| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/00415/И |
| Дугаар | 183/ШШ2020/02837 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2020/02837
2020 10 21 183/ШШ2020/02837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 000 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, хд-18 дугаар байрны 00 тоотод оршин суух, Ч овогт Б.Ү /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, үйлдвэр, 00 байрны 00 тоотод оршин суух, И овогт Г.Э /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, үйлдвэр, 00 байрны 00 тоотод оршин суух, С.А /РД: 00000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, үйлдвэр, 00 байрны 00 тоотод оршин суух, С.А /РД: 000000/ нарт холбогдох,
С.А, Б.Ү нарыг талийгаач А.С хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.А, Б.Ү нарыг А.С өвлөгдсөн эд хөрөнгө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Шар хадны 00р гудамж 00-ийн 00-ын 0 тоот 000 дугаартай эзэмшил газар, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Шар хадны 00-р гудамж 00-ийн 0-ын 0 тоот 00000 дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо Толгойт хүнсчдийн гудамж 00 тоот 00000 дугаартай хүнсний зоорь, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Толгойт хүнсчдийн гудамж 0 тоот 0000 дугаартай хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн 00-р хороо 00 дүгээр байрны 00 тоот 000 дугаартай орон сууц гаражийн хамт, Чингэлтэй дүүргийн 0-р хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах 000 дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дүгээр гудамж 00 тоот 0000 дугаартай газар, 000 дугаартай байшин, Lexus LХ570 Улсын дугаар 000 арлын дугаар 0000 бүхий автомашины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгүүдийн зах зээлийн үнээс хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийн үнэ 1,202,582,040 /нэг тэрбум хоёр зуун хоёр сая таван зуун наян хоёр мянга дөчин/ төгрөгийг хариуцагч Г.Э нараас гаргуулах, мөн С.А, Б.Ү нарыг өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 00-р хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангийн эзэмшлийн нэгж талбарын 0000 дугаар бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн С.А, Б.Ү нарыг С ХХК /РД:00000 /, И ХХК /0000 /, Ц ХХК/РД:0000 /-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, компани тус бүрийн ногдох хэсэг 40 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Ө.С, өмгөөлөгч Г.Б, хариуцагч Г.Э, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагч С.А, хариуцагч С.А итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага нь С.Аг талийгаач А.С хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, дараагийн шаардлага нь охин С.А болон Б.Ү нарыг А.С өвлөгдсөн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 00-р гудамж, 00-ийн 0-ын 0 тоот газрын гэрчилгээний дугаар 0000 дугаартай эзэмшил газар, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Шар хадны 00-р гудамж, 00-ийн 0-ын 0 тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 0000 дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж, 00 тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 0000 дугаартай хүнсний зоорь, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Толгойт хүнсчдийн гудамж, 00 тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 0000 дугаартай хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн 00-р хороо, 00 дүгээр байрны 00 тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 0000 дугаартай орон сууц гражийн хамт, Чингэлтэй дүүргийн 00-р хороо, Гэрэл төвийн зүүн талд байрлах газар газар эзэмших гэрчилгээний 0000 дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дүгээр гудамж, 00 тоот газар эзэмших эрхийн 0000 дугаартай газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар 0000 дугаартай байшин, Lexus 570 улсын дугаар 0000 авто машины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгүүдийн зах зээлийн үнээс хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийн үнэ 1,202,582,040 төгрөгийг хариуцагч Г.Э нараас гаргуулах юм. Мөн С.А, Б.Ү нарыг талийгаач А.С өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 00-р хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангийн эзэмшлийн талбарын 0000 дугаар бүхий газрын газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, газар эзэмшигчээр С.А, Б.Ү нарыг бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай, нэхэмжлэлийн 5 дахь шаардлага нь С.А, Б.Үнарыг талийгаач А.С өвлөгдөх хөрөнгө С ХХК регистрийн дугаар:0000 компанийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт С ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай. Нэхэмжлэлийн 6 дахь шаардлага нь С.А, Б.Ү талийгаач А.С өвлөгдөх хөрөнгө И ХХК регистрийн дугаар:0000-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 40 хувийн хувьцаа эзэмшигчээр буртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай. Нэхэмжлэлийн 7 дахь шаардлага нь С.А, Б.Ү-г талийгаач А.С өвлөгдөх хөрөнгө Ц ХХК /регистрийн дугаар:0000 /-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны үйл баримтыг нэхэмжлэгч өөрөө тайлбарлана гэв.
Нэхэмжлэгч: Б.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2011 оны 11 сард талийгаачтай танилцаж байсан. Бид 2015.08.17-ны өдөр хайртай охиноо өлгийдөн авч байсан. Намайг Солонгос улсад төрөх үед талийгаач нь өөрийн дүүгийн хамт байсан. Мөн талийгаач нь Солонгос улсын хууль зүйн яамны сайдаас охиноо өөрийн нэрээр овоглох хүсэлт гаргаж өөрийн нэрээр овоглосон байдаг. Мөн миний охины нэрийг талийгаач аав нь өгч байсан. Миний хань 2016.12.16-ны өдөр нас барсан гэдийг талийгаачийн дүү А.Б надад хэсэн. Тухайн үед надад маш хүнд хэцүү байсан. Миний охин 1 нас 4 сартай байхдаа аавыгаа алдсан. Миний хувьд сэтгэл санааны үнэхээр хүнд байдалд орсон. Түүнээс хойш одоог хүртэл уг цочролоос гарч чадахгүй өөрийгөө илэрхийлэх чадвар муудаж, сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа. Талийгаачийн төрсөн ганц охин нь хууль ёсны өвлөгч байсаар байхад одоог хүртэл эрхээ эдэлж чадахгүй байгаа тул шүүх үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ү нь өөрийгөө болон өөрийн охин С.А-г төлөөлөн өв хүлээн авах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн нотариатч С.Г-д 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус 2 удаа гаргасан байдаг бөгөөд өвлөх эрхийн маргаан байгаа учир өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөгдсөн болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл талийгаачийн өвлөгдөх хөрөнгүүдийг хариуцагч нар авсан нөхцөл байдалтай юм. Талийгаачийн төрсөн охин С.А мөн гэдэгт маргаан байхгүй. Иймд Иргэний хуулийн 520.1-д зааснаар С.А нь хууль ёсны өвлөгч болно. Харин нэхэмжлэгч Б.Үгийн хувьд өөрийгөө хууль ёсны өвлөгч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн С.А-г хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагад өвлөгдчихсөн хөрөнгө, өвлөгдөх хөрөнгө, өвлөгдчихөөд хүчингүй болсон гурван төрлийн хөрөнгө байгаа, хариуцагч Г.Э, С.Амаржаргал, С.А нар нь 2017.10.19-нд Хан-Уул дүүргийн 000 дугаартай нотариатч Б.Батсүрэнд хандан талийгаач А.С хөрөнгө болох дээр дурдсан хөрөнгүүдийг өвлөөд авчихсан байгаа. Үүнд: Авто машин, газар, хувийн орон сууц, барилга, байшин гэх мэт нийт 9 хөрөнгийг хариуцагч нар өвлөн авахдаа өөрсдөөс нь өөр өвлөгч байгаа гэдгийг мэдэж байсан боловч өвлүүлээгүй юм. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан үйл баримт юм. Нэгэнт өвлөгдчихсөн байгаа хөрөнгийг Иргэний хуульд зааснаар мөнгөөр гаргуулж болно, иймд Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532-р зүйлд заасны дагуу зах зээлийн үнийг тогтоож түүнээс оногдох хэсэг 1.202.582.040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлага нь Сүхбаатар дүүргийн 00-р хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн эзэмшлийн гэрчилгээний 0000 дугаар бүхий газрын газар эзэмших эрхийг өвлөж авахаар дурдсан байгаа. Нэхэмжлэлийн 5 дахь шаардлага нь талийгч А.С анх С ХХК-ийг үүсгэн байгуулж 100% хувьцаа эзэмшигч нь талийгаач өөрөө байсан. Гэтэл хариуцагч нь Сүхбаатар дүүргийн нотариатч Т.О-н 2016.12.23-ны өдөр олгосон 00 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр С ХХК-ийг өөрийн нэр дээр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж авсныг Давж заалдах шатны шүүхийн 0000 дугаартай магадлалаар хүчингүй болгосон. Өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон нь С ХХ Кнь хууль ёсны өв хөрөнгө болж байгаа юм. С ХХК-ийн хувьцаа 100% түүнийг 4 хууль ёсны өвлөгч өвлөж байгаа тохиолдол 25% хувьцаа ногдоно гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 6 дахь шаардлага нь И ХХК, Ц ХХК-ийн хувьцааг талийгаач эзэмшдэг учир хууль ёсны өвлөгч С.А-д ногдох хувьцааг ногдуулж өгнө үү, өвлөгдсөн хөрөнгүүдээс оногдох хэсгийг мөнгөөр, харин өвлөгдөөгүй байгаа хөрөнгүүдийн тухайд хувьцаа болон эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтэй байгаа. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Мод боловсруулах үйлдвэрт инженерээр ажиллаж байхдаа нөхөр А.С-тэй танилцан хуримлаж айл гэр болж 30 жил хамт амьдарсан юм. Миний хань 2016.12.11-ний өдөр өөрийн гэртээ хүү С.А, охин С.А, эхнэр Г.Э бид нарынхаа дэргэд нас барж бидэнд нөхөгдөшгүй хүнд гарз, уй гашуу тохиолдсон юм. Миний нөхрийг нас бараад удаагүй байхад, бидний уй гашуу дуусаагүй байхад, Үржинсүрэн гарч ирээд би А.С хүүхдийг гаргасан өмч хөрөнгөнөөс нь авна гэж ёс зүйгүй, ёс суртахуунгүй, авирласан нь надад болон хоёр хүүхдэд маань маш хүнд тусч сэтгэл санааны гүн хямралд бид орсон. Б.Ү нь Баянчандмань суманд манай компанийн малчны хажууд аав, ээж, эцэггүй нэг хүүхэдтэйгээ мал малладаг байсан ба анх манай компаниас аав Д.Б-н хамтаар зээлийн гэрээ хийж 40.000.000 төгрөг зээлж байсан. Бид хоёрын 30 жилийн амьдралыг, миний нөхөр А.С-г хамгийн сүүлд эхнэр Г.Э, хүү С.А, охин С.А нарын хамт амьдарч байсан гэдгийг хорооны засаг даргын тодорхойлолт болон 2016 оны хүн амын, өрхийн бүртгэлийн дэвтэр, Монгол улсын хүн амын статикийн тооллого, манай хүүхдүүд, хоёр талын ах дүү болон гэр бүлийн найзууд , ажлын хамт олон бүгд гэрчилж байхад Үржинсүрэн нь миний талийгаач нөхөртэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэж худлаа ярьж, намайг гүтгэж доромжилж байгаад би маш их гомдолтой байдаг. Тэрээр элдэв худал үнэн баримт цуглуулж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “А.С-тэй хамтын амьдралтай байсан“ хэмээн нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.26-ны өдрийн 0000 дугаартай магадлалаар тогтоосныг би сүүлд мэдсэн юм.Тэр шүүх ийм шийдвэр гаргахдаа албан ёсны гэрлэлтийн баталгаатай амьд сэрүүн байгаа А.С эхнэр болох намайг оролцуулахгүй надад мэдэгдэхгүйгээр шийдвэрлэсэнд их гайхаж байгаа юм. Мөн Б.Үгийн хүүхэд С.А нь миний нөхөр А.С-гээр овоглосон байдаг. Яагаад хэрхэн ямар арга замаар ийм үйл ажиллагаа явагдсаныг би мэдэхгүй байгаа, миний нөхөр А.С биологийн болоод физиологийн хувьд үр тогтоох чадваргүй хүн байсан юм. Түүний амьд сэрүүнд бид үр хүүхэдтэй болох гэж дотоод болон гадаад оронд эмчилгээ хийлгэж байсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдлын талаар гаргасан Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн архиваас авсан лавлагаа үүнийг гэрчилнэ. Ер нь бол 1995-2005 онуудад шинжилгээ хийлгэж байсан бөгөөд манай нөхрийн эр бэлгийн эс байхгүй гэсэн шинжилгээний хариунууд гараад байсан нь миний нөхөр Сосорсүрэнг үр тогтоох чадваргүйг гэрчилнэ. Ийм ч учраас миний нөхөр бид хоёр 45 хоногтой нялх ихэр хүүхдүүд үрчилж аваад өнөөг хүртэл сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн юм. Өнөөдөр би 2 хүүхдийн хамт үлдэж, сэтгэл санааны хүнд байдалд орж компани их өр зээлтэй байгаа ч гэсэн миний нөхөр А.С-гээр овоглосон Аззаяа гэдэг хүүхдийн төрсний гэрчилгээ гарч ирсэн тул бид А.С-д ногдох эд хөрөнгөөс энэ хүүхдийн хууль ёсны дагуу өвлөх эрхтэй маргахгүй гэж шийдээд байтал, Ү нь энэ хүүхдээр далимдуулж, их хөрөнгө мөнгө салгаж авах гээд шунаад байгаад нь би их эмзэглэж байна. Би эх хүн эмэгтэй хүнийхээ хувьд тэр нялх хүүхдийг өрөвдөн хайрлаж 30 жил ханилсан ханийнхаа ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ ханийнхаа булшийг ухаж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй байгааг ойлгоно байх, шүүхийн үйл ажиллагаанаас болоод хоёр, гурван жил хөдөлгөөнгүй байгаа байдал нь манай компанийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж банк, Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн өрөнд хураагдах магадлалтай байна. Б.Ү болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар манай компанид нэг өдөр, нэг цаг ажиллаж хөдөлмөрлөж хувь нэмрээ оруулаагүй байж өгье гэсэн хөрөнгийг авахгүй улам илүү шунаж, хүний зовлонгоор ашиг хонжоо олох гэсэн зорилготой байгаа нь шударга бус үйлдэл гэж би бодож байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дундын өмчлөлийн хөрөнгийн тухай товч тайлбар хэлмээр байна. Монгол Улсын Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дах хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна. Үүнд 126.2.1 гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө. 126.2.2 гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө. 126.2.3 ногдол хувь, үнэт цаас. 126.2.4 гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө. 126.2.5 гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал гэж заасан байдаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж тус тус заасан байна. Иймд цаашид энэ нэхэмжпэлтэй холбогдон яригдах бүхий л эд хөрөнгө нь энэ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг зориуд тэмдэглэж байна. Ингээд нэгэнт асуудал шүүхэд ирсэн учраас гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг дараах байдлаар өвлөвөл зохино гэж үзсэн. Доорх хөрөнгүүдийг нэхэмжпэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч үнэлгээчин томилоод үнэлүүлсэн байгаа. Үүнд: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00-р байрны 00 тоот нийтийн амины орон сууцны тухайд Г.Э нь нөхөр А.С-тэй гэр бүл болоод хамт амьдрах хугацаандаа 1999 онд Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00-р хорооллын 00 дугаар байрны 000 тоот 00 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Энэ орон сууцыг тухайн үед зөвхөн Г.Э-ын нэр дээр худалдан авсан. Улмаар 2012 оны 7 дугаар сарын 66-ны өдөр уг байрыг худалдаад энэ мөнгөөрөө Хан-Уул дүүргийн 00-р хороо, 00-р байрны 00 тоот амины орон сууцыг худалдан авсан юм. Авсан цагаасаа хойш гэр бүлээрээ энэ орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тиймээс энэ үл хөдлөх хөрөнгө нь А.С, Г.Э, С.Амаржаргал, С.А нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний “Тод үнэлгээ” компаниас дээрх орон сууцыг 456,647,400 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 114,161,850 төгрөг болж байна.Энэ орон сууцаас миний нөхөр А.С өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 114,161,850 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.Амаржаргал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 28,540,462 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ орон сууцаас С.А-д 28,540,462 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44-р байрны 3 тоот орон сууцны доорх автомашины зогсоол 00 тухайд Эдгээр автомашины зогсоолуудыг тухайн үед зөвхөн Г.Э-ын нэр дээр худалдан авсан юм. Авсан цагаасаа хойш гэр бүлээрээ энэ зогсоолуудыг өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Тиймээс энэ зогсоолууд нь А.С, Г.Э, С.Амаржаргал, С.А нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний “Тод үнэлгээ” компаниас дээрх зогсоолуудыг 51,933,300 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 12,983,325 төгрөг болж байна. Энэ автомашины зогсоолуудаас нөхөр А.С өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 12,983,325 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.Амаржаргал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 3,245,831 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ автомашины 2 зогсоолоос С.А-д 3,245,831 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Баянзүрх дүүргийн 0-р хороо, Шар хад-00 гудамж 00” тоот хаягт байрших 389 м.кв газар болон байшингийн тухайд эдгээрийг И ХЗХ байгуулан Г.Э захирлаар нь ажиллаж байх үед зээлийн барьцаанд тус хоршоонд шилжиж ирсэн. Уг газар, байшинг тухайн үед нөхрийн нь нэр дээр шилжүүлэн авсан, энэ гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний “Т” компаниас уг газар.байшинг 21,192,400 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 5,298,100 төгрөг болж байна. Үүнээс нөхөр А.С өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 5,298,100 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.А, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 1,324,525 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид үүнээс С.Ад 1,324,525 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00-р гудамж, 000 тоот 490 м.кв газар болон байшингийн тухайд эдгээрийг мөн “И” ХЗХ байгуулан Г.Э захирлаар нь ажиллаж байх үед зээлийн барьцаанд тус хоршоонд шилжиж ирсэн . Уг байшин, газрыг тухайн үед нөхрийн нь нэр дээр шилжүүлэн авсан, энэ гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Гэхдээ байшин нь 2015 онд гал алдаж шатсан юм. Үнэлгээний “Тод үнэлгээ” компаниас уг шатсан байшин болон газрыг 8,039,000 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 2,009,750 төгрөг болж байна. Энэ байшин, газраас нөхөр А.С өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 2,009,750 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.Амаржаргал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 502,437 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ газраас С.Ад 502,437 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 00 тоот болон 00 тоот зоорины тухайд эдгээрийг талийгаач “Ноён-Уул трэйд” компаниас өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Энэ мөн ялгаагүй энэ гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний “Тод үнэлгээ” компаниас эдгээрийг 302,121,200,төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 75,530,300 төгрөг болж байна. Энэ зоориноос нөхөр А.Сөвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 75,530,300 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.А, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 18.882.575 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ зоориноос С.А-д 18.882.575 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Япон Улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёото Лексус-570 маркийн суудлын автомашины тухайд энэ автомашиныг нөхрийн хамт 2011 онд худалдан авсан юм. Энэ автомашинаараа хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх.авах, хамт ажилдаа явах гэх мэтээр гэр бүлдээ хэрэглэдэг байсан. Одоо ч хэрэглэж байгаа, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний “Т” компаниас уг автомашиныг 75,000,000 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 18,750,000 төгрөг болж байна. Энэ автомашинаас нөхөр А.Сөвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 18.750.000 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э, С.А, С.Амаржаргал, С.А нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 4,687,500 төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ автомашинаас С.Ад 4,687,500 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно. Ингээд гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс Нийт 57,183.330 төгрөг нэхэмжлэгчид өвлөгдөхөд татгалзахгүй болно. С ХХК-ийн эзэмшдэг газрыг нэхэмжлэлд 2.000.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ газар нь А.С хуваарьт өмч биш анхнаасаа С ХХК-д бүртгэлтэй Гэрэл төвийн зүүн талд байрлах газар нь тухайн хуулийн этгээдийн нэр дээр болох нь тогтоогдсон тул хасаж тооцож байгаа. С ХХК нь 1.268.011.980 ширхэг хувьцаатай. Энэ хувьцааг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваахад нэг гишүүнд 317.002.995 ширхэг хувьцаа ногдож байгаа. Үүнээс А.С хувьцааг 4 хүнд хуваахад 79.050.748 ширхэг хувьцаа өвлөгдөх нь байна. Энэ байдлаар хувьцааг өвлөн авахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч тал Шарга морьтын газарт өргөдөл өгсөн байгаа гэж байна. Газар эзэмших өргөдлийг эрх бүхий байгууллагад өгнө гэдэг нь эзэмших эрхийг нотлох зүйл биш. Тэр өргөдөл хүсэлтийг эрх бүхий байгууллага хүлээж аван хэлэлцэж иргэнд олгох боломжтой эсэх нь шийдвэрлэгдсэн шийдвэр гарах ёстой байдаг. Энэ нь өнөөдөр хавтас хэрэгт байхгүй байна. Хариуцагч нар нь энэ газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байгаа. Хэрэв хариуцагчийн нэр дээр шилжүүлчихсэн бол тухайн газрыг өгөх эсэх болон хэдэн төгрөгөөр үнэлж өгөх талаар маргаан болох талтай. Тийм учир тус газрыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэх боломжгүй юм. И ХХК болон Ц ХХК гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. Тийм учир тус компаниудыг гэр бүлийн гишүүдэд хуваахад нэг хүнд 25% ногдож байгаа. А.С хувийг 4 өвлөгчид хуваахад нэг хүнд 6.25% хувьцаа ногдоно. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа компаниудын хувьд мөнгө ярихгүй гэсэн учир хувьцааг хувиар нь тооцож шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч С.А итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бичгээр тайлбараа өгсөн. Түүнийгээ дэмжиж оролцож байна. Нэмэлт тайлбар хэлэхэд логикийн алдаатай зүйл болоод байна. Шүүх өмнөх хуралдаанд С.А нь өвлөгч учир түүнийг өвлөгчөөр тогтоох шаардлагагүй гэсэн байдаг. Түүнд гомдол гаргасан гэдгийг хэлж байна. Иргэний эрх зүйн харилцаа үүсэхтэй холбоотойгоор хэлэхэд дэс дарааллын алдаа гарч байна. Нэхэмжлэгч тал С.Аг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэж байгаа бол өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоолгох тухай тайлбар гаргах ёстой. Түүнийг тогтоосны дараагаар энэ хүн шаардах эрхтэй эсэх талаар ярилцана. Иргэний хуульд зааснаар хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гээд байгаа бол одоогоор шаардах эрх нь үүсээгүй гэж үзэж байна. Шаардах эрх нь үүсээгүй байгаа учир нэхэмжлэлийн 6 шаардлага нь үндэслэлгүй гэж миний зүгээс бодож байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Л.Н ын хэлснээр нэхэмжлэгчид өвлөгдөх хөрөнгийг өвлүүлэхэд татгалзах зүйлгүй. Манай зүгээс нэхэмжлэгч С.А-г хууль ёсны өвлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч С.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ухаан орсон цагаас минь эхлэн аав ээж хоёр минь ихэр дүү С. А бид хоёрын хамт инээмсэглэн, хөгжилдөн байх дурсамжууд маань бодолд тодхон. Балчир насандаа аав ээжийгээ инээлгэж уурлуулж байсан үе олонтой бөгөөд үүн шиг дурсамжууд дахин үүсэхгүй нь харамсалтай. Бага насандаа ихэр бид хоёр хамтдаа өдрийг өнгөрүүлэн, үд өнгөрөхөд аав ээжийг угтаж аван,оройн хоолоо хамтран хийж идээд, дараа нь гадаа гаран зундаа ширээний теннис, сагс, өвөлдөө тэшүүрээр хоккей тоглодог байсан билээ. Бага сургуулиа төгстлөө ихэр бид хоёрыг минь аав ээж маань өглөөний эхний цагт сэрээн хувцаслаж, нойрондоо умбаж буй бид хоёрыг машинд суулган өглөө бүр хүргэж өгдөг байсан билээ. Хичээлээ тарсны дараа ихэртэйгээ хамт аав ээжийнхээ ажил дээр очиж хурлын өрөөнд суун даалгавраа хийж мөн хааяа даа үймүүлж аав ээждээ загнуулж байсан. Тэгээд тэдний ажил тарахад бүгд хамт гэр рүүгээ явдаг байсан бөгөөд зарим тохиолдолд замдаа нойрондоо автсан бид хоёрыг аав минь тэвэрч оронд маань оруулдаг байсандаа. Ихэр бид хоёрыг минь ахлах сургуульд ороход ч өглөө ихрийг минь сургуульд хүргэж өгсний дараа намайг сургуульд минь буулгаад аав ээж маань хамт ажил руугаа явдаг байсан билээ. Мөн үдээс хойш ихэр бид хоёр гэртээ ирж оройн хоолоо ээлжлэн хийж орой ажпаасаа ирэхэд нь аав ээжийгээ оройн хоолоор угтдаг байсан юм. Харин амралтын өдрүүдээр бид гэр бүлээрээ агаарт гаран тоглодог байсан билээ. Зарим амралтын өдрүүдээр аав ээж бид гурав Богд ууланд гарч өнгөрөөдөг байлаа. Зундаа ихэр бид хоёр ахынхаа зуслан дээр байж ажлын өдрүүдэд аав ээж хоёр минь өглөө мөн л адил хамт гаран орой хамт даа ирдэг байсан билээ. Зуны амралтын өдрүүдэд хамаатнууд бөөнөөрөө цуглаж цагийг бүр ч илүү зугаатай өнгөрүүлдэг байсан юм. Хамгийн сүүлд 2016 оны зун аав ээж, ихэр бид хоёр болон аав ээжийн найзуудтай хамт Архангайн нутаг руу явж ихэр бид хоёр нүд тайлж байсан. Архангайд байх үедээ аав найзуудтайгаа загасчлан мөн аав маань ихэр бид хоёрт хэрхэн загасчлахыг зааж өгч байсан билээ. Манай гэр бүл, аав ээж ихэр бид дөрөв аз жаргалтай элэг бүтэн амьдран суусан билээ. Харин харамсалтайгаар 2016 оны 12-р сарын 11-ний өдөр сэтгэл зүссэн гэнэтийн хагацалтай учирсан юм. Ээж минь амьдралын бүхий л мөчөө хамт өнгөрүүлж байсан ханиа алдаж, харин би намайг хайрлан энхрийлэн эрхлүүлэн өсгөсөн аавыгаа алдсан юм. Аав маань нас барах өдрийн орой ихэрт минь хэрхэн зангиа зүүхийг зааж өгч, дараа нь намайг дуудаж би хамгийн сүүлийн удаа аавдаа үнсүүлж эрхэлсэн юм. Энэ их уй гашуудал ээж, ихэр бид гурвын сэтгэлд одоо хүртэл хоосрон сууна. Гэтэл энэхүү зовлон дуусаагүй байхад нэмж, Ү гэх эмэгтэй аавын минь нэрийг барин худал хуурмаг зүйлийг түгээж ээжийн минь сэтгэлийг өвдүүлэн, шаналган гарч ирсэн юм. Ихэр бид хоёр маань энэ явдлын талаар хожим мэдсэн бөгөөд аавыгаа алдсан шарх минь эдгэрээгүй байхад дахин сэдэрсэн мэт санагдсан билээ. Үлдээгээд одсон аавын минь нэрийг барьж манай гэр бүл рүү Үржинсүрэн нь ард үлдсэн бидний сэтгэлд хүйтэн хөндийг үүсгэж заль мэхээр халдаж байгаа нь дүү бид хоёрт сэтгэлийн их шаналгааг авчирсан. Үүнээс болж би гадаадын их сургуульд орох хүслээ орхиж энэ үйл явдал шийдэгдтэл ээжийнхээ хажууд дэм болж үлдэхээр шийдсэн юм. Миний бие тэр эд хөрөнгө өвлөх ёстой гэх шүүхээр яваад байгаа асуудлын нарийн ширийнийг ойлгохгүй байгаа. Гэхдээ өнөөдрийн байгаа манай гэр бүлийн эд хөрөнгө болон манай гэр бүлийн “С ХХК нь манай гэр бүлийн хөрөнгө гэдгийг маш сайн мэднэ. Энэ бүх хөрөнгийг миний ихэр бид хоёрын нүдэн дээр аав ээж хоёр минь хамтран бий болгосон юм. Аав маань ихэр бид хоёрт “Та хоёр энэ компанийг насанд хүрээд өвлөн авч үргэлжлүүлэн авч явна шүү” гэж үргэлж хэлдэг байсан юм. Сүүлийн хэдэн жил миний ихэр бид хоёр компанийн ажилд багагүй хэмжээгээр тусалж мэйл бичих, гадаад түнш нартай холбогдох, бүтээгдэхүүний судалгаа хийх гэх мэт зүйлсийг хийж хувь нэмрээ оруулж байсан билээ. Би өөрийн гэр бүлийн хөрөнгийг хэн нэгэн нь шүүхээр булаан авна гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би Үржинсүрэн гэх эмэгтэйн өргөдлийг уншсан. Би тэр нэхээд байгаа зүйлийг бүгдийг нь зөвшөөрөхгүй байгаа. Аав ээжийн минь хүч хөдөлмөрөөрөө босгосон энэ компанийг Ү гэх эмэгтэй ганц дусал хөлс хүч, хөдөлмөр нэмэрлээгүй мөртлөө хэсэгчлэн авна гэж байгаа нь надад утга учиргүй шударга бус санагдаж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ү-гийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэлээ.
Талийгаач А.С өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.Ү нь өөрт болон охин С.А-д ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн байх бөгөөд охин С.А Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар түүний ашиг сонирхлыг төлөөлж эх Б.Ү нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага удаа дараа өөрчлөгдөж байсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсан гэх нэхэмжлэлийг дэмжиж тус шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.
Дээрх 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлдээ “С.А, Б.Ү нарыг талийгаач А.С хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.А, Б.Ү нарыг талийгаач А.С өвлөгдсөн эд хөрөнгө Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Шар хадны 00-р гудамж 00-ийн 00-ын Б тоот 0000 дугаартай эзэмшил газар, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Шар хадны 00-р гудамж 00-ийн 00-ын Б тоот 0000 дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт хүнсчдийн гудамж 00 тоот 000 дугаартай хүнсний зоорь, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Толгойт хүнсчдийн гудамж 00 тоот 0000 дугаартай хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн 00-р хороо 00 дүгээр байрны 00 тоот 0000 дугаартай орон сууц гаражийн хамт, Чингэлтэй дүүргийн 00-р хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах 0000 дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дүгээр гудамж 000 тоот 0000 дугаартай газар, 0000 дугаартай байшин, Lexus LХ570 Улсын дугаар 0000 арлын дугаар 00000 бүхий автомашины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгүүдийн зах зээлийн үнээс хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийн үнэ 1,202,582,040 /нэг тэрбум хоёр зуун хоёр сая таван зуун наян хоёр мянга дөчин/ төгрөгийг хариуцагч Г.Э нараас гаргуулах, мөн С.А, Б.Ү нарыг өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн эзэмшлийн нэгж талбарын 0000 дугаар бүхнй газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, мөн С.А, Б.Ү нарыг С ХХК/РД:0000 /, И ХХК /РД:0000/, Ц ХХК/РД:0000 /-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, компани тус бүрийн ногдох хэсэг 40 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, шаардсан мөнгөний үнийн дүнгийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Ү өөрийгөө талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийн баримтаас үзэхэд А.С 2016.12.11-ний өдөр нас барсан байх бөгөөд талийгаач А.С тэй нэхэмжлэгч Б.Үг хамтын амьдралтай байсан гэх, тэдний дундаас 2015.08.17-ны өдөр охин С.А төрсөн болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.26-ны өдрийн 0000 дугаар магадлал, 2017.12.07-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон байна.
Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч байх тул охин С.А-г талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим хөрөнгүүдийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр талийгаач А.С, хариуцагч Г.Э нар хууль ёсны гэр бүл болох нь 757 тоот гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул Г.Э болон тэдний хүүхдүүд С.Амаржаргал, С.А нар хууль ёсны өвлөгч бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгүүдийг мөн адил хэмжээгээр өвлөх эрхтэй болно.
Талийгаачийн нэрээр овоглосон охин С.А-гийн төрсний гэрчилгээ байгаа гэх үндэслэлээр түүнийг талийгаачийн хууль ёсны өвлөгч болохыг хариуцагч Г.Э нар зөвшөөрсөн, харин нэр бүхий өвлөгч нарт оногдох хэмжээний талаар талууд маргажээ.
Нэр бүхий хууль ёсны өвлөгчдийн хооронд маргаан гарсан тул Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгт байгаа баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгодог бөгөөд 2015.08.17-нд төрсөн охин С.А дээрх хуульд заасан гэр бүлийн гишүүнд хамаарахгүй, тэрээр нас барагчийн нэрийг авсан, түүний төрсөн хүүхэд болно.
Талийгаач А.С, Г.Э нар 1989.06.10-ны өдөр гэр бүл болсон байх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж зааснаар маргаж буй дээрх эд хөрөнгүүд нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1-126.2.3-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.
Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, талийгаач А.С-д ногдох хэсгийг нэр бүхий 4 өвлөгчид хувааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Тод үнэлгээ ХК-ийн үнэлгээг үндэслэн
-Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Шар хад00 гудамж 000 тоот хаягт байрлах 389 м.кв газар болон байшингийн үнэ 21,192,400 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 5,298,100 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 1,324,525 төгрөгийг,
-Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00-р байрны 00 тоот амины орон сууцны үнэ 456,647,400 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 114,161,850 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 28,540,462 төгрөгийг,
-Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж хүнсний зоорь /000 /-ний үнэ 302,121,200 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 75,530,300 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 18,882,575 төгрөгийг,
-Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00-р байрны 00 тоот орон сууцны доорх автомашины зогсоол /00 тоот/-ын үнэ 51,933,300 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 12,983,325 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 3,245,831 төгрөгийг,
-Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00-р гудамж, 000 тоот 490 м.кв газар болон байшингийн үнэ 8,039,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 2,009,750 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 502,437 төгрөгийг,
-Тоёото Лексус-570 маркийн, 0000 улсын дугаартай автомашины үнэ 75,000,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 18,750,000 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 4,687,500 төгрөгийг нийтдээ 57,183,330 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ү/охин С.А/-д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөнөөс үлдэх Чингэлтэй дүүргийн 00-р хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар нь С ХХК-ийн өмчлөлийнх биш эзэмшилд бүртгэлтэй болохыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.29-ний өдрийн 000 дугаар тоотоор, Сүхбаатар дүүргийн 00-р хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн газар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020.08.04-ний 0000 албан тоотоор тус тус тогтоогдсон, өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй тул дээрх газруудын ногдох хэсгийг гаргуулах болон газар эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Б.Ү өөрийгөө хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан атлаа 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнээс ногдох хэсгийг 1,202,582,040 төгрөгөөр тодорхойлж, өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг шаардаж байгаа нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй тул талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгөөс охин С.Ад ногдох 57,183,330 төгрөгийг хариуцагч Г.Э нараас гаргуулж Б.Ү/охин С.А/-д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 1,145,398,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 40 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгахыг хүсжээ.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.З-т зааснаар ногдол хувь, үнэт цаас нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.
Хэрэгт авагдсан С ХХК-ийн дүрмийн 5.6-д “компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол Улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдэлнэ” гэж заажээ.
Шүүх хуралдааны явцад охин С.А-г С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 6,25 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг хариуцагч талаас зөвшөөрсөн тул талийгаач А.С-д ногдох хэсгийг нэр бүхий 4 өвлөгчид хувааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд охин С.Аг дээрх компани тус бүрийн 6,25 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 6,25 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4-т зааснаар охин С.А-г гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй боловч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.5-д заасан арга хэмжээ авсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2018.03.21-ний өдрийн 0000 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.08.17-нд төрсөн охин С.Аг талийгаач А.С хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, С.Амаржаргал, С.А нараас талийгаачийн өвлөгдөх хөрөнгөнөөс ногдох 57,183,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ү/охин С.А/-д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 1,145,398,710 төгрөгийг болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамжинд байрлах зуслангийн ногдох хэсгийг гаргуулах болон газар эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар охин С.Аг С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 6,25 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 6,25 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ү өөрийгөө талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 443,866 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.21-ний өдрийн 03544 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ