Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 03398

 

                                                                                     

                                            

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 11 өдөр                   Дугаар 102/ШШ2020/03398                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У холбогдох,

Дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 596,250 /таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Отгонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Саранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.                                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь Голден парк хотхоны 101, 106, 107-р байрны нийтийн буюудундын өмчийг хамгаалж хариуцаж ажилладаг, Дээрх 107-75 тоотын оршин суугчаас төлбөрийг нэхэхэд төлөөгүй учраас 596,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь Баянгол дүүрэг, 25 хороо, 107 байрны 75 тоот орон сууцыг Есөн шижир ББСБ-ын захирал М.Гантулгаас 2020.07.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан, тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэхэд маргаагүй тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 25 хорооны 101, 106, 107 байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг. Иргэний хуулийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна. Мөн хуулийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-нд төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “уг орон сууцыг М.Гантулгаас худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардлыг худалдагч төлөх үүрэгтэй тул нэхэмжилж буй СӨХ-ны төлбөр нь гэрээ байгуулахаас өмнө гарсан төлбөр” гэжээ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан. Б.У нь М.Гантулгаас тус орон сууцыг худалдан авахдаа дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлж байсан эсэхийг шалгах үүрэгтэй байх ба үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Иймд Б.Угаас 2017 оны 10 сараас 2020 оны 8 сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 596.250 төгрөгийг гаргуулан “Ч” СӨХ-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2020.07.09-ний өдөр Есөн шижир ББСБ-ын захирал М.Гантулга гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийснээр энэхүү байрыг өмчилж авсан. Худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал    болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжилж буй 526,250 төгрөг нь гэрээ байгуулахаас өмнө гарсан төлбөр юм. Тус байрны СӨХ-д үнэн учраа удаа дараа хэлж тайлбарласан боловч намайг эзгүй хойгуур эмчийн хяналтанд байдаг, тэтгэвэрт гарсан ээжид минь худлаа, үнэн айлган сүрдүүлсэн юм ярьж сэтгэл санаагаар унагасан байсан. Өмнө нь ээжийн минь бие муудаж эмчилгээ хийлгэж биеийн байдал нь дээрдээд байсан. Гэтэл СӨХ-ны ажилчид шүүхэд өгнө, танайх л төлөх ёстой, танайх л хохирно гэх мэт айлгаж сүрдүүлснээс болж ээжийн минь бие дахин муудсан. Одоо байнга даралтны эм, тариа хэрэглэж, шөнө унтаж чадахгүй нойргүй хонодог болсон. Хэдий СӨХ-ны мөнгөө авах шаардлагатай байсан ч хөгшин настай хүний сэтгэл зүйгээр тоглож болохгүй. Үүнээс гадна байнга нэхэмжлэлийн хуудас хаалган дээр наах, орцны зарлалын самбарт өр нэхэж бичсэн зэргээс болоод хамаатан садан, найз нөхдийнхөө дунд нэр хүндгүй болсон. Өр зээл ихтэй, байрны мөнгөө төлж чаддаггүй гэж ойр дотны хүмүүсийн дунд цуу яриа гарах болсон. Энэ байрыг худалдсан хүнд хандахаар зөнд нь хаячих, шүүхэд өг гэж хэл гэсэн хариу өгдөг. Нэхэмжлэгч нь сар бүр хураах төлбөрийн талаар гаргасан тогтоолыг хэрэгт өгөөгүй, нотлох баримтгүй, тодорхой бус нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ч” СӨХ нь Б.Уд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 596,250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хуульд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь орон сууцыг худалдан авсан тул төлөхгүй, сар бүр хураах төлбөрийн талаар тогтоолгүй, нотлох баримтгүй тодорхой бус нэхэмжлэл гаргасан гэж маргасан ба харин 2020 оны 7, 8 сарын төлбөрийг төлнө зөвшөөрч байна.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд сар бүр төлөхөөр тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Харин хариуцагч 2020 оны 7, 8 сарын төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул төгрөгийг дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд /2х18,750/ 37,500 төгрөгийг гаргуулж, шаардлагаас үлдэх 558,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 19,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар Б.Угаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 37,500 /гучин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж, “Ч” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, шаардлагаас үлдэх 558,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 19,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ