Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

       2024         01          16                                          2024/ШЦТ/81

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа /томилолтоор/,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 2303006650549 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын ....-ний өдөр ..... аймгийн .............. суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Г, ................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж 45 дугаар сургуулийн урд замд Toyota Prius 20 маркийн ..-... УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Хохирогч Г.Ц-гийн өгсөн: " 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн үед би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 45 дугаар сургуулийн урд талын замын явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн. Би тэр үед замын баруун талаас зүүн тийш гарч яваад мөргөлдсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй. Жолооч Г нь намайг байнга эргэж тойрч байгаа, мөн намайг сувилалд дараа нь хэвтүүлнэ гэж хэлсэн. Жолооч Гд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү, миний бүх эмчилгээний зардлыг төлсөн байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн өгсөн: "Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цнь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 271 000 төгрөг гарсныг яллагдагч Г.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009................. дугаартай дансанд төлүүлж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Д-ын “Би дээрх тээврийн хэрэгслийг 2018 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан миний болон гэр бүлийн дундын эзэмшлийн автомашин байгаа юм....Би осол хэрхэн үйлдэгдсэн талаар мэдэхгүй бөгөөд тухайн өдөр манай эхнэр Г.Г миний автомашиныг жолоодоод хүүхдээ хүргэж өгөөд явж байхдаа явган зорчигч мөргөж осол гаргасан талаар хэлсэн ингээд би ослын талаар мэдсэн... Ослын улмаас миний автомашинд эвдрэл хохирол учраагүй. Надад автомашинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 39/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №12298 дугаартай дүгнэлт: "1.Г.Ц биед зүүн шаант /шилбэ/, зүүн шагайн гадна хашлага ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй." гэх /хх-ийн 44-45/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Цамбагарав техникийн хяналтын үзлэгийн

төв 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 51-56/,

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1132 дугаартай магадалгаа: 6.1.Тоyota Prius 20 маркийн .-... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 16.2.Явган зорчигч Г.Ц Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна." гэх /хх-ийн 59/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр нөхөн үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж 45 дугаар сургуулийн урд замд Toyota Prius 20 маркийн ..-... УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө."-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Ц мөргөж эрүүл мэндэд нь "зүүн шаант /шилбэ/, зүүн шагайн гадна хашлага ясны далд хугарал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ц мөргөж эрүүл мэндэд нь зүүн шаант /шилбэ/, зүүн шагайн гадна хашлага ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Г.Ц-д 2 300 000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хувийн байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:

1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэж хуульчилжээ. 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хорих ялгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

Эрүүгийн 2303006650549 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Гд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Гд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ