Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1422

 

     2023       11           17                                         2023/ШЦТ/1422

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал,

улсын яллагч Ц.Сайнхүү /томилолтоор/,

шүүгдэгч/хохирогч З.Б , түүний өмгөөлөгч Х.Зоригтбаатар,

шүүгдэгч/хохирогч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б , М.Г нарт холбогдох эрүүгийн 2306 01911 2079 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. З.Б , Монгол Улсын иргэн,

2. М.Г, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 0 үйл ажиллагаа явуулдаг 0 сүлжээ дэлгүүр дотор З.Б тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, мөргөх зэргээр халдаж эрүүл мэндэд доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.Б  нь “0 ” ХХК-ийн шуурхайн бүлгийн жолооч-хамгаалагчаар ажиллаж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд 0 үйл ажиллагаа явуулдаг 0 сүлжээ дэлгүүр дотор иргэн М.Г “хууль ёсны шаардлага биелүүлээгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч шүршүүр ашиглан нүүрэн тус газарт цацах, биед нь халдах зэргээр түүний эрүүл мэндэд хүзүү, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун зүүн нүдний салстын улайлт, зүүн нүдний зовхины улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч/хохирогч З.Б  шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 3 дугаар сарын 18-19-ний өдөр шилжих шөнө “0 ” ХХК-д би 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Хамгаалагч, жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. 02 цаг 05 минутын орчимд манай дуудлага бүртгэлийн оператораас Цайз 16, 0  аюулгүйн товч дарлаа, дуудлагад очоорой гэх дуудлагыг өгсөн. Манайх өөрийн зогсоол болох Сансар үйлчилгээний төвөөс саарал тэрэгтэй хөдлөөд Цайз 16, 0  очиход бор өнгийн савхин куртиктэй, саарал өнгийн юүдэнтэй, 40 орчим насны залуу кассын урд худалдагчтай маргалдаад орилоод сууж байсан. Би шууд худалдагч 0  дээр явж очоод асуухад энэ хүн манай 0 -ийн зааланд согтууруулах ундаа хэрэглээд тэгээд очиход шаардлага тавиад болохгүй ахаа, та гар гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод дайраад байхаар нь хамгаалалтын алба дуудсан юм гэхэд хохирогч Г над дээр ирж би танай энэ пиздад уг нь пиво алдаж байхад нь хүн хулгайлаад аваад гараад явчихлаа гэж хэлж байхад надад баярлалаа гэж хэлсэнгүй гэхэд би урдаас нь за тэгвэл ахаа, би ажилтныхаа өмнөөс танд баярлалаа гэж хэлье, та согтуу байна, та хариад амарчих, жоохон хүүхдүүдтэй хэрүүл хийгээд яах вэ гэж хэлэхэд гарах хаалганы зүгт алхаж байхад Г гэнэт над руу буцаж ирээд нүүрэн тулж зогсоод чи ер нь манийгаа яагаад байгаа юм, чи эндэхийн юу юм, хэн юм гэхэд би урдаас нь хамгаалалтын албаны ажилтан нь байна, би таныг зүгээр гараад явчих гээд хууль ёсны шаардлага тавилаа, өөр зүйл яриагүй гэхэд би чамайг нэг цохичих уу, нэг шаачих уу гэхээр нь би яаж болох вэ, би чинь ажлаа хийж байгаа хүн шүү гэхэд миний цээж хэсэгт шууд хоёр гараараа цохиод авсан. Тэгснээ ухас хийгээд зүүн гараараа миний бүс, нөгөө гараараа миний хийн буунаас бариад авсан. Тэгээд бид хоёр буланд шахалцаад ноцолдож эхэлсэн. Тэгэхэд намайг 20-30 секунд гаруй хугацаанд боож байхад хамгаалагч 0  над дээр хүрч ирээд Г гарыг дээш өргөж надаас салгасан. 02 минут 30 секунд хэртэй ноцолдож байж хамгаалагч 0  нь Г зүүн гарт эхний гавыг зүүсэн. Зүүгээд дуусаагүй байтал Г нь би та нарыг ална гэж орилоод, гаваа тайл гэх эсэргүүцлийг надад үзүүлээд тэгэхэд нь би шилэн хүзүүн дээр нь урагш нь татаж унагаж байгаад баруун гарын бугалгатай нь холбож гавлах гэтэл хамгаалагч 0  гаваа Г алдаад Г нь гаваа нам атгаад цээжин доороо хийгээд доошоо хараад хэвтчихсэн. 10 гаруй секунд хэвтэж байгаад буцаж дээшээ хараад босох гээд эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Миний доороос тонгочоод эхэлсэн. Би дээр нь морьдод суусан байсан. 10 минут 10 секунд ноцолдсоны эцэст би баруун гарын бугалганд нь нөгөө гавыг зүүсэн. Тэгээд зүүчхээд босоод суусан. Г би одоо больё, босъё, би тайвширъя гэж хэлэхэд нь би за одоо тайвшрах гэж байгаа юм байна, за тайвширлаа гэж бодоод дээрээс нь босоход Г нь үүдний хэсэгт завилж суугаад үлдсэн. Би тэр хооронд нь миний аман дотор шүдний эмтэрсэн шүдний эмтэрхий байсан учраас 00 ороод амаа усаар зайлаад  гараад ирсэн. Тэгээд буцаж гарч ирээд нүдний шилээ аваад, Г дээр буцаж очиж за ах, одоо тайвшир, одоо цагдаагийн байгууллага ирж байгаа, энд суугаад яах вэ, үйлчлүүлэгч орж гардаг, та заал руу ороод суучих гэхэд үгүй үгүй пизда минь, цаашаа бай гээд босоогүй. Би буцаж цаас аваад 00 өрөө орж шүд амаа арчаад буцаад гарч ирэхэд Г нь завилж сууж байсан үүдний хэсгээс босчихсон кассын урд 0 т агсраад хэрүүл хийгээд зогсож байсан. Чи намайг эрүүлжүүлэх юм бол пизда минь, би маргааш чамд дээр ирээд хошногдоно. Би 0 -д ажилладаг дүүтэй, миний дүү том албан тушаалтай, чамайг ажлаас чинь халуулна гэдэг зүйл яриад зогсож байсан. Намайг харангуут над руу чиглэж ирээд шууд цээж лүү гавтай хоёр гараараа цохиод эхэлсэн. 15 секундийн хугацаанд гавтай хоёр гараараа 5 удаа миний биед цохиж, толгойгоороо 3 удаа мөргөж, баруун гарын тохойгоороо 1 нэг удаа цохиж дайрч довтолгоон хийсэн. Энэ үед нь би хоёр ч удаагийн нулимс асгаруулагч буюу нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах болно шүү гэх сануулгыг хоёр удаа өгсөн. Миний хэлсэн сануулгыг Г нь сонсоогүй мэтээр үл ойшоож байнгын довтолж, намайг мөргөж цохиж, хамгийн сүүлд миний баруун бөөр хэсэгт цохиход би ундааны машиныг хавсарч мөргөхдөө нулимс асгаруулагчийг хэрэглэсэн. Цагдаа 10 минутын дараа ирэхэд би цагдаагийн байгууллагын ажилтантай юу болсон процессыг тайлбарлаж өгөхөд цагдаагийн ажилтан наад залуугаа аваад гараад ир гэхэд би Г дээр очоод ахаа цагдаа чинь ирчихлээ уулзаарай гэхэд Г ухас хийж босоод миний өмнө гараад цагдаа руу өөрөө очсон. Би араас нь гараад цагдаад хандаж би гаваа яах вэ, манай албаны гав юм байгаа юм гэхэд тэгвэл тайлаад авчих гэсэн. Би очоод эхний ээлжид баруун гараас нь гавыг тайлахад Г шууд миний нүүр лүү цохисон. Миний уруул язарсан. Би тэгэнгүүт нь түлхүүрээ хамгаалагч 0 д өгчхөөд буцаж ороод цусаа тогтоочхоод буцаж гараад ирэхэд манай хамгаалагч нүүрээ барьсан зогсож байсан. Би юу болов, яав гэж асуухад зүүн гарын гавыг тайлах гэж байхад бас намайг мөргөчихлөө гээд толгойгоо барьсан байсан. Би духыг нь харахад жоохон томбойсон байсан. Цагдаа  надад гавыг тайлж өгөөд Г албаны алаг тэргэндээ хийгээд аваад явсан. Явахаасаа өмнө цагдаа 0  бид хоёрт цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөд гаргах гомдол байвал гаргаарай гэхэд нь би за ойлголоо гомдол гаргана, ахаа гэж хэлсэн. Дараагийн дуудлага Дарь эх 0  дээр орж ирсэн тул оччихоод Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст очъё гэж хэлээд үлдсэн. Яваад очиход Г үүдэнд жижүүрийн хэсэгт зогсож байсан. Үүдээр яваад ороход ах нь согтуудаа балай балай үйлдэл хийчихсэн байна, хоёулаа эр хүн шиг гар бариад салъя гэхэд би та миний шүдийг эмтэлж, уруулыг язалсан. Тиймээс би гомдолтой, цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэхэд тэгвэл би ч гэсэн гомдлоо өгнө, чи намайг зодсон шүү, надад танил байгаа гэж хэлээд бид хоёр салсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2 давхрын шатаар гараад баруун гар талын эхний хаалганд мэдүүлэг өгч байхад араас орж ирээд наад хамгаалагч нар чинь намайг зодсон, та нар ажлаа хийгээч цагдаа нараа би даргатай чинь ярих ёстой юу гэж орилж хашхирсан. Тэр үед айхтар хэрцгий догшин авиртай хүн байсан.” гэв.

Шүүгдэгч/хохирогч М.Г шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө би ЖиЭс-25 орчхоод ундаа авчхаад гарч явахдаа пиво хулгайлсан хүн байхаар пиво хулгайллаа гэж хэлсэн. Тэгэхэд та согтуу байж юу яриад байгаа юм гэхээр нь би чи үйлчилгээний газарт ажиллаж байж соёлтой бай л даа, чамд туслах гээд байх гэхэд та согтуу байна, хамгаалагч дуудна гэсэн. Тэгэхээр нь ах нь зүгээр зогсож байя гэхэд хамгаалагч нар ирсэн. Ирэхэд Б гээд энэ өндөр залуу, намхан залуутай орж ирж байсан. Тухайн үед надад шаардлага тавьсан. Бие биеэ хараалын үгээр хэлснээс болж маргаан даамжирсан. Тэгээд намайг хүчээр гавласан. Би гавлуулахгүй гэж дайрсан нь үнэн. Намайг ноцолдож байхад газадсан. Нулимс асгаруулагч гэж яриад байгаа юм. Тухайн үедээ ах нь амсгаа боогдоод бүтэж үхлээ шүү дээ, гаваа тайл гэж орилж чарлаж байхад цагдаагийн ажилтан ирж гав тайлсан. Тэгээд би Б гэх залууг түлхэж, цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч З.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 сарын 19-ний шөнө 02:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол дахь GS 25 дэлгүүрийн аюулгүйн товч дарагдсан мэдээлэл ирсэн учир би Сансарын КРС-ийн зогсоол дээрээс дуудлага мэдээлэл ирсэн газар луу шуурхай бүлгэмийн хамгаалагч С  хамтдаа очсон. Тухайн дэлгүүрт орж ирэхэд үл таних 40 орчим насны эрэгтэй хүн GS 25 дэлгүүрийн касс ажилтантай нь маргалдаад зогсож байхаар нь мэндлээд юу болсон талаар асуухад тэр ах “Хулгай хийж байхад нь барьж өгтөл энэ газрын ажилчид баярлалаа гэж хэлсэнгүй” гэж хэлэхээр нь би түүнд хандаад баярлалаа танд гэж хэлээд одоо гараад ажилчдын ажлыг нь хийлгэчих гэж шаардахад ууг нь эхэндээ тухайн газраас гарч явах гээд үүд хэсэгт оччихоод буцаад над руу дөхөж ирээд нүүр лүү тулж ирээд “Чи ер нь маныгаа яагаад байгаа юм бэ, би чамайг нэг цохичих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь болохгүй шүү дээ би ажлаа хийж байна гэхэд шууд миний цээж хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнээс биеэ хамгаалж 2 гараас нь барьж автал толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгэхэд миний зүүн доод соёо эмтэрсэн. Тэгтэл хамт ажиллаж байсан С  нь надад туслах гэж хүрч ирэхэд С  өшиглөөд намайг буланд шахаад эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь түүнийг цамцнаас нь татаж зулгааж барьж байгаад хөдөлгөхгүйг хичээхэд барилдаад эхлэхээр нь түүнийг хөмөрч унагаж байгаад дээрээс нь дарж байгаад гарыг урд нь гавласан. ...гавлачихсан байхад нь над руу дахиж өшиглөж дайраад байхаар нь нүд рүү нь нулимс асгаруулагч цацсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Хохирогч З.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 0 дэлгүүрт дуудлагад очих үедээ анх тааралдаж байсан. Өөрөөр бол танихгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. 2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах 0 дэлгүүрт дуудлагын товч дарагдсан гэсэн дуудлагаар очоод М.Г нь дэлгүүрийн кассчинтай маргалдаад байх үед нь орсон. Тэгээд би М.Г уучлалт гуйгаад аргадаж тайвшруулаад явуулах гэж байхад гэнэт ямар нэгэн шалтгаангүйгээр над руу дайраад эхэлсэн. Миний гар цээж хэсэгт хэд хэдэн удаа цохисон тэгэхэд нь би тоогоогүй. М.Г аргадаад ахаа та харьчихаа, олон нийтийн газарт ингэх муухай, та архи уусан байна гэртээ хариад амарчих гэх мэт зүйл хэлэхэд намайг шууд хувцсаар боогоод заамдаад авсан. Тэгээд над руу чи ер нь яагаад байгаа юм гэх мэтээр над руу орилоод намайг түрээд ундааны машин шилэн хаалганы голоор оруулаад хананд шахаад байсан. Би та одоо болиоч дээ гээд гарыг нь хувцаснаасаа тавиулах гээд түлхэхэд миний нүүрний доод хэсэгт эрүүний урд мөргөсөн. Тэр үед нь би ямар нэгэн илүү үйлдэл хийхгүй байхыг хичээж цагдаа дуудаж учраа ольё гэхдээ би танд гав хэрэглэнэ, хуульд байгаа болохоор би хэргэлж болно гэж хэлсэн. Тэр үед кассчин цагдаа дуудаж байсан. Намайг М.Г мөргөчхөөд хувцсаар боосон хэвээрээ л байсан. Тэгэхээр нь би М.Г намайг тавьчихаа, та намайг тавихгүй бол би гавлана шүү гэж хэлэхэд, дахиад намайг мөргөх гээд, өвдөглөөд дайраад байсан. Би шууд М.Г гараас нь татаад өөрийнхөө зогсож байсан буланд шахаад, та одоо больчихоо олон хүн харж байна гэж хэлэхэд миний хэлж байгаа үгийг тоохгүй эсэргүүцээд үргэлжлүүлээд дайраад байсан. Тэгэхээр нь газарт унагаад дээрээс нь дарж хэвтэж байгаад Х.0 гаас гав авч байгаад гарыг нь урд нь гавласан. Би гавалчихаад угаалгын өрөө ороод үзэхэд миний шүд эмтэрчихсэн, уруулаас цус гарсан, аманд шүдний эмтэрхий нь байж байсан. Би М.Г гавлах болсон шалтгаан нь М.Г нь догшин авир нь зогсохгүй, шаардлага биелүүлэхгүй байсан. М.Г гавласан байсан ч гэсэн кассчин болон Х.0  нар луу орилоод байсан. Тэгэхээр нь би М.Г хажууд нь очоод бариад байж байхад миний цээж хэсэгт зүүн гараараа миний цээжний хэсэгт 3 удаа цохисон ба мөн л ам хэлээрээ доромжлоод байсан. Миний цээжинд цохих үед аймхайд өвдөж эхэлсэн. Тэгэхэд М.Г нь үргэлжлүүлээд танай 0-г би нураана гэх мэтээр орилоод байсан. Би М.Г хэрэв та ийм үйлдэл гаргах юм бол би танд нулимс асгаруулагч хэрэглэнэ гэж хэлэхэд намайг өшиглөж холдуулаад кофены машины доод хэсэгт нь өшиглөсөн тэгэхээр нь би М.Г ташуу байдалтай 1 метр орчим зайтай байж байгаад нулимс асгаруулагч цацсан. Тэгэхэд М.Г нүдээ дараа доошоо тонгойгоод суусан. Би дээш нь босгох гэхэд суугаад байсан. Удалгүй цагдаа нар ирээд М.Г гавыг тайлах тухай хэлэхэд нь гавыг нь тайлахаар баруун гараас нь эхэлсэн. Тэгэхэд М.Г баруун гараараа миний нүүр хэсэгт цохисон. Тэр үед миний уруулаас цус гарсан. Би буцаж 0 ороод кассаас салфетка аваад угаалгын өрөө орсон. Намайг угаалгын өрөө орсон хойгуур Х.0 г мөн мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...танихгүй хүн надад энд байсан баглаатай пивонуудыг хүн хулгай хийгээд гарчихлаа гэж хэлэхээр нь би касс болох эмэгтэйд нь “хөөе эндээс чинь хүн хулгай хийгээд байна” гэж хэлсэн. Би тухайн үед худалдагч охинтой бага зэрэг үл ойлголцсон. ...Удалгүй 2 хамгаалагч ирсэн. ...Би хамгаалагч нартай бага зэрэг үл ойлголцол болсон. ...Намайг эсэргүүцэл үзүүлээд байна гээд газарт унагаад 2 хамгаалагч нийлж байгаад гавласан. Намайг газарт дээшээ хараад хэвтэж байхад миний нүүр лүү нэг юм цацчихсан. Би тухайн үед хүн аллаа гэх мэтээр орилсон. Миний нүднээс нулимс гараад, амьсгал боогдоод байсан тэгэхээр нь би гаваа тайлаач гэж хэлэхэд миний гавыг тайлаагүй. Намайг босгож зогсоогоод миний хүзүүнээс бариад байгаад байсан. ...Цагдаа ирэхэд миний гавыг З.Б  тайлах гэж байхад нь би духаараа нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

Гэрч М.0 ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын 0 дэлгүүрт худалдагчаар ажилласан. ... 03 цагийн орчимд манай дэлгүүрт согтуу хүн орж ирээд дэлгүүрийн дотор архи уугаад байсан. Би тэр хүнд шаардлага тавьсан боловч хэл амаар дайраад байсан. Тэгэхээр нь би хамгаалалт дуудсан. ...тэр хоёр ноцолдож байгаад З.Б  нь нөгөө эрэгтэйг газарт унагаад арай гэж дээр нь гараад гарыг нь урд нь гавласан. ...З.Б  гарч ирээд согтуу эрэгтэйг дэлгүүрээс гаргах гэхэд гарахгүй эсэргүүцээд, дэлгүүрийн кофены төхөөрөмж, ундааны төхөөрөмж зэргийг өшиглөж эвдлэх гээд, мөн З.Б ын цээж хэсэгт нь хэд хэдэн удаа мөргөөд байсан. ...Удалгүй дэлгүүрт З.Б  нь нулимс асгаруулагч цацлаа шүү хол байгаарай гэж орилоод согтуу эрэгтэй хүний өөдөөс харж зогсож байгаад нулимс асгаруулагч цацсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Гэрч Х.0 гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Г нь ямар шалтгаангүй уурлаад З.Б ыг хэл амаар доромжлоод эхэлсэн. ...М.Г З.Б ын хувцаснаас зуураад хүзүүнээс нь боогоод байсан. ...Яг ингээд зогсож байхдаа М.Г нь З.Б ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхэд нь би М.Г гавлах гэхэд гавлуулахгүй гээд З.Б тай ноцолдоод эхэлсэн. ...З.Б  М.Г дээр нь гараад хэвтсэн. Тэгэхэд нь би М.Г нэг гарыг гавлачихсан. Харин нөгөө гараа надад гаргаж өгөхгүй цээжин дотроо хийгээд хэвтсэн. Бид хоёр ноцолдсоор байгаад хоёр гарыг нь урд талд гавласан. ...З.Б  луу М.Г дайрч давшилсан хэвээр байсан болохоор нь З.Б  М.Г өөдөөс харж зогсоод М.Г нүүрэн дээр тулж байгаад нулимс асгаруулагч цацсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

Гэрч Т.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 43 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 0 дэлгүүрт хамгаалалтын ажилтан эсэргүүцээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. ...Тус дэлгүүрт ороход хамгаалалтын ажилтан болсон үйл явдлын талаар тайлбарласан, зөрчил гаргасан иргэн нь хамгаалалтын ажилтныг цохисон. Тэгэхээр нь нулимс асгаруулагч хэрэглэсэн. М.Г уулзахад нүднээс нь нулимс гарсан, улайсан, нус гоожсон байдалтай байсан. Өөрөө хэлэхдээ над руу нулимс асгаруулагч цацсан, би өөрөө энэ хамгаалагчийг цохисон гэж хэлж байсан бөгөөд гарыг нь гавлан шалан дээр хэвтүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3924 дугаар: “З.Б ын биед доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4072 дугаар: “М.Г биед хүзүү, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун зүүн нүдний салстын улайлт, зүүн нүдний зовхины улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

З.Б аас гаргаж өгсөн СиДи-нд үзлэг хийсэн: “бичлэгийн 01 минут 05 секунд хүртэл үйлчилгээний талбайд дэлгүүрийн ажилтантай А, Б, В нар нь ярилцан зогсож байгаад хаалга чиглэн явах хөдөлгөөнийг эхлүүлэв. Үйлчилгээний талбайд үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. А, Б, В нар нь ямар нээн хэн нэгнийхээ биед халдсан үйлдэл хөдөлгөөн хийхгүйгээр бичлэг үргэлжилж байв. бичлэгийн 01 минут 32 секунд хүртэл А, Б, В нар нь хаалганы чиглэлд алхаж байгаад А, В нар нь маргалдаж нэгнийхээ өөдөөс харан зогсож байгаа дүрс бичигдсэн байв. ... бичлэгийн 01 минут 43 секундэд В нь А-гийн цээж хэсэгт хоёр удаа гараа зангидсан байдалтайгаар түлхэж байгаа дүрс бичигдсэн байв. ... В-г гарыг А нь хоёр гараараа өөрөө холдуулан дээш шидэж буй дүрс уг цаг хугацаанд бичигдсэн байв. ... бичлэгийн 01 минут 44 секундэд В нь дэлгүүрийн ямар нэгэн төхөөрөмжийг А нь гарыг нь барьж түлхсэнээс нуруугаа налж байв. Цааш В нь А-г цээж хэсгээр нь тэврэн авч байгаа дүрс бичигдсэн байв. Энэ үед Б нь А Б нарт дөхөж очиж буй дүрс бичигдсэн байв. бичлэгийн 01 минут 50 секундэд А, Б нар нь В-ийн гарыг А-аас тавиулахаар тэвэрсэн байсан гарт цохиж буй дүрс бичигдсэн байв. бичлэгийн 01 минут 56 секундэд А нь В-ийн хүзүүний ар хэсгээс зүүн гараар урд хэсгээс баруун гараар барьсан. Б нь гарах хаалгыг нээж өгч байгаа,  В нь А-гийн өмдний ар хэсэг тэлээнээс баруун гараар барин хаалганы зүгт чиглэн явж байгаа дүрс бичигдсэн байв. Цааш 02 минут 1 секундэд А, В нар нь нэгнийхээ хувцас, хүзүүний орчмоос зууралдан зогсож буй дүрс бичигдсэн байв. В нь хаалгаар гадагш гарахгүй гэж хориглож буй үйлдэл хийж, А нь В-г гаргах гэсэн хөдөлгөөн хийж байв. бичлэгийн 03 минут 02 секундэд А, В нар нь нэгэнтэйгээ зууралдсан. А нь В-гийн хоолой хүзүү хэсгээс хоёр гараар барьсан, В нь А-ийн өмдний хэсгээс барьсан. А, В нар нь нэгэнтэйгээ нүүр толгой хэсгээр тулж наалдаж зогссон дүрс бичигдсэн байв. бичлэгийн 03 минут 10 секунд А, В нар байршлаа сольсон бөгөөд В нь эсэргүүцэл үзүүлэн А-г түлхсэн. А нь В-ийн хүзүү, хоолой хэсгээс хоёр гараараа барьсан байгааг В нь гараараа тавиулах гэж буй дүрс бичигдсэн байв. бичлэгийн 03 минут 19 секундэд В нь А-ийн гарыг тавиулан А-ийн цээж хэсгээр тэврэн авч зууралдаж байв. Б нь А, В нарын зүгт хөдөлж буй дүрс бичигдсэн байв. А-г дэлгүүрийн ямар нэг төхөөрөмжид налуулсан гараас нь В нь барьсан байв. бичлэгийн 03 минут 26 секундэд В-г А, Б нар татаж чангаан хаалгаар гаргах гэж ноцолдож байгаа дүрс бичигдсэн байна. бичлэгийн 03 минут 29 секундэд В нь А-ийн нүүр хэсэгт мөргөж байгаа дүрс бичигдсэн байв. бичлэгийн 03 цаг 42 минут 03 минут 46 секундийн хооронд В-г газарт А нь унагаж байгаа дүрс бичигдсэн байв. А, Б, В нар нь газарт хоорондоо ноцолдож байгаа дүрс бичигдсэн. бичлэгийн 3 цаг 53 минут В газарт унасан байхад А нь өшиглөж буй дүрс бичигдсэн байв. Цаашид 04 минут 07 секундэд Б нь В-г гавлахаар гав гаргаж ирэн газарт доош харан өвдөглөн суусан В дээр очив. А нь В-г доош харан өвдөглөж сууж байхад нь хүзүүний дээд талаас дарсан байв. В-ийн гадуур хувцас тайлдаж ханцуйгаар гарын бугуй хүртэл тайларч бөөгнөрсөн байв. Бичлэгийн 04 минут 29 секундэд хүртэл В нь газарт өвдөглөн суусан хэвээр байв. А, Б нар нь В-гийн нуруу болон хүзүүний дээр дарсан газраас босгүй байв. В нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байв. Цааш бичлэгийн 04 минут 32 секундэд В нь эсэргүүцэл үзүүлэн дээш босох гэж оролдох үед А нь В-г өвдөглөн дарж, Б нь гараараа мөр, нурууны хэсгүүдэд дарж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 04 минут 30 секундэд Б нь В-гийн хүзүүний ар хэсэгт дар, өмдний ар хэсгээс татаж буй дүрс бичигдсэн байв. Б нь В-гийн гараас татаж, гараа хөдөлгөх боломжгүй байдалтай байв. Бичлэгийн 03 цаг 53 минут В газарт унасан байхад нь А нь өшиглөж буй дүрс бичигдсэн байв. Цаашид 04 минут 07 секундэд Б нь В-г гавлахаар гав гаргаж ирэн газарт доош харан өвдөглөн суусан В дээр очив. А нь В-г доош харан өвдөглөн сууж байхад нь хүзүүний дээд талаас дарсан байв. В-гийн гадуур хувцас тайлдаж ханцуйгаар гарын бугуй хүртэл тайларч бөөгнөрсөн байв. В-гийн баруун гар гав зүүсэн байв. Цааш бичлэгийн 4 минут 53 секундэд А нь В-г татаж унаган газарт дээш харуулан хэвтүүлэв. Б нь В-гийн гарнаас барьсан хэвээр байв. Бичлэгийн 04 минут 54 секундэд В нь А-гийн нүүр хэсэгт газарт хэвтэж байхдаа зүүн хөлөөрөө өшиглөж буй дүрс бичигдсэн байв. Б нь В-гийн гарыг барьсан хэвээр байв. Цааш бичлэгийн 04 минут 59 секундэд В нь тасралтгүй өшиглөсөөр байв. В-г өшиглөх үед Б өшиглүүлж байгаа дүрс бичигдсэн байв. В нь Б-г өшиглөх үед А-гийн баруун хөлийн гуйя хэсэгт өшиглөж буй дүрс бичигдсэнээр бичлэг 05 минут 00 секундэд дуусч байв. Үзлэгийг цааш ... гэсэн нэртэй 05 минут 00 секундийн хугацаатай ... бичлэгийг тоглуулан эхлүүлэхэд өмнөх бичлэгийн үргэлжлэл бүхий утга агуулгыг илэрхийлж байв. үзлэгийг цааш өмнөх бичлэгт үзлэг хийсэнтэй адил байдлаар үргэлжлүүлэхээр тогтов. Бичлэг нь 00 минут 00 секундээс 01 минут 37 секунд хүртэл өмнөх бичлэгийн үйл явдлыг үргэлжлүүлж байв. Бичлэгийн 01 минут 38 секундэд В нь газарт хэвтэж байв. Б нь В-гийн хөл дээр дарж уусан байв. В нь Б-г зүүн хөлөөрөө өшиглөж байв. А нь В-гийн цээж хүзүүний орчимд 2 гараараа дарж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 01 минут 44 секунд хүртэл В нь Б-г дахин нэг удаа өшиглөж байв. Б нь В-ийн бэлхүүс хэсэгт нэг удаа цохиж байв. Б нь В-гийн хоёр хөлийг дарж дээр нь суусан. А нь В-гийн хөдөлгөөнийг хязгаарлан хүзүүний хэсэгт хөлөөрөө дарсан, цээжний хэсэгт хөлөөрөө дарсан дүрс бичигдсэн байв. В-гийн зүүн гар гавтай байв, нь гавнаас тасралтгүй татсаар байв. Бичлэгийн 02 минут 04 секунд хүртэл В нь тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр доош харан хэвтэв. А нь В-гийн толгойны хэсэг, нуруу хэсэгт гараа дарсан байв. Б нь В-гийн гараас барьсан хэвээр байв. Цааш бичдэгийн 02 минут 47 секундэд А нь В-гийн нурууны хэсэгт гарч сууж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 04 минут 12 секундэд хүртэл В нь эсэргүүцэл үзүүлэн дээш харан хэвтэв. А нь В-гийн дээр уусан хэвээр байв. Б нь дэргэд тасралтгүй дагасаар байв. Цааш бичлэгийн 04 минут 59 секунд хүртэл В нь хэд хэдэн удаа босох гэж оролдсон боловч В-гийн дээр А нь суусан тул босож чадахгүй байгаа дүрс бичигдсэнээр бичлэг дуусч байв. Үзлэгийг цааш ... нэртэй, 04 минут 59 секундийн хугацаатай ... бичлэгт үргэлжлүүлэв. Бичлэгийг тоглуулан эхлүүлэхэд өмнөх бичлэгийн үргэлжлэл бүхий утга агуулгыг илэрхийлж байв, үзлэгийг цааш өмнөх бичлэгт үзлэг хийсэнтэй адил байгааг үргэлжлүүлэхээр тогтов. Бичлэг нь 00 минут 00 секундээс 01 минут 09 секунд хүртэл өмнөх бичлэгийн үйл явдлыг үргэлжлүүлж байв. Бичлэгийн 03 минут 20 секунд хүртэл В нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр доош харан хэвтэж байв. А нь В-гийн дээр суусан байдалтай, Б нь эдгээр үйлдлийг ажиглан зогсож байв. А нь В-г доош харуулан хэвтүүлж буй дүрс бичлэг байв. Цааш бичлэгийн 03 минут 29 секундэд Б нь В-г суулгаж байв. В нь хоёр гартаа гавтай ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй сууж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 03 минут 42 секундэд Б нь цаана нээлттэй байгаа хаалгаар орж байгаа дүрс бичигдсэн байв. В болон Б нар нь дүрс бичлэгт үлдсэн бөгөөд В нь газарт суусан байдалтай, Б нь түүнийг харж байгаагаар бичлэг үргэлжилж байв. Цааш 04 минут 20 секундэд В нь газраас босч дэлгүүрийн үйлчилгээний танхимд явж буй дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 04 минут 33 секундэд бичлэгт ямар нэгэн үйл хөдлөл дүрс харагдахгүй байж байгаад Б нь хаалгаар гарч ирж буй дүрс бичигдсэн байв. Цааш 04 минут 37 секундэд В нь дүрс бичлэгт гарч ирэн Б-гийн гар хэсэгт түлхэж буй дүрс бичигдсэн байв. Энэ үйлдэл нь 04 минут 42 секунд хүртэл үргэлжилж байв. Бичлэгийн 04 минут 45 секундэд В нь А-гийн гар хэсэгт мөргөж буй дүрс бичигдсэн байв. Цааш бичлэгийн 04 минут 50 секунд хүртэл В нь А-гийн гар, цээж хэсэгт дахин дахин түлхэж, мөргөсөөр байв. Энэ үед нь А нь В-д баруун гартаа барьсан ямар нэгэн зүйлийг үзүүлж байв. А нь В-гээс холдож дэлгүүрийн үйлчилгээний талбайд алхаж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 04 минут 53 секундэд В нь А-г дахин нэг удаа түлхэх үед А нь эд зүйл налан түлхэгдэж байгаа дүрс бичигдсэн байв. Бичлэгийн 04 минут 53 секундэд А нь В-гийн нүүр хэсэг ямар нэгэн зүйлээр нүүрний хэсэгт тулган хүрэхэд В нь цааш харан доош сууж байгаа дүрс бичлэг харагдаж байв. А, Б нар нь хаалгаар цааш гарч байгаагаар бичлэг 04 минут 59 секундэд дуусч байв. Бичлэгийн үргэлжлэл нийт 3 ширхэг бичлэгийн үргэлжлэх нийт хугацаа хугацаа 14 минут 47 секунд байв. Бичлэгийг бүрэн тоглуулж дууссаны дараа тэмдэглэлд тусгагдаагүй өөр нөхцөл байгаа эсэхийг дахин тоглуулахад өөр ямар нэгэн ач холбогдол бүхий дүрс бичлэгт харагдахгүй байв. Бичлэг дуусаж хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 213-224 дүгээр хуудас),

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын 0 дэлгүүрт худалдагчаар ажилласан. ...Тухайн шөнө 02 цагийн орчимд М.0  нь кассан дээр байж байхдаа нэг согтуу эрэгтэйтэй маргалдаад байсан. Би юунаас болоод маргалдаад байсныг нь үнэхээр мэдэхгүй байна. би зааланд бараа өрөөд завгүй байсан. ...Намайг нэг анзаарахад 0 ийн хоёр хамгаалагч ирсэн бөгөөд нэг нь З.Б  болон жижиг биетэй хамгаалагч нар ирсэн байсан. ...Хамгаалагч нар ирээд нөгөө согтуу эрэгтэй хүнийг гаргах гэж үзсэн бөгөөд нөгөө эрэгтэй эсэргүүцээд байсан. Хаалга дээр гарахгүй нэлээн удаан зууралдсан. ...Харин намайг сонсож байхад л хоорондоо ноцолдоод нэгнийгээ хараагаад байсан. Би ажлаа хийж байгаад харахад газарт согтуу эрэгтэй хүн хэвтчихсэн З.Б  нь дээр нь гарчихсан, нэг мэдсэн нөгөө согтуу эрэгтэй гавласан байсан. Нөгөө согтуу хүн гавлуулчихсан сууж байсан. Тэгэхэд З.Б  энэ согтуу хүн намайг нэг цохичихсон гээд л уруулаа бариад яваад байсан. Тэгээд нөгөө согтуу эрэгтэй ойр хавиар явж байхад З.Б  зүгээр бай гэх зэргээр хэлээд байсан. ...Тэгэхэд З.Б  би цацлаа шүү гэх мэтээр хэлээд байсан. Нэг харахад нөгөө согтуу ах хоолойгоо бариад нүд сохорчихлоо гэж орилоод ус, ус гээд байхаар нь би тэр хүн дээр аягатай ус барьж очоод ус өгөх гэхэд уухгүй байсан. Тэр үед би өөрөө санаачилгаараа тэр согтуу хүнд ус өгөөд, нүүр лүү нь ус цацаж өгсөн. Тэр хүн аймар амь тэмцэж байгаа юм шиг орилоод байсан. ...З.Б  хамт ажиллаж байсан хүнийхээ хамтаар согтуу эрэгтэйг доош нь харуулаад хэвтүүлээд гавлачихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 226-227 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2003 оны 12/05 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар”-ын хуулбар (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),

“0 ” ХХК болон З.Б  нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас),

2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагч З.Б аас гаргаж өгсөн бичлэг бүхий СиДи-г хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 211 дүгээр хуудас),

Хохиролтой холбоотой баримт (хавтаст хэргийн 53, 54 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 212 дугаар хуудас),

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 105, 136 дугаар хуудас), 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104, 122  дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103, 121 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 124-135 дугаар хуудас) лавлагаа зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Өнөөдөр шүүгдэгч З.Б , М.Г нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэж байна. Хэрэгт авагдсан баримт болоод шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан үндэслэл нь тодорхой, М.Г гэх хүнээс шалтгаалж тухайн хэрэг гарчээ. Яг энэ байдлаар ярьж байгаагаар бол ямар нэгэн байдлаар дүгнэлт хийсэн шинж алга, надаас болоогүй мэтээр ярьж байна. Хэрэгт авагдсан хохирогч З.Б ын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогч З.Б ын биед бол хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон. Энэ талаар өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл З.Б ын зүгээс гарах шаардлагыг тавьж түлхэх үед зууралдаж аваад улмаар З.Б т ямар нэгэн байдлаар тухайн үйлдлийг таслан зогсоох оролдлого хийх явцад камерын бичлэгээр толгой руу нь мөргөж байгаа үйлдэл тодорхой харагдаж байгаа. Иймд М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу З.Б ын биед хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох бүрэн нотлогдож байна. Хоёрдугаарт шүүгдэгч З.Б ын тухайд тухайн цаг хугацаанд хохирогч М.Г биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна. Яагаад тухайн гэмт хэрэг мөн байна вэ гэхээр хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан СиДи-д, үзлэг хийсэн тэмдэглэлээр, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, асуусан асуултад хариулсан байдал зэргээс тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж харж байна. Яагаад гэвэл тухайн гэмт хэрэг мөн эсэхэд, ямар нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, гэмт хэргийг үгүйсгэж байгаа нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой. Өнөөдөр З.Б ын тухайд аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн мэт харагдаж байгаа боловч тухайн шинжийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалт хийх үндсэн шинжүүд нь нэгдүгээрт өөрийн болоод бусдын амь нас эрүүл  мэндэд аюултай үйлдэл учрах байсан, энэ нь илэрхий болсон тохиолдолд, хоёрдугаарт нь тухайн довтолгоо дуусаагүй байх буюу үргэлжилж байх ёстой, өөрөөр хэлбэл халдлага нь бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учирч болзошгүй нь илэрхий болсон байх ёстой гэж тэгтэл З.Б ын тухайд тухайн довтолгоон болоод дууссан, таслан зогсоосон, гавласан энэ хооронд нилээдгүй хугацаа болсон. Ямар ч байсан гавлаад авсан, энэ талаар өөрөө ч гэсэн 7 секунд болсон гэж мэдүүлэг өгснөөс үзэхэд довтолгоон болоод дууссан байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь амь бие эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал тухайн үед гарыг гавласнаар дууссан байна гэж үзэж байна. Гавласнаас хойш гаргаж байгаа энэ үйлдэл, өөрөөр хэлбэл З.Б ын гавтай гараараа цээж рүү нь түлхэх, толгойгоороо мөргөх энэ үйлдлийг энэ үйлдлийг амь бие, эрүүл мэндэд нь аюултай үйлдэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч М.Г энэ талаар мэдүүлэг өгөхдөө энэ гаваа ав, би ямар ялтан биш гэдэг байдлаар цээж рүү нь түлхэх, толгойгоор мөргөх зэрэг үйлдэл гаргасан. Энэ нь хохирогчийн мэдүүлэг өөрөө давхар З.Б ын миний сая асуусан асуултад, өөрөөр хэлбэл энэ гаваа ав, би ямар ялтан биш гээд ийм үйлдэл хийсэн гэж ярьж байгаа мэдүүлгээр давхар нотлогдож байх тул аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Үнэхээр амь биед аюултай байдал үүссэн гэж үзэх нөхцөл байдал камерын бичлэгт харагдахгүй байна. Дээрээс нь согтуу хүн өөдөөс нь дайрч байгаа үйлдэлд хоёрын хоёр хамгаалагч доороо хийгээд гавлаж чадахгүй байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Согтуу хүн бол мэдээж гавлуулсан үйлдэл дайрах л байх. Хамгийн сүүлд нь тухайн нулимс асгаруулагчийг хэрэглэж байгаа үйлдэл нь өөрөө хуулийн дагуу үйлдэл хийгдээгүй гэж харагдаж байна. Камерын бичлэгээр нүд рүү нь тулгаад цацаж байгаа нь энэ нь өөрөө энэ хүний биед гэмтэл учруулна гэдгийг өөрөө мэдэж байсан. Түрүүн миний асуултад ямар тохиолдолд энэ тусгай хэрэгслүүдийг хэрэглэх вэ гэхэд ийм ийм тохиолдолд хэрэглэнэ гэж өөрөө мэдэж байсан. Үнэхээр гавлах гээд ноцолдож байх хугацаандаа нулимс асгаруулагч хэрэглэх боломж дүүрэн байсан. Тэгэхэд тухайн асуудлыг хэрэглээгүй, нулимс асгаруулагчийг гавтай хүн рүү нүд рүү нь тулгаад цацаж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Мөн энэ хэрэг нь энэ хоёр хүний дунд явагдсан хэрэг, үнэхээр камерын бичлэгт юу яригдсан нь сонсогдохгүй байна, хажууд хамгаалагч Х.0  байхад түүнтэй маргалдахгүй З.Б тай маргалдаад яваад байгаа нь ямар нэгэн байдлаар маргаан үүсэх нөхцөл байдал бүрдсэн. Өөрөөр хэлбэл хохирогч М.Г хэлж байгаагаар хоорондоо маргалдсан, хэл амаар доромжилсон. Иймд З.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байх тул тухайн зүйл хэсгээр гэм буруутайд тооцож өгнө үү гэх саналыг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгч З.Б ын өмгөөлөгч Х.Зоригтбаатар “Тухайн үед шүүгдэгч М.Г довтолгоог болиулах гэж байсан. Тэр үед 2 минут 30 секунд ноцолдсоны дараа гавласан. 10 орчим минутын дараа гав зүүсэн. 2 гарыг холбож гавлахад одоо болно гээд тайвширъя гэсэн. 7 секундийн дараа орилж хашхирсан. Нойлоос амаа арчаад гарч ирэхэд маргаан үүссэн. Урд гавласан хүн нь хүнийг яаж ч болно. Урдаа гав зүүсэн хүнд хүний биед гэмтэл учруулах боломжтой. Ард нь гавлаж амжаагүй. Дийлээгүй хэн ч урьдчилан харах боломжгүй. Тийм учраас энэ нь аюултай үйлдэл юм. Харин нулимс асгаруулагч хэрэглээгүй бол хэдэн удаа мөргөж цохихыг таашгүй. Цагдаа иртэл аргацаасан. Өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүн цагдаа дээр очоод Бүүр нэг дадал болсон. Цагдаа дээрээс уучлалт гуйгаад дуусгах санаатай хэрвээ хохирогч гомдолтой гэхээр тэгвэл чи намайг зодсон гэдэг. 1 метрийн ойр зайд газ хэрэглэсэн гэдэгт Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд, Монгол улсын Ерөнхий прокурорын хамтарсан 1205 дугаартай зааварт хориглосон зүйл заалтыг зааж өгсөн байдаг. Тухайн зааврыг зөрчөөгүй гэж үзэж байна гэв. 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад энэ зааврын 2.1 дүгээр зүйл, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаас бусад тохиолдолд нулимс асгаруулагч, резинин буу зэргийг 1 метрээс ойр зайд чиглүүлэн буудахыг хориглоно гэж байна. Хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхэд хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан. Тухайн зааврыг зөрчөөгүй байна гэж үзэж байна.  Тухайн хүний толгой дотроо юу бодохыг хэн ч мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар цохих зүйл толгойд нь байна. Цагдаагийн алба хаагч ирэхэд хүртэл цохьсон байна. Угаалгын өрөөнд орж угаагаад гарч ирэхэд нөгөө хамгаалагчийг мөргөсөн. Өөрийгөө хянах чадваргүй гэж үзэж байна. Тухайн зааврыг баримталж, өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалсан. Газ гэх зүйлийг нулимс асгаруулагч цацахад дөнгөж дарж авсан. Эхний шаардлагыг биелүүлсэн болох байсан. Урд гав зүүснээр хүний амь насанд аюултай зүйл учрахыг ч үгүйсгэхгүй. Эхний өдөр мэдүүлэг өгөхөд камерын бичлэг байгаа гэсэн. Сүүлд өмгөөлөгчөөс нэлээн сүүлд хүсэлт гомдол гаргаж байж шалгаж өгсөн. 2 гэрч, 2 холбогдогчтой 4 хүн байсан. Миний үйлчлүүлэгч Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа 0 сүлжээ дэлгүүрт дуудлагаар очтол танхайрах зөрчил үйлдэж байсан. Хохирогч нь шүүгдэгчид хууль ёсны шаардлага тавьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай үйлдэл байна. Хохирогч З.Б т хөнгөн хохирол учруулсны дараа шүүгдэгч М.Г нь дахин маргаан үүсгэж тус дэлгүүрийн ундааны болон кофены машиныг өшиглөн миний үйлчлүүлэгчийн бие рүү дайрч довтлон гавтай гараараа цээжин тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, баруун гарын тохойгоор тохойлдох, толгойгоор мөргөх зэрэг нь З.Б ын эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн хууль бус эсэргүүцэл довтолгооноос шүүгдэгч Б өөрийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор М.Г аюултай нөхцөл байдлыг өөр арга хэрэгсэл ашиглаж арилгах боломжгүй болсны улмаас албаны нэг бүрийн хэрэгсэл болох нулимс асгаруулагчийг хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан тул довтлогч этгээд нь биеэр эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд нэг бүрийн хэрэгсэл болох гав, резинин буу, нулимс асгаруулагчийг хэрэглэж болно гэхийг баримтлан Эрүүгийн хуулиар олгосон гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал нь тохиолдол гэж үзэх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Г нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 0 үйл ажиллагаа явуулдаг 0 сүлжээ дэлгүүр дотор үйлчилгээний ажилтан М.0 тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар үйлчилгээний ажилтан аюулгүйн дохиог даржээ.

З.Б  нь “0 ” ХХКшуурхайн бүлгийн жолооч-хамгаалагч ажилтай, “0 ” ХХК 0 сүлжээ дэлгүүрийн хамгаалалтыг хариуцдаг байна.

2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үйлчилгээний ажилтан М.0 ээс буюу 0 үйл ажиллагаа явуулдаг 0 сүлжээ дэлгүүрийн дохиолол ассаны дагуу хамгаалагч ажилтай З.Б , Х.0  нар очжээ.

М.Г нь З.Б т үйлчилгээний ажилтны буруу байсан гэж тайлбар тавьж, цаашлаад З.Б ыг хэл амаар доромжилж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, М.Г нь З.Б ыг хананд шахад эрүү хэсэгт нь нэг удаа мөргөж, дараа нь нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, харин З.Б  нь нулимс асгаруулагчийг М.Г руу цацаж харилцан бие биедээ гэмтэл учруулсан байна.

З.Б т “доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл,

М.Г “биед хүзүү, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун зүүн нүдний салстын улайлт, зүүн нүдний зовхины улайлт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Г, З.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар З.Б ыг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.” гэжээ.

Дээрх хуулийн заалтаар гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох гэсэн 2 зорилгыг зааж өгсөн байна.

Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгын хувьд хүний амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, бусдын өмчлөх эрхэд халдсан, болон олон нийтийн аюулгүй байдал, хэв журмыг алдагдуулсан, заналхийлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бэлтгэх, завдах үе шатанд даамжруулахгүйгээр, их хэмжээний хор уршиг учрахаас сэргийлж, таслан зогсоох зорилгоор уг үйлдлийг хийх ёстой.[1]

Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор халдах ажиллагааг зайлшгүй тохиолдолд хэрэгжүүлсэн байж хууль ёсны байх, түүний нийгмийн хор аюул үгүйсгэгдэх буюу гэмт хэрэгт тооцохгүй байх нэг нөхцөл болдог.

Зайлшгүй тохиолдолд хэрэгжүүлсэн байх гэдэг нь халдаж буй этгээдэд зайлшгүй гэм хор учруулах хэлбэрээр буюу аргагүй нөхцөл байдал үүссэний улмаас гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байхыг ойлгох бөгөөд аргагүй нөхцөл байдал үүссэн гэх ойлголтод гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зан байдал, зүй бус үйлдэл зэрэг нь хамаарна.

Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох ажиллагааны үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох нь уг ажиллагааг хууль ёсны дагуу болсон гэж үзэх нэг шалгуур үзүүлэлт болно.

Нөхцөл байдлыг зөв үнэлж зөв зүйтэй шийдвэр гаргах гэдэг нь хүн хэрэгжүүлэх үйлдлийн мөн чанар, үүсч болох эрсдэл, үйл явдлын өрнөл, үр дагаврыг урьдаас зөв тооцоолж тухайн нөхцөлд тохирсон хамгийн зөв арга зам, үйлдлийг сонгох, хамгийн ашигтай үр дагаврыг сонгох шийдэлд хүрэхийг хэлнэ.[2]

Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор халдах үйлдлийн дараагийн нэг шалгуур нь хууль ёсны хэр хэмжээнд хийгдсэн байх бөгөөд уг ойлголт нь таслан зогсоох зорилгоор халдах үйлдэл нь хууль, тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцсэн байхыг шаардана.

Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор халдсан үйлдэл нь хэр хэмжээнээс хэтрээгүй байх шаардлагатай ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, халдаж хохироосныг хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно.

Тогтоогдсон үйл баримтын хувьд З.Б  нь “0 ” ХХК-ийн шуурхайн бүлгийн жолооч-хамгаалагч ажилтай, хэрэг үйлдэгдсэн гэх 2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд 0 сүлжээ дэлгүүрт М.Г нь үйлчлүүлж байхдаа тухайн байгууллага дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үйлчилгээний ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлсний улмаас үйлчилгээний ажилтан М.0  хамгаалалтын товчийг дарж, хамгаалагч З.Б , Х.0  нар дуудлагаар иржээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр Эс-25 сүлжээ дэлгүүрт хамгаалагч З.Б , Х.0  нар ирсний дараа М.Г нь болсон үйл явдлын талаар тайлбарлаж байгаад хамгаалагч З.Б тай маргалдаж, түүний цээж хэсэгт гараа зангидсан байдалтайгаар түлхэж хамгаалагч З.Б ын биед халдаж эхэлжээ.

Үйл явдал үргэлжилж хамгаалагч З.Б тай М.Г нь зууралдаж түүний цээж хэсгээр тэврэн авч, хамгаалагч З.Б  М.Г гарыг тавиулахаар түүний гарыг цохиж, хамгаалагч Х.0  Жи-Эс 25 үйлчилгээний төвийн гарах хаалгыг нээхэд М.Г нь хамгаалагч З.Б ын өмдний ар хэсэг тэлээнээс баруун гараар барьж, нэг нэгнийхээ хувцас, хүзүүний орчмоос зууралдаж байх ба хамгаалагч З.Б  М.Г хаалгаар гаргах гэхэд М.Г эсэргүүцэлд үзүүлж, хоёул гарах хаалганд хэсэг хугацаанд зууралджээ.

Улмаар хамгаалагч З.Б , М.Г нар нь хэн аль зууралдсан байхад М.Г нь хамгаалагч З.Б ын нүүр хэсэгт мөргөж, хамгаалагч З.Б  М.Г газарт унагахад М.Г нь газарт доош харж өвдөглөн суусан байх ба хамгаалагч З.Б  хүзүүний дээд талаас нь дарсан байдалтай, хамгаалагч Х.0  М.Г гавлахаар гав гаргаж мөн адил М.Г нуруу хэсэгт даржээ.

Хамгаалагч З.Б , Х.0  нар нь М.Г дарсан чигээр гавлах үйлдлийг хийх гэхэд М.Г нь эсэргүүцэл үзүүлж, хамгаалагч Х.0  М.Г гараас татаж, баруун гарт нь гав зүүжээ.

М.Г нь газарт дээш харж хэвтсэн байрлалтай байх бөгөөд хэвтэж байхдаа хамгаалагч З.Б , Х.0  нарыг эсэргүүцэж хөлөөрөө өшиглөх үйлдэл хийж, хамгаалагч З.Б ын нүүр хэсэгт, баруун хөлийн гуя хэсэгт, хамгаалагч Х.0 г тус тус өшиглөж эсэргүүцэл үзүүлсэн хэвээр байв.

Хэсэг хугацаанд М.Г нь эсэргүүцэл үзүүлж байгаад тайвширч, түүн дээрээс хамгаалагч З.Б  босож, 00 өрөө орж байх ба М.Г 0 сүлжээ дэлгүүрийн иргэдэд үйлчлэх хэсгээр босож явахад хамгаалагч Х.0  түүнийг харж, хамгаалагч З.Б ыг 00 гарч ирэн иргэдэд үйлчлэх хэсгээр явахад М.Г хамгаалагч З.Б ын гар хэсэгт мөргөж, гар, цээж хэсэгт дахин дахин түлхэж, мөргөх үйлдлийг хийж, хамгаалагч З.Б  М.Г холдоход дахин түүнийг түлхэхэд хамгаалагч З.Б  нь түлхэгдэн эд зүйл налахдаа М.Г нүүр хэсэгт нулимс асгаруулагч цацжээ.     

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр халдашгүй байх эрхтэй, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулиар хуульчилсан.

Тогтоогдсон үйл баримтаар М.Г нь 0 сүлжээ дэлгүүр дотор нийтийн аюулгүй байдал, хэв журмыг алдагдуулж, хамгаалагч З.Б ын эрүүл мэндэд нь халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрч М.0 ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 03 цагийн орчимд манай дэлгүүрт согтуу хүн орж ирээд дэлгүүрийн дотор архи уугаад байсан. Би тэр хүнд шаардлага тавьсан боловч хэл амаар дайраад байсан. Тэгэхээр нь би хамгаалалт дуудсан. ...тэр хоёр ноцолдож байгаад З.Б  нь нөгөө эрэгтэйг газарт унагаад арай гэж дээр нь гараад гарыг нь урд нь гавласан. ...З.Б  гарч ирээд согтуу эрэгтэйг дэлгүүрээс гаргах гэхэд гарахгүй эсэргүүцээд, дэлгүүрийн кофены төхөөрөмж, ундааны төхөөрөмж зэргийг өшиглөж эвдлэх гээд, мөн З.Б ын цээж хэсэгт нь хэд хэдэн удаа мөргөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

гэрч Х.0 гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Г нь ямар шалтгаангүй уурлаад З.Б ыг хэл амаар доромжлоод эхэлсэн. ...М.Г З.Б ын хувцаснаас зуураад хүзүүнээс нь боогоод байсан. ...Яг ингээд зогсож байхдаа М.Г нь З.Б ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхэд нь би М.Г гавлах гэхэд гавлуулахгүй гээд З.Б тай ноцолдоод эхэлсэн. ...З.Б  М.Г дээр нь гараад хэвтсэн. Тэгэхэд нь би М.Г нэг гарыг гавлачихсан. Харин нөгөө гараа надад гаргаж өгөхгүй цээжин дотроо хийгээд хэвтсэн. Бид хоёр ноцолдсоор байгаад хоёр гарыг нь урд талд гавласан. ...З.Б  луу М.Г дайрч давшилсан хэвээр байсан болохоор нь З.Б  М.Г өөдөөс харж зогсоод М.Г нүүрэн дээр тулж байгаад нулимс асгаруулагч цацсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 М.Г 0 сүлжээ дэлгүүрт нийтийн аюулгүй байдал, хэв журмыг алдагдуулах үйлдлийг хамгаалагч З.Б , Х.0  нар зогсоосны дараа дэлгүүрээс гарах шаардлага тавихад М.Г нь эсэргүүцэл үзүүлж, хамгаалагч З.Б т түрүүлж халдсан, цаашлаад эсэргүүцэл үзүүлж байхдаа хамгаалагч З.Б ыг өшиглөх, цохих, мөргөх үйлдэл хийсэн бөгөөд эсэргүүцэл үзүүлж дууссан, тайвширсныхаа дараа М.Г нь дахин хамгаалагч З.Б ыг түлхэх зэргээр өдөөн хатгаж, түүнд чиглэсэн эрүүл мэндэд нь халдах үйлдэл гаргахад хамгаалагч З.Б  нулимс асгаруулагч хэрэглэсэн болох нь гэрч Т.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус дэлгүүрт ороход хамгаалалтын ажилтан болсон үйл явдлын талаар тайлбарласан, зөрчил гаргасан иргэн нь хамгаалалтын ажилтныг цохисон. Тэгэхээр нь нулимс асгаруулагч хэрэглэсэн. М.Г уулзахад нүднээс нь нулимс гарсан, улайсан, нус гоожсон байдалтай байсан. Өөрөө хэлэхдээ над руу нулимс асгаруулагч цацсан, би өөрөө энэ хамгаалагчийг цохисон гэж хэлж байсан бөгөөд гарыг нь гавлан шалан дээр хэвтүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд М.Г нь нийтийн аюулгүй байдал, хэв журмыг алдагдуулж, шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтан хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд хамгаалагч З.Б  луу мөргөх, өшиглөх, цохих зэргээр удаа дараа халдаж байгаа үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байна гэж үзэв.

Түүнчлэн М.Г гаргасан дээрх зүй бус зан авир, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг хамгаалагч З.Б , Х.0  нар удаа дараа зогсоох шаардлагыг тавьсан байх бөгөөд уг шаардлагыг М.Г нь биелүүлэхгүйгээр удаа дараа халдахад хамгаалагч З.Б  нь түүний зүй бус үйлдлийг таслан зогсоохоор халдсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор халдсан гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна.

Мөн хамгаалагч З.Б , Х.0  нар М.Г гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дээрх үйлдлийг зогсоох талаар хэд хэдэн удаа дараа арга хэмжээ авсан боловч М.Г нь дахин давтан зүй бус зан авир, үйлдэл гаргасан байх тул хамгаалагч З.Б т аргагүй нөхцөл байдал үүссэн буюу зайлшгүй тохиолдолд үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр 0  ХХК нь гэрээт харуул хамгаалалтаар үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 0 -тай “Дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ”-р 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж байгаа, З.Б тай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны “Хөдөлмөрийн гэрээ” байгуулснаар З.Б  нь шуурхай бүлгийн жолооч-хамгаалагчаар ажиллаж эхэлжээ.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг” гэж,

4 дүгээр зүйлийн 4.1-д “4.1.Төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалт болон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр энгийн жижүүр, манаачийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцаанаас бусад харуул хамгаалалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж,

18 дугаар зүйлийн 18.1-д “Харуул хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ албаны нохой болон галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл, зэвсэггүй тулалдах мэх хэрэглэж болно.” гэж,

20 дугаар зүйлийн 20.1.4-д “Харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол харуул хамгаалалтын алба хаагч мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно ...нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2003 оны 12/05 тоот тушаалаар баталсан “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зөвсөггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах” зааврын 2.1 дэх хэсэг “Харуул хамгаалалтын алба хаагч зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа дор дурдсан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж, албаны нохой ашиглаж болно:

2.1.2.хууль ёсны шаардалагыг нь эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан” гэж заасан.

М.Г нь хамгаалагч З.Б , Х.С  нарыг эсэргүүцэж, хамгаалагч З.Б т чиглэн, түүний эрүүл мэндэд нь удаа дараа халдсан, эхний халдлагад тусгай мэх хэрэглэж, гавлах гэж оролдсон ба М.Г нь зүй бус үйлдлээ зогсооход мэх болон гавлах үйлдлээ зогсоосон байхад дахин халдах довтолох үйлдлээ үргэжлүүлэхэд  З.Б  нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу нулимс асгаруулагч хэрэглэж, М.Г зогсоосон нь нөхцөл байдлыг зөв үнэлж зөв зүйтэй шийдвэр гаргаснаас гадна Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд болон холбогдох зааварт нийцжээ.

З.Б ын нулимс асгаруулагч хэрэглэсэн үйлдэл нь М.Г гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, зайлшгүй нөхцөл байдал үүссэхэд хууль болон холбогдох зааварт заасны дагуу мэх, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байх тул хэр хэмжээнээс хэтрээгүй байна гэж дүгнэлээ.    

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч З.Б  нь М.Г гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор аргагүй нөхцөл байдал буюу зайлшгүй тохиолдолд түүний хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хэм хэмжээнээс хэтрүүлээгүйгээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч З.Б ын үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх хууль зүйн үндэслэл шалгуур бүрдсэн гэж үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос З.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Г үйлдэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч М.Г нь хохирогч З.Б ыг нүүрэн тус газарт нь цохих, мөргөж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч З.Б т Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3924 дугаар дүгнэлтээр “доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Г нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч З.Б  нь хохирлын шууд зардалд 140.000 төгрөг, хэргийн материал хуулбарласан зардал 104.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 1.744.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Харин хэрэгт 60.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт авагдсан, бусад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт авагдаагүй байх тул шүүгдэгч М.Г 60.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Б т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч З.Б  нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох М.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол, төлбөр барагдуулахаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэх,

Шүүгдэгч М.Г “Өөр ял шийтгэж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч нь урьд удаа дараа ял шийтгэгдэж байсан байсан түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан байх ба дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь түүний хувийн байдлын хувьд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх эрх зүйн ухамсар, соёл төлөвшөөгүй, нийгэмшээгүй болохыг илтгэн харуулж байна.

Шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирсан, хохирогчид учирсан хохирол төлбөр барагдаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

Шүүгдэгч М.Г урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос З.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 60.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Б т олгосугай. 

6. Хохирогч З.Б  нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох М.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч З.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

            ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ        

 

[1] Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.287,

[2] Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.289,