ц.Түвшин, И.Тилеубек нарын шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон тэдгээрийн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай, 1-12 айлын оршин суугчид бид тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна.

 

Иргэн Ө.Амийн нэхэмжлэлтэй, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийн улмаас 1-12 айлын оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулж өгөхийг хүсье. Учир нь Ө.Амийн кадастрын зураг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлд дурдсан 28 м.кв талбай бүхий газар нь 1-12 айлын орон сууцны нийтийн эзэмшлийн талбай буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газар-т орохоос гадна нэгдүгээр давхарт байрлах айлын цонхыг шууд хааж олгогдсон газар байна. Тухайн газрыг зургаар харуулахдаа байрны 2 цонхны 1 цонхыг хаасан байгаа гэсэн. Бид нар нэг цонхыг хүйтний улмаас хаасан, үүнийг бид хэзээ ч нээж, ашиглаж болно. Тийм учраас уг орчны газрыг хууль бусаар авсан. Мэргэжлийн байгууллагаар дамжаагүй, мөн дээр нь А бүсэд хамаарагдах газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, дуудлага худалдаа явагдсаны дараа захирамж гарах ёстой. Мөн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн ямар нэгэн өргөдөл гомдол, хүсэлт байхгүй, шууд ашиг сонирхлын үүднээс авсан газар гэдэг нь нотлогдож байгаа. Маргаан бүхий газар нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар орон сууцны орчны зам талбайд хамаарах тул орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглодог юм. Мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар уг газар нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг учир сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн газрыг тухайн үед аймгийн Засаг дарга байсан Х.Дармен хууль зөрчиж бусдад олгосныг оршин суугчид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар бидэнд мэдэгдэж, оршин суугчдаас зөвшөөрөл авч байгаагүй. Бусдад газрыг олгохдоо нийтийн эзэмшлийн талбай, түүний орц,гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх ёстой ба галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлсэн нөхцөлийг хангасан байх учиртай. Гэтэл Ө.Амд өмчлүүлсэн газар нь орчны газарт хамаарч байхаас гадна нэг давхрын айлын цонхыг шууд хаасан, нар тусах боломжгүй болгосон, орон сууцны эзэмшлийн талбайн стандартыг зөрчиж олгогдсон газар юм.

 

2013 онд аймгийн Засаг дарга захирамж гаргаад, газар, барилгын өргөтгөлтэй холбоотой ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би орж ажилласан. Тухайн үед миний бие уг газруудыг судалж, тухайн орон сууцны орчны газар гэдгийг дээрх сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулсан захирамжаас мэдэж авсан. Тухайн орон сууцанд 2011 оноос хойш 10 дахь жилдээ амьдарч байгаа ба машин тавих газар байхгүй тул уг маргаан бүхий газрыг миний бие эзэмшихээр тухайн үед Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай болон аймгийн Засаг даргад хандахад уг газар нийтийн эзэмшлийн газар учраас иргэнд өмчлүүлэх ямар ч боломжгүй гэж аман тайлбар өгч байсан. Уг газар орон сууцны орчны газар болохоор уг газарт машинаа тавьж, орж, гарч ашиглаж байгаа. Хэрэв уг газрыг Ө.Ам өмчилж авах юм бол мэдээж ямар нэгэн юм хийж уг газрыг ашиглана. Тэгэхээр Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм 30.01.03-д заасныг зөрчиж байгаа. Яагаад гэвэл орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлчилгээний барилгын хоорондох зайг галын аюулгүй байдлыг хангах шаардлагаар тодорхойлогдоно гэж тусгасан байгаа. Орон сууцны болон бусад байгууллагын хоорондын зай 6 м байх ёстой гэж тусгасан. Мөн галын аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд шууд цонхыг хагалах, эсвэл цонхноос бусад арга хэмжээ авах асуудал гарна.Газар өмчлөх гэдэг маань өөрөө тухайн газрыг бүхэлдээ эзэмших, ашиглах эрх үүснэ. Хэрэв Ө.Ам уг газрыг өмчилж авах юм бол Газрын тухай хуулийн дагуу ашиглах эрх үүснэ тийм учраас эсэргүүцэж байна. Энэ талаар 2020 оны 8 дугаар сарын эхээр хүмүүсээс сонсож мэдсэн.

 

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаартай Ө.Амд газар өмчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармен Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугч Ө.Амд Өлгий сумын 11 дүгээр багийн 1-24 дүгээр айлын орон сууцны зүүн талаас 28 м.кв өмчлөлийн газар олгосон байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн үед Ө.Ам нь газар өмчлөх тухай өргөдөл, хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулж үзэхэд, ямар бичиг баримтыг үндэслэж олгосон талаар баримт бичиг байхгүй, тодорхойгүй байсан. Хуулийн дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тодорхой процесс явагдаж байж, иргэн газар өмчилж авах ёстой. Гэхдээ энэ процессын ажиллагаа явагдаагүй байсан. Уг процессыг алгасаж өмчилсөн эсэхэд шүүх дүгнэлт хийхийг хүсэж байна. Мөн гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Амийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч тус шүүхэд анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын хэмжээг 27,87 м.кв гэж багасган, байршлыг 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай гэж тодруулсан болно.

 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаартай захирамжаар 140 000 төгрөгөөр худалдаж өмчлүүлсэн, Өлгий сумын газрын даамал Т.Зын байршлын кадастрын зургийг гаргаж өгч, дэд дарга А.Ермек баталгаажуулсан, Өлгий сумын 11 дүгээр баг, 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай 28 м.кв өмчлөлийн газрыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зургийг гаргаж өгөхгүй байгаагаас миний бие тухайн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй хохирч байна гэж тодорхойлон маргасан.

 

Харин гуравдагч этгээд болох М.Д, Д.Еркегүл, Ц.Түвшин, И.Тилеубек нарын Өлгий сумын 1-24 айлын орон сууцны суугчид, сууц өмчлөгчид нь нэхэмжлэгчийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр маргаж буй газрыг түүнд өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ Нэхэмжлэгчид өмчлүүлсэн газар нь 1-24 айлын орон сууцны орчны газарт хамаарахаас гадна 1 дүгээр давхарт байрлах айлын цонхыг шууд хааж, нар тусах боломжгүй болгосон, мөн газрыг бусдад олгохдоо нийтийн эзэмшлийн талбай, түүний орц, гарцын хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлсэн нөхцөлийг хангасан байх ёстойг тус тус зөрчсөн гэж тодорхойлсон байна.

 

1.Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжид[1] Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 21 дүгээр зүйлийг үндэслэн худалдаа үйлчилгээний зориулалтаар газраа өмчилж авахыг хүссэн ...иргэн Ө.Амд 11 дүгээр баг, 1 дүгээр 24 айлын орон сууцны зүүн талд байрлалтай, 28 м.кв эзэмшил газрыг 140 000 төгрөгөөр худалдаж өмчлүүлсэн гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл уг захирамжаар нэхэмжлэгч Ө.Амийн эзэмшлийн 28 м.кв газрыг түүнд худалдаа үйлчилгээний зориулалтаар буюу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аж ахуйн зориулалтаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д зааснаар худалдаж өмчлүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] нэхэмжлэгч Ө.Ам нь маргаан бүхий 28 м.кв газрыг урьд нь эзэмшиж байгаагүй, өмчилж авах талаар эрх бүхий этгээдэд холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж өргөдөл гаргаагүй, уг газар нь Өлгий сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгчид дуудлага худалдаа явуулах замаар биш худалдаж өмчлүүлсэн, мөн тухайн газарт барилга байгууламж байхгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

 

Газар өмчилж авах тухай өргөдлөө хуульд заасан журмын дагуу гаргаагүй иргэнд иргэдэд өмчлүүлж болохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн аймгийн Засаг даргын дээрх шийдвэр нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална:5.1.1.газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах; 5.1.2.иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох;, 19 дүгээр зүйлийн 19.1-д Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй: 19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах гэж тус тус заасантай нийцээгүй байна.

 

Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1-д иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх;, 5.1.6.2-т иргэний хувийн хөрөнгөөр шинээр барьж байгуулах, хуульд заасан журмаар хувьчилж авах, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авах барилга байгууламжид зориулан өмчлөх газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх гэж иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газрыг 2 үндэслэлээр өмчлүүлэхээр хуульчилжээ.

 

Энэхүү зохицуулалтыг маргааны үйл баримттай холбож үзвэл нэхэмжлэгчид өмчлүүлсэн газар нь түүний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар биш, мөн иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй тул уг газрыг түүнд хуулийн 5.1.6.1-д зааснаар худалдаж өмчлүүлсэн нь хууль бус байна. Түүнчлэн маргаан бүхий газарт барилга байгууламж байхгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид хуулийн 5.1.6.2-т зааснаар хувийн хөрөнгөөр шинээр барьж байгуулах барилга байгууламжид зориулан газар өмчлүүлсэн гэж үзвэл тухайн газар нь иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх тухай заалт мөн зөрчигдсөн байна.

 

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг ойлгоно гэж заасантай нийцээгүй хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

 

2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгохоор зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч талаас Ө.Амд өмчлүүлсэн газарт одоогийн байдлаар ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, барилга байгууламж байхгүй, сул байгаа газар тул орон сууцны орчны газарт хамаарахгүй, иймээс гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[3] гуравдагч этгээд М.Д, Д.Еркегүл, Ц.Түвшин, И.Тилеубек нар нь Өлгий сумын 11 дүгээр багт байрладаг,1-24 айлын орон сууц гэж нэрлэдэг зэрэгцээ орших 12 айлын 2 орон сууцны ертөнцийн зүгээр хуучны аймгийн Прокурорын газрын, одоогийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны байрны урд талд байрлах орон сууцанд /цаашид 1-24 айлын орон сууц гэх/ амьдардаг суугчид, сууц өмчлөгчид ба маргаан бүхий захирамжид нэхэмжлэгчид өмчлүүлсэн газрын байршлыг 1-24 айлын орон сууцны зүүн талд гэж тусгасан байгаа боловч уг газар нь ертөнцийн зүгээр 1-24 айлын орон сууцны хойд тал, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны байрны урд талд байрладаг. Тодруулбал 1-24 айлын орон сууц болон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны байр хоорондын зай нь 4,97 м бөгөөд нэхэмжлэгч Ө.Амд 1-24 айлын орон сууцны барилгын хананаас залгуулан, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд М.Дийн өмчлөлийн тухайн орон сууцны 1 давхрын баруун талын сууцны зочны өрөөний цонхноос хойшоо 4 м /өргөн/, зүүн тийшээ 7 м /урт/ хэмжээтэй, 28 м.кв талбайтай газрыг өмчлүүлсэн байх ба гуравдагч этгээд М.Дийн өмчлөлийн сууц нь хойд талдаа 2 цонхтой болох нь тус тус тогтоогдсон болно.

 

Аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцуудад ашиглуулах газрын байршил, хэмжээг схем зургийн хамт хавсралтаар баталж, Береке сууц өмчлөгчдийн холбоонд хууль, журмын дагуу хувийн хэрэг нээж, газар ашиглуулах эрхийг баталгаажуулж өгөхийг Газрын албанд даалгаж, нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын газрыг хот тохижуулалтын дагуу зориулалтын хүрээнд тохижуулж, хамгаалж ашиглахыг Береке сууц өмчлөгчдийн холбоонд үүрэг болгосон байна. Уг захирамжийн хавсралтад тусгаснаар 1-24 айлын орон сууцны орчны газрыг 3700 м.кв гэж тогтоосон байх ба энэ 3700 м.кв газарт нэхэмжлэгч Ө.Амд өмчлүүлсэн 28 м.кв газрын ихэнх хэсэг хамаарч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна.

 

Мөн аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/623 дугаар захирамжаар Өлгий хотын төвд байршилтай нийтийн зориулалттай зарим орон сууцны орчны газрын схем зураг, хил зааг, талбайн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосон, уг захирамжийн хавсралтад тусгаснаар 1-24 айлын орон сууц болон 1, 2 дугаар Нурлы тан орон сууцны орчны газар нь 5473 м.кв талбайтай байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] нэхэмжлэгч Ө.Амд өмчлүүлсэн 28 м.кв газар нь бүхэлдээ буюу аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эзэмшлийн газраас бусад 1-24 айлын орон сууцны хойд, зүүн талын газрууд энэхүү 5473 м.кв газарт хамаарч байгаа нь нотлогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгчид өмчлүүлсэн газарт 1-24 айлын орон сууцны суугчид, сууц өмчлөгчдөд зориулагдсан ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй байгаа боловч хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] бодит байдалд тухайн газрыг явган хүний замын зориулалтаар ашигладаг болох нь тогтоогдсоноос гадна дээрх аймгийн Засаг даргын 2006 оны 168, 2018 оны А/623 дугаар захирамжуудаар 1-24 айлын орон сууцны орчны газар гэж тогтоож ашиглуулахаар шийдвэрлэснээс үзэхэд маргаан бүхий газрыг тус орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж барих зориулалтаар ашиглах орон сууцны орчны газар байна гэж дүгнэлээ.

 

Сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 15 дугаар зүйлийн 15.6, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т тус тус зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, зориулалтын дагуу ашиглах, засвар, үйлчилгээ хийх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхтэй тул маргаан бүхий захирамжийн улмаас 1-24 айлын орон сууцны суугчид, сууц өмчлөгчид болох гуравдагч этгээд М.Д, Д.Еркегүл, Ц.Түвшин, И.Тилеубек нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

 

Хэдийгээр Береке сууц өмчлөгчдийн холбоог Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газар бүртгээгүй байгаа боловч мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж зааснаар холбоо байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй болох нь дээрх аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар захирамжаар тогтоогдож байгаа, мөн холбоо бүртгүүлээгүй нь орон сууцны суугчид, өмчлөгчдийг буруутгах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох үндэслэл болохгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас Гуравдагч этгээд М.Дийн цонхыг хаана гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч маргаан бүхий 28 м.кв газарт барилга байгууламж бариагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул урьдчилсан байдлаар эрх ашгийг зөрчиж байна гэж дүгнэх боломжгүй гэсэн тайлбар гаргасан. Гэтэл дээр дурдсанаар аймгийн Засаг даргын шийдвэрээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ө.Амд аж ахуйн /худалдаа үйлчилгээний/ зориулалтаар өмчлүүлсэн ба Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар аж ахуйн зориулалтаар газрыг иргэний барьж байгуулсан, барьж байгаа, эсхүл барьж байгуулах барилга байгууламжид зориулан өмчлүүлэхээр хуульчилсан.

 

Нэхэмжлэгч Ө.Ам нь 1-24 айлын орон сууц болон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны байр хоорондын 4,97 м зайтай газраас авсан, өргөн нь 4 м бүхий тухайн орон сууцны барилгын ханатай залгаа орших өмчлөлийн газраа дээрх зориулалтаар ашиглах тохиолдолд гуравдагч этгээдийн сууцны цонх хаагдах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс гадна Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/-ын Зөвлөмжийн 4 дүгээр хавсралт болох Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга авто машины гараж ил зогсоол хоорондын зай хэмжээний 2.5, Дэд бүтцийн хөгжлийн сайдын сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 -ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт болох Галын аюулаас хамгаалах шаардлага-ын 1 дүгээр хүснэгтэд заасан барилга байгууламжийн хоорондын зай хэмжээний шаардлага хангагдах боломжгүй болж гуравдагч этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол илт зөрчигдөнө гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авахаар, мөн газар өмчлүүлэх үйл ажиллагааг нийтэд ил тод явуулахаар хуульчилсан. Гэтэл маргаан бүхий газар байрлах Өлгий сумын 11 дүгээр багаас аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэр гараагүй байхад хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргаагүй иргэнд газар өмчлүүлсэн буюу газар өмчлүүлэх үйл ажиллагааг нийтэд ил тод явуулаагүй нь гуравдагч этгээдүүдийн өөрсдийн амьдарч буй орон сууцны орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх,эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Дээрх байдлаар маргаан бүхий газрыг 1-24 айлын орон сууцны суугчид, сууц өмчлөгчдөд зориулагдсан орчны газар гэж тогтоож, сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар олгосон аймгийн Засаг даргын 2006 оны 168 дугаартай захирамж хүчинтэй байхад бусдын эзэмших, ашиглах эрх үүссэн газартай давхцуулан нэхэмжлэгчид 2016 онд газар өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг мөн зөрчсөн байна.

 

Иймд маргаан бүхий захирамж нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсон, уг захирамжийн улмаас гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, цаашид илт зөрчигдөхөөр байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалаар баталсан Иргэнд газар өмчлүүлж кадастр хийх журам-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагаа иргэний газар өмчлөхийг хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, иргэнд өмчлүүлэх газарт кадастрын хэмжилт зураглал хийх,газар өмчлүүлэх шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах болон зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх,хил заагийг тогтоох, эргэлтийн цэгийг тэмдэгжүүлэн, газрын улсын бүртгэл, газрын кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэх зэрэг дарааллаар хийгдэхээр зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Ө.Ам нь маргаан бүхий газрыг өмчилж авах тухай өргөдөл хуульд заасан журмын дагуу гаргаагүй боловч түүнд газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/417 захирамж гарсны дараа энэ талаарх мэдээллийг аймгийн Газрын харилцаа, барилга ,хот байгуулалтын газрын мэргэжилтнээс тухайн үед газар өмчлөгчийн улсын бүртгэлийн дэвтэрт бүртгэж, уг газрын нэгж талбарын кадастрын зургийг үйлдэн Өлгий сумын газрын жижүүрийн зураг-т оруулсан. Харин одоогийн газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер/LM/ программд дээрх шийдвэр болон өмчлөгчийн талаар мэдээлэл байхгүй, бүртгэгдээгүй бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тухайн газрын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдсон болно.

 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн  25.1-д тус тус зааснаар иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгосноор тухайн иргэний газар өмчлөх эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч Ө.Амд маргаан бүхий газрыг өмчлөх эрх үүсээгүй нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас эрх ашиг нь хохирч байна гэсэн тайлбар гаргасан боловч энэ үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Учир нь нэгэнт нэхэмжлэгч Ө.Амд газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 , 31 дүгээр зүйлийн 31.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 15 дугаар зүйлийн 15.6, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Амийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 1-24 айлын орон сууцны хойд талд байрлалтай 27,87 м.кв өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зураг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Д нарын 4 хүний бие даасан шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээдүүдэд олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

[1] Хэргийн 6-р хуудас

 

[2] Хэргийн 1-3,6,7,11,33,60,61,66,75-82,168-175,218-219-р хуудас

 

[3] Хэргийн 8,83-86,140,145,168-175-р хуудас

 

[4] Хэргийн 131-133,140,145,152-153-р хуудас

 

[5] Хэргийн 120-121,127,180-181-р хуудас

 

[6] Хэргийн 73,168-175,218-219-р хуудас

 

[7] Хэргийн 11,34,69, 113-114, 137-138,155-156-р хуудас