Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 15

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл

Улсын яллагч Э.Тулгаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч М.Нямсүрэн нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Хүрд овогт Мягмарын Нямсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201621010082 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1997 оны 04 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 20 настай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:ПИ97042016 Хүрд овогт Мягмарын Нямсүрэн

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

М.Нямсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр машин механизм хэрэглэн Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт Загийн хар хад гэх газраас иргэн Ц.Баттулга, З. Хүрэлбаатар нарын 3 тооны адуу хулгайлж, 1200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 сарын 13-ны өдөр Бум-Эрдэнэтэй усан дээр таараад хойшоо гарч адуу дурандаад би Бум-Эрдэнээс зарах адуу асуусан. Надад тийм адуу байгаа гэж хэлчихээд яваад өгсөн. Адуу ачиж явуулахад Бум-Эрдэнэ мэдээгүй. Загийн хар гэх газраас цэнхэр өнгийн Портер машинд ачиж явуулсан. Уг адуу нь Ц.Баттулгын 2, З.Хүрэлбаатарын 1 адуу байсан. Найз Н.Отгонбаярыг хамт яваад адуу ачилцаад өгөөч гээд гуйгаад мотоцикльтэй нь аваад явсан. Н.Отгонбаяр хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэв.

Хохирогч З.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Манайх Бум-Эрдэнийхтай хамт айл байдаг. Би 2016 оны 11 сарын 13-ны өдөр үхэр хайж яваад хоноод 2016 оны 11 сарын 14-ний өдөр гэртээ ирээд 15-ны өдөр Бум-Эрдэний хамт адуу усанд явж байхад нь тоолж үзэхэд 14 тооны адуу байсан. 4 адуу алга байна гэж Бум-Эрдэнэ хэлсэн. Тэгээд адуу алга болсоноо мэдсэн. ....Манай 1 адуу, Баттулгын 2 адуу, Бум-Эрдэнэ манай 1 адуу алга байна гэж байсан” гэх мэдүүлэг,

                  Хохирогч Ц.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай адуу Мөст сумын Баянхайрхан багийн иргэн Жамсрангийн адуунд байдаг. Тухайн айлын хүмүүс харж хандаад байж байдаг. Би ажилтай болохоор ажлын чөлөө заваар тойрч эргэдэг. 2016 оны 11 сарын 16-ны өдөр Жамсрангийн залуу Бум-Эрдэний эхнэр Баттуяа надруу утсаар яриад танай 2 үрээ алга болчихсон байна гэж хэлсэн. Би юу болсон талаар сураглаад Бум-Эрдэний гэрт нь 2016 оны 11 сарын 17-нд очиход 4 хоногийн урьд байсан адуу гэж хэлж байсан. Баттуяа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан....надад гомдол санал байхгүй. Нямсүрэнгийн ар гэрээс 2016 оны 12 сарын 15-ны өдөр миний алдсан 2 адууны үнэ гэж 800000 төгрөг өгсөн. Бид нар худ ураг хүмүүс болохоор ямар нэгэн гомдол санал алга байна” гэх мэдүүлэг,

                  Н.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ээжийн хамт Мөст сумын төвөөс гэртээ ирэхэд Нямсүрэн манай гэрт байсан. Би адуу зарах гэсэн юм хоеулаа ачиж өгчихөөд ирье гээд манай гэрээс миний мотоцикльтэй яваад Тавтын ам гэх газар байгаа зам дээр очиход цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай 2 казак хүн байсан. Тэр хүнтэй уулзаад дагуулаад Хар хад гэх газар байдаг манай өвөлжөөний хашаан дээр очоод бид хоёр мотоцикльтой яваад 18-19 тооны адуу туугаад манай хашаан дээр авч ирээд хашаанд адуугаа хашиж байгаад 3 адуу бариад тухайн авто машинд ачуулаад явуулсан. Тэгэхэд М.Нямсүрэн би хот явах гээд мөнгө хэрэг болоод адуу зарж байна гэж байсан, ...надад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мягмар ахын гэрт нь мал гаргаж байхад утсаар яриад бид хоёрын ачуулсан адуу хулгайн адуу байсан 3 адуу ачуулсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Нямсүрэн манай адуу гэхээр нь би өөрийнхөө адууг зарж байгаа юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг,

                  - Хэрэг учралын  газарт үзлэг хийсэн тэмдэглэл

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол

- Хураан авах тогтоол

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг  болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч М.Нямсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн Хятад улсад 2014 онд үйлдвэрлэсэн Чансаа нэртэй 200 хөдөлгүүртэй мотоцикль хэрэглэн Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт Загийн хар хад гэх газар бэлчээрт байсан иргэн Ц.Баттулга, З. Хүрэлбаатар нарын 3 тооны адууг хулгайлж, 1200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Баттулга, З.Хүрэлбаатар, гэрч Х.Дарьсүх, яллагдагч Г.Отгонбаяр нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч М.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгч М.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэг М.Нямсүрэнгийн энэ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн Хятад улсад 2014 онд үйлдвэрлэсэн Чансаа нэртэй 200 хөдөлгүүртэй 1000000 төгрөгний үнэ бүхий мотоцикль, М.Нямсүрэнгийн эзэмшлийн хээр болон хээр алаг зүстэй, зүүн талын гуяандаа давхар дэгрээ тамгатай 2 тооны адуу, иргэн Х.Камелханы худалдаж авсан хар бор зүстэй духандаа сартай, зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, хүрэн зүстэй зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, нийт 2 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, мөн хар бор зүстэй духандаа сартай, зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, хүрэн зүстэй зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ нийт 2 тооны адууг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байх тул Х.Камелханд буцаан олгож,  мотоциклийн зах зээлийн үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн“ гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч М.Нямсүрэн нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа байдал, хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж өгч гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүрд овогт Мягмарын Нямсүрэнг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнгээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнд оногдуулсан хоёр жил, нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн хэрэглэсэн иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн Хятад улсад 2014 онд үйлдвэрлэсэн Чансаа нэртэй 200 хөдөлгүүртэй мотоциклын зах зээлийн үнэ болох 1000 000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч М.Нямсүрэнгээс гаргуулан улсын орлого болгосугай. 

5. Шүүгдэгч М.Нямсүрэн нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, ПИ97042016 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч М.Нямсүрэнд буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн Хятад улсад 2014 онд үйлдвэрлэсэн Чансаа нэртэй 200 хөдөлгүүртэй мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол,  М.Нямсүрэнгийн эзэмшлийн хээр болон хээр алаг зүстэй, зүүн талын гуяандаа давхар дэгрээ тамгатай 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол, Х.Камелханы худалдаж авсан хар бор зүстэй духандаа сартай, зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, хүрэн зүстэй зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, нийт 2 тооны адууг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хар бор зүстэй духандаа сартай, зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, хүрэн зүстэй зүүн гуяандаа босоо дэгэрээ тамгатай үрээ, нийт 2 тооны адууг иргэн Х.Камелханд олгосугай.

8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар М.Нямсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.