Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/02816

 

 

   

 

 

 

 

 

     2020         10              19                                          183/ШШ2020/02816

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 байр, 00 тоотод оршин суух, Б овогт П.Э/РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хэсэг, Гэрэлт хотхон 00 тоотод оршин суух Б овогт Ч.Г /РД:0000/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч бид хоёр арван жилийн ангийн найзууд. Тухайн үед хариуцагч 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч нэг зүйлд хөрөнгө оруулах гэсэн юм буцаагаад найдвартай өгнө гэхэд нь би эгчийн байрны урьдчилгаа мөнгийг 3 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Тухайн үедээ гэрээ хийгээгүй, мөнгө өгсөн баримт үйлдээгүй бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг төлөөгүй. Нэхүүлэн барин зарим хэсгийг төлж одоогийн байдлаар 4.000.000 төгрөг үлдсэн. Хариуцагч үлдсэн мөнгийг ер нь өгөх бодолгүй байсан тул мөнгө эргүүлэн өгөх тухай хэлцлийг 2020.07.24-ний өдөр хийсэн. Миний бие энэ тухай Цагдаагийн байгууллагад хандахад иргэн хоорондын маргаан учир шүүхийн журмаар шийдвэрлүүл гэж хэлсэн. Би арван жилийн ангийн хүмүүстэй холбогдоход ганц надаас биш  хэд хэдэн хүнээс мөнгө зээлчхээд буцаан өгөөгүй байгаа гэсэн. Надаас бусад мөнгө зээлүүлсэн хүмүүс шүүхэд хандалгүй өгөх байх гэсэн найдлагатай байгаа юм. Мөн хариуцагч нь өмнө хүний мөнгө залилсан хэргээр Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хүн байсан. Үүнийг мэдэлгүй олон жил нэг ангид сурч, найзалж байсан тул нэг удаа тусалъя гэж бодоод мөнгө зээлдүүлтэл одоог хүртэл өгөхгүй байгаа. Манай эгчийн байрны мөнгө нэхэгдэж би найзынхаа хадгаламжийн данснаас мөнгө зээлж төлөөд одоогоор зээлсэн мөнгөнөөс гадна хадгаламжийн хүүг давхар төлж хохирч байгаа тул 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх П.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч П.Э зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч Ч.Гантөмөрөөс шаардсан, нэхэмжлэлийн үндэслэлээ 2020.04.06-ны өдөр 6,500,000 төгрөгийг 3 хоногийн хугацаагаар зээлдүүлсэн, мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэжээ.

 

Хариуцагч Ч.Г 2020.08.21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2020.04.06-ны өдөр 6,500,000 төгрөгийг 3 хоногийн хугацаагаар Ч.Г-т зээлдүүлсэн, уг мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2020.08.01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд мөнгө эргүүлэн өгөх тухай хэлцлийг 2020.07.24-ний өдөр байгуулсан байна.

 

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд 2020.07.24-ний өдрийн  мөнгө эргүүлэн өгөх тухай хэлцлийн дагуу 4,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Гөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Г-өөс зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ