| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
2024 01 17 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхзул,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З-т холбогдох эрүүгийн 2309026162774 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр ....... аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ........................тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.З, .................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Знь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.З нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ........ хотхоны дэргэд байрлах "...." нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч С.Т-ийн гээсэн гээгдэл эд хөрөнгө болох Note 20 Ultra загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309026162774 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч С.Т-ийн өгсөн: " Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз хотхоны дэргэд байрлах "......" нэртэй дэлгүүрээр 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 40 минутын орчим үйлчлүүлж байгаад нөүт 20 ултра маркийн гар утсаа орхиж гарсан. Тэгээд гэртээ ороод хоолоо хийгээд байж байтал манай охин ажлаасаа 19 цагийн үед гэртээ ирээд намайг яагаад гар утсаа авахгүй унтраасан юм. цэнэг нь дуусчихсан юм уу гэж асуухад би гэнэт миний гар утас байхгүй байгааг анзаараад үйлчлүүлсэн гэх дэлгүүр лүүгээ ороод хяналтын камерын бичлэг шүүхэд таних эмэгтэй хүн тухайн дэлгүүрээс юм аваад гарахдаа лангуун дээр байсан Миний гар утсыг өөрийн тор луугаа хийж байгаа дүрс байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
"Би өөрийн алдсан нөүт 20 ултра маркийн имей1:355857115880407 имей дугаартай гар утсаа хүлээн авсан тул надад одоо энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Шүүгдэгч Б.З-ын өгсөн: "2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах .... нэртэй хүнсний дэлгүүрээс 2 боргио пиво авч үйлчлүүлэхдээ дэлгүүрийн лангуун дээр байсан цагаан өнгийн гар утсыг торондоо өөрт авсан зүйлтэй хамт хийгээд гарсан. Тэр үед 16-17 цаг болж байсан." гэх мэдүүлэг /хх 32-33/,
Эд зүйлд үнэлгээ хийсэн "Д" ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №СБ2-23-912 дугаартай "…зах зээлийн үнэлгээ нийт 900 000 төгрөг." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 23-26/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.З "Би тухайн дэлгүүрт орохоос өмнө 1 лааз пиво уусан байсан. Тухайн дэлгүүрт согтуу үйлчлүүлэхдээ өөрийн утастайгаа андуураад авчихсан байсан. Тухайн дэлгүүрт оруулж өгье гэхээр хүүхэд уйлаад гэрээс гарч чадахгүй байсан тул өгч амжихгүй яваад байсан." гэж мэдүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхээр байна.
Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрсөн байдаг.
Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны оройн 16-17 цагийн үед авсан байх бөгөөд хохирогч гар утсаа энэ өдөр дэлгүүрийн лангуун дээр мартаж орхин тухайн өдрийн 19 цагийн үед мэдсэн. Шүүгдэгчийг хүний эзэмшлийн гар утсыг андуурч авсан, буцааж өгөх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.З нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16:40 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ............ хотхоны дэргэд байрлах "...." нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хохирогч С.Т-ийн гээсэн гээгдэл эд хөрөнгө болох Note 20 Ultra загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагчийн шүүгдэгч Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Т-д 900 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч С.Т загварын Note 20 Ultra загварын гар утсыг хүлээлгэн өгсөн хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох санал,
Шүүгдэгчийн зүгээс 10 сартай хүүхдээ хардаг учир цагаар ажил хийх боломжгүй тул торгох ял оногдуулж өгнө үү. Шөнийн цагаар ажиллаж торгуулиа төлж барагдуулна гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 46-52/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч Б.З гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан боловч шүүгдэгч орлогын байдлаа тодорхойлсон баримт хэрэгт ирүүлээгүй бага насны хүүхдүүдээ харж гэртээ байдаг гэсэн тул түүнийг торгох ял оногдуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн,
шүүгдэгч урьд нь гэмт хэрэг холбогдож байгаагүй, хохирлыг биет байдлаар буцаан олгосон байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ