| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03147/И |
| Дугаар | 183/ШШ2020/02921 |
| Огноо | 2020-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2020/02921
2020 10 28 183/ШШ2020/02921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 0000 дугаар байр, 00 тоотод оршин суух, З овогт Г.О /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 000 байр, 00 тоотод оршин суух Б овогт Д.Э /РД:0000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.728.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э түүний өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас өмгөөллийн үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.728.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Г.О 2019 оны 11 сард 5.000.000 төгрөг зээлж буцаан төлөлгүй явсаар 2020 оны 03 дугаар сард хүү, алдангийн хамт 5.800.000 төгрөгт талууд тооцоо нийлж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээ нь 4 сарын хугацаатай гэрээ байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тийм учир манай зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар бодож зээлийн хүү бодож 6.728.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулсан түүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн зүгээс маргадаггүй, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх тухай яригдаж байсан. Анх 2019.11.22-ны өдөр 5.000.000 төгрөг өгч авалцсан байдаг. Дараагаар 2020.03.20-нд тооцоо нийлэхдээ өмнөх зээлсэн мөнгөний хүүг нийлүүлж 5.800.000 төгрөг зээлсэн гэж гэрээ хийсэн байдаг. Энэ 5.800.000 төгрөгийн 4 сарын хүү болох 928.000 төгрөгийг нэмж нийтдээ 6.728.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч төлбөрийн бартер болгож үнэт эдлэл болох хөөргийг нэхэмжлэгчид санал болгосон боловч нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”...иргэн О-с 5,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, зээлийн хүү 800,000 төгрөгийг нэмж төлөхөөр нотариатаар батлуулсан. Үүнээс хойш 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай нэмж гэрээ хийсэн. Нийтдээ 6.728,000 төгрөгийг 8 сарын хугацаатай төлөх хүсэлтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд дээрх хугацаанд зарж борлуулах хөөрөг болон бусад зүйл байгаа болно” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Г.О-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.О зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 7,728,000 төгрөг гаргуулахыг хариуцагч Д.Э-с шаардсан бөгөөд хариуцагчтай байгуулсан 2020.03.20-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна.
Хариуцагч Д.Э нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6,728,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхөөр зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, тэрээр шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Д.Э 2019.11.22-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сар 15 хоногийн хугацаагаар 5 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн хүүнд 800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд төлбөр төлөгдөөгүй тул үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 800,000 төгрөгийг нэмж нийтдээ 5,800,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар Д.Эрдэнэжаргалд зээлдүүлснээр талуудын хооронд 2020.03.20-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг татгалзаж, харин 2020.03.20-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээлийг 5,800,000 төгрөгөөр тооцож, 4 сарын хүү 928,000 төгрөгийг нэмж 6,728,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч бодит байдалд 5,800,000 төгрөг зээлдүүлээгүй байх тул шүүх 2020.03.20-ний өдрийн гэрээгээр 2020.07.20-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Талуудын хоорондын анхны тохиролцоо 1 сар 15 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийг 2019.11.22-ны өдөр зээлдүүлсэн тул үндсэн зээл 5,000,000 төгрөг, тохирсон 5 хувийн хүү 800,000 төгрөг, 2020.03.20-ний өдрөөс 2020.07.20-ний хооронд тохирсон 4 хувийн хүүг 4 сараар тооцохоор 800,000 төгрөг, нийтдээ 6,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч 6,728,000 төгрөгийг нэхэмжилсэн хариуцагч маргаагүй тул энэ хэмжээгээр хангав.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн тооцоог үндэслэн 6,728,000 төгрөгийг хариуцагч Д.Э-с гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-с зээлийн гэрээний үүрэгт 6,728,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,597 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ