| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
2024 01 16 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэ,
Шүүгдэгч Ү-А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү-А-д холбогдох эрүүгийн 2309030002783 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20.... оны 4 дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын ..... Их сургуулийн ...... курст суралцдаг оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Багануур дүүргийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ү-А, ............... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү-А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү-А нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны оройн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Ү-гийн эзэмшлийн Dell /Дэлл/ үйлдвэрийн Latitude i5 /латитют айя-5/ загварын зөөврийн компьютерыг "1 хоног хэрэглээд өгье" хэмээн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөртөө шилжүүлэн авч, Э.Ү өмчлөх эрхэд халдан, 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309030002783 дугаартай хэрэгт авагдсан:
Иргэн Э.Ү-гээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан: “2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Dell Latitude i5 нэртэй нөүтбүүкийг Ү-А гэх хүнд 1 хоногийн хугацаатай зээлүүлсэн боловч 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл авч чадаагүй байна. ...тус хүнийг яаралтай олж, хохирол барагдуулж өгнө үү." гэх гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 14/,
Хохирогч Э.Ү өгсөн: "2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай 10 жилийн сургуулийн нэг ангийн хүүхэд буюу Ү-А над руу чат бичээд миний нөтбүүкийг нэг хоног хэрэглэчхээд буцааж өгье гэсэн. Тэгээд Ү-А бид хоёр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Д хийдийн дэргэд уулзаж өөрийн нөтбүүкээ цүнхтэй нь өгсөн. ...тэр өдрөөс хойш 10 хоногийн дараа 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр чиний нөтбүүкийг ломбардад тавьсан, нөтбүүкийг нь ажил хийж байгаад аваад өгнө гэж удаа дараа олон удаа хэлсэн. Дараа нь 2023 оны 7 дугаар сараас хойш намайг залгахаар гар утсаа авахгүй алга болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Эд зүйлд үнэлгээ хийсэн Д ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №СБ2-23-1163 шинжээчийн дүгнэлт: "Дэлл латитют айя-5 /Dell latitude 15/ загварын зөөврийн компьютер 1 050 000 төгрөг." гэх /хх-ийн 23-26/,
Яллагдагч Ү-Агийн өгсөн: "2023 оны 4 дүгээр сард байх, яг хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна би мөнгөгүй болчихсон байсан. Тэгээд мөнгөний хэрэгтэй байсан учраас 10 жилд нэг ангид сурч байсан Үжин гээд охинтой чатаар холбогдоод нөтбүүкээ өгөөч, би хичээлээ хийх гэсэн юм, 1 хоног хэрэглээд өгье гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн дотуур байрны тэнд очиж авсан. Тэр өдрөө би 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг ломбардад 200 000 төгрөгөөр тавьсан. Тэгээд би ломбардад тавьснаасаа хойш нэг ч сунгалт хийлгээгүй байж байгаад ломбард нь цааш зарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ү-А нь урьдны танил Э.Ү 2023 оны 4 дүгээр сарын 18-ны оройн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний эзэмшлийн Dell /Дэлл/ үйлдвэрийн Latitude i5 /латитют айя-5/ загварын зөөврийн компьютерыг "1 хоног хэрэглээд өгье" хэмээн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөртөө шилжүүлэн авч, Э.Ү өмчлөх эрхэд халдан 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Ү-А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э-Ү 1 050 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч Э-Ү-д нөүтбүүкээ буцаан авсан хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Ү-А-д Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн зүгээс сагсаар хичээллэдэг, бэлтгэлээ хийж хажуугаар нь сургуульдаа явдаг. Цагаар ажил хийх боломжгүй тул торгох ял оногдуулж өгнө үү. Шөнийн цагаар ажиллаж торгуулиа төлж барагдуулна гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын .........................дугаар курст суралцдаг оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Багануур дүүргийн ................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 35-42/ зэрэг авагджээ.
Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцогдсон зүйл хэсгээр 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч дараах үндэслэлээр дараах үндэслэлээр улсын яллагчийн саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч 19 настай, урьд нь гэмт хэрэг холбогдож байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ү-А /РД:............................./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-А-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү-А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү-А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ