Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/02755

 

                                      

 

 

 

    2020       10             12                                                  183/ШШ2020/02755                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 хороолол, 000 тоотод оршин суух, Х овогт Б.Б /РД:00000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, 0 дугаар баг, Тосгон хотхон, 0 тоотод оршин суух, Т овогт Д.Ш /РД:000000/-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Батмандал оролцов.                                                   

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбартаа: “Миний бие Д.Ш нэг байгууллагад ажилладаг байсан бөгөөд 2017 оны 9 сараас харилцдаг болсон. 2018 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Ш.И нь 2018.09.10-ны өдөр төрсөн бөгөөд Д.Ш нь төрсний гэрчилгээг өөрөөрөө овоглосон. Мөн 2019 онд дахин жирэмсэлж, 2020.07.27-ны өдөр охинтой болсон. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд өмнөх амьдралаа цэгцлээгүй, архи дарс, мөнгө төгрөгийн асуудлаас болж байнгын хэрүүлтэй, үргэлж муудалцах болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд 2018.09.10-ны өдөр төрсөн хүү И, 2020.07.27-ны өдөр төрсөн охин И нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.  Миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шүүх хуралд өөрийн оролцоогүйгээр шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Уг шүүх хурлаар зөвхөн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмжийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2017 оноос Б.Б-тай хамтран амьдарч 2018.09.10-ны өдөр хүү И төрсөн. Мөн 2019 оны өвөл дахин жирэмсэн болсон бөгөөд төрөхөөс нь өмнө тусдаа амьдрах болсон. Тусдаа байх болсон шалтгаан нь Б.Б аавтайгаа хамт амьдардаг. Тусдаа гаръя гэхээр хамт байна гэдэг. Мөн өөрийн төрсөн дүү Б-д 2.900.000 төгрөгийг надад хэлэлгүй авч өгснөөс болж муудалцсан. Түүнээс болж намайг гэрээсээ хөөсөн учраас миний бие гэрээс нь явсан болно. Хамтран амьдарч байх хугацаандаа Б-н авсан цалингийн зээлийг төлж байсан. Миний бие нь хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг төлөх болно. Иргэн Б.Б-с төрсөн дүүдээ авч өгсөн 2.900.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Миний бие хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөх болно. 2020.10.12-ны өдөр шүүх хуралтай гэж хурлын товыг надад утсаар танилцуулсан. Миний бие Ө аймагт ажилладаг тул чөлөө олдохгүй байгаа. Иймд шүүх хуралд оролцох боломжгүй байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж надгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Б-н гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Б.Б, Д.Ш нар нь 2017 онд танилцсан, 2018 оноос хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2018 оны 9 сарын 10-ны өдөр хүү Ш.И төрж эцгийн нэрийг,  2020.07.27-ны өдөр охин Ш.И төрж эхийн нэрийг авсан нь 0000000, 0000000 дугаартай төрсний гэрчилгээгээр  тогтоогдож байна.

 Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2018.09.10-ны өдөр төрсөн хүү Ш.И, 2020.07.27-ны өдөр төрсөн охин Б.И, эцэг Д.Ш, эх Б.Б нарын хооронд эрх, үүрэг үүснэ.

 Талуудын тайлбараас үзэхэд Б.Б, Д.Ш нар хоорондын маргааны улмаас тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүү Ш.Итгэл, охин Б.И нар нь эхийн асрамжид байсан, хариуцагч Д.Ш 2020.09.21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрсөн, хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч маргаагүй гэж үзлээ.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болох тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018.09.10-ны өдөр төрсөн хүү Ш.И, 2020.07.27-ны өдөр төрсөн охин Б.И нарыг эх Б.Б-н асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2018.09.10-ны өдөр төрсөн хүү Ш.И, 2020.07.27-ны өдөр төрсөн охин Б.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт  тэтгэлэг тогтоож, сар бүр Д.Ш-гээс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ш-гээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

        4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ш-гээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ