| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03479/и |
| Дугаар | 03073 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 03073
2020 10 14 102/ШШ2020/03073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, 1,871,760 /нэг сая найман зуун далан нэгэн мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах иргэний тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Жигмэддагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “К” ХХК-ийг үүсгэн байгуулагч миний бие мэргэжлийн зургийн байгууллагаар хүүхдийнхээ өрөөнд тохируулан хананд өлгөх зориулалттай номын тавиурын загварыг зохиож, холбогдох бүхий л хэмжээтэй зураглал үйлдэн, бэлэн боловсруулсан зургийн дагуу Мишээл-экспод байрлах “Китченол” бүтээгдэхүүний борлуулагч, үйлдвэрлэгч “Д” ХХК-д өөрсдөд нь бэлэн байгаа 3 өнгийн “Матт” хавтангаар номын тавиурыг 1.247.840 төгрөгөөр хийлгэхээр тохиролцон 2018.08.14-ны өдөр өөрийн эзэмшлийн “К” компаниар гэрээ хийж, уг гэрээнд заасан өдрүүдэд хүлээсэн үүргийн дагуу захиалгат бүтээгдэхүүний төлбөрт 1.247.840 төгрөг төлсөн. Гэвч “Д” ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлага хангасан номын тавиурыг өнөөдрийг хүртэл угсарч хүлээлгэн өгсөнгүй. Гэрээний хавсралт хэсгийн “материалын сонголт" хэсэгт Хавтангийн код-СS-037матт, СS-186матт, \/S-054матт гэж тодорхой заасан. 2019 оны 1 сарын сүүлээр номын тавиурын 3 хэсгийг авчирсан нь чанарын шаардлага хангаагүй, тавиурын саарал өнгийн “матт” хавтангаар хийгдэх хэсэгт зүгээр саарал өнгийн хуулга нааж, дээд тал нь эвдрэлтэй хэсгээ буцааж авч яваад бусад 2 хэсэгт нь айхтар үнэртэй энгийн будгаар будсан хавтангуудыг орхиод явсан. Үүнээс хойш сарын дараа буюу 2 сарын сүүл хүртэл тагтны шилэн өрөөнд байхад нь би үйлдвэрийн даргыг авчирч өөрт нь үнэртүүлэхэд тэрхүү жирийн будгийнх үнэр нь гараагүй, гэрээнд тусгасан гаднаас ирдэг бэлэн “матт” хавтангаар хийгээгүйгээ хүлээж, “манайх 3-р сарын хүүхдийн амралтын хугацаанд багтаан гаднаас оруулж ирсэн будгаа одоо туршиж байгаа, гэхдээ гаднаас импортлосон жинхэнэ матт хавтангаар дахин шинээр хийж өгөхөөр тохирон" явсан. Дэлхийн бусад оронд тусгай зориулалтын хавтан дээр шууд зориулалтын “матт” хэмээх нэрээр алдаршсан, бусдад ямар 1 харшил өгдөггүй, үнэргүй шингэн тусгай стандартын бодисыг түрхсэнээр илэхэд зөөлхөн “матт” хавтан гарах ба тиймээс ч өндөр өртөгтэй байдаг. Тэр үеэс хойш 3, 4 сард үйлдвэрийн дарга нь “би тэр талаар гадагшаа сургалтад хамрагдаж байна, мөн шинээр “матт”-аа туршиж байна, тун удахгүй" гэж мессеж бичиж ярьж байсан. 5 сараас хойш дахин утсаа авахаа больж хэрэглэгчийг хохироож, хууран мэхэлж ирлээ. Энэ хугацаанд үйлдвэрийн лавлах утас руу, ажлын болон гар утаснаас хязгааргүй олон удаа залгажээ. 2019 оны 8 сард маш олон залгасны эцэст “манайхан таны шилжүүлсэн төлбөрийг буцаан шилжүүлье” гэж дамжуулж байх юм. Гэтэл энэхүү номын тавиурын захиалагч хүүхэд маань өдөр бүр, өнөөдрийг хүртэл асуусаар байх тул нэхэмжлэгч нэгэнт хийгдсэн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч “Д” ХХК нь талуудын гэрээний хавсралт хэсэгт заасан чанарын шаардлага хангасан тухайн номын тавиурыг өнөөөдрийг хүртэл 2 жил гаруйн хугацаанд угсарч хүлээлгэн өгөөгүй бөгөөд цаащид ч чадахгүй нь ойлгомжтой болсон. Ийнхүү хариуцагч нь Иргэний хуулийн 251.1, 243.1, 243.2, 255.2, 261.1-р заалтуудыг илт зөрчиж талуудын гэрээний үүргээр хүлээсэн чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг захиалагч талд хүлээлгэн өгөх, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг захиалагч талд өгөх, гэрээнд тусгагдаагүй доголдлыг мэдсээр байж тухайлбал номын тавиурын 1 хэсэгт саарал өнгийн хуулга нааж нуун дарагдуулан хүлээлгэн өгөх оролдлого хийж хэрэглэгч талыг цаг хугацаагаар хохироосоор байна. Иймд 2018.08.14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчээс төлсөн 1.247.840 төгрөг, Иргэний хуулийн 232.4-т зааснаар алдангийг 50%-аас хэтрүүлэлгүй 643.920 төгрөг, нийт 1.871.760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205.1-д зааснаар өгсөн, авснаа биет байдлаар харилцан буцаах үүрэгтэй. Иргэний хуулийн 232.6-д заасан алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга байтал манайхаар хийлгэхгүй гээд гэрээнээс татгалзчихаад алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манайх 1.247.840 төгрөгийг төлөхөө зөвшөөрнө. Харин манайхаар тавиурыг гүйцээгээд хийлгэнэ гэвэл хугацаа хэтрүүлсний алдангийг төлж болно. Нэхэмжлэгчийн шаардлагад нийцүүлэх гэж олон удаа туршилт явуулж байсан ч таалагдаагүй тул мөнгийг буцаая гэж хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“К” ХХК нь “Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,871,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээгээр тохирсон материалаар тавиур хийж өгөх үүргээ биелүүлээгүй тул урьдчилан төлсөн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь гэрээнээс татгалзаж манайхаар хийлгэхгүй гэж байгаа бол алданги шаардах эрхгүй, манайх төлбөрийг буцаан өгөхөд бэлэн, харин манайхаар тавиурыг гүйцээж хийлгэвэл хугацаа хэтрүүлсний алдангийг төлнө гэж маргав.
Нэхэмжлэгч нь 3 өнгийн “матт” хавтангаар хүүхдийн өрөөний номын тавиурыг хийлгэхээр тохиролцон, 2018.08.14-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг “К” ХХК-тай байгуулж, мөн өдрөө урьдчилгаанд 784,704 төгрөгийг төлжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь 16 хоногийн хугацаанд 3 өнгийн “матт” хавтангаар номын тавиурыг хийх, захиалагч нь 1,247,840 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
“К” ХХК нь гэрээний дагуу номын тавиурын үлдэгдэл төлбөр 499,140 төгрөгийг 2018.08.31-ний өдөр төлсөн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба “Д” ХХК нь 2018.08.31-ний өдөр СS-037матт, СS-186матт, \/S-054матт хавтангаар хүүхдийн номын тавиурыг хийж хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай байх бөгөөд тухайн дээрх кодтой матт материал нь байхгүйгээс хүлээлгэн өгөх хугацааг хйошлуулсан, мөн хугацаандаа үүргээ биелүүлээгүй нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч номын тавиурыг хийлгэхийг даалгаагүй харин төлсөн төлбөрөө буцаан авахаар шаардсанаас дүгнэхэд гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул урьдчилан төлсөн 1,247,840 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагчаас 1,247,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс дутуу гүйцэтгэлтэй номын тавиурыг буцаан гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227.1-д зааснаар хохирлоо шаарах эрхтэй байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа хохирол гэж тодорхойгүй тул учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон байна.
Талуудын байгуулсан гэрээний 7.4 дэх заалтаар гүйцэтгэгч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232.5-д нийцэж байгаа боловч нэхэмжлэгчид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх үүсэх юм.
Гэвч тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан, үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн тохиолдол үгүй тул алдангид 643,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 44,900 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 45,315 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Д” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилан төлсөн 1,247,840 /нэг сая хоёр зуун дөчин долоон мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулан, “К” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 5,919,760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс дутуу гүйцэтгэлтэй номын тавиурыг буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,900 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 45,315 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ