| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0794/3 |
| Дугаар | 221/МА2026/0355 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0355
Д.Б нарын нэр бүхий 17 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Нэхэмжлэгч: Д.Б нарын нэр бүхий 17 иргэн
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/234, А/237 захирамжууд болон тус захирамжуудыг үндэслэн гарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох,
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх, нэвтрэх журам-ын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
- Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх ажиллагааг хийж, дээрх журмын хэрэгжилтийг хангах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарт даалгах,
- Мөн дээрх журмаар батлагдсан ТҮЦ-ийн байршлыг тогтоосон захиргааны акт гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнд даалгах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 305 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Х.Б
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Т.С
Хариуцагч нийслэлийн Засаг даргын өмгөөлөгч Б.О
Хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Хэргийн индекс: 128/2025/0794/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нараас хариуцагч нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тусхолбогдуулан:
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/234, А/237 захирамжууд болон тус захирамжуудыг үндэслэн гарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох,
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчлилгээ эрхлэх, нэвтрэх журам-ын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
- Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх ажиллагааг хийж, дээрх журмын хэрэгжилтийг хангах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарт даалгах,
- Мөн дээрх журмаар батлагдсан ТҮЦ-ийн байршлыг тогтоосон захиргааны акт гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Ц даалгах-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 305 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэг, заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Газрын зөрчил арилгаж, албадан чөлөөлөх арга хэмжээ авах тухай А/202 дугаар захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1,62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 болон А/237 дугаар захирамж болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 дугаарт захирамжуудыг гаргах болон биелүүлэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулж, байршил батлахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, байршил тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах, ТҮЦ эрхлэгчдэд хохирол учирсан болохыг тогтоолгох, учирсан хохирлыг захиргааны байгууллагаас гаргуулах шаардлагыг буцааж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ... Шүүхийн холбогдох маргааныг шийдвэрлэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчдийн хүсэл зориг, хохирол, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу Хан-Уул дүүргийн Засаг даргын А/202 дугаар захирамжийг хэрэгсэхгүй болгуулах"-ыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох "Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын ТҮЦ өмчлөх, эзэмших субьектив эрхэд чиглээгүй" хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн тайлбартаа удаа дараа Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ-ийг чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлсэн хэмээн тайлбарласан байдаг бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог. Мөн уг хэрэгт холбогдох нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийг удирдлага зохион байгуулалтын шинжтэй, дотогшоо чиглэсэн акт хэмээн дүгнэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэж байсан билээ.
3.2. Мөн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 25/29 тогтоолоор батлагдсан "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам"-ын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүйг тогтоолгож, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх боломжийг бүрдүүлж захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга Х.Н даалгах, Мөн дээрх журмаар батлагдсан ТҮЦ-ийн байршлыг дүүргээс тогтоох ажлыг хийхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, дүүрэгт ТҮЦ-ний байршил тогтоосон захиргааны акт гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Ц даалгах" хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн боловч тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Иймд дээрх үндэслэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0305 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д миний бие 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Түцний байршил тогтоох тухай А/56 тоот захирамж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийг үндэслэн А/202 тоот захирамж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийг үндэслэн А/224 тоот захирамж, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийг үндэслэн А/312 тоот захирамж, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх тухай А/371 тоот захирамж, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А/398 дугаар захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234 болон А/237 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15- ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 дугаарт захирамжуудыг гаргах болон биелүүлэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулж, ТҮЦ эрхлэгчдэд хохирол учирсан болохыг тогтоолгох, учирсан хохирлыг захиргааны байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүгч шүүх хурлын явцад дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй бөгөөд зөвхөн учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах талаар асуусан билээ. Нэхэмжлэгчдийн зүгээс хохирол гаргуулахтай холбоотой нотлох баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгөөгүй байсан тул хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас л зөвхөн татгалзсаныг бүхэлд нь татгалзсан хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг буцааж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч нараас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Б нараас хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тусхолбогдуулан
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/234, А/237 захирамжууд болон тус захирамжуудыг үндэслэн гарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох,
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх, нэвтрэх журам-ын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
- Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх ажиллагааг хийж, дээрх журмын хэрэгжилтийг хангах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарт даалгах,
- Мөн дээрх журмаар батлагдсан ТҮЦ-ийн байршлыг тогтоосон захиргааны акт гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаснаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа:
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/234, А/237 захирамжууд болон тус захирамжуудыг үндэслэн гарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох,
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/234, А/237 дугаар захирамж болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 дугаар захирамжуудыг гаргах болон биелүүлэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулж, ТҮЦ эрхлэгчдэд хохирол учирсан болохыг тогтоолгох, учирсан хохирлыг захиргааны байгууллагаас гаргуулах гэж ихэсгэжээ.
2.2. Анхан шатны шүүх ... хариуцагч нь хотын өнгө үзэмжид нөлөөлсөн, иргэдээс бохир, явган хүний зам дээр байрлуулсан гэх гомдол санал ирдэг гэж байгаа ч бодит байдалд ямар бохирдол байгааг тогтоосон судалгаа, нотлох баримт байхгүй, хотын өнгө үзэмжид ТҮЦ-ийн яг юу нь ямар байдлаар нөлөөлсөн талаар дүгнэлт санал ч байхгүй ... гэж дүгнэн Хан-Уул дүүргийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202 дугаар захирамжийг хүчингүй болгож,
... нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамж нь дан ганц ТҮЦ чөлөөлөх ажлыг зохион байгуулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулж удирдамж гишүүдийн чиг үүргийг баталсан биш өөр бусад хашаа хайс буулгах, зөвшөөрөлгүй барьсан самбар, гэрэлтүүлгийн шон, ил гарсан кабель утас хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэх, инженерийн шугам сүлжээ, трапп хоолой, эвдрэл үүссэн замын хэсэг суурьшлын бүс дэх шатахуун түгээх станц зэрэг олон асуудлыг хамарч үйл ажиллагаа явуулах ажлын хэсэг, түүний чиг үүргийг тусгасан, дотогшоо чиглэсэн захиргааны акт байгаа тул ... гэж дүгнэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэнгүй.
2.3. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.4-д Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана., 121 дүгээр зүйлд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, 107.5-д Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана гээд, 121.3.3-д анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал, 121.3.7-д шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол гэж тус тус заасан.
2.4. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
2.5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тус хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа-гаа илэрхийлсэн бөгөөд зөвхөн хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байгаа талаар тайлбарлаж, дэмжиж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбарлан маргасан байна.
2.6. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн бол 2 дахь заалтаар нэхэмжлэлийн үлдэх хэсгийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлт өгөөгүй төдийгүй зарим нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2.7. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хохирол нэхэмжилсэн шаардлагаа дэмжихгүй ... гэж зөвхөн хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүхээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх, нэвтрэх журам-ын хэрэгжилтийг хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Түргэн үйлчилгээний цэгийг бүртгэх ажиллагааг хийж, дээрх журмын хэрэгжилтийг хангах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарт даалгах, мөн дээрх журмаар батлагдсан ТҮЦ-ийн байршлыг тогтоосон захиргааны акт гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Ц даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/56, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/202, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/312, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/371, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/398 захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасан үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай болоннэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгах хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
2.8. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх тухай А/373 дугаар захирамж нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаас хэрэгт зөрүүтэй байдлаар авагдсан байгааг тодруулах, зөвтгөх шаардлагатай байх төдийгүй маргаан бүхий нийслэлийн Засаг даргын А/234 дүгээр захирамж хэрэгт огт авагдаагүй, уг захирамж нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, маргаан бүхий захирамжууд гарах үндэслэл болсон гэж тайлбарлан маргаж байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, тэдгээрт тулгуурлан хууль зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхой тусгахаас гадна биелэгдэх боломжтой байдлаар тодорхойлох учиртай. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ бүрэн тодруулаагүй, хэрэв нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, түүний үндэслэл хоорондоо зөрүүтэй, эсхүл тодорхойгүй байгаа тохиолдолд шүүхээс үүнийг зайлшгүй тодруулах үүргийг биелүүлээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, улмаар шүүхийн шийдвэрт өөр өөр байдлаар тусгагдсан байх тул дээрх зөрчлүүдийг арилган, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой байна.
3.1. Ийнхүү анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгч шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, орхигдуулж шийдвэрлэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ..., 121.3.4-д шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, 121.3.7-д шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол гэж тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Нэгэнт дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА