Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 03202

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10             26                                                   102/ШШ2020/03202    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Н холбогдох,

Хэлцлийн дагуу тохирсон болон учирсан хохиролд 6,333,910 /зургаан сая гурван зуун гучин гурван мянга есөнн зуун арав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар, хариуцагч Ц.Н, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                                                                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оноос нэг хүний эзэмшлийн “Дамоко” ХХК байгуулж барилгын материалын худалдаа эрхэлж эхэлсэн. Манай компани нь 2013 оны 10 сард “Росторг” ХХК-ийн гэрээт борлуулагч болсноор Ц.Нтай ажлын шугамаар харилцаж эхэлсэн бөгөөд 2017 оноос манай компаний барааг борлуулж манай компани Ц.Над урамшуулал олгохоор тохиролцсоноор хамтран ажиллах болсон юм. Хариуцагч нь манай хамтран ажиллагч байгууллага болох “Монретранс трейд” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд тус компаниас 2017 оны 01 сард халагдахдаа тухайн компаний борлуулалтын мөнгөнөөс 5,197,000 төгрөг дутаасан. 2017 оны 4 сард Ц.Н нь “Монретранс трейд” ХХК нь дээрх төлбөрийг төлөхгүй бол шүүхэд өгөх гээд байна хэцүү байдалд орчихлоо дараа нь танайд нөхөөд төлөөд дуусгая” гэхээр нь урьд хамтран ажиллаж найз нөхөд байснаа бодож туслах үүднээс 2017.04.18-ны өдөр “Дамоко” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 467000013 тоот данснаас 2.957.000 төгрөг, 2017.11.28-нд 2.240.000 төгрөгийг тус тус “Монретранс трейд” ХХК-ийн данс руу шилжүүлж нийт өрийг нь хааж өгсөн. Гэвч манай компанид эргэн төлөх 5.197.000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас манай компанид үүссэн алдангийн хамт нийт төлөх мөнгөн дүн 6.105.839 төгрөгийг 2019 оны 1 сарын 20-ноос эхэлж төлөхөөр болсон бөгөөд үүнээс 4.200.000 төгрөгийг барагдуулж үлдэгдэл 1.905.839 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөн үүнээс гадна манай “Дамоко” ХХК нь 2018.07.10-нд “Сэцэннаран” ХХК-тай хамтран ОХУ-ын Ангарск хотын үйлдвэрээс 1 вагон буюу 43 поддон 9,5 мм зузаантай гипсэн хавтан оруулж ирээд Улаанбаатар хотод “Сэцэннаран “ ХХК-ийн агуулахад хадгалуулж борлуулсан. Борлуулалт удаан явагдаж 2019.02 сар хүртэл үргэлжилсэн. Нэг поддон буюу 70 ширхэг хавтанг 770.000 төгрөгөөр борлуулсан. Энэ хугацаанд Ц.Н өөрийн борлуулсан хавтангийн мөнгийг цувуулаад дансаар шилжүүлж байснаа сүүлийн 5 поддон хавтангийн мөнгө буюу 3.850.000 төгрөг, үүний өмнөх борлуулалтын мөнгөнөөс 904.000 төгрөгийг би хувьдаа хэрэглэчихлээ гүйцээгээд өгнө гэж хэлээд өгөөгүй учраас борлуулалтын урамшууллын мөнгө болох 504.000 төгрөгийг нь өөрт нь өгөлгүй суутгаж авсан боловч хавтангийн борлуулалтын мөнгөний үлдэгдэл болох 4.250.000 төгрөгийг төлөлгүй байгууллага хохиролд оруулсаар ирлээ. Өмнө нь Ц.Н манай хүү гадагшаа явах гээд мөнгө хэрэгтэй байна туслаач гэж олон удаа хандахад нь би боломжоороо зээл олж өгч өөрөө ч зээл өгч байсан. Нэг дор төлж чадахгүй цувуулаад төлье гэхэд нь зээл төлөх график гаргаж өгөөд төлүүлж байсан. Миний нэр дээрээ авч өгсөн зээлийг хугацаандаа төлөхгүй байснаас би ХААН банкинд найдваргүй зээлдэгч хүртэл болж байсан. Би орлогоосоо тусалж чадахгүй компанийн мөнгө эргэлтэд байх хэрэгтэй гээд хамгийн сүүлд найзаараа зээл авахуулаад өгсөн ч хугацаанд нь төлөхгүй алданги тооцуулаад болохгүй болохоор нь найзыгаа эвгүй байдалд оруулахгүй гэж би Чингис хаан банкнаас зээл авч зээлийг нь хаасан боловч зээлийн хүүг надад эргэн төлөөгүй юм. Хариуцагчаас дээрх өр төлбөрийг хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл огт төлж барагдуулахгүйгээр зогсохгүй шүүхдээд аваарай гэх байдлаар хандаж, төлбөр төлөхөөс зайлсхийсээр байна. Иймд миний бие Ц.Наас дээрх хохирол төлбөр болох “Монретранс трейд ХХК-нд төлсөн 5.197.000 төгрөгийн үлдэгдэл болох 1.905.839, манай компаний хавтангийн борлуулалтын 4.250.000 төгрөг, 2018 онд өмнөөс нь Чингис хаан банкинд зээлийн алдангид төлсөн 79.971 төгрөг, 2019 төлсөн 98.100 төгрөг, нийт 6.333.910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2012-2015 онд “Росторг” ХХК-д борлуулалтын менежер, бүх гэрээт диллер /борлуулагч/ нарыг хариуцсан менежерээр ажиллаж байсан. 2013 оны 10 сард Дархан хотын барилгын материал зардаг хувь хүмүүс болон компаниас  “Дамоко” ХХК-ийг сонгон шалгаруулж “Росторг” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулах эрхийн гэрээ хийж өгсөн. Бүх бараанд 10% хөнгөлөлт эдлэх эрх өгсөн. Энэ 3 жилийн хугацаанд Оросын барилгын материал яаж борлуулах, байшингийн хэмжээ, тооцоо хийх гэх мэт ажлыг зааж, “Дамоко” ХХК-ийн орлого нэмэгдэхэд миний мэдлэг, албан тушаал их нэмэр болсон гэж үзэж байна. 2015 оны 10 сараас “Монтранстрейд” ХХК-д мөн борлуулалтыг хариуцсан ажилд ороод “Дамоко” ХХК-ийн бас гэрээт борлуулагчаар гэрээ хийж 10% хөнгөлөлт эдпэх эрхийг нь өгсөн. Энэ үеэс эхлэн би өөрөө давхар “Дамоко” ХХК-ийн хотод “кнауф” гипсэн хавтан борлуулах ажилд менежерийн ажилтай болж 2 жил тасралтгүй ажилласан. Дарханд барилгын материалын борлуулалт бага тул намайг Ч ийм ажил санал болгож, би ч дуртай зөвшөөрсөн. Энэ үеэс эхлэн миний борлуулсан “Дамоко” ХХК-ийн гипсэн хавтангийн тоо, хэмжээ сар сараар өсөж хэдэн арван саяас хэдэн зуун сая төгрөгийн борлуулалт хийж, борлуулалт өссөнтэй холбогдон “Дамоко” ХХК-ийн борлуулалт мөн адил өссөн гэдгийг тус компанийн тайлан балансаас харж болно. Тэрнээс гадна “Монретранс фүүд” ХХК, “Монретранс трейд” ХХК-ийн салбар компани ОХУ-аас хүнсний зүйл оруулж ирдэг тул би тэр бараанаас Чд санал болгож Дархан хот руу өөрийн унаагаар зөөж өгдөг байсан. Энэ 2 жилийн хугацаанд би “Дамоко” ХХК-иас 1 ч удаа цалин авч үзээгүй. Жилд багаар бодоход УБ-Дархан хооронд 15-20 удаа өөрийн унаагаар явахад бензиний мөнгө, замын зардал авч үзээгүй. Нэг удаагийн замын зардал /шатахуун/ 70.000 төгрөг. Манай Монголд барилгын сезон 3-11 сарын хооронд гэж үзэхэд нийт 16 сар би цалингүй “Дамоко” ХХК-д борлуулагч хийсэн байна. Багаар бодоход би 16 сарын доод хэмжээний цалин нэхэмжилж, бас 2 жилийн 30 удаа явсан зардал нэхэмжилнэ. 2018 оны 7 сард “Сэцэннаран” ХХК хамтран Ангарск гипс 1 вагон оруулж ирсэн нь миний Чд санал болгож ашиг олохын тулд хийсэн бизнес алхам байсан юм. Тухайн үед Монголд гипсэн хавтан ховордсон байсан. Наадмын баярын амралтаас ядахдаа 7 хоногийн өмнө оруулж ирээд энэ бараагаа 15-20% ашигтай зарах төлөвлөгөөтэй байсан ч энэ вагон 7 сарын 10-нд орж ирээд баярын дараа өөр өрсөлдөгч компаниуд илүү чанартай гипсэн хавтан оруулж, миний борлуулалт таг зогссон. Би чадах чинээгээрээ хурдан зарахыг бодож /хүний агуулахад түрээсгүй гуйж хийсэн байсан/ авсан үнээсээ доогуур зарж, Чд хэлсэн үнээр нь зарсан мэт мөнгийг шилжүүлж байсан. Миний бизнес санаанаас болж “Дамоко” ХХК хохиролд орсон гэж бодоод ийм наймаа хийсэн. Энэ бараанаас би өөртөө ашигласан мөнгө байхгүй, харин ч би царай алдаж хүн болгонд санал болгож, зарах гэж гуйж зээлээр өгч байж дуусгасан. 2017 оны 4 сард надад тусалж 5,197,000 төгрөг “Монре транс трейд” ХХК-д төлсөн нь үнэн. Би энэ мөнгийг төлсөн гэж үзэж байна. Тэгээд ч би өөрийн гэсэн мөнгөгүй болж, ажлынхаа хөлсийг аваагүй, сэтгэл санааны хямралд орж, Чгийн ажлыг хийж байхдаа миний цалинг өгнө гэж бодсон, төлбөрийг зөвшөөрөөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Ч нь Ц.Над холбогдуулан хэлцлийн дагуу түүний өр төлбөрт төлсөн 1,905,839 төгрөг, хавтан борлуулалтын үлдэгдэл 4,250,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 178,071 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ манай компанид эргэн төлөх төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй, хавтангийн борлуулалтын мөнгөний үлдэгдлийг төлөлгүй байгууллагыг хохиролд оруулсан, банкнаас зээл авч зээлийг нь хаасан боловч зээлийн хүүг эргэн төлөөгүй гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нь “Дамоко” ХХК 5,197,000 төгрөгийг “Монре транс трейд” ХХК-д төлсөн нь үнэн, гэхдээ би түүний компанид ажиллаж цалин аваагүй тул төлсөн гэж үзэж байна, гипсэн хавтанг авсан үнээс доогуур зарж, хэлсэн үнээр нь зарсан мэт мөнгийг шилжүүлсэн гэж маргав.

                                                                                       

“Дамоко” ХХК нь 2017.04.18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 467000013 тоот данснаас 2,957,000 төгрөг, 2017.11.28-ны өдөр 2,240,000 төгрөг буюу нийт 5,197,000 төгрөгийг “Монретранс трейд” ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь Дансны хуулга баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж, 491.6-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Хариуцагчийн хүсэлтийн дагуу “Дамоко” ХХК-ийн захирал Ц.Ч нь дээрх шилжүүлгийг хийсэн байх бөгөөд тухайн тохиолдолд хуулийн зохицуулалтаар гүйцэтгэсэн этгээд буюу “Дамоко” ХХК нь  Ц.Наас түүний өр төлбөрт төлсөн 1,905,839 төгрөгийг шаардах эрхтэй юм.

 

Гэтэл Ц.Ч нь тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг боловч дээрх шаардах эрхийг иргэний хувьд хэрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

“Дамоко” ХХК-ийн захирал нь Ц.Наар гипсэн хавтанг борлуулуулахаар харилцан тохиролцон аман хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба “Дамоко” ХХК болон Ц.Н нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Хэргийн үйл баримтаар Ц.Ч, Ц.Н нарын хооронд дээр эрх зүйн харилцаа үүсээгүй байх бөгөөд “Дамоко” ХХК-ийн барааг Ц.Н борлуулахдаа 5 поддон хавтангийн мөнгө буюу 3.850.000 төгрөг, үүний өмнөх борлуулалтын мөнгөнөөс 904.000 төгрөгийг би хувьдаа хэрэглэчихлээ гүйцээж өгнө гээд өгөлгүй байгууллага хохиролд оруулсан гэж нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх тул Ц.Ч нь шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч Ц.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Ц.Чд хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Ц.Наас өр төлбөрт төлсөн 1,905,839 төгрөг, хавтан борлуулалтын үлдэгдэл 4,250,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 178,071 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Чгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,293 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Н хэлцлийн дагуу болон учирсан хохиролд 6,333,910 /зургаан сая гурван зуун гучин гурван мянга есөнн зуун арав/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Ч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,293 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ