| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/17
2024 01 02 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Ц.Р нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311000001742 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У ургийн овогт Ц.Р
Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ц.Р нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Гэм буруугийн талаар :
Шүүгдэгч Ц.Р нь 2023 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Нью Ремеди” ХХК-ээс “Голден мед” ХХК зээлээр эмнэлгийн бээлий авч байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 270 ширхэг эмнэлгийн бээлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч “Нью Ремеди” ХХК-д 6.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч Ө.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, Дамно ХХК-ийн үнэлгээ /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах , хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно .
Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв .
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал, шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг тус тус харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар :
Шүүгдэгч Ц.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй , хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч У овогт Ц.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Рийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Рийн шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Рид сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохын дурдсугай .
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан , эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах , улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ