Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0564

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Асүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ө.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэгч: О.Т

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо

Гуравдагч этгээд: Д.Тнар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 018 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, Г.Ж

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Г  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 114/2026/0013/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Тээс Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын О.Т-д холбогдох хэсгээс хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх Д.Г, Д.Т, Г.А, Г.Ш нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 018 дугаар шийдвэрээр: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын /хавсралтын 105 дугаарт/ О.Т-д холбогдох хэсэгт ам бүлийн тоо 5, 01186652 дугаартай өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Д.Г, Д.Т, Г.А, Г.Ш нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь О.Тийн нэхэмжлэлтэй Д.Тнарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/XT2026/00065 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь тус хуулийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн бус шүүхээс гадуур урьдчилсан шийдвэрлүүлэх талаар хууль заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь иргэний хэрэг мөн гэж үзсэн. Мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5-т "Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ."  Үүнийг Улсын дээд шүүхийн 2008 оны 25 дугаар тогтоолын 2.6-д, хуулийн 23 дугаар зүйлийн 5-д заасан "орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ" гэж хувьчлагдах орон сууцын эзэмшигч хэн болох талаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх иргэний журмаар хянан шийдвэрлэхийг хэлнэ хэмээн тайлбарласан нь Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нэгэнт хэргийг шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн харьяаллын зөрчсөн байх тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2026/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “О.Т нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 121 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргаагүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэдгийг харгалзан үзээгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл тухайн орон сууц эзэмших эрхийн бичгийн эзэмшигч нь О.Т байх бөгөөд эзэмшигч нь бус Д.Т нь орон сууц хувьчлах товчоонд өргөдлийг гаргасан, уг сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдэд О.Т нарын нэрийг бичсэн байхад орон сууц өмчлөгчөөр О.Т-ийн нэрийг бичиж, өргөдөл гаргасан Д.Т-ийг хамтран эзэмшигчээр бүртгэж гэрчилгээ олгогдсон нь хууль бус болжээ" гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтээр бол орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Т-ийг орон сууц өмчлөгчөөр бичиж, хамтран эзэмших эрхтэй гишүүнд О.Т нарын нэрийг бичсэн бол хууль ёсны дагуу болох байж. Тухайн орон сууцыг хувьчлах тухай шийдвэр нь Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоол бөгөөд "... иргэнд одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгох"-оор шийдвэрлэсэн. Орон сууц хувьчлах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно" гэж заасан. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нь орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулж буй бичиг баримт юм.

4.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.3-д "... гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй, өргөдөл гаргасан этгээд, гэр бүлийн гишүүдийн бичиг баримт холбогдох материалыг нягталж шалгахгүйгээр гэр бүлийн гишүүн бус Д.Г, Д.Т, Г.А, Г.Шнарын нэрийг оруулж, 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22 дугаар тогтоолыг баталж, хавсралтын 105 дугаарт ам бүл 5 гэж дурдан шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн тухайн орон сууцыг өмчлөх эрхийн 0056552Да гэрчилгээнд О.Т-д өмчлөгчөөр бүртгэж, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд Д.Г, Д.Т, Г.А, Г.Ш нарын нэрийг бичиж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх үндэслэл тогтоогдож байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна" гэж дүгнэсэн.  Дээрх дүгнэлт дээр үндэслэн нэхэмжлэгч О.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 1 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын /хавсралтын 105 дугаарт/ О.Т-д холбогдох хэсэгт ам бүлийн тоо 5, 01186652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнд хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Д.Г, Д.Т, Г.А, Г.Ш нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоосныг эс зөвшөөрч байна. О.Т Орон сууц хувьчлах товчоонд өргөдөл, хүсэлтээ гаргаагүй (Д.Т гаргасан байхад) түүний нэр дээр гэрчилгээ бичигдэн гарсан гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан. Орон сууц хувьчлах товчоо маргаан бүхий асуудлаар буюу О.Т, Д.Т, нарт холбогдох 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоол, түүний хавсралтын 105 дугаартай хэсгийг гаргасан 1 л шийдвэр гаргасан, өөрөөр саланг өөр хоорондоо холбоогүй хэд хэдэн шийдвэр гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт "Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна" гэж заасан.

4.3. Тухайн захиргааны актыг гаргах болсон гол үндэслэл нь Д.Тийн орон сууц хувьчлах тухай өргөдөл мөн гэдэгт эргэлзэхгүй байна. Аливаа үйлдэл, түүний үр дагавар хоорондоо холбоотой байдаг. Илт хууль бус акт гэж үзсэн мөртлөө тухайн актын аль нэг хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж буйг ойлгохгүй байна. Хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэдэгт итгэж байна. 2005 Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ." гэж заасан ба Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.6-д "Хуулийн 23 дугаар зүйлийн 5-д заасан "орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ" гэж хувьчлагдах орон сууцны эзэмшигч хэн болох талаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх иргэний журмаар хянан шийдвэрлэхийг хэлнэ гэж тайлбарласан болно. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд “Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын О.Т д холбогдох хэсгээс хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх Д.Г, Д.Т, Г.А, Г.Шнарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...Хэргийн үйл баримтаас үзэхэд гуравдагч этгээд Д.Тнь 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд Дархан сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлан авах тухай өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг орон сууцыг хамтран эрхтэй гишүүдийн нэрсэнд О.Т, Д.Г, Д.Т, Г.А, Г.Шнарыг бичиж Д.Т өөрөө гарын үсэг зурсан ... өөрөөр хэлбэл тухайн орон сууц эзэмшигч нь О.Т байх бөгөөд эзэмшигч нь бус Д.Т орон сууц хувьчлах товчоонд өргөдлийг гаргасан, уг сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдэд О.Т ... нарын нэрийг бичсэн байхад орон сууц өмчлөгчөөр О.Тийн нэрийг бичиж, өргөдөл гаргасан Д.Тийг хамтран эзэмшигчээр бүртгэж гэрчилгээ олгогдсон нь хууль бус болжээ ... Дээрх мэдүүлэгт зурагдсан Т гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ЕГ0125/2040 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч О.Тийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарлаж байгаа гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй ...,Түүнчлэн хариуцагч Аймгийн орон сууц хувьчлах товчооноос Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн ... гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, өргөдөл гаргасан этгээд, гэр бүлийн гишүүн бус Д.Г, Д.Т, Г.А, Г.Шнарын нэрийг оруулж 1998 оны ... 22 дугаар тогтоолыг баталж, хавсралтын 105 дугаарт ам бүл 5 гэж дурдан шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн ... хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд Д.Г, Д.Т, Г.А, Г.Шнарын нэрийг бичиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдож байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна...,

Хэргийн харьяаллын тухайд ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаас үзэхэд Орон сууц хувьчлах тухай хуулийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцаа нь төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцаа бөгөөд Аймгийн орон сууц хувьчлах товчооны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан актын шинжийг агуулж байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалал гэж үзэн хүлээн авсан болно” гэх дүгнэлтүүд үндэслэлтэй хуульд нийцэж байна.

4. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “орон сууц хувьчлах” гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг, 5-т “сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг гэж заажээ.

4.1 Дээрх хуулийн зохицуулалтаар О.Т нар нь хамтран өмчилдөг сууцыг хувьчлахаас өмнө  хууль ёсоор, орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр эзэмшиж байсан этгээд нь нэхэмжлэгч О.Т болох нь хэргийн материалын 3 дугаар хуудсанд авагдсан “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ээр тогтоогдож байх бөгөөд Д.Т, Д.Г, Г.А, Г.Шнарт уг орон сууцны эзэмших эрхийн бичиг олгогдож байгаагүй.

4.2 Маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч О.Т нь 1998 оны 22 дугаар орон сууц хувьчлах тогтоолоор хамтран өмчлөх эрхтэй болсон Д.Т, Д.Г, Г.А, Г.Шнартай гэр бүл садан төрлийн холбоогүй талаар нэхэмжлэлдээ “...би гэр бүлгүй ..”, Дархан-Уул аймгийн Засаг даргад 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөлд “Д.Тнартай садан төрлийн холбоогүй, гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр нэрээ оруулсан...” гэх өргөдөл, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч О.Т нь маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Д.Т, Д.Г, Г.А, Г.Ш нартай гэр бүл садан төрлийн холбоогүй болох нь тогтоогдож байна.

5. Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг сууцыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ -ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтаар Дархан сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлан авах эрхтэй этгээд нь 31547 дугаартай “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийн үндсэн дээр эзэмшиж байсан О.Т, түүний гэр бүлийн гишүүд болохоос ямар нэг гэр бүл, садан төрлийн хамааралгүй Д.Т, Д.Г, Г.А, Г.Шнар нь хувьчлан авах хамтран өмчлөх эрхгүй байна. Өөрөөр хэлбэл  аливаа орон сууцыг хувьчлахад зөвхөн хууль ёсны орон сууц эзэмших эрхийн бичигтэй эзэмшигч болон түүний гэр бүлийн гишүүд л хувьчлан авах эрхтэй байхаар хуульд зохицуулсан байна. Дээрх маргаантай нөхцөл байдал үүсэхэд хариуцагч Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны буруутай, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.

7. Тухайлбал, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй”,  11 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “ орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж зөрчлийг арилгуулах”, 161 дүгээр зүйлийн 1-д “Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно”, 1.1-д “сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч”, 1.3-т “ өргөдөлд сууц эзэмшигчийн овог нэр .... гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсэг зурж, он сар, өдрөө бичнэ” гэж хуульд зохицуулсан байтал хариуцагчийн зүгээс уг орон сууцыг эзэмшигч О.Т өөрөө өргөдөл гаргаагүй, гарын үсгээ зурж он, сар, өдрөө бичээгүй, байхад гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй Д.Тийн гаргасан өргөдлийг хүлээн авч, түүний гэр бүлийн хамт О.Тийн хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэж үзэж, уг орон сууцыг хувьчилсан нь дээрхийн хуулийн шаардлагад нийцээгүй.

8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан бөгөөд хариуцагчийн дээрх шийдвэр нь 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Орон сууц хувьчлах тухай хуульд зааснаар тухайн орон сууцыг эзэмших эрхийн бичгийн /ордер/ үндсэн дээр эзэмшиж байгаа этгээд, түүний гэр бүлийн гишүүдэд хувьчлахаар заасан байхад орон сууцыг хувьчлан авах эрхгүй этгээдүүдэд /хуулиар эрх үүсээгүй/ хамтран өмчлүүлсэн асуудал нь илт хууль бус, анхнаасаа Д.Т, Д.Г, Г.А, Г.Шнарыг хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэл Орон сууц хувьчлах тухай хуульд зохицуулагдаагүй, хуулиар тийм бүрэн эрхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо-д олгоогүй тул анхан шатны шүүхээс илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Гуравдагч этгээд талаас тухайн үед орон сууц хувьчлах товчооноос маргаан бүхий орон сууцыг хувьчлахад нэхэмжлэгч О.Т нь 5 ам бүл дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр тогтоохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлах боловч тухайн үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй.

10. Хэрэгт авагдсан баримтаар хамтран өмчлөгчтэй холбоотой маргааныг харьяалах иргэний анхан, давахын шүүхүүд шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 65 дугаар тогтоолоор “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож О.Тийн нэхэмжлэлтэй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, ...тогтоолын ҮНДЭСЛЭХ хэсэгт ... Хэдийгээр нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын нэрийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасуулахыг хүссэн шаардлага гаргасан боловч тэрээр өмч хувьчлал анхнаасаа буруу явагдсан агуулгатай нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна..., Тухайлбал ... 22 дугаар тогтоолоор маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр 5 хүнийг тогтоосноос орон сууц эзэмшигч буюу нэхэмжлэгч О.Ттэй төрөл садны холбоогүй нэр бүхий 4 хүнийг түүний зөвшөөрөлгүй орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр тогтоосныг хүлээн зөвшөөрөөгүй агуулгатай байна, ...нэхэмжлэгч О.Т нь орон сууц хувьчлахтай холбоотой гомдлыг Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу эхлээд орон сууц хувьчлах товчоонд гаргаж шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан үндэслэл хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдлоо.Улмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхойлогдохоор байна” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь уг маргаан иргэний хэргийн харьяаллын маргаан мөн гэж дүгнээгүй, харин тодорхой хуулийн процессын дараа хэргийн харьяалал тодорхой болохыг дурдсан байна.

11. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлаж, хэргийн харьяаллын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талаас давж заалдах гомдолдоо “дээрх /анхан шатны шүүхийн/ дүгнэлтээр бол орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Тийг орон сууц өмчлөгчөөр бичиж, хамтран хамтран эзэмших эрхтэй гишүүнд О.Т ... нарын нэрийг бичсэн бол хууль ёсны дагуу болох байж ... О.Т ОСХТ-д өргөдөл, хүсэлтээ гаргаагүй /Д.Т гаргасан байхад/ түүний / О.Т/ нэр дээр гэрчилгээ бичигдэн гарсан гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй ... тухайн захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь Д.Тийн орон сууц хувьчлах тухай өргөдөл мөн гэдэгт эргэлзэхгүй байна...” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 114/ШШ2026/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж залдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                 ШҮҮГЧ                                Б.АСҮРЭН

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЛХАГВАСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР