Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 05

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Авжынхан овогт Баатарсүрэнгийн Эрдэнэсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201621010072 дугаартай Эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1989 оны 02 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, ам бүл  4  эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, сарын өрхийн орлого 500000 төгрөг, аминдаа 8 ханатай гэр, 0,7 га газар, 66-36 УНГ улсын дугаартай Grand маркийн машин зэргийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:ПБ89020279, Авжынхан овогт Баатарсүрэнгийн Эрдэнэсүрэн

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/: Б.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21-22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны хойд талд орших нийтийн тээврийн хэрэгсэлийн зогсоолын ойролцоо үл ялих зүйлээр шалтгаалж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, догшин авирлаж, Б.Уламбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд

     Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: ”Би тэр орой 21 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна Оюунжавын бааранд ороход Машка, Зоригоо хоёр байхаар нь би нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад тэр хоёртой сууж байтал гаднаас Түмэннасан, мөн араас нь Уламбаяр Болдоо гэх найзтайгаа баар луу орж ирээд манай ширээнд суусан. Тэгээд бид нар бүгдээрээ архиа уугаад сууж байсан. Тухайн үед Уламбаяртай юм яриад сууж байтал Болдоо өгсөн архинаас уухгүй байхаар нь уур хүрээд гарч зайл гэж хэлсэн түүнээс хойш юу болсныг би ерөөсөө санахгүй байна. Маргааш өглөө Уламбаяртай уулзахад нүүр нь хавдчихсан намайг цохьсон гэж байсан. Эмчилгээ хийлгэнэ гэхээр би нийт эмчилгээний зардал болох 3500000 төгрөгийг Б.Уламбаярт өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Уламбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ” Би 2016 оны 10 дугаар сарын 11-ны орой жаахан архи уучихсан явж байгаад найз Батболдын хамт Булган сумын Бүрэнхайрхан багийн нутагт байрлах Эргэн дурсахуй бааранд 21 цагийн үед ороход уг баарны зааланд Б.Эрдэнэсүрэн, Машка, Ш.Түмэннасан нар сууж байсан. Бид хоёрыг ороход Ш.Түмэннасан нь 2 ах нааш суу гээд бид хоёрыг суулгаад бид хоёрт ууж байсан архинаасаа хэд хэдэн рүнк архи хийж өгсөн. Б.Эрдэнэсүрэнгийн аав манай аав хоёр хэзээнээс нааш айл саахалт байсан бараг төрсөн ах дүү шиг болсон тийм хүмүүс байсан юм. Тэгээд Б.Эрдэнэсүрэн бид хоёр тэр талаар ярьж хүүхэд ахуй цагаа дурсан яриад сууж байтал манай найз Батболд нь эхлээд ганц нэг хийж өгсөн архинаас нь ууж байгаад сүүлдээ уухгүй би болчихлоо гээд архи уухгүй байсан. Тэгэхэд Б.Эрдэнэсүрэн нь чамд архи өгч байхад уусангүй санаа гаргаж байна, гарч зайлцгаа гэхээр нь би Б.Эрдэнэсүрэнгийн гарч зайл гэсэн үгэнд нь гомдоод найз Батболдыг аваад гарах гэтэл Б.Эрдэнэсүрэн нь чи ямар амархан юманд гомддог юм бэ гээд намайг бариад авсан тэгээд баарнаас гараад Б.Эрдэнэсүрэн нь миний зүүн мөрнөөс барьж байгаад үүрч шидээд намайг зодсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

                  Гэрч Ш.Түмэннасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 10 үед байхаа би Эргэн дурсахуй баарлуу ганцаараа 21 цагийн үед ороход Зоригоо, Машка, Б.Эрдэнсүрэн нар нэг шил архи  уугаад сууж байхаар би хамт суугаад бид нар архи уугаад сууж байтал Б.Уламбаяр найзынхаа хамт орж ирээд манай ширээнд суугаад бид бүгдээрээ бааранд суусан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгж байтал Б.Эрдэнэсүрэн, Б.Уламбаяр хоёр хоорондоо маргалдаад байсан юунаас болж маргаад байгааг мэдээгүй тэгж байтал баарны эзэн Оюунжав баар хаалаа гарцгаа гээд бид гаргачихсан. Би баарнаас гараад Б.Уламбаярын найз Болдоотой уулзаад зогсож байсан түүнээс хойш юу болсоныг би санахгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч А.Шинэжилийн мөрдөн байцаалтанд өгсөн:”...2016 оны 10 сарын 10-ны өдөр байхаа би өдрийг нь сайн санахгүй байна. Б.Уламбаяр нь хүнээр зодуулчихлаа гэж надад үзүүлсэн. Тухайн үед Б.Уламбаярын нүүр хавдсан байдалтай, толгой, 2 нүдээр өвдөөд байна гэсэн зовиуртай ирсэн. Тухайн үед Б.Уламбаяр надад Оюунжавын баарны хойд талд авто зогсоол дээр нэг залуугаар зодууллаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Уламбаярын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 499 тоот:

- Б.Уламбаярын биед гэмтэл учирсан байна.

-Б.Уламбаярын биед хамрын яс баруун талд хугаралсан, тархи доргилт баруун чамархайнд 4x0,1 см, 1x0,5 см, 1x2 см, баруун шанаанд 2x1 смц баруун хөмсөгөнд 4x0,3 см хэмжээтэй зулгаралтуудтай, 2 нүдний алиманд цус хуралт, 2 нүдний доод дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт 1х1 см, 1x0,5 см, 0,2x0,1 см, дээд урууланд 2x1 см хэмжээтэй зулгаралтуудтай, хамар хаван хавдар эмзэглэлтэй, зүүн тохойн дотор хэсэгт 15x7 см хэмжээтэй цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                  - Б.Уламбаярын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

                  -Б.Уламбаярын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1...Д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

           - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол

-Хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч Б.Уламбаярын тодорхойлолт

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21-22 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны хойд талд орших нийтийн тээврийн хэрэгсэлийн зогсоолын ойролцоо бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Уламбаярыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Уламбаяр, гэрч Б.Наранцэцэг, А.Шинэжил, Ш.Түмэннасан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээч эмчийн 499 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь хохирогч Б.Уламбаярыг зодож танхайрах явцдаа түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уламбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь хохирогч Б.Уламбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч Б.Уламбаярын “Б.Эрдэнэсүрэн бид хоёр эвлэрэн тохирсон. Ямар нэгэн саналгүй, хохиролоо бүрэн барагдуулсан” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурьдаж, эд мөрийн баримт болох 2 ширхэг амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авжынхан овогт Баатарсүрэнгийн Эрдэнэсүрэнг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнг 3 /гурван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнд оногдуулсан гурван жил, нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

             4. Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурьдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт болох 2 ширхэг амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнд оногдуулсан гурван жил, нэг сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэсүрэнд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.