Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 03367

 

 

 

 

 

 

 

 

 

2020            11             09                                                   102/ШШ2020/03367                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.П  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,039,809.85 /найман сая гучин есөн мянга найман зуун ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Б.Ану оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх С.Птэй 2017.01.27-ны өдөр Кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд ашиглахаар гэрээ байгуулсан, хугацаа дууссан ч зээл төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрт 3,168,730 төгрөг, хүү 2,373,687 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,284,920 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,212,471 төгрөг, нийт 8,039,809 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017.01.27-нд зэс картны эзэмшигч болж, 3,0 сая төгрөг авсан, эргээд төлөх гэсэн боловч санхүүгийн боломжгүй байснаас төлж чадаагүй. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул боломжийн хэрээр үндсэн зээл болон зээлийн үндсэн хүүг төлнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Г” ХХК нь С.Пд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,039,809.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан, зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ санхүүгийн боломжгүйгээс үүргээ зөрчсөн, үндсэн зээл болон зээлийн үндсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

 

“Г” ХХК нь хариуцагчтай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, Кредит картыг эзэмшсэнээр зээлийн эрх үүсссэн, бэлэн бус гүйлгээнд 24 хувийн, бэлэн гүйлгээнд 42 хувийн хүүг жилд тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасанд нийцжээ.

 

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүүг зээлийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн хүүний төлбөрт 2,373,687 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2 жилийн хугацаа дууссанаар карт хаагдаж ашиглах боломжгүй болсон байх тул 2019.01.27-ны өдрөөс хойшхи хүүний төлбөр 490,536 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 3,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй байсан боловч 3,168,730 төгрөгийг ашигласан байх тул 24 сарын хугацааны хүү 1,883,150 төгрөг буюу нийт 5,051,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээний 2.1 дэх заалтаар төлбөр тооцооны нөхцөлийг тодорхойлж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний хүүг 2 хувиар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувиар үндсэн зээлээс тооцохоор тохиролцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

 

Гэтэл банк нь дээрх хуулиар зохицуулсан нэмэгдүүлсэн хүү тохиролцох заалтыг зөөрчсөн буюу өөрөөр хэлбэл зээл, хүү төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн хүүнээс нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг тооцохоор гэрээнд заасан байна.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж тодорхойлсон байна.

 

Тухайн тохиолдолд гэрээний нэг тал болох банк нь хариуцагчид гэрээний нөхцөлийг санал болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг зөвшөөрөгч талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ.

   

Хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээнд тусгах болсон нөхцөлийг 45 хоногийн дотор төлөхөд хариуцлага тооцохгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нөхцөл байдал нь хуульд нийцсэн байхыг шаардана.

 

Зүй нь  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заах байжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд талуудын байгуулсан Карт эзэмших гэрээний 2.1 дэх заалтын зээлийн эрх хэтрүүлсний хүүг 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувь гэж тодорхойлсон хэсэг нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар Карт эзэмших гэрээний бусад заалт нь хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 143,587 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 95,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан С.Пгээс  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,051,880 /таван сая тавин нэгэн мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан, “Г” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 2,987,929 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 143,587 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 95,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ