| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/00047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
2024 01 09 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,
улсын яллагч Б.Арсланбаатар,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ********* овогт Т-ын Бт холбогдох эрүүгийн 2306000003556 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, зураач, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ************** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот *************** тоотод түр оршин суух,
Урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
*********** овогт Т-ын Б /регистрийн дугаар: ************/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр дамжуулан хохирогч З.Мтай харилцаж, улмаар эмээлийн цондого хийнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа болох 400,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-нд, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдэл 400,000 төгрөг тус тус Голомт банкны 1205174348 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Быг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306000003556 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч З.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Хохирогч З.М-ын эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансны хуулга /хх-ийн 17-18-р хуудас/,
Хохирогч З.М-н эзэмшлийн ХААН банкны *************** тоот дансны хуулгат үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 43, 44, 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2306000003556 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Арсланбаатар шүүгдэгчийн гэм буруугийн талаарх гаргасан дүгнэлтдээ: “... Т.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр дамжуулан хохирогч З.Мтай харилцаж, улмаар эмээлийн цондого хийнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа болох 400,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-нд, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдэл 400,000 төгрөг тус тус Голомт банкны 1205174348 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 11, 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк цахим хаягаар дамжуулан хохирогч З.Мтай харилцаж, улмаар эмээлийн цондого хийнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Голомт банкны 1205174348 тоот дансаар 800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч З.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд гар урлал хийдэг гэх Б гэдэг залуутай цахим сүлжээгээр холбогдоод эмээлний цондого хийлгэхээр загвар хийц, үнэ хөлсийг нь тохиролцон тухайн залуу руу шууд урьдчилгаа болгоод 400,000 төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл тухайн үеэс хойш 3 хоногийн дараа над руу холбогдоод хүүхэдтэй болсон, хүүхэд маань төрчихлөө мөнгө хэрэгтэй байна, үлдэгдэл 400,000 төгрөгөө хийгээд өгөөрэй гэсэн учир би үлдэгдэл 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэр явдлаас хойш тухайн залуу 2 удаа холбогдох утасны дугаараа сольсон. Тэгэхэд нь би дугаарыг нь олоод холбогдоод байсан юм. Холбогдохоор удахгүй хийгээд өгнө гээд тойруулсаар байгаад бүтэн 1 жил 8 сар өнгөрсөн учир залилуулсан юм байна гээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.М эзэмшлийн ХААН банкны /************ тоот дансны хуулга,
Хохирогч З.М эзэмшлийн ХААН банкны *********** тоот дансны хуулгат үзлэг хийж, Хаан банкны *********** тоот данснаас *********** тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 14-ний өдөр тус тус 400,000 төгрөг шилжүүлсэн болохыг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл,
Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сард үл таних хүний миний Түвшинжаргал Б гэх фейсбүүк хаяг руу “эмээлний суурь хийлгэх гэсэн юм” гэж холбогдсон. Тухайн хүнээс би захиалгыг нь аваад урьдчилгаа 50 хувь буюу 400,000 төгрөгийг нь авсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр төрж би охинтой болсон ба эмээлний суурь захиалсан хүнээс үлдсэн 50 хувь болох 400,000 төгрөгийг нь авсан. Би бусдаас авсан мөнгөө өөрийн хүүхэддээ зарцуулсан. Тэгээд би надаас эмээлний суурь захиалсан хүнд эмээлний суурийг нь хийж өгөөгүй...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..., эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр фейсбүүк цахим хаягт эмээлний цондого хийнэ гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон хохирогч З.Мд эмээлний цондого хийж өгнө хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Т.Б нь хохирогчоос эмээлийн цондого хийнэ гэж 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан цаг хугацаанаас хойш эмээлийн цондогийг хийж өгөөгүй, эд хөрөнгийг хувьдаа зарцуулсан нь эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авсан гэж үзэхийн зэрэгцээ буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилгийг агуулсан, түүнчлэн бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрт авсан нь эд хөрөнгийг шударгаар, тэдний эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэхгүй юм.
Иймд шүүгдэгч Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч З.М Хаан банкны ***************тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж, хохирогч З.Мд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаар мэдэгдсэн байх тул шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Арсланбаатар шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, ам бүл 5, эх, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2306000003556 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт Т-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР