Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

2024         01     16                                          2024/ШЦТ/80

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл,

Хохирогч О.М,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ахолбогдох эрүүгийн 23030006780555 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.... оны ... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.А, ......................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.А нь 2023 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Ө" төвийн уулзварын замд Toyota Prius 30 маркийн ...-... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.", 15.1. "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч О.Мийг мөргөж эрүүл мэндэд нь баруун шагайн хавчаар ясны хугарал, зүүн сарвууны ядам хурууны хумсанд ил шарх, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2303006780555 дугаартай хэрэгт авагдсан;

 

Хохирогч О.Мийн өгсөн: "2023 оны 9 дүгээр сарын 28-ны орой хичээлээ тарчихаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо нэг найзтайгаа уулзаад байж байхад манай бас нэг найз намайг гэрт хүргэж өгнө одоо 100-н айлаас машинтайгаа хөдөлж байна гэж хэлсэн. Би тэр найздаа Шинэ зам руу дөхөөд алхаж байя гэж хэлээд хамт байсан найзаасаа салаад ганцаараа "Ө" төвийн урд уулзвар дээр зам хөндлөн гарах гээд очсон. Би дөнгөж очоод зам хөндлөн гарах гэтэл улаан гэрэл ассан, тэгээд би дараагийн ногоон гэрэл асахыг хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарч явтал миний зүүн талаас нэг машины гэрэл гэнэт гарч ирээд намайг мөргөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г"...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.М нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 365 000 төгрөг гарсныг яллагдагч С.А-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090............... дугаартай дансанд төлүүлж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №12454 дугаартай дүгнэлт: "О.Мийн биед баруун шагайн хавчаар ясны хугарал, зүүн сарвууны ядам хурууны хумсанд ил шарх, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх /хх-ийн 21-22/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техник хяналтын төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "...уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300cd, хол дээрээ 52500cd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16200cd, хол дээрээ 50600cd /стандарт 10.000- 225.000cd/ буюу стандартын шаардлага хангаж байна." гэх дүгнэлт /хх-ийн 28-32/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,

Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58, 66/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1150 дугаартай магадлагаа: "1.Тоёота Приус 30 маркийн ..-... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.", 15.1."Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч О.М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна." гэх /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч С.А нь 2023 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Ө" төвийн уулзварын замд Toyota Prius 30 маркийн ..-... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.", 15.1."Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө." заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч О.Мийг мөргөж эрүүл мэндэд нь баруун шагайн хавчаар ясны хугарал, зүүн сарвууны ядам хурууны хумсанд ил шарх, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Мийн эрүүл мэндэд "баруун шагайн хавчаар ясны хугарал, зүүн сарвууны ядам хурууны хумсанд ил шарх, зүүн өвдгөнд цус хуралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч О.М нь Этүгэн их сургуульд суралцдаг байсан бөгөөд гэмт хэргийн улмаас сургуульдаа суралцаж чадахаа байснаас үүдэн 4, 5-р курсийн төлбөр төлбөр 3 600 000х2=7 200 000 төгрөг, хагас, бүтэн сайнд ажиллаж сургалтын төлбөрөө олдог байсан бөгөөд олох байсан орлого 2 100 000 төгрөг, хавтаст хэрэгт эмчилгээний болон унааны зардал 451 607 төгрөг  нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас сургуульдаа суралцаж чадахаа байснаас үүдэн 4, 5-р курсийн төлбөр 3 600 000х2=7 200 000 төгрөг, хагас, бүтэн сайнд ажиллаж сургалтын төлбөрөө олдог байсан бөгөөд олох байсан орлого 2 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой холбогдох баримтуудыг ирүүлээгүй /татвар болон төлбөр төлсөн баримт г.м/ байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.

Хавтаст хэргийн 71-73, 74-75-р хуудсанд эмчилгээний болон унааны зардлын баримтууд ирүүлсэн байх бөгөөд хавтаст хэргийн 71-73-р хуудсанд авагдсан эмчилгээтэй холбоотой 209 850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 74-75-р хуудсанд авагдсан унааны зардал гэх 241 850 төгрөгийн 50 хувь болох 120 878 төгрөгийг хангаж үлдэх 120 878 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч өөрийн унаа машингүй тул хүн гуйж наашаа цаашаа явдаг байсан гэх бөгөөд ирүүлсэн баримтаас харахад 25 000, 30 000, 69 000  төгрөгийн шатахууны баримтууд авагдаж хэрхэн хаашаа явсан нь тодорхойгүй гэж үзэв.  

Мөн улсын яллагч хохирогч О.Мт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэгт багтсан гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр, нийгмийн даатгалаас тусламж үйлчилгээ үзүүлсэний төлбөр 365 000 төгрөг тус тус гаргуулахаар санал оруулснаас,

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд сэтгэл гутрал, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа эсэх нь тодорхойгүй байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1.-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." гэж зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 365 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900............ дугаартай дансанд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 Хохирогч О.М нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч С.Аод Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хувийн байдлыг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ зэрэг авагджээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч С.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аоос нийт 695 728 /зургаан зуун ерэн таван мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүрэг .......................... тоотод оршин суух хохирогч О.М /РД:........................../-т 330 728 /гурван зуун гучин мянга долоон зуун хорин найман мянга/ төгрөг олгож, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900............. дугаартай дансанд 365 000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөг шилжүүлсүгэй.

 

             6.Хохирогч О.Мийн нэхэмжлэлийг шаардлагаас 120 878 /нэг зуун хорин мянга найман зуун далан найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гэх 8 250 000 төгрөг, сургалтын төлбөр гэх 7 200 000 төгрөг, олбол зохих орлого гэх 2 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ