Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

 

2024       01          24                                    2023/ШЦТ/109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Батзаяа,

шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт Н.Өд холбогдох эрүүгийн 2306 00000 2460 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ************** тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан,

****** овогт Н.Ө /регистрийн дугаар: **********/.   

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Т” дотор үйл ажиллагаа явуулдаг С.Тгийн лангуунаас туулайтай аяга шаазангийн ком, морины зурагтай аяга шаазангийн ком, 2.5 килограмм жасминтай цайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Өыг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306000002460 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 85-р хуудас/,

Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “...хохирогч С.Тгаас өгсөн сэжигтний зургийг тэмдэглэл болгон бичив” гэсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/, 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-18-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримтууд, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2306000002460 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Батзаяа шүүх хуралд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Т Плаза” дотор үйл ажиллагаа явуулдаг С.Тгийн лангуунаас туулайтай аяга шаазангийн ком, морины зурагтай аяга шаазангийн ком, 2.5 килограмм жасминтай цайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах…” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...бусдын эд зүйлийг авсан нь үнэн... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Т плаза” дотор үйл ажиллагаа явуулах “Ц” ХХК-ийн лангуунаас туулайтай аяга шаазангийн ком, морины зурагтай аяга шаазангийн ком, 2.5 килограмм жасминтай цайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

С.Тгийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би “Ц” ХХК-ийн цайны сүлжээг хариуцсан менежер. Манай компаний нэг салбар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т”-ийн 1 давхарт байдаг. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эрхэлдэг ажил дээрээ байж байтал манай худалдагч Г.Х залгаад манай борлуулдаг бараа бүтээгдэхүүнээс дутсан байна гэж ярьсан. Энэ асуудлыг би сонсоод камер шүүлгээд байж бай гэж хэлсэн... худалдагч Хулангийн утас нь дээр байсан камерын бичлэгтэй нь танилцсан. Гэтэл камерын бичлэг дээр нэг үл таних эмэгтэй хүн манай лангуунаас аяга тавагны сэт 2 ширхэгийг аваад гарч байсан... тухайн үед морины зурагтай аяга нь 160,000 төгрөгөөр борлуулж байсан. Туулайтай аяга шаазангийн ком нь 200,000 төгрөг. Жасминтэй цай нь 425,000 төгрөгөөр зарагдаж байсан... надад болон манай байгууллагаас ямар нэгэн гомдол, санал байхгүй... ” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... “Т” дээр очоод ажиллаа хийж байтал манай том тавилга дээр нэг л хоосон харагдаад байхаар нь очоод үзтэл туулайтай шаазан эдлэл, морины шаазан эдлэл, жасминтай ногоон цай алга болсон байсан... миний санаж байгаагаар туулайтай нь 220,000 төгрөг билүү 240,000 төгрөг энэ хоёрын нэг байсан. Морьтой шаазан эдлэл нь 160,000 төгрөг гэж байсан. Жасминтай ногоон цай нь 100 грамм нь 33,000 төгрөгөөр зарагддаг байсан. Хэдэн килограмм алдагдсаныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “...хохирогч С.Тгаас өгсөн сэжигтний зургийг тэмдэглэл болгон бичив” гэсэн тэмдэглэл,  

Хохирогч “Ц” ХХК-ийн хулгайд алдсан гэх эд зүйлсийг 785,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр “Цайны ертөнц” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Т”-д байрлах худалдааны лангуунаас цахилгаан тасарсан байдлыг ашиглан аяга шаазангийн ком, морины зурагтай аяга шаазангийн ком, 2.5 килограмм жасминтай цайг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.

 

Шүүгдэгч Н.Ө нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгож, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, түүнчлэн түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар ямар ч үнэ төлбөргүйгээр өөртөө авсан нь хохирогчийн эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэхгүй юм.

 

Тодруулбал Н.Ө нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч Н.Өлзийтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ц” ХХК-нд аяга шаазангийн ком, морины зурагтай аяга шаазангийн ком, 2.5 клиграмм жасминтай цайг биед байдлаар хураан авч, шилжүүлэн өгсөн ба хохирогчоор тогтоогдсон С.Т нь “манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ө нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч М.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүх шүүгдэгч Н.Өлзийтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах..” тухай дүгнэлтийг.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Иймд шүүгдэгч Н.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Өд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болох “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, 42 настай зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Ө нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Өд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР