| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03227/и/ |
| Дугаар | 03365 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 03365
2020 11 09 102/ШШ2020/03365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Т холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд 10,120,245 /арван сая нэг зуун хорин мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оччулуун, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Т нь 2016.12.26-ны өдөр тус банктай ЗГ/1705119139 тоот цалингийн зээлиийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2017.07.25-нд хариуцагч нь дахин ЗГ/1705119139А тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийг нэмж, мөн хувийн хүүтэй, 28 сарын хугацаатай, 2018.01.30-нд дахин ЗГ/17051 19139Б тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг мөн хувийн хүүтэй, 44 сарын хугацаатай нэмэлтээр, 2018.08.06-нд дахин ЗГ/1705119139Б тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 1,600,000 төгрөгийг мөн хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай нэмэлтээр зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Л.Таас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 7,498,896 төгрөг, зээлийн хүү 2,065,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,080 төгрөг, нийт 9,619,240 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн Л.Т нь 2017.11.01-ний өдөр манай банктай ЗГ/КР/462868****5106 дугаарт кредит картын гэрээ байгуулж 400,000 төгрөгийн зээлийг бэлэн бус зээлийн сарын хүү 2.0 хувь, бэлэн зээлийн 3.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөр 357,336 төгрөг, зээлийн хүү 85,721 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 6,975 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 50,972 төгрөг, нийт 501,005 төгрөгийг гаргуулна. Иймд нийт зээлийн үүрэгт 10,120,245 төгрөгийг Л.Таас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Г” ХХК нь Л.Тт холбогдуулан цалингийн зээлийн гэрээг цуцалж, 9,619,240 төгрөг, кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 501,005 төгрөг буюу нийт 10,120,245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Харин хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Л.Ттай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/1705119139 тоот зээлийн гэрээг байгуулж, 4,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай цалингийн зориулалтаар авчээ.
Талууд зээлийг нэмж дээрх зээлийн гэрээнд нэмэлт хийж, гэрээний хугацаг уртасган 2017.07.25-ны өдөр 1,800,000 төгрөгийг нэмж, 28 сарын хугацаатай, 2018.01.30-ны өдөр 4,000,000 төгрөгийг 44 сарын хугацаатай, 2018.08.06-ны өдөр 1,600,000 төгрөгийг 48 сарын хугацаатай нэмэлтээр зээлсэн байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлсэн 11,400,000 төгрөгийг ашигласан хугацааны хүүгийн хамт хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Гэрээний хугацаанд хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,975,938 төгрөг төлсөн, 2019.04.29-ний өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг нэхэмжлэгч нь утсаар мэдэгдэж байсан, хариуцагч энэ талаар маргахгүй байна.
Талууд Зээлийн гэрээний 3.3.3-т зааснаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцжээ.
Ийнхүү гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 12 сараас дээш сарын хугацаагаар биелүүлээгүй, нэмэлт хугацаанд үр дүн гараагүй байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалж, тухайн зээлийг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгааг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар талууд зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр тохиролцсон ба гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү 2,065,263 төгрөг байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 3.1.1 дэх заалт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцэж байх тул хариуцагч нар нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэмэгдүүлсэн хүү 55,080 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт үндсэн төлбөр 7,498,896 төгрөг, зээлийн хүү төгрөг, нэмэгдүүлсэн хүү төгрөг, нийт 9,619,240 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
“Г” ХХК нь хариуцагчтай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан ба талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, Кредит картыг эзэмшсэнээр зээлийн эрх үүсссэн, бэлэн бус гүйлгээнд 2 хувийн, бэлэн гүйлгээнд 3,5 хувийн хүүг сард тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасанд нийцжээ.
Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүүг зээлийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул зээлийн үндсэн төлбөр 357,336 төгрөг, зээлийн хүү 85,721 төгрөг, нийт 443,057 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Талууд гэрээний 2.1 дэх заалтаар төлбөр тооцооны нөхцөлийг тодорхойлж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний хүүг 2 хувиар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувиар үндсэн зээлээс тооцохоор тохиролцжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.
Гэтэл банк нь дээрх хуулиар зохицуулсан нэмэгдүүлсэн хүү тохиролцох заалтыг зөрчсөн буюу зээл, хүү төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн хүүнээс нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг тооцохоор гэрээнд заасан байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж тодорхойлсон байна.
Тухайн тохиолдолд гэрээний нэг тал болох банк нь хариуцагчид гэрээний нөхцөлийг санал болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг зөвшөөрөгч талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд талуудын байгуулсан Карт эзэмших гэрээний 2.1 дэх заалтын зээлийн эрх хэтрүүлсний хүүг 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувь гэж тодорхойлсон хэсэг нь хууль зөрчсөн байх тул байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд гэрээний заалт хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн эрх хэтрүүлсний хүү 6,975 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 50,972 төгрөг, нийт 57,948 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар Карт эзэмших гэрээний бусад заалт нь хүчин төгөлдөр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 176,874 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 175,947 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Л.Т зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,062,297 /арван сая жаран хоёр мянга хоёр зуун ерөн долоо/ төгрөг гаргуулан, “Г” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 57,948 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 176,874 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 175,947 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ