Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 11

 

        Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, улсын яллагч, Б.Оюунцэцэг шүүгдэгч Х.Уранбат, хохирогч Н.Давхарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар саналтай ирүүлсэн эрүүгийн 201721010013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол улсын харъяат, Ховд аймгийн Булган суманд 1989 оны 03 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны офицер мэргэжилтэй,  ам бүл 4 /ээж, ах дүүгийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Далт  багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай Их монгол овогт Хараагийн Уранбат РД: /ПБ 89030179/

         Шүүгдэгч Х.Уранбат нь Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Х.Уранбат 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших С.Лхагваагийн баарны хажуунаас иргэн Н.Давхарбаярын гээсэн гэх sumsung j7 маркийн гар утас олж авч гээгдэл буюу санамсаргүй олсон эд хөрөнгө завшсан болох нь:

         Шүүгдэгч Х.Уранбат шүүх хуралдаанд мэдүүлсэн:...Би иргэн Давхарбаярын эзэмшилийн Самсунг жи7 маркийн гар утсыг олж аваад хувьдаа завшсан нь үнэн.           Тухайн гар утсыг иргэн Н.Давхарбаярт бүрэн бүтэн хүлээлгэн өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг

        Хохирогч Н.Давхарбаярын  шүүх хуралдаан мэдүүлсэн:....Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй нэртэй караокед өөрийн эзэмшлийн Самсунг жи7 LТЕ гар утсаа алдсан. Х.Уранбат хохиролыг бүрэн төлж барагдуулсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй  гэх мэдүүлэг

        Гар утсанд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт зэргээр тогтоогдож байна..

        Иймд Х.Уранбатыг Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

        Хохирогч Н.Давхарбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй болохоо хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ.

        Хохирогч шүүх хуралдаанд гомдолгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзлээ.

         Шүүгдэгч Х.Уранбатын үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан хохиролоо бүрэн төлсөн, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  248,283,286, 296, 297, 299, 418 дугаар зүйлийн 248.1.2, 286.1, 296.1, 297.1.1, 297.1.4, 299.3  дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

        1. Их монгол овогт Хараагийн Уранбатыг гээгдэл буюу санамсаргүй алдсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Уранбатад холбогдох эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201721010013 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Х.Уранбатад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        4. Шүүгдэгч Х.Уранбатаас гаргуулах хохирол төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримтаар  хураагдсан  Самсунг жи7 LТЕ гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц

     хохирогч Н.Давхарбаярт буцаан олгосугай.

         5.Шүүгдэгч Х.Уранбатын РД: ПБ89030179 дугаартай цахим үнэмлэхийг буцаан олгож шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.