Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0065 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 110/ШШ2020/0065
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч А Аийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох;
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/312 дугаар захирамжийн З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш, гуравдагч этгээд З.Е,түүний өмгөөлөгч К.Ержан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.А би З.А 2005 онд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэн Өлгий сумын 5 дугаар багт 2006 оны 08 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл 12 жил хамтран амьдарч байсан. Сүүлийн үед нөхөр бид хоёр таарамжгүй харьцаатай болж улмаар иргэний шүүхээр сүүлийн 2 жил гаруй явж байгаад саяхан гэрлэлтээ цуцлуулсан юм. З.А бид хоёр хооронд таарч тохироогүй буюу тэрээр намайг гэрээс хөөсөн тул би уг хашаанаас 2018 оны 8 дугаар сард явсан ба одоо хүртэл эргэж очоогүй. Анх бид хоёр уг хашаа, байшинд очихдоо нөхөр З.А хашаа байгаа газрыг бүхэлд нь эзэмшилд авсан гэж 2007 оны 04 дүгээр сард олгосон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлж байсан. Тухайн үед уг хашааны газрыг эзэмших талаар өөр этгээдээс ямар нэгэн маргаан гараагүй, нөхөр бид хоёр уг хашаанд олон жил эвтэй найртай хамт амьдарч байсан тул энэ асуудлыг хөөцөлдөж байгаагүй юм. Нөгөө талаас А.А миний бодлоор хашааны газрыг бүхэлд нь 400 м.кв газар болов уу гэж тухайн үед ойлгож явсан юм. Гэтэл бид хоёр хоёр тийшээ салах болох үед уг хашааны газар нь бодит байдалд 800 орчим м.кв гэх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээнд 400.м.кв газар гэж тухайн үед буруу бичигдсэн байна. Би 2018 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гарган гэрлэлтээ цуцлуулах үед З.А нь надад огт мэдэгдэлгүйгээр Өлгий сумын Засаг дарга Х.Бтай нууцаар хуйвалдан төрсөн дүү З.Еад 400 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэрийг 2019 оны 10 дугаар сард гаргуулсан байна. Өөрөөр хэлбэл нөхөр бид хоёрын хоорондын газрын болон эд хөрөнгийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад З.Аын төрсөн дүү З.Е нь 2020 оны эхээр уг маргаантай газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ хийжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар уг хашааны дотор байгаа ихэнх үл хөдлөх эд хөрөнгүүд миний эзэмшил, өмчлөлд үлдсэн.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас маргаан бүхий газрыг З.Еад эзэмшүүлэхдээ уг хашааны газарт олон жил хууль ёсоор амьдарч байсан А.А надад огт мэдэгдээгүй, миний саналыг сонсоогүй, би уг хашаанд сүүлийн жилүүдэд амьдраагүй байдлыг овжиноор ашиглан З.А хуйвалдан маш нууцаар хийсэн, энэхүү хууль бус асуудлыг шүүхэд миний нэхэмжлэл шалгагдаж байх үед мэдсэн, уг хашаанд З.Еын эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байгаагүй, хашааны дотор байгаа З.Еын гэх эзэмшлийн газарт З.Аын болон А.А миний үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа юм. Энэ бол нөхөр З.А нь уг эзэмшил газрыг надад өгөхгүйгээр шүүхэд гэрлэлтийн маргаан гарч байгааг далимдуулан газрыг өөрөө авахын тулд З.Еын нэр дээр гэрчилгээ бичүүлсэн буюу цаанаас нарийн төлөвлөсөн хуйвалдааны шинж чанартай асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл З.А нь уг газрыг төрсөн дүү З.Еын нэр дээр буулгаж эрхийн гэрчилгээ авсан нь түүний хорон санаа, заль мэх гэж үзэж байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны А\312 дугаартай захирамжид урьд олон жил эзэмшиж байсан газрыг үргэлжлүүлэн З.Еад эзэмшүүлэхээр болсон тухай дурджээ. З.Е нь уг газрыг урьд нэг ч өдөр эзэмшиж байгаагүй, түүний хашаа байшин, эзэмшил газар нь Өлгий сумын өөр багт байдаг юм. Өөрөөр хэлбэл уг газар З.Еад ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Дээрхи бүх ажиллагааг З.А хуйвалдан зохион байгуулсан гэж бодон байна. Үүгээр уг захирамж нь хууль ёсны бус эрхийн акт гэж үзэж байна. Өлгий сумын Засаг дарга, газрын даамал нь З.А, А.А бидний газрыг хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх шаардлагатай гэж үзвэл уг хашаанд 12 жил амьдарсан миний саналыг сонсож, газарт хэмжилт хийхэд байлцуулах зэрэг хөршийн эрх ашгийг заавал харгалзан үзэх ёстой юм. Уг газар нь З.Еын эзэмшилд цаашид үлдсэн тохиолдолд уг хашаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй ашиглах, хаалгаар орж, гарах, байшингаа өргөтгөн барих зэрэг асуудалд миний эрх ашиг ноцтой зөрчигдөнө гэж бодож байна.
Би энэхүү хууль бус асуудлыг 2020 оны 03 дугаар сарын үед мэдээд аймгийн Засаг даргад Өлгий сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан юм. Аймгийн Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №8-03/294 дугаартай албан бичгээр миний гомдолд хариу өгсөн боловч уг шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжийг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Өөрөөр хэлбэл А/312 дугаар захирамжаар 2 иргэнд 1231 м.кв газрыг эзэмшүүлсэн байгаа. Бидний маргаж байгаа газар 428 м.кв газар учраас нөгөө иргэнийх бидэнд хамаарал байхгүй гэдгийг тодруулъя. Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Еад холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
1.Хэрэгт маргаан бүхий Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамж авагдсан. Уг захирамжийн 1-т Өлгий сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшиж байсан хашааны газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн нэр бүхий 2 иргэнд 1231 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Хуучин уг хашааны газрыг З.Е эзэмшиж байгаагүй. Хуучин нийтдээ 828 м.кв газар байсан. Үүнээс 400 м.кв газрыг З.А, А.А нар хууль ёсоор 2008 оноос хойш эзэмшиж байсан. Бусад газар нь сул чөлөөтэй байсан. Тийм учраас захирамж өөрөө алдаатай гарсан. Үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн гэж эрх зүйн хувьд алдаа гарсан.
2.Хэргийн 164 дүгээр хуудсанд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоол авагдсан байгаа. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 28 дугаар тогтоолоор Өлгий сумын 5 дугаар багаас 0,31 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Энэ олон хавсралттай тогтоол байгаа. Маргаж байгаа газар нь өөрөө гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших газар учраас уг маргаан бүхий газар багтаагүй. Өлгий сумын 5 дугаар багаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох боломж байхгүй, энэ төлөвлөгөөнд ороогүй газар. 2008 онд З.А, А.А нар уг маргаан бүхий газарт амьдарч байсан. Уг газарт 10 жил амьдрахдаа ямар нэгэн маргаан гараагүй. 2018 онд З.А, А.А нар гэрлэлтийн асуудлаар шүүхээр яваад тэр нь шийдэгдэхгүй явсаар 2019 оны 09 дүгээр сард шүүхээс уг газарт үзлэг хийхэд, илүү газар байна гэдгийг мэдчихээд дүү З.Еад эзэмшүүлэхээр нууцаар хөөцөлдсөн. Хэрэв энэ илүү газар байсан бол өмнө нь яагаад З.Еад эзэмшүүлж өгөөгүй вэ. З.А, А.А нарын хооронд эд хөрөнгийн маргаантай байгаа. Ялангуяа газрын маргаантай. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр, давахын магадлалаар нотлогдож байгаа. А.А тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байсан нь тогтоогдохгүй байгаа боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар А.Аийн эд хөрөнгө болгож хуваарилсан тухайн газарт байгаа хуучин өвлийн сууц, гарааж, гүний худаг гэх мэт үл хөдлөх хөрөнгүүд уг хашаан дотор байгаа. А.А тухайн хашаанд аль талаас нь орох юм вэ, тухайн хашаандаа чөлөөтэй орж гарах эрхтэй.Энэ эрхийг хязгаарласан гэж бодож байна. Газрыг З.Еад эзэмшүүлж болно. Гэхдээ А.Аийн саналыг авч,саналыг сонсох ёстой. Уг хашаан доторх ихэнх хөрөнгө А.Ад хуваарилагдсан байгаа. Ийм асуудалд Өлгий сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа талуудыг байлцуулж байгаад шийдвэр гаргах ёстой.
Ийм учраас Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийн З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Өлгий сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байна. Би хэн нэгэнтэй хуйвалдаж газар эзэмшүүлээгүй бөгөөд иргэн З.Е нь газар эзэмших тухай хүсэлт гаргасан учир хүсэлтийг харгалзаж хууль, журмын дагуу газар эзэмшүүлсэн болно.
Иймд 2019 оны А/312 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Гуравдагч этгээд З.Е шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний эцэг болох У.Зулхарнай нь 2007 онд Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Нурлан гэгчээс 60 м.кв талбайтай, 3 өрөө байшинг худалдан авч ах З.Аад гэр бүл болоход өгсөн. Тухайн байшинг худалдаж авах үед тэнд 828 м.кв газар байсан. Уг газрын 400 м.кв газрыг ах З.Аад, үлдсэн газрыг надад зааж өгсөн. З.А нь тухайн 400 м.кв газрыг Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 тоот шийдвэрийн үндсэн дээр эзэмшдэг бөгөөд 031301616 дугаар бүхий нэгж талбартай, 0067878 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. Миний хувьд үлдсэн 428 м.кв газарт тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй. 2009 онд тухайн газарт эцэг У.Зулхарнай нь ах З.Ж, З.Ерулан нарын хамт надад зориулан өвлийн байшин барьсан. Би тухайн байшинд 2009-2012 он хүртэл амьдарч байгаад 2012 онд ах З.Ж өөр газар руу нүүхэд аав, ээждээ бараа болох зорилгоор түүний байшинд нүүж очиж орсон ба одоо тэнд амьдарч байна. Би өөрийн гэсэн эзэмшил газаргүй учир 2019 онд Өлгий сумын Засаг даргад сул байгаа 428 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан.
Миний хүсэлтийн дагуу Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар сул байгаа 428 м.кв газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу Өлгий сумын газрын даамал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 000050986 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан кадастрын зургийг гаргаж өгсөн. Миний эзэмшиж байгаа 428 м.кв газар нь З.Аын эзэмшиж байгаа 400 м.кв газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй тусдаа газар байгаа. Тухайн сул газрыг миний бие эзэмшсэнээр А.Аийн эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ержан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өлгий сумын Засаг даргын захирамжаар З.Еад 428 м.кв газрыг эзэмшүүлснээр А.Аийн ямар эрх ашиг нь зөрчигдөж байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Хэргийн материал болон шүүх хуралдааны явцаас харахад, А.Аийн ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй гэдэг нь харагдаж байна. З.А, А.А нарын дундын хөрөнгө болох 400 м.кв газар тусдаа өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлснээр газар эзэмших эрх үүснэ. А.Ад тухайн 428 м.кв бүхий газарт ямар нэгэн байдлаар газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй. З.Аад 2007 онд газар олгохдоо газрыг хэмжиж, кадастрын зураг олгосон байгаа. Тэрний координатыг харах юм бол 400 м.кв газрыг тухайн зураглалын дагуу гонзгой олгосон байгаа. Тэрэнд З.Е буруугүй. Улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заавал улсын бүртгэлд бүртгүүлнэ, гэрчилгээ авснаар эрх үүснэ гэж байгаа. Хавтаст хэрэгт шаардлагатай гэсэн бүх нотлох баримтыг иргэний хэргийн материалаас татаад авсан. Тухайн хашаа байшинг анх Нурлан гэдэг хүнээс З.А, З.Е нарын эцэг У.Зулхарнай худалдаж авсан гэдэг тайлбар нь З.А, А.А нарын тайлбараар бүрэн нотлогдож байгаа. Захиргааны хэргийн шүүхийн хавтаст хэрэг дотор байхгүй байгаа юм шиг байна, иргэний хэргийн шүүхийн хавтаст хэрэг дотор Зулхарнай болон тухайн газрыг зарсан хүний тодорхойлолт байгаа. 2007 онд 800 м.кв бүхий газарт мөн адил холбогдох хүмүүс очиж, зохих журмын дагуу хэмжилтээ хийж 400 м.кв газрыг өгсөн байгаа. Тэр үед ч хууль тогтоомж байсан. Тэр үед хийсэн хэмжилтээр ийм гонзгой газартай байсан. Тухайн үед хийсэн хэмжилтийг 2020 онд засаагүй, тухайн үед хийсэн зураглал, координатаараа бүх юм байгаа.
Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай зохицуулж өгсөн байгаа. Газар эзэмшүүлэхдээ заавал хөрш зэргэлдээ газар эзэмшиж байгаа хүнээс санал асууна гэсэн зохицуулалт байхгүй. 2009-2012 он хүртэл тухайн байшинд З.Е сууж байсан гэж тайлбарлаж байна. З.Е өөрөө ч тайлбарлахдаа, З.А, А.А нарын хооронд ийм маргаан гарна гэж бодоогүй гэж байгаа, газраа эзэмшсэн бол заавал тухайн хашааг зааглаад ав гэсэн зохицуулалт байхгүй. Мөн тухайн газар огт төлөвлөгөөнд ороогүй газар биш, зөвхөн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр хязгаарлаж болохгүй. 2007 онд З.Аад газар эзэмшүүлэх үед тухайн газар нь мэдээж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байгаа. 2020 оноос өмнө төлөвлөгөөнд тусгагдсан байх юм бол хэдийд ч Засаг даргын эрх хэмжээгээр газар эзэмших эрхтэй.
Газрын тухай хуулийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Хуулиар улсын бүртгэлд бүртгүүлсэн, газар эзэмших гэрчилгээ З.Еад байна. А.Ад газар эзэмшсэн эрхийн гэрчилгээ байхгүй, түүний ямар ч эрх ашиг нь зөрчигдөөгүй. Иймээс А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба энэхүү маргаан бүхий захирамжаар[1] гуравдагч этгээд З.Еад Өлгий сумын 5 дугаар багаас 428 м.кв газрыг хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс уг захирамжийн З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ З.А, А.А бидний хууль ёсоор эзэмшиж байсан Өлгий сумын 5 дугаар багт байршилтай эзэмшил газрыг надад огт мэдэгдэлгүйгээр нөхөр З.А нь Өлгий сумын Засаг даргатай хуйвалдан өөрийн төрсөн дүү З.Е гэдэг хүнд эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан байна. Уг хашаанд З.Еын эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, З.Еын гэх газарт З.А болон А.А миний үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа юм. Уг газар З.Еын эзэмшилд цаашид үлдвэл уг хашаандаа байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй ашиглах, хаалгаар орж, гарах, байшингаа өргөтгөн барих зэрэг асуудалд миний эрх ашиг ноцтой зөрчигдөнө гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч А.А нь З.А 2006 оны 1 дүгээр сард гэрлэлтээ бүртгүүлж, Өлгий сумын 5 дугаар багт байрлах хашаалсан газар бүхий өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшинд амьдарч байсан, З.Ааас уг байшин байрлах талбайг оролцуулан 400 м.кв газрыг А.Атэй хамтран эзэмших хүсэлт гаргаснаар Өлгий сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар З.Аад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 0,04 га газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Энэхүү захирамжийг үндэслэн нэгж талбарын 031301616 дугаартай 400 м.кв газрыг З.Аад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0067878 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх ба А.А, З.А нар нь энэхүү Өлгий сумын 5 дугаар багт байрлах байшин, газартаа 2018 оны 08 дугаар сар хүртэл хамт амьдарсан байна.
А.А, З.А нарын амьдарч байсан Өлгий сумын 5 дугаар багт байршилтай уг хашаалсан газар нь 838 м.кв талбайтай бөгөөд үүний З.Аад эзэмшүүлсэн 400 м.кв талбай бүхий газарт өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, махны амбаар,гарааш гэсэн үл хөдлөх эд хөрөнгө, үлдсэн 438 м.кв талбай бүхий газарт зуны байр, түлээ, нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө тус тус байрладаг. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрээр З.А, А.А нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгөөс зуны байр, түлээ, нүүрсний амбаар, махны амбаар гэсэн эд хөрөнгийг З.Аад үлдээж, З.Ааас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон, 0067878 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 031301616 дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, өвлийн сууцны зориулалттай, 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, автомашины гарааш гэсэн эд хөрөнгийг гаргуулан А.Ад олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх ба эдгээр үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[2] тус тус нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Аийн нөхөр З.Аын хамт амьдарч байсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах хашаалсан газар нь 838 м.кв талбайтай, үүний 400 м.кв талбай бүхий хэсгийг эзэмших тухай хүсэлт гаргаснаар 2007 онд З.Аад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тухайн 400 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн, үлдсэн 438 м.кв талбай бүхий газрыг эзэмших талаар А.А, З.А нараас эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд уг 438 м.кв газар нь бусдын эзэмшил, ашиглал үүсээгүй, сул чөлөөтэй газар байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Түүнчлэн А.А, З.А нарын амьдарч байсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 838 м.кв талбайтай хашаалсан газрын бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй, сул чөлөөтэй байсан 438 м.кв талбай бүхий газарт байрлах зуны байрыг З.Еын байр гэж А.А, З.А нарын гэр бүлийн маргааныг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.А маргасан боловч шүүхээс өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий зуны байрыг З.Еын өмч гэж үзээгүй байгаа боловч уг зуны байранд З.Е нь 2009-2012 он хүртэл амьдарсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч А.А үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд З.Еаас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсарган дээрх сул чөлөөтэй газар буюу Өлгий сумын 5 дугаар баг, А арал гудамжнаас 428 м.кв газар эзэмших тухай хүсэлтээ Өлгий сумын Засаг даргад гаргаж, сумын газрын даамал нь тухайн хүсэлт гаргасан газар дээр нь очиж хэмжилт хийж, хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг нягтлан хянасны үндсэн дээр Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжаар З.Еад 428 м.кв газрыг хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тус тус тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг ямар журмаар гаргах, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан нь хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг тусгайлан зааснаас үзвэл газар эзэмшүүлэх шийдвэр нь газар эзэмших иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн гарах учиртай.
Гуравдагч этгээд З.Еын хувьд хуулийн дагуу хэн нэгний эзэмших, ашиглах эрх үүсээгүй газрыг эзэмших тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж, хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсаргаж өгснөөр Өлгий сумын Засаг даргаас дээрх 428 м.кв газрыг түүнд эзэмшүүлэх тухай захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1,32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай тус тус нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн дээрх байдлаар нэхэмжлэгч А.А болон түүний нөхөр З.А нар нь 838 м.кв талбайтай хашаалсан газрын тодорхой хэсгийг эзэмших тухай хүсэлт гаргаснаар 400 м.кв газрыг 2007 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж амьдарч байсан, харин үлдсэн 438 м.кв газрыг эзэмших тухай хүсэлтээ 2007 оноос хойших хугацаанд гаргах боломжтой байсан боловч гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд газар эзэмших хүсэлт гаргаагүй иргэний газар эзэмших эрх нь зохих журмын дагуу газар эзэмших талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн иргэний эрхээс давуу гэж үзэх үндэслэлгүй, энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцэхгүй юм.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захирамжаар З.Еад эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэж маргасан.
Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоос[4] үзэхэд 2019 онд Өлгий сумын 13 багийн зөвхөн 3,6,10,12,13 дугаар багаас 364 өрхөд 32,8 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл Өлгий сумын 5 дугаар багаас иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар эзэмшүүлэхээр 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байгаа боловч дээрх байдлаар А.А, З.А нар нь өөрсдийн эзэмшлийн 400 м.кв газраас гадна хэн нэгний эзэмшил үүсээгүй уг 438 м.кв газрыг оролцуулан хашаалж, 2006 онд гэр бүл болсноос хойш амьдарч байсан нь тогтоогдож байгаа тул маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлж болохоор тусгагдах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэйгээс гадна төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж газар эзэмшсэн иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, уг асуудалд иргэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Гуравдагч этгээд З.Еад эзэмшүүлсэн 428 м.кв газарт дээр дурдсан иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А.А, З.А нарын дундын хөрөнгө гэж үзэж З.Аад хуваарилсан зуны байр, түлээ, нүүрсний амбаар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж байгаа боловч зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, ашигласан буюу хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх үүсээгүй газарт барилга барьсан гэсэн үйл баримт тогтоогдож байгаа тул хууль ёсны эрх, ашиг сонирхлын асуудал яригдахгүй бөгөөд нэхэмжлэгчийн уг газар З.Еын эзэмшилд цаашид үлдвэл хашаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй ашиглах, байшингаа өргөтгөн барих зэрэг асуудалд эрх ашиг ноцтой зөрчигдөнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд З.Еад эзэмшүүлсэн 428 м.кв газар болон З.Аад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 400 м.кв газар буюу дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Ад хуваарилсан газрыг зааглаж хашаа татаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдож байгаа тул хашааны хаалгаар орж, гарах боломжгүй болж эрх зөрчигдөнө гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үгүйсгэгдэж байгаагаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, өөрөөр хэлбэл илтэд зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 , 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1,32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Аийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/312 дугаар захирамжийН З.Еад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1] Хэргийн 100-101-р хуудас
[2] Хэргийн 1,32-35,36,37-38,64-68,81-89,102, 130,159,160,182-187,189-190,191-192,204-209-р хуудас
[3] Хэргийн 112-124,153-р хуудас
[4] Хэргийн 164-177-р хуудас
[5] Хэргийн 64-68,204-209-р хуудас