| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 158/2026/0012/3 |
| Дугаар | 221/МА2026/0373 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0373
Б а З д нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Г
Нэхэмжлэгч: Б а З д
Хариуцагч: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахим/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 158/2026/0012/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б а З д нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаартай Аймгийн Засаг даргын 2024-2028 оны Булган сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тухай тогтоолыг хүчингүй болгожшийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх талаар тодорхой заасан бөгөөд энэ дагуу тухайн хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны Булган сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 оны жилийн эцсийн байдлаар үр дүн хангалтгүй гэж дүгнэсэн. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгээр хурлын шийдвэр гаргах эрхийг зохицуулсан бөгөөд маргаан бүхий захиргааны актад дээрх хуулийн үндэслэлийг тусгасан нь тухайн актыг хуулийн үндэслэлтэй болохыг тодорхойлж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж тодорхойлжээ. Энэ утгаараа Хурлын бүрэн эрх нь хуралдааны үед бүрэн утгаараа хэрэгждэг бөгөөд Хурлын хуралдааны шийдвэр нь хамтын шийдвэр байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх сонгуулийн ээлжит XII хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 07 дугаар сарын тогтоолоор батлагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны II дугаар хуралдааны II/09 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэг-ийг тус тус баримтлан хууль, журмын хүрээнд хуралдааны үйл ажиллагаа явагдсан болно. Иймээс дээр дурдсан санал хураалтын дүнд үндэслэн баталсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдааны XII/85 дугаартай тогтоол нь хуульд нийцнэ гэж үзэж байна. гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Үүнд:
2. Нэхэмжлэгч Б а З дас Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-аармаргаж байна.
2.1. Анхан шатны шүүх ... хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь ...хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний Булган сэргэлт хөтөлбөрийн үйл ажиллагааг бүлэг тус бүрээр нь үнэлж, бүгд үйл ажиллагааг 82.3% гэж үнэлснийг 55% болгож бууруулахдаа аль бүлэг, зорилт, үйл ажиллагааны аль хэсгийн хэрэгжилтийг ямар хэмжээгээр бууруулан үнэлснийг тодорхой илэрхийлэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд XII дугаар Хуралдааны тэмдэглэлд ийм агуулга тусгагдаагүй байна ... дээрх нөхцөл байдал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагааны хэрэгжилтийг үр дүн хангалтгүйгэж үнэлэхэд зохих хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн болохыг үгүйсгэхгүй бөгөөд Булганы сэргэлт хөтөлбөрөөс 2025 онд хэрэгжүүлсэн гүйцэтгэлийг бүрэн тайлагнах, үнэлүүлэх Засаг даргын эрхийг зөрчжээ ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн IV/25 дугаартай Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны Булган сэргэлт хөтөлбөрийг батлах тухай тогтоолоор Аймгийн Засаг даргын 2024-2028 оны Булган сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг 1 дүгээр хавсралтаар, хяналт шинжилгээ, зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, хөтөлбөр батлагдсантай холбоотой 4 арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Улмаар маргаан бүхий Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Аймгийн Засаг даргын 2024-2028 оны Булган сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийг 2025 оны жилийн эцсийн байдлаар 55,0 хувь буюу үр дүн хангалтгүй гэж дүгнэсэн.
2.3. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/82 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны Булганы сэргэлт хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн улмаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг асуудлыг хэлэлцжээ.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна гээд 11.1.1-д захиргааны акт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн хуулийн зохицуулалттай.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөвлөгөөнд 2025 оны 12 дугаар сард хэлэлцэхээр тусгасан, ... хөтөлбөрийн 2025 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийж нэг бүрчлэн дүгнээгүйгээс үүдэн хөтөлбөрийн хэрэгжилтийн холбогдох заалтуудыг хариуцан ажилласан аймгийн болон сумын Засаг даргын тамгын газрын хэлтэс, агентлаг, байгууллагын төрийн албан хаагчдад хариуцлага тооцох үндэслэл үүсч байна ... гэж тайлбарлан маргадаг.
2.7. Нэхэмжлэгч Б а З д 2024-2028 оны үйл ажиллагааны Булганы сэргэлт хөтөлбөрийн 151 үйл ажиллагааны 2025 оны хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж 82,3 хувьтай хэрэгжүүлсэн дүнг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдааны ажлын хэсгийн ахлагч П.Л аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд танилцуулсан боловч хурлын шийдвэр, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн нийт төлөөлөгчдийн олонхын саналаар 55 хувь буюу үр дүн хангалтгүй гэж үнэлж, маргаан бүхий тогтоолыг баталснаар нэхэмжлэгч Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.
2.8. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журамд зааснаар үнэлгээ нь бодитой, нотолгоонд суурилсан, аргачлал оновчтой, эх сурвалж тодорхой байх зарчимтай гэж заасан боловч энэ нь иргэдийн Хурлын төлөөлөгчдийн санал хураалт, улс төрийн дүгнэлт, хяналтын бүрэн эрхийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.
2.9. Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бодлого хариуцсан нэгж, үнэлгээний баг 43 дугаар тогтоолын дагуу тайлан, үнэлгээ, мэдээлэл гаргах ёстой, харин Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн материалыг авч хэлэлцэхдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт өгч тогтоол гаргах бөгөөд Хурлын төлөөлөгчид заавал дээрх тогтоолд тусгагдсан хувьчилсан онооноос шалтгаалж санал өгөх эрх хязгаарлагдах боломжгүй гэж үзнэ.
2.10. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн болон техникийн журмыг тогтоосон акт боловч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Засаг даргын тайланг хэлэлцэж, улс төр-хяналтын үнэлэлт, дүгнэлт өгөх төлөөллийн байгууллагын бүрэн эрхийг хязгаарлахгүй, уг журмын хүрээнд боловсруулсан тайлан, мэдээлэл, үнэлгээний дүнг харгалзан үзэж болох боловч төлөөлөгчдийн санал хураалтаар илэрхийлэгдсэн хангалтгүй гэсэн тогтоол нь дангаараа Засаг даргын эрх, үүрэг, албан тушаалын байдалд нөлөөлөх захиргааны акт биш бөгөөд Засгийн газрын тогтоолыг баримтлаагүй гэх үндэслэл нь уг маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяалалд шууд хамааруулах үндэслэл болохгүй.
2.11. Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах буюу үр дүн хангалтгүй гэж үнэлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг хэлбэрийн талаас шалгах учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн ардчилсан зарчмын дагуу олонхоор шийдвэрлэсэн асуудлын хүрээнд чиг үүргээ биелүүлсэн эсэх зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй буюу энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.
2.12. Түүнчлэн Анхан шатны шүүх ... хариуцагч нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцэн, дүгнэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэвч хуанлийн жил нь 12 сараас бүрдэх бөгөөд хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нь хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 оны эхний 11 сарын гүйцэтгэлийн хэмжээгээр үнэлж дүгнэсэн ... хэмээн дүгнэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Тайлагнах цаглавар-ын 8-д Аймаг нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр жил бүр-ийн 02 дугаар сарын 10-ны дотор гэж нэмэлт өөрчлөлт оруулсныг тэмдэглэх нь зүйтэй.
2.13. Энэ тохиолдолд хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дүгээр тогтоол батлагдахаас өмнө буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/82 дугаар захирамжаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Булганы сэргэлт хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэснийг тогтоолд заасан хугацааг баримтлаагүй гэж буруутгах боломжгүй.
Мөн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тав.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт-шинжилгээ хийх гээд 5.4-д "Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хэрэгжилтийн явц, үр дүнг тухайн тайлант хугацааны болон өссөн дүнгээр тус тус тайлагнана" гэж зааснаар Засаг дарга хэрэгжих боломжит хугацааг тооцож тайлагнах эрх нээлттэй байжээ.
2.14. Өөрөөр хэлбэл, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 55 хувь буюу үр дүн хангалтгүй гэж үнэлсэн Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх, 48.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байх төдийгүй маргаан бүхий XII/85 дугаар тогтоолыг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан хамтын шийдвэр байх тул энэ тогтоолын үндэслэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээргүй байна.
2.15. Тодруулбал, маргаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоорондын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой дотооддоо чиглэж гарсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан шинжийг агуулсан шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
2.16. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Энэхүү үнэлгээ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим төрийн албан хаагчдад арга хэмжээ авах асуудал яригдах үр дагавартай байна ... гэж дурддаг бөгөөд хэрэв энэ асуудлын хүрээнд хариуцлага тооцсон тохиолдолд тухайн хариуцлага ногдуулсан захиргааны акттай маргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б а З д Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээршийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б а З д нэхэмжлэлтэй, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн XII/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА