Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0022 |
Огноо | 2020-04-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 110/ШШ2020/0022
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн оршин суугч Х Хын нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай А/16 дугаартай тогтоол, сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны Засаг дарга Х.Хыг огцруулах тухай 38 дугаар тогтоол, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 39 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Бугат сумын Засаг даргыг огцруулах тухай А/518 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг, Бугат сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргахыг тус тус Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х, Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, гуравдагч этгээд Б.Е, гэрч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний үндэслэлийн талаарх тайлбарт:
Миний бие Х.Х нь 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болсон сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар сонгогдон, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/645 дугаар захирамжаар тус албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн. Тэгж байтал 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар намайг үндэслэлгүйгээр огцруулах тухай санал гаргаснаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тухайн саналыг баталж огцруулах тухай захирамж гаргасан, миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагаас зарлан хуралдуулахаар тогтоосон байна. Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа Ардчилсан намын бүлгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаар албан бичгийг үндэслэл болгосон байна. Миний бие өмнө шүүхээр торгох ял шийтгүүлсэн ба 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар өмнө байсан ялтай байдлыг бүхэлд нь байхгүй болгосон байдаг ба би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж ялгүй болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болохоор зохицуулсан байна.
Намайг огцруулах шаардлагыг Ардчилсан намын бүлгийн 8, бие даагч 1 бүгд 9 төлөөлөгч шаардсан бөгөөд энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчдийн гуравны хоёрт хүрэхгүй байжээ. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж зохицуулсан. Гэтэл Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус хуралдаан зарлан 14 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдаан хуралдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заажээ. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А/16 дугаар тогтоолыг гаргахдаа он, сар, өдөр тогтоогоогүй учир хугацааг үйл явдал болж өнгөрсний дараах өдөр 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс тоолох ёстой. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хурлын төлөөлөгч асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй бөгөөд 24.3-д зааснаар энэ хуулийн 24.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх ёсгүй. Засаг даргыг огцруулах санал оруулсан 9 төлөөлөгч өөрсдийн саналд ямар ч тооцоо, судалгаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаагүй, тухайн материалыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй байхад асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг мөн адил зөрчиж байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлж 32.3-д зааснаар дээд шатны Засаг дарга мөн хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл аймгийн Засаг дарга огцруулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг давхар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, мөн Засаг даргын бүрэн эрхэд халдсан явдал юм.
Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай А/16 дугаартай тогтоол, сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны Засаг дарга Х.Хыг огцруулах тухай 38 дугаартай тогтоол, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 39 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Бугат сумын Засаг даргыг огцруулах тухай А/518 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг, Бугат сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргахыг тус тус Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Бугат сумын Засаг дарга Х.Хыг ажлаас огцруулсан үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор албан ёсоор тогтоогдсон гэсэн асуудал байгаа. Өмгөөлөгчийн хувьд энэ талаар хэлэх ямар нэгэн санал байхгүй. Харин Х.Хыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. гэж заасан. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус хуралдаан зарласан. 14 хоногийн дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулсан. Энэ нь хуулийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хугацааг яаж тоолох талаар Иргэний хуульд байгаа. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно. гэж заасан.
Хэлэлцэх асуудалтай холбоотой хэлэхэд, хуулийн 24.1-д хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаад төлөөлөгч нарт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө тараасан байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хуралдаан болох талаар мэдэгдээд жагсаалтад гарын үсэг зуруулаад авсан. Бусад холбогдох тооцоо судалгаа байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Засаг даргыг огцруулах хуулийн төсөл, нэр дэвшүүлэх талаар асуудал орох ёстой байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга хүргүүлнэ. , 32.3-т Дээд шатны Засаг дарга энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэсэн заасан. Энэ асуудал шийдэгдсэний дараа дараагийн нэр дэвших асуудлыг шийдэх ёстой байсан. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хоёр асуудлыг давхар шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас Х.Хын нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шүүхэд гаргасан тайлбарт:
Бугат сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр А/16 дугаар тогтоолоор сумын Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагт сумын төвд хуралдуулахаар товлон зарласан. Уг тогтоолоор 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон бөгөөд дарааллын 1-д Сумын Засаг даргыг огцруулах, 2-д Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, 3-д Давсан орлогыг хуваарилалтыг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр тусгасан. Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоор төлөөлөгчөөс огцруулсан учраас уг хуралдаанд оролцох боломжгүй. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ээлжит бус хуралдаанд оролцох ёстой 20 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдааныг эхэлж, 80 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааныг удирдах дараалал болон дотоод журмыг баталж, хэлэлцэх асуудлын 1-д тусгагдсан сумын Засаг дарга Х.Хыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Ингээд Хурлын дарга Х.Х би тус сумын Засаг дарга Х.Хын гэмт хэрэгт холбогдсон талаарх шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбоотой Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэн түүнийг сумын Засаг даргаас огцруулах хууль зүйн үндэслэл бүрдсэнийг танилцуулсан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл сумын Хурлын төлөөлөгчид болох М.Хуаныш, Б.Даулетхан, Ш.Болатбек, З.Лаулагүл, Б.Нуграж, Ш.Досмухамет, Б.Салтанат, Х.Ержанат, А.Асылбек зэрэг 9 төлөөлөгчийн гарын үсэгтэй 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг даргыг огцруулах тухай албан бичгийг ирүүлсэн учраас уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцсэн.
Х.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь нэгэнт нотлогдсон тул Х.Хыг огцруулах нь хуульд нийцэх талаар төлөөлөгчид саналаа хэлсэн бөгөөд Х.Хыг сумын Засаг даргаас огцруулах тухай санал хураалт явуулж, 16 төлөөлөгч гар өргөж, 100 хувийн саналаар сумын Засаг дарга Х.Хыг огцруулахаар баталж шийдвэрлэсэн. Түүнчлэн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ. хэмээн зохицуулсан. Тэрээр, энэхүү хуралдаан болох байсныг Х.Хд урьдчилан танилцуулсан, мөн Х.Х өөрөө 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр огцруулах саналын талаарх тооцоо, судалгаа бүхий баримтад танилцаж гарын үсэг зурсан байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Харин тухайн өдрийн хуралдаанд Х.Х нь сумын Засаг даргын хувьд оролцоогүй болохыг дурдаж байна.
Харин 39 дүгээр тогтоолын талаар хэлэхэд, нэгэнт сумын Засаг дарга огцорсон учраас шинээр Б.Еыг сумын Засаг даргаар нэр дэвшүүлж олонхын саналаар Засаг даргаар сонгож, аймгийн Засаг даргад уламжилсан юм. Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай А/16 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Засаг дарга Х.Хыг огцруулах тухай 38 болон Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 39 дүгээр тогтоолуудыг тус бүр хуульд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байгаа тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:
Х.Х нь Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 111 дүгээр шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 533 дугаар тогтоолоор эцэслэн батлагдсан байсан. Үүнийг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд олонхын саналаар Засаг дарга Х.Хыг огцруулах тухай шийдвэр гарч, Х.Хыг огцруулах тухай А/38 дугаар тогтоолоор баталгаажуулсан саналаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргад саналаа ирүүлсэн. Үүнийг аймгийн Засаг дарга судалж үзээд, Х.Х нь сумын Засаг даргаар ажиллаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдож нотлогдсон тул Х.Хыг Засаг даргаас огцруулах тухай санал хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Х.Хыг Бугат сумын Засаг даргаас огцруулах шийдвэр гаргасан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын огцруулах тухай тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан сумын Засаг даргыг огцруулахгүй байх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
Нэхэмжлэгч Х.Х нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 533 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г заалтад сумын Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах эрхтэй гэж тус хуулийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ. гэж тус тус зааснаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Бугат сумны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Засаг дарга Х.Хыг огцруулах санал гаргаж аймгийн Засаг дарга А.Гылымханд уламжилсан нь үндэслэл бүхий, сумын Хурлын бүрэн эрхэд нийцсэн үйлдэл байна.
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 39 дүгээр тогтоолын тухай хэлэхэд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г заалтад сумын Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах эрхтэй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргад нэр дэвшүүлэх 39 тоот тогтоолыг гаргасан байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна гээд 11.1.9-д бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэж зааснаар сумын Засаг дарга нь улс төрийн албан тушаал бөгөөд нэр дэвших, сонгогдоход аливаа шалгуургүйгээр нэр дэвшдэг болно.
Харин хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна гээд 26.5.1-д дээд боловсролтой 26.5.2-т төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, 26.5.3-д шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, 26.5.4-т шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, 26.5.5-д ялгүй байх гэж тус тус заасныг Б.Е миний бие бүрэн хангаж байгаа болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд нийт 7 Тэргүүлэгчээс 4 Тэргүүлэгч оролцож, А/16 дугаар тогтоолоор Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт хуралдуулахаар товлон зарлаж, холбогдох хэсгээр сумын Засаг даргыг огцруулах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр олонхийн саналаар шийдвэрлэжээ.
Үүний дагуу сумын Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан нь мөн өдөр хуралдаж, Бугат сумын Засаг дарга Х.Хыг гэмт хэрэг үйлдсэн нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 533 дугаар тогтоолоор нотлогдсон гэж үзэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус албан тушаалаас нь огцруулж, гуравдагч этгээд Б.Еыг сумын Засаг даргад нэр дэвшүүлж шийдвэрлэсэн байх ба энэ талаар хуралдаанаас 38, 39 дугаартай тогтоолуудыг гаргасан байна.
Сумын Хурлаас дээрх 38 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргыг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлснээр 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын А/518 дугаар захирамж гарч, Бугат сумын Засаг дарга Х.Хыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, сумын Хурлын 38 дугаар тогтоолоор ирүүлсэн санал нь хуулийн 32.2-т заасантай нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Засаг даргын албан тушаалаас нь огцруулж шийдвэрлэсэн байна.
Шүүх уг маргаанд дараах хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй байх ба сумын Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Х.Хыг Хурлын төлөөлөгчөөс огцруулснаар энэ үеэс 20 төлөөлөгчтэй болжээ. 20-21 төлөөлөгчөөс тооцоход 7 төлөөлөгч нь нийт төлөөлөгчдийн гуравны нэгтэй тэнцэх ба 2019 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Х.Ержанат, А.Асылбек, Б.Даулетхан, З.Лаулагүл, Б.Салтанат, Ш.Болатбек, Б.Нуграж, Ш.Досмухамет, М.Хуаныш нарын 9 төлөөлөгчөөс Бугат сумын Хурлын даргад хандаж сумын Засаг дарга Х.Хыг ...гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн гэх үндэслэлээр огцруулах санал гаргаснаар уг саналыг 15 хоногийн дотор сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгчээс ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь шаардсанаар эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болохоор зохицуулсан. Сумын Засаг дарга намайг огцруулах шаардлагыг Ардчилсан намын бүлгийн 8, бие даагч 1, бүгд 9 төлөөлөгч шаардсан бөгөөд эдгээр нь сумын Хурлын 21 төлөөлөгчийн гуравны хоёрт хүрэхгүй, түүнчлэн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасныг зөрчиж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хурлын ээлжит бус хуралдаан зарлаж, 14 хоногийн дараа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдаан хийсэн нь хууль бус юм. гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна.
Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан хуралдуулах болсон үндэслэл нь дээрх байдлаар төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь сумын Засаг даргыг огцруулах санал гаргаж Хурлын даргад хүргүүлсэнтэй холбоотой байх ба энэ тохиолдолд уг саналыг Хурлын байгууллага 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр хуулийн 32.6-д тусгайлан зохицуулсан байх тул төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь шаардсанаар ээлжит бус хуралдаан хуралдуулж болох талаарх хуулийн 23.3 болон анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах талаарх 23.4-т заасан зохицуулалтууд нь энэ нөхцөлд хамааралгүй юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын хуралдааныг товлон зарлах,түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 23 дугаар зүйлийн 23.3-т ...Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно. гэж зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах нь Хурлын Тэргүүлэгчдийн өөрийн бүрэн эрхэд хамаарах ба дээрх байдлаар төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь сумын Засаг даргыг огцруулах асуудлаар гаргасан саналыг хүлээн авсны дараа Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр ирцтэй хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар А/16 дугаар тогтоолоор товлон зарласан нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хуулийн 20.1.1, 23.3, 32.6-д заасантай тус тус нийцсэн шийдвэр байна. Иймээс Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй, хуульд зааснаар сумын Засаг даргыг огцруулах саналыг төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь гаргасан тохиолдолд Хурлын байгууллага уг саналыг 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй тул Хурлын Тэргүүлэгчдийн А/16 дугаар тогтоолоор хуулийн 32.6-д заасан хугацаанд багтааж, Хурлын хуралдааныг товлосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй тул уг тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ. гэж заажээ.
Нэхэмжлэгч Х.Хыг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг тус аймгийн Эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 12 дугаар сарын 7-ны өдрийн 533 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон байх ба сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар 9 төлөөлөгчөөс гаргасан саналын дагуу Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж, хуулийн 32.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг Засаг даргын албан тушаалаас хугацаанаас нь өмнө огцруулахаар шийдвэрлэж, энэ талаарх саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн Бугат сумын Хурлын 38 дугаар тогтоол нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан Засаг даргыг огцруулах санал гаргасан 9 төлөөлөгч өөрсдийн саналд ямар ч тооцоо судалгаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаагүй, тухайн материалыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй байхад асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн. гэх маргаанд дараах дүгнэлтийг хийлээ.
Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй., 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. гэж заасан.
Хурлын 9 төлөөлөгчөөс дээрх байдлаар 2019 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд гаргасан нэхэмжлэгчийг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах саналын үндэслэл болох гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн гэх үйл баримтад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн хувийг сумын Хурлын ажлын албанаас ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хамтаар хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тарааж, энэ талаарх баримтад гарын үсэг зуруулсан гэж гэрч сумын Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж шүүхэд мэдүүлсэн.
Нэхэмжлэгчээс дээрх байдлаар маргахдаа ...төлөөлөгчид гаргасан саналдаа шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.0 сая төгрөгийн торгох ялыг би биелүүлж төлсөн, энэ талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан, төлбөр төлсөн баримт, мөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабылын гаргасан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаартай намайг сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилсон захирамж зэргийг хавсаргах ёстой ба эдгээрийг Хурлын ажлын албанаас судалж төлөөлөгч нарт хуулийн 24.3-т заасан журмаар тараах ёстой. гэж тайлбарласан байна. Хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт бүхий №00000298, №00000306 дугаар баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Х нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлж, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 3.0 сая төгрөгийн төлбөрийг төлж дууссанаар шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн 38 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор Х.Хд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон байна. Харин аймгийн Засаг даргын 2019 оны Б/25 дугаар захирамж нь нэхэмжлэгчийг урьд нь хангалтгүй ажилласан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сард сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж шийдвэрлэсэн Хурлын болон дээд шатны Засаг даргын шийдвэрүүдийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилсон шийдвэр байна.
Иймээс Аймгийн Засаг даргын Б/25 дугаар шийдвэрийн хувьд энэ нь төлөөлөгч нараас гаргасан Засаг даргыг огцруулах саналын үндэслэлд хамааралгүй баримт байх ба нэхэмжлэгчийн шүүхээс оногдуулсан ялыг биелүүлсэнтэй холбоотой гэх дээрх нотлох баримтууд нь түүний гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон, ял шийтгүүлсэн үйл баримтуудыг үгүйсгэхгүй тул эдгээрийг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараасан байх зайлшгүй шаардлагатай баримтууд гэж үзэхээргүй байна.
Гэрч Бугат сумын Хурлын нарийн бичгийн дарга Х.Ж нь шүүхэд ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараах журамтай юм. Үүний дагуу би мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон сумын Засаг дарга Х.Хын ял шийтгүүлсэн талаарх шүүхийн эцсийн шийдвэр болох Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаартай тогтоолыг хуулбарлаж бүх төлөөлөгч нарт тарааж өгч, Ээлжит бус 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдөд тараасан тухай тэмдэглэл бүхий баримтад гарын үсэг зуруулсан. гэж мэдүүлсэн ба уг баримтад[1] 2019 оны 06 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд нэхэмжлэгч Х.Хаас гадна 18 төлөөлөгчийн гарын үсэг зурагдсан, төлөөлөгч Г.Давхарбаяр, М.Сархад нарын гарын үсэг зурагдаагүй байна.
Энэ талаар төлөөлөгч К.Муратхан, М.Сархад, Г.Давхарбаяр нараас сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Хурлын ажлын албанаас ямар нэгэн материал тараагаагүй гэж мэдүүлсэн бол төлөөлөгч А.Асылбек, З.Лаулагүл, Б.Нуграж, Ш.Досмухамед нараас ...хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хамтаар сумын Засаг даргын гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн талаарх шүүхийн шийдвэрийн хуулбарыг Хурлын ажлын албанаас тарааж өгснөөр танилцсан. гэх агуулгатай, харин төлөөлөгч Б.Хараман нь ...Хурлын ажлын албанаас ямар материал тараасныг сайн санахгүй байна. гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Хэдийгээр гэрчээр асуугдсан Бугат сумын Хурлын төлөөлөгч К.Муратхан, М.Сархад, Г.Давхарбаяр нараас дээрх байдлаар мэдүүлсэн боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг сумын Хурал зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн сумын Засаг даргын албан тушаалд ажиллах эрхийг сэргээх боломжгүй, учир нь түүнийг Засаг даргаас огцруулах хуульд заасан үндэслэл нэгэнт үүссэн, маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл болсон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон Бугат сумын Засаг дарга Х.Х нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримт үгүйсгэгдэхгүй юм.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс сумын Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг давхар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргасан боловч Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын тоонд оруулж Тэргүүлэгчдээс дээрх А/16 дугаар тогтоолоор урьдчилан шийдвэрлэсэн, ингэснээр эхлээд сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцээд энэ талаар 38 дугаар тогтоол гаргасны дараа 39 дугаар тогтоолоор сумын Засаг даргад томилуулахаар Б.Еы нэрийг дэвшүүлж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэхээргүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж зааснаар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн сумын Хурлын хуралдаанд нийт 20 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч оролцсон ирцийн хувьд хүчинтэй хуралдаан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн хуралдаанаас гаргасан 38 дугаар тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар, 39 дүгээр тогтоолыг 56 хувийн саналаар тус тус баталж шийдвэрлэсэн нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. гэж заасантай нийцсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны А/16 дугаар тогтоол, сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 38, 39 дугаар тогтоолуудыг хууль бус бөгөөд өөрийнх нь эрхийг зөрчсөн гэх маргаан нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж заасан ба аймгийн Засаг даргаас Бугат сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүргүүлсэн нэхэмжлэгч Х.Хыг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай саналыг үндэслэлтэй гэж үзээд тус албан тушаалаас огцруулсан А/518 дугаар захирамжийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байх ба нэхэмжлэгчээс уг шийдвэрийг хуулийн 32.3-т заасан ажлын 5 хоногт хянаж шийдвэрлэх хугацааг аймгийн Засаг дарга зөрчсөн гэж маргасан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохгүй бөгөөд энэ зөрчил нь дээр дүгнэсэнчлэн аймгийн Засаг даргын А/518 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас огцруулах үндэслэл болсон түүний гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримтыг үгүйсгэхгүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай А/16 дугаар тогтоол, сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны Засаг дарга Х.Хыг огцруулах тухай 38 дугаар тогтоол, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 39 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг, Бугат сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай А/16 дугаар тогтоол, Бугат сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны Засаг дарга Х.Хыг огцруулах тухай 38 дугаар тогтоол, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 39 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг, Бугат сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
[1] Хэргийн 72 дугаар хуудас