Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 03002

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10             12                                                   102/ШШ2020/03002                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч,

Хариуцагч: Ц  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,559,724 /дөчин нэгэн сая таван зуун тавин есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, хариуцагч Ч.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнмядаг, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Г, Ц.Б нар 2018.03.13-ны өдрийн 00-1540 дугаартай зээлийн гэрээгээр манайхаас 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 2/4 байр, 19 тоот, 50.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205059420 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан өмчлөгч Ч.Гтай 2018.03.13-ны өдөр 001540-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хуулийн дагуу барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2019.03.19-ны өдрийн 00-1540 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээг 2019.03.19-ны өдрөөс 3 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний Хавсралт 1-д зааснаар зээл болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019.04.15-ны өдрөөс 2019.06.15-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй. Гэвч зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Манай байгууллага зээлдэгч нараас удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан. Манай байгууллага нь Иргэний хуулийн 451.1, Зээлийн гэрээний 5-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцтгэлийг шаардах, Иргэний хуулийн 175-д заасны дагуу баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй юм. Зээлдэгч нараас 2020.09.04-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 13,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,759,724 төгрөг, нийт 41,559,724 төгрөгийг гаргуулан, Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, 2/4 байр, 19 тоот хаягт байршилтай, 50.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205059420-д бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 2/4 байр, 19 тоот, Ү-2205059420 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан 30,0 сая төгрөгийг “Нандинзоос” ББСБ-аас 2018.03.13 өдөр сарын 4% хүүтэй зээлж авсан. Зээлийг Ч.Гын төрсөн ах Ч.Цэрэнмядаг миний захирлаар нь ажилладаг “Си эйч си” ХХК дамжуулан авч улсын төсвийн хөрөнгөөр эайсан МБШТ, Гандан Тэгчэнлин Хийдийн 1080 лам хурах Их Цогчэн Дуганын ажлыг дуусгахад зарцуулж ашигласан. Их Цогчэн Дуганын барилгыг бид 2019.11.13-ны өдөр байнгын ашиглалтад өгч, бидний авсан зээл уг нь зорилгоо биелүүлсэн. Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтөд эдийн засгийн боломжоосоо шалтгаалж бид гэрээний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байв. Өнгөрсөн хугацаанд зээлээс 5,0 сая төгрөг, хүүний төлбөрт 20,0 сая төгрөг, бүгд 25,0 сая төгрөг төлсөн. Бид  үндсэн зээлийн үлдэгдэл 25,0 сая төгрөгийг ирэх саруудад  гүйцэтгэл, санхүүжүүлэлтээс шалтгаалан 5,0 сая төгрөгийг 2020.06.30-ны дотор, 10,0 сая төгрөгийг 2020.07.15-ны дотор, 10,0 сая төгрөгийг 2020.08.10-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Зээлийн хүүнд 20,0 сая төгрөг төлсөн байгаа тул хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Их Цогчэн Дугана барилгын барьцаа хөрөнгө болох 582,0 сая төгрөг нь 2020.11 сард чөлөөлөгдөж бидэнд олгогдох үед зээлийн төлбөрийг баталгаатай хийх боломжтой. Зээл төлөгдөлгүй их удсан, зээлдүүлэгчид хүндрэл учруулж байгааг бид ойлгож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Н” ХХК нь Ч.Г, Ц.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,639,999 төгрөг гаргуулах, Ч.Гд холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 5,919,725 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нь зээлийн үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүний төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэхээр маргалаа.

 

Нэхэмжлэгч нь Ч.Г, Ц.Б нартай 2018.03.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар зээлсэн, 2019.03.19-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан  байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар г хүчин төгөлдөр болжээ. 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,084,000 төгрөг төлсөн, энэ талаар маргахгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

 

Талууд гэрээгээр хүүний төлбөрийг сарын 4 хувь байхаар, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т нийцсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зээлийн төлбөрт 25,000,000 төгрөгийг, 2017.07.18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөр 8,866,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,733,333 төгрөг, нийт 35,639,999 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтаар зээлдэгч нарыг үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боловч шүүхэд маргаан бүхий иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаанд хариуцагч нарыг зээл төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хүүний төлбөрт 4,933,334 төгрөг, 986,391 төгрөг буюу нийт 5,779,725 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2-т барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаж, Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 2/4 байр, 19 тоот, 50.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205059420 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан өмчлөгч Ч.Гтай 2018.03.13-ны өдөр 001540-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан тул хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 2/4 байр, 19 тоот, 50.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205059420 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 516,020 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 406,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан Ч, Ц.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,639,99 /дөчин нэгэн сая таван зуун тавин есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулан, “Н” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 5,919,825 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Ч.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 2/4 байр, 19 тоот, 50.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205059420 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 4,550 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ