Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

       2024         01          17                                          2024/ШЦТ/83

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзул,

Хохирогч Х.Ц,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн 2309000002889 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Б П” ХХК-д хяналтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ........................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Т, .................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл плаза төвийн ойролцоо хохирогч Х.Ц-ийг "хэл амаар доромжилсон" шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараа цохиж зодсоны улмаас биед нь зүүн хацарт шарх, зулгаралт, дух, зүүн хөмсөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь шүүгдэгч Т.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид эмчилгээний зардал 150.000 төгрөг, нүдний шилний мөнгө 90.000 төгрөг, нийт 260.000 бэлнээр төлсөн." гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг бөгөөд тухайн үед Украйн улс руу томилолтоор явах байсан. Гэтэл нүүр шархтай байсан тул явж чадаагүй. Үүнд гомдолтой байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2309000002889 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Х.Ц-ийн "...2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т б-д эхнэр Үжин болон найз Т нартай хамт үйлчлүүлчхээд оройн 21 цаг 35 минутад гарч ирээд бид 3 гэр лүүгээ буюу баруун зүгт алхаад С плазагийн хойд алхаад явж байх үед үл таних хүн миний нуруу руу түлэхээр эргээд хартал үл таних эрэгтэй хүн байсан. Тэгээд би эргээд хартал үл таних эрэгтэй урд гараад алхаад явахаар нь яаж байна гэхэд үл таних эрэгтэй царай муутай юм байж урд гараад алхаад байх юмаа гээд шууд яваад өгсөн. Тэгээд би очоод яагаад хүн доромжлоод байгаа юм гэхэд шууд намайг 2 гараараа миний цээж хэсэг рүү 1 удаа түлхсэн. Тухайн үл таних эрэгтэйн найз нь ирээд манай эхнэр болон найз Т-г барьж хориод намайг ул таних эрэгтэй тэр үед баруун гараараа нүүрний зүүн шанаа хэсэгт 2 удаа цохиход нь нүдний шилний зуун тал нь хагараад нуур урсан. Тэгээд би үл таних залууд цохиулахгүйн тулд тэврээд унагаасан. Тэгээд би унагачхаад үл таних эрэгтэйгээс холдсон. Тэгээд үл таних эрэгтэй босож ирээд би дахин баруун гараараа зүүн шанаа хэсэгт 2 удаа цохиод шууд зугтаад яваад өгсөн. Тэгээд би хамт явж байсан үл таних эрэгтэй уулзахад би тэр чамайг зодсон хүнийг танихгүй. Би та нарт тусалсан. Та тэгвэл цагдаа иртэл хүлээгээд мэдүүлэг өгчих гээд асуухад хүлээж байя гэж хэлээд таксинд суугаад явсан. Миний нүдний шилгүй байсан учир таксины улсын дугаарыг нь харж чадаагүй. Тэгээд миний зүүн шанаа хэсэгт арьс урагдсан хөхөрсөн байдалтай байна. Үл таних эрэгтэй нэг эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Би үл таних эрэгтэй болон хамт явж байсан эрэгтэй хоёрыг харвал танина. Миний зүүн хэсэгт арьс урагдсан нүдний дээд тал хөхөрч хавдсан байна. Нүдний доод талаас зулгаралт үүссэн байна. Намайг цохисон гэх үл таних залуу 185 орчим өндөр, 100 жинтэй, том нүдтэй, хар өнгийн урт куртиктэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Хамт явж байсан үл таних эрэгтэйн урт үстэй, харааны нүдний шилтэй, 170 орчим өндөртэй, 70-80 жинтэй, сахалтай, бараан хар өнгийн урт куртик байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Э.Т-ийн “...үл таних 2 эрэгтэй ирээд Ц-ийг ардаас шүргэж өнгөрөхөөр нь яаж байна гэхэд өөдөөс хараад найз Ц-ийг уг хэлээр доромжлоод байсан. Тэгээд өндөр эрэгтэй нь ирээд найз Ц-ийг 2 гараараа цээж хэсэг рүү нь 1 удаа түлэхэд нь манай найз Ц буцаагаад хариу үйлдэл үзүүлснийг сайн харж чадаагүй. Үл таних эрэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй нь Ү бид 2 дээр ирээд юм яриад тэр 2-ийг хааж зогсоод байсан учир би сайн харж чадаагүй. Тэгээд тэрний дараа цагдаагийн байгууллага руу залгахад үл таних эрэгтэй зугтаад яваад өгсөн. Тэгээд хамт байсан эрэгтэй нь би танихгүй гээд таксинд суугаад явсан. Би тухайн үед Ц-ийг зодуулж байхыг нь харсан. Үл таних эрэгтэй 2 гараа хувцаснаас барьж аваад өөр лүүгээ татаад байхад нь найз Ц өөрөө холдуулах гээд буцаагаад түлхээд байсан. Би яг сайн харж чадаагүй, зодоон болсны дараа харахад зүүн хацраас нь цус гарсан байсан. Манай найз Ц хэн нэгэнд халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Ж.Ү-гийн “...Сөүл плазагийн харалдаа явж байх үед ардаас 2 хүн хашгираад "хөөе муу царай муутаа" гээд орилоод байсан тэгээд манай найзыг хажуугаар нь өнгөрөхдөө хальт түлхээд замаас зайлаач ээ гээд орилсон. Тэгээд урд гараад буцаж эргэж харснаа инээгээд "өө ямар царай муутай юм бэ" гээд инээгээд байсан. Тэгээд миний уур хүрээд байсан учир зүгээр алхаж байгаа хүмүүсийг зүгээр байлгаач ээ гээд хашхирсан. Тэгээд үл таних эрэгтэй өөдөөс тулж ирээд 2 гараа манай нөхрийг мөр хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд нөгөө эрэгтэйн Т бид 2-ийг холдуулаад цаана нь манай нөхрийг үл таних эрэгтэй гараараа үсдээд баруун гараараа 1 удаа цохисон. Тухайн үед би сайн харж чадаагүй нөгөө эрэгтэй нь миний урд талд ирээд хойшлуулаад байсан. Тэгээд манай нөхрийг зодоод байсан учир би тэр эрэгтэйд тэр найзыгаа аваач ээ гэхэд найзыгаа тоохгүй бид 2-ийг л холдуулах гээд байсан. Тухайн үед үл таних 2 эрэгтэй согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаад дуудлага өгсний дараа манай нөхрийг зодохоо болиод хараад алхаад яваад өгсөн. Үл таних эрэгтэйн хамт явж байсан эрэгтэй рүү Т Б А Э Ж гэж хадгалсан дугаар залгаад байсан учир гар утсыг булааж авч үзэхэд 88..... дугаар байсан. Тухайн үед би хамт явж байсан эрэгтэйн гар утсыг аваад ярихад 88.... дугаар луу залгахад хэн бэ дугаар андуурсан байна би гэртээ унтаж байгаа хүн байна. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ хүнийг зодчихоод юу ч болоогүй юм шиг зугтаж чадаж байна гэхэд танай найз чинь намайг өөрөө аймаар болгосон гэж хэлээд утсаа тасалсан. Миний харснаар манай нөхөр хэн нэгний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрч Ж.А-ийн “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 09-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны харалдаа найз Т-ийн хамт таксинаас буугаад нэг газар орно гээд хайгаад явж байсан. Тэгээд би сайн санахгүй тухайн үед шар өнгийн логотой ресторанаас үл таних эрэгтэй 2 эмэгтэй гарч ирж байсан. Тэгээд үл таних намайг халтар гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний ухаан балартаад би сайн санахгүй байгаа намайг гэнэт ухаан ороход үл таних залуутай хамт явж байсан 2 эмэгтэй миний 2 талаас сугадаад танай найз чинь манай найзыг зодчихлоо гээд байсан учир би тэр асуугаад байгаа хүнийг таних надтай зүгээр тамхи татаад зогсож хүн гэж хэлээд явах гэж оролдсон боловч явуулахгүй. Тэгээд байж байхад Т залгаад байсан тэгээд Түвшинтөгсийг утасны дугаарыг тэмдэглэж аваад үлдсэн. Тэгээд би таксинд суугаад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед миний ухаан балартсан байсан учир би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14283 дугаартай: "Х.Ц биед зүүн хацарт шарх, зулгаралт, дух, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/,

Яллагдагч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 8/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Х.Ц тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газар нь гараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зулгаралт, дух, зүүн хөмсөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ц эрүүл мэндэд зүүн хацарт шарх, зулгаралт, дух, зүүн хөмсөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч Х.Цд 260 000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч 260.000 төгрөг бэлнээр хүлээн авсан болохоо шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Б П” ХХК-д хяналтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 9/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 11-18/ зэрэг авагджээ.

  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр улсын яллагчийн санал болгосон 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ