Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2020/0006

 

 

 

 

 

                                                

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Гомдол гаргагч: “Ц-Ө” компанийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч холбогдох,

            “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ц.Ө” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цамбагарав-1 супермаркетэд хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь хяналт шалгалт болон фото зургаар нотлогдон тогтоогдож байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулж хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураах албадлагын арга хэмжээ авсан. Тэр нь 4 нэр төрлийн 58,000 төгрөгийн хүнсний бараа байсан юм.

“Ц-Ө” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/1949 дугаар тушаалаар дотоод хяналтын комиссыг шинээр байгуулсан юм. Уг комисс нь дэлгүүрт байгаа хугацаа хэтэрсэн барааг акталж устгах, хугацаа нь дуусах дөхөж байгаа барааг 1 сарын өмнө хямдруулаад худалдах ажлыг хариуцдаг юм. Уг дэлгүүрийн ажилтнууд нь 7 цагаар 2 ээлжээр ажилладаг ба тухайн ээлжид гарч байгаа касс, борлуулагч, камер хянагч, үйлчлэгч гэх мэт хүмүүсийг менежер Б.О хариуцан ажилладаг тул тэр хувь хүнд шийтгэл хүлээлгэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл Б.О нь өөрийн  үүргээ биелүүлээгүй, бараагаа лангуунаас татаж аваагүй хариуцлагагүй үйлдлээс болж 58,000 төгрөгийн хүнсний бараа лангуунд байлгасны төлөө компанид хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө шударга бус явдал гэж үзэж байна.

Иймд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Ц-Ө” ХХК-д менежерээр ажилладаг. Мэргэжил хяналтын газраас хяналт шалгалт явуулж, “Ц-Ө” ХХК-д шийтгэлийн хуудас ногдуулсан байгаа. Тухайн 58000 төгрөгийн үнэтэй хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хямдралын лангуунаас авч устгалд оруулаагүй нь миний хариуцлагагүй үйлдлээс болсон. Тийм учраас буруутай этгээд нь “Ц-Ө” ХХК биш, ажлаа хариуцлагатай хийж чадаагүй миний буруу байсан. Тиймээс “Ц-Ө” ХХК-д оногдуулсан Мэргэжлийн хяналтын газрын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульч өмгөөлөгч Х.Тасхын миний бие “Ц-Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Огийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хуульд заасан үндэслэлээр хамгаалж оролцоно гэдгээ илэрхийлье.  “Ц-Ө” ХХК нь хариуцагчаас гаргасан маргаан бүхий актыг үндэслэлгүй гэж үзэж, холбогдох хууль тогтоомжид зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл, дээд шатны албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдлоо гаргаж,  шийдвэрлүүлсэн. Маргаж буй  үндэслэл нь тухайн зөрчлийг нэхэмжлэгч талаас  тайлбарлахдаа аж ахуйн нэгж байгууллага биш, хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж зөрчил гарсан. Хувь хүнд оногдуулах ёстой. Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрсөн хувь хүн менежер Б.О асуудлыг хүлээх ёстой. Энэ тохиолдолд зөрчилд тохирсон арга хэмжээ авахыг хүсэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хэрэв үгүй гэдэг байдлаар хандвал тухайн аж ахуйн байгууллагын ямар буруутай үйл ажиллагаанаас болсон бэ, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан ямар ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бэ, хуулийг ягштал биелүүлж ажилласан уу гэдгийг шүүх нэн тэргүүнд шалгаж үзэх ёстой гэдгийг хэлмээр байна.

 Энэ асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан. Зарим төрлийн холбогдох зөрчлүүдийг Захиргааны хэргийн шүүх шалгахаар хуульд зохицуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын ажиллагааг удирдлага болгоно гэж хуульд заасан учраас дэлгэрэнгүй байдлаар авч үзэж байгаа гэдгийг танилцуулъя. Зөрчлийн хэргийн материал нь өөрөө Захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт цуглуулах ажиллагаагаар цуглагдсан баримт учраас захиргааны хэргийн шүүхийн  шууд нотлох баримт гэж үзнэ.

Зөрчлийн хэргийн материалын 1 дүгээр хуудас буюу Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Айгул гэдэг хүн үйлдсэн байна. Мөн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 4 дэх заалтаар “гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогч нь уг тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан” байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зөрчлийн хэргийн материалаас үзэхэд, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг холбогдогчид танилцуулсан эсэх асуудал нь өөрөө эргэлзээтэй ба энэ нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолтой холбогдуулаад холбогдогчоос гомдол гаргах эрхийг хангаагүй байна гэж үзэж байна.

Зөрчлийн хэргийн материалын 2 дахь хуудаст  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол” үйлдэгдсэн байна. Хугацаа сунгуулах тухай саналыг мөн 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын байцаагч Х.Г үйлдсэн. Энэ санал нь өөрөө хугацаа сунгуулах тухай, гэтэл удирдлага болгосон хуулийн зүйл заалт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байна. Тэгэхээр хугацаа сунгах тогтоол нь өөрөө зөв явагдсан байна уу гэдгийг Зөрчлийн тухай хуулиас харсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасан. Зөрчлийн хэргийн хугацааг сунгуулах тухай санал болон удирдлага болгосон заалт нь хоорондоо зөрүүтэй байна. Тэгэхээр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг улсын байцаагч Н.Айгул нээсэн, дараа нь хугацаа сунгуулах саналыг улсын байцаагч Х.Г гаргаж байгаа мөртлөө удирдлага болгож байгаа заалт нь өөрөө эргэлзээтэй.

Гэхдээ дээд шатны албан тушаалтан үүнийг залруулаад тухайн хугацаа сунгах тухай тогтоолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасныг удирдлага болгож тогтоож, зөвтгөсөн. Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг шалгах хуулийн хугацаа нь 14 хоног байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тоолох юм бол 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах санал оруулаад хугацаа сунгуулах тогтоолыг гаргасан нь өөрөө хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.3-д “Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгаж болно” гэж заасан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтны эрх хэмжээ юм.

Мөн 1.4-д шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчилнө гэдгийг удирдах албан тушаалтанд хэрэгжүүлэхээр заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу зөрчлийн хэргийн материал дотроос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулах албан тушаалтныг сольсон, өөрчилсөн, хэд хэдэн албан хаагчдад үүрэг болгож, даалгасан тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр авагдаагүй байна. Тийм учраас мөн адил хуульд заасан журмыг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процессын ажиллагаа зөрчигдсөн гэж үзэж байна.

Зөрчлийн хэргийн 4 дэх хуудсанд зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл авагдсан байна. Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3-д амаар шууд, эсвэл холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна. Н.С гэдэг хүн фейсбүүк сошиалаар мэдээлэл өгсөн. Энэ хуулийн 6.2 дугаар зүйлийн 2-д гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурна гэж тэмдэглэсэн байна. Тэмдэглэлийг харахад, “гомдол мэдээллийг иргэн Н.С фейсбүүк цахим сүлжээгээр мэдээлсний дагуу” гэсэн байна.

Тэгэхээр хуульд заасан журмын дагуу явагдсан уу гэвэл үгүй. Н.С гэдэг хүн ямар хүн бэ, овог нь хэн бэ, хаана оршин суудаг, аль аймаг гэдгийг дэлгэрэнгүй байдлаар тусгах ёстой. Энэ байдлаар тусгагдаагүй учраас журам зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн гомдол мэдээлэл гаргасан гэдгийн танилцсан хэсэгт Н.С гэдэг гарын үсгийг хэн зурсан бэ гэдэг нь эргэлзээтэй.

Тэмдэглэлд гомдлыг Н.С гэдэг хүн гаргасан гэсэн. Гэтэл зөрчлийн хэргийн материалын 5 дахь хуудаст Н.С гэдэг хүн биш “Мастер” гэж байгаа. Энэ ямар учиртай вэ, нэрээ нууцалсан. Цахим орчинд “Мастер” гэж явдаг хүн Н.С мөн үү. Үүнийг албан ёсоор тодруулаагүй. Журмаараа мэдээлэл гаргагчийн бүх асуудал нь тодорхой дэлгэрэнгүй байх ёстой. Энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангах эсэгт эргэлзэж байгаа буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 3-д “... хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно” гэж заасан. Уг нотлох баримтууд нь өөрөө хуульд заасан нотлох баримтаар тооцогдох эсэх нь эргэлзээтэй. Асуулт хариултын шатанд Дамыс овогтой Мейрамбекийг хаана ямар ажил эрхэлдэг хүн бэ гэдгийг тодруулахад, Мэргэжлийн хяналтын газрын жолооч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн Д.М хөндлөнгийн гэрчээр оролцсон гэдгийг хэлсэн. Зөрчлийн хэргийн материалын 6 дахь хуудсанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр БИ84031919 бичиг баримттай, жолооч ажилтай, Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг Д.М гэрчээр оролцсон гэж тэмдэглэсэн.

Гэрч гэдэг ямар хүн байх ёстой гэдгээ хуульд тодорхой заасан. Дараагийн хуудсанд мөн адил гэрч Д.Мээс санал хүсэлт гаргаагүй гэсэн, гарын үсэг зурсан хэсэгт Д.М гэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-д хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна гэж заасан. Жолоочийн хувьд хувийн сонирхолгүй хүн байж болно. Гэхдээ тухайн хяналт шалгалтад очсон бүрэлдэхүүнтэй хамт нэг байгууллагад ажилладаг хүн байна. Тэгэхээр гомдол мэдээлэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн байцаагч нарын өмнө ийм ийм ажиллагаа дутуу, зөрчилтэй явагдсан гэдэг байдлаар тайлбар өгөхгүйн тодорхой шүү дээ. Тиймээс энэ хувийн сонирхолтой хүн гэж үзэж байна.

Гэрч гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Энэ Д.М ямар нэгэн байдлаар мэдээлэл өгсөн хүн үү, мэдээлэл өгсөн хүн бол “Мастер” гэдэг хүн шүү дээ. Мастер гэдэг нь Д.М гэж харагдаж байна. Зөрчлийн хэргийн 8 дахь хуудсанд шалгалт хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэлд мөн адил гэрчээр Д.М оролцсон гэж гарын үсэг нь явж байгаа.

Мөн нэг зүйлийг сануулахад холбогдогч Б.О гэж явж байгаа. Энэ хэрэгт хоёр холбогдогч байгаа. Өөрсдөө холбогдогчоор нэг хувь хүнийг оролцуулсан. Зөрчлийн хэргийн 11 дэх хуудсанд холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон гэрчийн мэдүүлэг авсан гэсэн байна. Холбогдогч “Ц-Ө” ХХК-ийн захирал Б.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авсан байна.  Үүнд, “Асуулт:Танай компани супермаркетаас хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил илэрсэн. Танай компанид хариуцлага тооцох болно” гэсэн. Энэ нь асуулт уу, хариулт юм уу.

Мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 3-д холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ гэж заасан. Тэгэхээр ямар мэдэгдэл үйлдсэн гэхээр холбогдогчид гэрчийн  эрх үүргийг сануулсан. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон юм шиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сануулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зааснаар холбогдогчоос мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулдаг. Түүнээс биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-д зааснаар худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлага хүлээхийг сануулахгүй. Гэхдээ процессын алдаа байж болно, үүнд маргахгүй. Зөвхөн асуулт, хариултын шатанд маргаж байгаа.

Хуулийн 4.8 дугаар зүйлийн 6-д эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж хариулт авах хэлбэрээр явуулна гэсэн заалтыг зөрчсөн гэдгийг хэлмээр байна. 6.6 дугаар зүйлийн 3-д холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Холбогдогчийн мэдүүлгээс харахад хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн зарж байснаа хүлээн зөвшөөрч байна уу гэхэд, тийм гэж зөвшөөрч байна гэсэн. Уг зөрчлийн хэрэг дотор хоёр холбогдогч байгаа. Нэг холбогдогч нь зөвшөөрсөн, нэг холбогдогч нь зөвшөөрөөгүй. Зөвшөөрсөн холбогдогч нь иргэн. Хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргасан этгээд нь өөрөө хэргийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно.

Зөрчлийн материалын 16 дахь хуудсанд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэгтэй холбоотой асуудал байгаа. Тэмдэглэлийн танилцсан хэсэгт гэрч иргэн хэсэгт Н.С гэж байгаа. Н.С гэдэг хүн тэмдэглэл үйлдсэн баримт буюу гэрчээр өгсөн мэдүүлэг хоёрын гарын үсэг нь өөр, дуурайлгаж зурсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Хоёр өөр гарын үсэг явж байгаа. Хуульд заасан журмаар бэхжүүлсэн нотлох баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй.

Шийтгэлийн хуудасны талаар тайлбарлахад, хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж хуульд заасан.

Шийтгэлийн хуудаснаас харахад 5.000.000 төгрөгийг хэзээ, хэсэгчилж төлөх үү, яаж төлөх үү гэдэг асуудлыг тусгаагүй. Мөн адил хуульд заасан журмыг зөрчсөн. Торгуулийг хэзээ ямар хугацаанд төлөхийг заагаагүй. Хуульд мэдээж 14 хоногийн дотор төлж дуусгана гэж заасан. Гэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шийтгэлийн хуудаст тусгагдсан байх ёстой зүйлүүдийг тусгаагүй явсан. Торгуулийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх ёстой гэсэн мөртлөө он, сар өдөр нь байхгүй. Дараа нь шийтгэлийг ямар хэлбэрээр төлөх ёстой вэ гэхэд, бэлнээр гэсэн байна. Эхлээд төрийн сангийн дансаар төлнө гэсэн мөртлөө дараа нь бэлнээр төлнө гэдэг нь ямар учиртай вэ.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль бид нарт хамаагүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлах ёстой. Хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар “Ц-Ө” ХХК байнга зөрчил гаргадаг, жил болгон торгуулдаг гэдэг асуудлыг ярьсан. Би “Ц-Ө” ХХК-ийн ажилтан биш учраас үүнийг би мэдэхгүй. Гэхдээ би өмгөөлөгчийн хувьд өнөөдөр нотлох баримтад тулгуурлаад ярина. Хавтаст хэрэгт өмнө торгуулж байсан талаарх нотлох баримт байхгүй.  Гэхдээ 58000 төгрөгийн төлөө 5.000.000 төгрөгөөр торгуулж байгаа асуудал нь өөрөө хэчнээн чадвартай, хөрөнгийн эх үүсвэртэй компани байсан ч хэцүү. 5.000.000 төгрөг нь тэнд ажиллаж байгаа 10 хүний цалин гэсэн үг. Тийм учраас Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтад тулгуурлаад асуудлыг хууль ёсны байх зарчмын дагуу шийдвэрлэх ёстой. Зөрчил давтагдсан гэдгийг нотолж чадаагүй. Тийм учраас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Гаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол хүнсний хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Г би, Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг Н.С 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк цахим сүлжээгээр “Ц-Ө” ХХК-ийн Цамбагарав-1 супермаркетэд хэрэглэж дуусах хугацаа  хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хямдруулан худалдан борлуулж байна гэсэн мэдээллийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэнд боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга О.Лхагважав, Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Г, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ж.Б, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.А нарын бүрэлдэхүүнтэй “Ц-Ө” ХХК-ийн Цамбагарав-1 супермаркетэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тус супермаркетийн хүнсний бүтээгдэхүүн хямдруулах лангуунаас 4 нэр төрлийн 58,000 төгрөгийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан зөрчлийг олж тогтоосон юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн 2019 оны 02 дугаар арын 21-ний өдрийн 01/111 тоот Хүнсний үйлдвэр худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт албан даалгавар гаргаж хүргүүлсэн. Уг албан даалгаврыг “Ц-Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батбилэг гарын үсэг зурж хүлээн авсан. Уг албан даалгаварт “...хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил давтагдвал Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ тооцох”-ыг сануулсан юм. “Ц-Ө” ХХК нь гомдолдоо өөрийн компанийн дотоод ажилтан Б.Ог үүргээ биелүүлээгүй гэж бичсэн байна. Компанийн захирал нь ажилтны гаргасан буруутай үйл ажиллагааг дотооддоо шийдвэрлэх, хариуцлага тооцох эсэх нь өөрсдийн эрх үүргийн асуудал юм. Тус компанийн дотоод хяналт шалгалтын ажилтан Б.О нь “Ц-Ө” ХХК-ийн ажилтан болохоос компанийг төлөөлөх, компанийн өмнөөс хариуцлага хүлээх этгээд биш. Тухайн зөрчил илэрсэн Цамбагарав-1 супермаркетэд худалдан борлуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний ашиг “Ц-Ө” ХХК-ийн дансанд ордог бөгөөд супермаркетийн бүх үйл ажиллагаа тус компанид харьяалагддаг учир байцаагчийн зүгээс торгуулийн арга хэмжээг “Ц-Ө” ХХК-д ногдуулсан болно.

Хямдралын лангуунд байсан хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан нь тогтоогдсон учраас Зөрчлийн тухай хуулийн  6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан заалтаар торгуулийн арга хэмжээ авсан.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Манай Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Г нь “Ц-Ө” ХХК-ийг хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5.000.000 төгрөгөөр торгосон. Учир нь, “Ц-Ө” ХХК нь хуулийн этгээд юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан. Хуулийн этгээд нь зөрчлийн хариуцлага хүлээх этгээд мөн. Компанийн тухай хуулийн 9.1-д “компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан.

“Ц-Ө” ХХК нь  менежерийн хариуцлагагүй байдлаас болсон, менежер өөрөө хариуцна гэж хариуцлагаас мултрах үйлдэл хийж байгаа. Нэгэнт худалдаа үйлчилгээ эрхэлж түүнээс ашиг олж байгаа компани хариуцлага хүлээх ёстой. Хяналт шалгалтын объект “Ц-Ө” ХХК учраас дотоод хяналтын ажилтан хамаарахгүй. Яагаад гэвэл манай улсын байцаагч дотоод журам тогтоож, мөрдүүлээгүй гэсэн заалтаар компанийг торгож байгаа юм биш, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэсэн заалтаар торгож байгаа. Үүнд дотоод хяналтын ажилтан хамаагүй, хэрэв дотоод хяналтын ажилтан өөрийнхөө тогтоосон эрх, үүргээ журмын дагуу хэрэгжүүлээгүй бол компани өөрийнхөө ажилтантай өөрийн дотоод журамд зааснаар хариуцлага тооцох бүрэн үндэслэлтэй.

Өмнө нь Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/111 тоот албан даалгавраар “... хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах юм бол хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье” гэж бүх хүнсний үйлдвэр эрхэлдэг компани, дэлгүүрүүдэд хүргүүлж, сануулж байсан. Тийм учраас компани хариуцлага хүлээх нь зайлшгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хяналт шалгалт хийхэд ямар нэгэн удирдамж гаргахгүй, мэдэгдэхгүйгээр очих ёстой. Удирдамж боловсруулаад очно гэсэн заалт байхгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаартай шийтгэлийн хуудас  хуулийн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ц-Ө” ХХК-иас аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Гт холбогдуулан гаргасан  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тус тус үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч,  ....  регистрийн дугаартай ...овогт Н.С “... Ц-Ө ХХК-ийн супермаркетийн хямдралын лангуунд хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байна” гэсэн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга О.Лхагважав, Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Г, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ж.Б, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Айгүл нарын бүрэлдэхүүнтэйгээр “Ц-Ө” ХХК-ийн супермаркетэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад  нийт 4 төрлийн 58000 /тавин найман мянга/ төгрөгийн  үнэ бүхий  хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн  хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байсан зөрчлийг олж тогтоосон үйл баримт нь хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг дэх Н.Сн мэдүүлэг[1], шалгалт хийсэн тухай тэмдэглэл[2], “Ц-Ө” ХХК-ийн захирал Б.Энхболд, менежер Б.О нарын мэдүүлгээр[3] тус тус тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид нь зөрчлийн үйл баримтын  талаар маргаагүй байна.

Гомдол гаргагч тал нь гомдлын шаардлагын үндэслэлээ “... хугацаа хэтэрсэн  барааг лангуунаас татаж аваагүй  үйлдэлд компанийн менежер Б.О буруутай,  хувь хүний хувьд түүнд хариуцлага хүлээлгэх ёстой, компанид хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга бус” гэж тайлбарлан маргажээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Огийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд  “... хариуцагч нь  зөрчлийг  шалгах явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, тодруулбал,  зөрчлийн хэргийг анх Н.А нээсэн байх ба хугацаа сунгах тогтоолыг  Х.Г үйлдсэн, дээд шатны албан тушаалтнаас зөрчлийн хэргийг шалгах эрх бүхий албан тушаалтныг сольсон талаар шийдвэр гарсан нь хэрэгт байхгүй, зөрчлийн хэргийг нээсэн тогтоолыг холбогдогчид гардуулсан, гомдол гаргах эрхээр хангасан эсэх нь тус тус тодорхойгүй, хариуцагчаас  үйлдсэн зөрчлийн хэргийн хугацааг сунгуулах тухай саналд    удирдлага болгосон хуулийн зүйл заалт нь буруу, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл дэх мэдээлэл гаргасан иргэний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй,  зөрчил илрүүлэх үед  хөндлөнгийн гэрчээр байгууллагын жолоочийг оролцуулсныг хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй, зөрчлийн хэргийн холбогдогчоор 2 иргэнийг тогтоож, холбогдогч Б.Э мэдүүлэг авах үед гэрчийн эрх, үүргийг тайлбарласан, мөн асуулт асууж, хариулт авах журмыг зөрчиж мэдүүлэг авсан” зэрэг үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох ёстой гэж тайлбарласан.

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т ““хүн” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тус тус заасан.

Гомдол гаргагч “Ц-Ө” ХХК нь регистрийн 30622449, хувийн хэргийн 0211002018 дугаартай, бөөний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө, хязгаарлагдмал хувьцаат компани болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны[4] баталгаат хуулбараар тогтоогдож байна.

Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн 4 төрлийн 58000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан зөрчил нь “Ц-Ө” ХХК-ийн дэлгүүрээс илэрсэн,  зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн нь компанийн менежер Б.Огийн хувь хүний хувьд борлуулж буй хүнсний  бүтээгдэхүүн биш, тухайн компанийн худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн мөн тул “хүн” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, харин “хуулийн этгээд”-ийн хувьд “Ц-Ө” ХХК нь зөрчил гаргасан, энэ зөрчлийн  улмаас бий болсон үр дагавар, хариуцлагыг тухайн хуулийн этгээд өөрөө  хүлээх  ёстой гэж дүгнэлээ.

 Харин гомдол гаргагчаас гаргасан “... компанийн менежерт хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн тайлбар нь үндэслэлгүй, компанийн менежер нь   ажил үүргийн хуваарьт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь , тодруулбал,  хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг лангуунаас татаж аваагүй үйлдэлд хариуцлага хүлээлгэх эсэх  нь  тухайн компанийн  хөдөлмөрийн  дотоод журмаар зохицуулагдах  учиртай  тул хуулийн этгээдийн гаргасан зөрчилд нь ажилтныг буруутгаж, хуулийн этгээдийн өмнөөс хүлээх ёстой хариуцлагыг ажилтанд нь   тооцож, шийтгэл хүлээлгэх  хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т ““хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг”,  11 дүгээр зүйлийн 11.1.7-т “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн гэж үзэхээр, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчихөд хүлээлгэх хариуцлагын  талаар хуульчилсан байх ба 6.15 дугаар зүйлийн   3.1-т “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн”  хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус зохицуулжээ.

Гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн дэлгүүрээс зөрчил илэрсэн, энэ нь хуулийн дээрх заалтуудад заасан “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулсан зөрчил мөн болох нь зөрчлийн хэргээр тогтоогдсон тул   Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн  1-т заасан  “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэсний дагуу холбогдогч нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой юм.

Нэгэнт зөрчил гарсан нь тогтоогдсон, энэ зөрчилд нь хуульд заасан хариуцлагыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасан эрх бүхий албан тушаалтан ногдуулсан тул зөрчлийн хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан журмыг зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан үндэслэлээр  маргаан бүхий актыг хүчингүй болгож, холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх боломжгүй, гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1,   6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ц-Ө” ХХК-иас аймгийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Гт холбогдуулан гаргасан “ “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0065982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 37-38 дугаар хуудас

[2] Хэргийн 29-31 дүгээр хуудас

[3] Хэргийн 32-36 дугаар хуудас

[4] Хэргийн 41 дүгээр хуудас