Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

  2024         01         19                                  2024/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч, хохирогч Н.Л, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч, хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л нарт холбогдох эрүүгийн 2311000001512 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч Н.Лыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Л нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Бтой маргалдаж, улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэртээ харих гээд явж байхад Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таарсан. Тэр намайг өдөж хоргоогоод зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа тохойгоороо цохиход цус гарсан. Бид хоёр хэсэг ноцолдож байгаад удалгүй салаад цагаан байрны зүгт явсан. Тэгээд би явахад Л.Б ирээд ална гэхээр нь дахин барьцалдан авсан. Би амьсгаадаад газар суухад намайг боогоод тавихгүй байхаар нь хажуу талаасаа чулуу аваад цохиход толгой нь хагарсан. Намайг цохиод газар унахад дээрээс дэвсэж байхад хоёр залуу ирээд салгасан...” гэв.

Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би согтуу “...................” хорооллын гаднаас машинаас түрийвчээ авах гээд гүүрээр гарах гэхэд Н.Л ахтай таарсан. Болсон явдлыг сайн санахгүй байна. Миний араас чулуу шидээд, би зугтаж байхад араас ирээд барьцалдсан. Тэгээд миний толгой хэсэгт чулуугаар цохиход цус гарахад хажууд байсан залуучууд ирээд бид хоёрыг салгасан. Өмнө нь Н.Л ахтай таарахад ах өөр хүнтэй хэрэлдэж байсныг би эрүүл байсан болохоор салгасан. Тэгээд би дэлгүүр ороход Н.Л ах араас орж ирээд уурлаад намайг боосон. Бид хоёр ингэж нийт хоёр удаа таарсан” гэв.

Хохирогч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Гэмтлийн эмнэлэгт очоод зүүн нүдэнд оёдол тавиулж, цээжний зураг даруулж, дээд доод хоёр шүд унасан байсан. Нийт шинэ шүд хийлгэх 1,235,000 төгрөг, эмчилгээний зардал болох 782,529 төгрөгийн хохирол учирсан. Сая 782,529 төгрөгөө авсан, одоо 1,235,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний толгой хэсэгт хагарсан. Нэхэмжлэх зүйлгүй, одоо бүрэн эдгэрсэн...” гэв.

Эрүүгийн 2311000001512 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Бын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед 2 найзтайгаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Нисдэг машины хажууд байдаг “...................” буудалд 1 литрийн хэмжээтэй хятад архи хувааж уусан. Тэгээд би ганцаараа буудлаас гарч “...................” хорооллын гадаа тавьсан байсан өөрийн машинаас түрүүвчээ авахаар явсан. Ингэж явж байгаад Ёотон цагаан нэртэй дэлгүүр өнгөрөөд өмнө нь харж байсан, зүс мэдэх ахтай таарсан. Бид хоёр яг юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр ах над руу дайрсан. Би Ёотон цагааны урдуур гүйж байснаа санаж байна. Тэр ах бид хоёр хоорондоо барьцалдсан. Бид хоёрыг салгах гэж байсан хүмүүс ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна, дэлгүүрээс л юм авах гэж байсан хүмүүс байх. Тэр үед л тэр ах миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Бид хоёр маргалдаж байхад тэр ах гартаа чулуу барьчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-p тал/,

Гэрч Н.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ёотон цагаан дэлгүүрийн орчим яваад очиход шинэ баригдаж байгаа зам дээр манай нөхөр Лоохууз цус нөжиндөө хутгалдчихсан, хамаг хувцас нь шороо болсон хэвтэж байсан. ...Түргэн ирэхэд манай нөхрийг зодсон гэх залуу Ёотон цагаан дэлгүүрийн яг урд талын цагаан байрнаас шал согтуу гараад ирсэн. Цагдаа байгаагүй бол тэр залуу дахиад зодох байсан .”Яагаад байшлаад байгаа юм гээд дайраад байсан. Тэр залуугийн толгой нь хагарсан байхаар нь эмнэлгийн машинд авч яваад Гэмтлийн эмнэлэг дээр толгойг нь оёулж, боолгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13238 дугаартай "Л.Бын биед зулайн хуйханд шарх, баруун шуу, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/,

Шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Бын биед учирсан зулайн хуйхны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд буюу дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 30-р тал/,

Хохирогч Н.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би салхилах гээд гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн ..............................тоотоос гараад баригдаж байсан шинэ засмал замын хажуугаар алхаад, дээшээ л өгсөж явсан. Ёотон цагаан дэлгүүрийн орчим явж байгаад зүс таних, өмнө нь харж байсан залуутай таарсан. Тэр залуу нэлээн согтолттой байсан бөгөөд намайг “Хам аа, юу байна" гээд өдөөд байхаар нь "Цаашаа бай, явж үз. Чам шиг хүүхэд надад байна..." гэсэн чинь тэр залуу Чамтай мэндэлж болохгүй юу..." гээд бид хоёр хэрэлдээд, барилцаж байгаад баруун тохойгоороо миний зүүн хөмсөгний дээр 1 удаа цохиод язлаад, цус гаргачихсан. Тэр залуу намайг цохингуутаа зугтаад, хүн зодлоо гээд орилоод байсан. Би араас нь чулуу аваад шидсэн боловч оноогүй. Тэр үед цагаан байрнаас нэг залуу хамт гараад ирсэн чинь нөгөө залуу над руу дайраад “…Алаад өгнө. Яадаг муу хулгайч вэ...” гээд бид хоёр дахиж барьцалдаж аваад, нэлээн юм болсон. Тэр үед би гартаа барьсан чулуугаараа тэр залуугийн толгойн ард хэсэгт 1 удаа цохисон чинь л цус нь гоожоод эхэлсэн. Тэгээд дахиад бид хоёр барьцалдаж авсан. Бид хоёр зам дээр гараад, наана, цаанаа ороод, газар унаад, дээр доороо ороод л байсан. Тэр залуу миний дээр гарчихсан байхад үл таних 2 залуу тэр залууг татаад босгосон. Тэр залууг босгож байхад өсгийгөөрөө миний цээжний зүүн хэсэгт дэвссэн. Миний дуу гарахын аргагүй өвдөөд, би эвхрээд газар хэвтээд үлдсэн. Ингээд байж байтал доороос зам засаж байсан 2 залуу ирээд бид хоёрыг салгасан. Би тэр 2 залуугийн утсаар эхнэр рүүгээ залгасан. Удалгүй цагдаа, түргэн ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13026 дугаартай "Н.Лын биед зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, доод баруун 4 дүгээр, зүүн 3 дугаар шүдний булгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, хүзүү, хуйхаар цус хуралт, цээж, баруун зүүн чих, дэлбэнгийн ар хэсэгт, чихний арын төвгөр, хуйханд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих, үрэгдэх нидрэгдэх үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 2 шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10%-р алдагдуулна." гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Лын биед учирсан 7,8,9 дүгээр хавирганы хугарал нь хүндэвтэр, духанд шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хоёр шүдний булгарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. ...7,8,9 дүгээр хавирганы хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь цохих, дэвсэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид 2 хэрэлдэж байгаад, тэр ах миний толгойны дагзны ар хэсэг рүү чулуугаар цохисон. Тэгээд бид 2 дахин барьцалдаж аваад замын хажуу уруу хэрэг рүү өнхөрөөд унасан. ...тэгэхэд нөгөө ах өнгийж суугаад ёолоод хэвтээд үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

Шүүгдэгч Н.Лын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14-15 цагийн үед би салхилах гэж гэрээс гараад явж байсан. ...өмнө тэр залуу 2 удаа над руу дайрч довтолж байсан. Тэгээд тэр залуу намайг “Хамаа юу байна” гээд өдөж эхэлсэн. Тэр залуу намайг бариад авахаар нь би өөдөөс нь бариад авсан. Тэр залуу баруун тохойгоороо миний хөмсөг хэсэгт 1 удаа тохойлдоход хөмсөг задраад цус  гарсан. Тэгээд нөгөөх чнь Ёотон цагаан дэлгүүрийн урд руу гүйгээд явсан. ...миний цамцны захнаас заамдаж, боосон. Тавихгүй байхаар нь би гартаа байсан чулуугаар толгойн дагз хэсэг рүү нь 1 удаагийн цохисон...” мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Лын эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд /хх-ийн 53-58 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Лаас гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн гэх 1,235,000 төгрөгийн баримт,

Шүүгдэгч, хохирогч Н.Л, Л.Б нарын шүүхэд гаргасан хүсэлт,

Шүүгдэгч, хохирогч Л.Бын төрсөн охин Б.Мишээлийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Н.Л, Л.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч Н.Лыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Н.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би салхилах гээд гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн ..............................тоотоос гараад баригдаж байсан шинэ засмал замын хажуугаар алхаад, дээшээ л өгсөж явсан. Ёотон цагаан дэлгүүрийн орчим явж байгаад зүс таних, өмнө нь харж байсан залуутай таарсан. Тэр залуу нэлээн согтолттой байсан бөгөөд намайг “Хам аа, юу байна" гээд өдөөд байхаар нь "Цаашаа бай, явж үз. Чам шиг хүүхэд надад байна..." гэсэн чинь тэр залуу Чамтай мэндэлж болохгүй юу..." гээд бид хоёр хэрэлдээд, барилцаж байгаад баруун тохойгоороо миний зүүн хөмсөгний дээр 1 удаа цохиод язлаад, цус гаргачихсан. Тэр залуу намайг цохингуутаа зугтаад, хүн зодлоо гээд орилоод байсан. Би араас нь чулуу аваад шидсэн боловч оноогүй. Тэр үед цагаан байрнаас нэг залуу хамт гараад ирсэн чинь нөгөө залуу над руу дайраад “…Алаад өгнө. Яадаг муу хулгайч вэ...” гээд бид хоёр дахиж барьцалдаж аваад, нэлээн юм болсон. Тэр үед би гартаа барьсан чулуугаараа тэр залуугийн толгойн ард хэсэгт 1 удаа цохисон чинь л цус нь гоожоод эхэлсэн. Тэгээд дахиад бид хоёр барьцалдаж авсан. Бид хоёр зам дээр гараад, наана, цаанаа ороод, газар унаад, дээр доороо ороод л байсан. Тэр залуу миний дээр гарчихсан байхад үл таних 2 залуу тэр залууг татаад босгосон. Тэр залууг босгож байхад өсгийгөөрөө миний цээжний зүүн хэсэгт дэвссэн. Миний дуу гарахын аргагүй өвдөөд, би эвхрээд газар хэвтээд үлдсэн. Ингээд байж байтал доороос зам засаж байсан 2 залуу ирээд бид хоёрыг салгасан. Би тэр 2 залуугийн утсаар эхнэр рүүгээ залгасан. Удалгүй цагдаа, түргэн ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан гэх мэдүүлэг”  /хх-ийн 7-8 дугаар тал/,

гэрч Н.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ёотон цагаан дэлгүүрийн орчим яваад очиход шинэ баригдаж байгаа зам дээр манай нөхөр Лоохууз цус нөжиндөө хутгалдчихсан, хамаг хувцас нь шороо болсон хэвтэж байсан. ...Түргэн ирэхэд манай нөхрийг зодсон гэх залуу Ёотон цагаан дэлгүүрийн яг урд талын цагаан байрнаас шал согтуу гараад ирсэн. Цагдаа байгаагүй бол тэр залуу дахиад зодох байсан .”Яагаад байшлаад байгаа юм гээд дайраад байсан. Тэр залуугийн толгой нь хагарсан байхаар нь эмнэлгийн машинд авч яваад Гэмтлийн эмнэлэг дээр толгойг нь оёулж, боолгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13026 дугаартай "Н.Лын биед зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, доод баруун 4 дүгээр, зүүн 3 дугаар шүдний булгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, хүзүү, хуйхаар цус хуралт, цээж, баруун зүүн чих, дэлбэнгийн ар хэсэгт, чихний арын төвгөр, хуйханд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих, үрэгдэх нидрэгдэх үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 2 шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10%-р алдагдуулна." гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Лын биед учирсан 7,8,9 дүгээр хавирганы хугарал нь хүндэвтэр, духанд шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хоёр шүдний булгарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. ...7,8,9 дүгээр хавирганы хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь цохих, дэвсэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид 2 хэрэлдэж байгаад, тэр ах миний толгойны дагзны ар хэсэг рүү чулуугаар цохисон. Тэгээд бид 2 дахин барьцалдаж аваад замын хажуу уруу хэрэг рүү өнхөрөөд унасан.  ...тэгэхэд нөгөө ах өнгийж суугаад ёолоод хэвтээд үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Н.Л нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Бтой маргалдаж, улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Л.Бын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед 2 найзтайгаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Нисдэг машины хажууд байдаг “...................” буудалд 1 литрийн хэмжээтэй хятад архи хувааж уусан. Тэгээд би ганцаараа буудлаас гарч “...................” хорооллын гадаа тавьсан өөрийн машинаас түрүүвчээ авахаар явсан. Ингэж явж байгаад Ёотон цагаан нэртэй дэлгүүр өнгөрөөд өмнө нь харж байсан, зүс мэдэх ахтай таарсан. Бид хоёр яг юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр ах над руу дайрсан. Би Ёотон цагааны урдуур гүйж байснаа санаж байна. Тэр ах бид хоёр хоорондоо барьцалдсан. Бид хоёрыг салгах гэж байсан хүмүүс ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна, дэлгүүрээс л юм авах гэж байсан хүмүүс байх. Тэр үед л тэр ах миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Бид хоёр маргалдаж байхад тэр ах гартаа чулуу барьчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-p тал/,    Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13238 дугаартай "Л.Бын биед зулайн хуйханд шарх, баруун шуу, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/,

шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Бын биед учирсан зулайн хуйхны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд буюу дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 30-р тал/,

шүүгдэгч Н.Лын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14-15 цагийн үед би салхилах гэж гэрээс гараад явж байсан. ...өмнө тэр залуу 2 удаа над руу дайрч довтолж байсан. Тэгээд тэр залуу намайг “Хамаа юу байна” гээд өдөж эхэлсэн. Тэр залуу намайг бариад авахаар нь би өөдөөс нь бариад авсан. Тэр залуу баруун тохойгоороо миний хөмсөг хэсэгт 1 удаа тохойлдоход хөмсөг задраад цус гарсан. Тэгээд нөгөөх чинь Ёотон цагаан дэлгүүрийн урд руу гүйгээд явсан. “...миний цамцны захнаас заамдаж, боосон. Тавихгүй байхаар нь би гартаа байсан чулуугаар толгойн дагз хэсэг рүү нь 1 удаагийн цохисон...” мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Н.Л болон түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нар “Шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдээгүй, аргагүй хамгаалалтын байдалд хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж маргасныг дараах байдлаар няцаан үгүйсгэв.

Хохирогч, шүүгдэгч Н.Л, Л.Б нар 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тааралдаж Л.Б нь Н.Лыг “юу байна хамаа, чамтай мэндэлж болохгүй юу” гэх зэргээр өдөөн хоргоож маргалдан улмаар Л.Б нь баруун тохойгоороо Н.Лын зүүн хөмсөг хэсэгт цохиж гэмтэл учруулаад зугтахад нь Н.Л араас нь чулуу шидэх, хөөх зэрэг үйлдэл гаргаж дахин барьцалдан маргалдахад Н.Л нь гартаа барьсан чулуугаараа Л.Бын толгойн тус газарт цохиж улмаар Л.Б нь Н.Лын цээж хэсэгт хөлөөрөө дэвсэж мөн гэмтэл учруулсан үйл баримт бий болжээ.

            Энэхүү үйл баримт хохирогч Н.Лын “...тэр залуу барилцаж байгаад баруун тохойгоороо миний зүүн хөмсөгний дээр 1 удаа цохиод язлаад цус гаргачихсан. Тэр залуу намайг цохингуутаа зугтаад, хүн зодлоо гээд орилоод байсан. Би араас нь чулуу аваад шидсэн боловч оноогүй. Тэгээд бид 2 дахиж барьцалдаж аваад нилээн юм болсон. Тэр үед би гартаа барьсан чулуугаараа тэр залуугийн толгойн ард 1 удаа цохисон” гэх мэдүүлэг,

            хохирогч Л.Бын “...тэр үед л тэр ах миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Бид 2 маргалдаж байхад тэр ах гартаа чулуу барьчихсан байсан” гэх мэдүүлэг,

            Н.Лын яллагдагчаар өгсөн: “миний цамцны захнаас заамдаж боосон, тавихгүй байхаар нь би гартаа байсан чулуугаар  толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохисон” гэх мэдүүлэг,

            Л.Бын яллагдагчаар өгсөн: “тэгээд бид 2 хэрэлдэж байгаад тэр ах миний толгойн дагзны ар руу чулуугаар цохисон” гэх мэдүүлэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч довтолгоон дууссаны дараа довтлогчийн араас хөөх, чулуу шидэх зэргээр өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй болно.

            Өөрөөр хэлбэл эхний маргаан дууссан боловч шүүгдэгч Н.Лын хувьд шүүгдэгч, хохирогч Л.Быг араас нь хөөх, чулуу шидэх зэргээр дахин маргаан үүсгэх эхлэлийг бий болгож, гартаа чулуу барих зайлшгүй шаардлагагүй байхад Л.Быг өөрийг нь гэмтээсний хариуг авах байдлаар гартаа чулуу барьж улмаар уг чулуугаараа хохирогч Л.Бын толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүхээс дүгнэлээ.

            Шүүгдэгч Л.Бын хувьд хохирогч Н.Лыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, доод баруун 4-р зүүн 3-р шүдний булгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, хүзүү хуйхаар цус хуралт, цээж, баруун зүүн чих, дэлбэнгийн ар хэсэгт, чихний арын төвгөр, хуйханд зулгаралт гэмтлүүд учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй ба прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Лын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 782,529 төгрөг, шүүх хуралдааны явцад баримтаар 1,235,000 төгрөгийг шүүгдэгч Л.Боос нэхэмжилснээс Л.Б нь 782,529 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулж үлдэгдэл 1,235,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлэн бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Боос 1,235,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Лад олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Л.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Н.Лыг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.Лад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний, шүүгдэгч Л.Бод 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал,

шүүгдэгч Н.Лын өмгөөлөгч С.Тэгшжаргал “Миний үйлчлүүлэгчид 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал,

шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Д.Батдулам “Миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.Л, Л.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Лын чулуугаар хохирогч Л.Бын толгойн тус газар цохисон үйлдэл болон шүүгдэгч Л.Бын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрөөс насаар ах хүнийг удаа дараа өдөөн хоргоож, цээж хэсэгт нь хөлөөрөө дэвсэж хүндэвтэр хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,

мөн шүүгдэгч Н.Лын өндөр насны тэтгэвэрт байдаг, шүүгдэгч Л.Бын хөгжлийн бэрхшээлтэй охиноо хичээл, сургуульд нь хүргэж өгдөг, “Мейжик стоне” ХХК-д жолоочоор ажилладаг зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзээд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг тус тус 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Л, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Н.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбат нь өмгөөлөгч С.Тэгшжаргалаас гаргасан гомдлыг хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-90/ үйлдэж шийдвэрлэсэн боловч хавтаст хэргийн 91 дэх талд өөр хэргийн гомдол шийдвэрлэсэн прокурорын тогтоол хавсаргасан алдаа гаргасныг тэмдэглэж дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л, шүүгдэгч Л.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л, шүүгдэгч Л.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Боос 1,235,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Лад олгосугай.

6. Шүүгдэгч Н.Л, шүүгдэгч Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР