Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 2024         01          15                                          2024/ШЦТ/73

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэг,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч К.М /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О-д холбогдох эрүүгийн 230901265792 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... аймгийн .... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, зураач сийлбэрч мэргэжилтэй, “Я Э” урлангийн захирал ажилтай, ам бүл 3, хоёр охины хамт Баянгол дүүргийн ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

2.Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар,

3.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 11 cap 23 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

4.Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1 жил 06 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 709 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

6.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1095 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Д.О, ..................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Г Р" караокед иргэн С.Б-Отой маргалдаж, толгой болон цээжинд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь толгойн зүүн чамархайн хуйх, цээжний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 230901265792 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч С.Б-Оы "... 2023 оны 4 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед манай найз Болдоо дуудаад нэг караокед байна хүрээд ирээч гэсний дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Соёл урлагийн их сургуулийн хажууханд байдаг нэг караокед ганцаараа очсон. Намайг очход Б нь зүс таних Га гэдэг залуутай байсан, тэрнээс бусдыг нь би огт танихгүй юм байна лээ. 4-5 хүн байсан. Би ч гаднаас орохдоо 200 гр архи татчихаад орсон. Тэгээд намайг тэр хэдийн сууж байгаа караокены өрөөнд дөнгөж ороход нэг танихгүй нөхөр зөрөөд өнгөрөхдөө миний халаасанд юм тэмтрэх шиг болсон. Тэгээд би хүүе яаж байна аа гэхэд тэр залуу урдаас яасан ч үгүй ээ гээд муухай хараад маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр залуу гараад яваад өгсөн. Тэгээд Б-той ярилцаж сууж байгаад заа уучлалт гуйчих гэхээр нь буцаад ороод ирэхээр нь тэр залууд хандаж андуурчихсан байна аа уучлаарай гэхэд заа зүү болоод учраа олчхоод тэр залуу дахиад гараад явсан юм. Тэр хооронд тэнд байсан 2 ах хүүтэй би буу халаад сууж байтал караокены өрөөний гадна орилолдоод эхэлсэн. Гараад харсан чинь манай найз Б нөгөө О гэдэг залуутай зодолдож байсан. Тэгээд би очоод барилцаад авсан чинь тэр О гэдэг залуу гартаа нэг юм гаргаж ирж барьж байгаад миний толгой болон гэдэс рүү цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад О нь гараад яваад өгсөн. Тухайн үед миний толгойноос их цус гарсан. Цус гараад байхаар нь би Б-д гэр рүү хүргээд өгчих гэсэн чинь чамайг хутгаар шаасан юм биш үү юу яриад байгаа юм гэмтэл рүү явна гэж байсан, тэгээд би нэг мэдэхэд ухаан алдаж сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн хэвтэж байсан. Ийм л асуудал болсон. Ог танихгүй тэр өдөр л анх харсан. Анх караокены өрөөнд зөрж өнгөрөхөд нь чи чинь яачив юм авчхав уу гэж хэлснээс болоод маргаан үүсэж миний биед халдсан. О нь гартаа жижигхэн хутга барьж байгаад намайг цохиж зодсон. Тэр үед миний гадуур өмсөж байсан куртик тайлагдсан, миний толгойноос цус гараад эмнэлэг рүү хүргэгдэх үед куртикийг маань авахдаа хажууд нь байсан хутгатай хамт ороогоод аваад эмнэлэг рүү хүргэсэн байсан. Хутга нь гэрт байж байгаад ээж хаячихсан байна лээ. Одоо байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2 800 000 төгрөг, эмнэлэгт 5 000 000 төгрөг төлсөн." гэх мэдүүлэг,  

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн 5039 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1. С.Б-Оы биед толгойн зүүн чамархайн хуйх, цээжний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх /хх-ийн 40-41/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.О нь хохирогч С.Б-Отой үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөж толгой болон цээжинд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь толгойн зүүн чамархайн хуйх, цээжний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

  Улсын яллагч шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-Оы эрүүл мэндэд толгойн зүүн чамархайн хуйх, цээжний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч С.Б-Од  7 800 000 төгрөг  өгсөн талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн бус дунд боловсролтой, зураач сийлбэрч мэргэжилтэй, “Я Э” урлангийн захирал ажилтай, ам бүл 3, хоёр охины хамт Баянгол дүүргийн .................................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1095 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 63-77, 82-91, 93/ зэрэг авагджээ. Түүний урьд ял шийтгэгдэж байсан талаархи тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

Шүүгдэгч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг урьд нь үйлдэж байсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ