| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
2024 01 08 2024/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С т холбогдох эрүүгийн 2306 00000 1547 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
А.С нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эх 1 дүгээр гудамжинд байсан иргэн Б.Н ийн эзэмшлийн Toyota prius 11 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,671,875 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 04 минутад 805403... дугаараас “.... Toyota prius 11 машин алга болсон байна, урд шөнө ачилтын машин ачаад явсан байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамж байх ба уг гудамжны урд хашааг дагуулан байршуулсан байсан гэх газарт модон хашаа байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дахь тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Тээврийн хэрэгслийн үзлэгийг .... хашаанд эхлүүлэв. Үзлэгт ямар нэгэн улсын дугааргүй, хамар буюу багажны хаалга онгорхой хөх өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон, багажин дотор цахилгааны дамжуулагч утас 1 ширхэг байв. Зүүн урд хаалгыг онгойлгоход тээврийн хэрэгслийн салон хагарсан байх ба шалавчин дээр .... улсын дугаар байв. Мөн уг тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр цэнхэр өнгийн уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ байв. Мөн тээврийн хэрэгслийн үзлэгээр .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13, 7-9 дэх тал/,
Хохирогч Б.Н ийн “Би өөрийн .... улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслээ 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжинд байрлуулж энэ цагаас хойш тээврийн хэрэгслийг хөдөлгөөгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гарахад миний байрлуулсан тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь гайхаад тухайн 1 дүгээр гудамжны камерт ачилтын машин миний тээврийн хэрэгслийг ачаад явсан байсан бөгөөд би ачилтын байгууллагууд руу залгахад миний тээврийн хэрэгсэл ачигдаагүй гэж надад хэлсэн ... Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 39 дүгээр гудамжны 534 тоот хашаанаас өөрийн алдагдсан тээврийн хэрэгслээ очиж авахад приус 11 маркийн тээврийн хэрэгслийн маань батерей солигдсон, урд гупер байхгүй байсан. Тухайн хашаанд байсан автомашин засварладаг Дөлгөөн гэх залуутай холбогдоход урд гуперыг тухайн үед ахдаа өгөөд явуулчихсан гэж ярьсан. Миний алдагдсан тээврийн хэрэгслийн маань моторын хувьд асуудал байхгүй хэвийн ажиллагаатай, мөөгөн салон хагархай, зүүн урд талын карлон эвдэрхий, хойд дугуй нь хагархай будганд оруулах шаардлагатай, явах эд ангийн ямар нэг гэмтэлгүй машин байсан ... би хулгайд алдсан гэх тээврийн хэрэгслээ буцаагаад авчихсан. Харин намайг тээврийн хэрэгслийг Дөлгөөн гэх залуугаас буцаан авах үед миний машины урд гупер байхгүй, 2 батерей нурчихсан байсан. Би 2023 оны 01 дүгээр сараас тус тээврийн хэрэгслээ гадаа ил задгай, ямар нэгэн дулаан хучлагагүй, удаан хугацаагаар тавьчихсан байсан, түүнээс болоод машины батерей нурсан байх гэж бодож байна. Миний зүгээс машины батерей дээр нэхэмжлэх зүйл байхгүй. Харин машины урд гуперыг ахдаа өгчихсөн гэх Дөлгөөнөөс гупернийхээ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17, 132-134 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч П.Д ий “А.С гэх залуутай ойролцоогоор нэг сарын өмнө танилцсан. А.С өөс ягаан өнгийн тээврийн хэрэгсэл худалдан аваад би цааш бусдад зарсан. Тэгээд надад дахиад нэг ширхэг нэр шилжихгүй, хөх өнгийн тээврийн хэрэгсэл байгаа задаргаанд авах уу гэхээр нь яагаад нэр шилжихгүй талаар асуухад манай ах хөдөө байгаа учраас шилжихгүй гэж хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө над руу А.С залгаад нөгөө хөх өнгийн приус 11 тээврийн хэрэгслээ авах уу гэхээр нь за одоо очоод авъя гэхэд өөрөө очоод үзчих, үзээд болж байвал аваарай гэсэн. Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын колонкийн хойд гудамжинд очиход тоосонд дарагдсан, дугуйны хий гарчихсан байхаар нь А.С рүү залгаад энэ машиныг үзлээ .... улсын дугаартай хөх өнгийн салон нь хагархай тээврийн хэрэгсэл мөн үү гэхэд наад тээврийн хэрэгсэл чинь мөн байна гэсэн, 1,000,000 төгрөгөөр өгөх үү гэхэд за гэхээр нь өөрийн хаан банкны данснаас А.С рүү 1,000,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр 53-13 авсан гэж бичсэн. Тэгээд ачилтын байгууллага руу залгаад тухайн тээврийн хэрэгсэл байгаа газарт дуудаад тухайн тээврийн хэрэгслээ ачуулаад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 39 дүгээр гудамжны 534 тоот хашаанд буулгаад, тээврийн хэрэгслээ задлах гэж байхад цагдаагийн байгууллагаас над руу залгасан учраас задлахаа больсон. Надад анх А.С уг тээврийн хэрэгслийн нэр шилжихгүй учир нь манай ахын нэр дээр байгаа гэж хэлсэн бөгөөд яг тээврийн хэрэгслийг худалдан авах дээрээ тулаад ах чинь хөдөөнөөс ороод ирэхээр нэр шилжүүлж болохгүй юм уу гэхэд манай ах нас барсан, үхсэн хүний яс өндөлзүүлээд яах вэ гэхээр нь би юм бодолгүй авчихсан ... тус тээврийн хэрэгсэл нь асдаггүй, явдаггүй, батерей, акумлятор нь ямар нэг цэнэггүй, урд гупер нь хагархай машин байсан. Би сэлбэгэнд задалж зарах гэж л тэр машиныг А.С өөс худалдан авсан. Тээврийн хэрэгслийн урд гуперыг фейсбүүк зарын дагуу үл таних эрэгтэйд 100,000 төгрөгөөр зарсан. Би А.С , Н хоёрт танихгүй ахад зарсан гэж хэлсэн. А.С надад 950,000 төгрөг болон машин ачилтын зардал мөнгийг төлж барагдуулсан. Бид 2-ын хооронд тооцоо мөнгөний асуудал байхгүй. Би Н ид 350,000 төгрөг өгч чадахгүй, угаасаа хагархай гупер байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 137-139 дэх тал/,
Гэрч Ц.З ын “2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би захиалга өгсөн хүний утсаар холбогдоод сансрын колонкийн хойд талд байрлах Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр гудамжнаас ... дугаарын эзэмшигчийн хамт хөх өнгийн приус 11 маркийн тээврийн хэрэгслийг .... улсын дугаартай bongo3 маркийн ачилтын машинаараа ачаад .... хашаанд буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн БЗД2-23-732 дугаартай “2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн Тоёота приус 11 загварын тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2,671,875 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-41 дэх тал/,
Гар утсанд үзлэг хийсэн “А.С ийн redmi note 9 маркийн гар утсыг нээж үзэхэд мессенжер буюу фейсбүүк чатад найзууд болон ... гэсэн фейсбүүк хаягтай иргэнтэй чаталсан чат байна. А.С нь яруу найрагч А.С гэсэн фейсбүүк хаягтай бөгөөд .... гэсэн хаягийн чат мессенжер хэсгийг шалгахад тээврийн хэрэгслийг ачилгын машинаар зөөсөн талаар хоорондоо бичсэн зурвас байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 46-49 дэх тал/,
Гар утсанд үзлэг хийсэн “П.Д ий самсунг А51 маркийн гар утсыг нээж үзэхэд мессенжер буюу фейсүүк чатад найзууд болон Яруу найрагч А.С гэсэн фейсбүүк хаягтай иргэнтэй чатласан байна. П.Д нь Д гэсэн фейсбүүк хаягтай бөгөөд Яруу найрагч А.С гэсэн хаягийн чат мессенжер хэсгийг шалгаж хоорондоо алдагдсан тээврийн хэрэгслийг худалдаж авах талаар харилцсан чат байх бөгөөд алдагдсан тээврийн хэрэгслийн зургууд байв. Бусад функцуудыг шалгаж үзэхэд А.С ийн .... тоот данс руу 950,000 төгрөг шилжүүлсэн интернет банкны гүйлгээ байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 56-60 дахь тал/,
А.С ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн “2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, харьцсан данс ..., орлого гүйлгээ 950,000 төгрөг, гүйлгээний утга “.. avsan, ....”, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, харьцсан данс ...., зарлага гүйлгээ 200,000 төгрөг, гүйлгээний утга “....” гэсэн тэмдэглэл /хх-ийн 50-55 дахь тал/,
Яллагдагч А.С ийн “Би хохирогч Б.Н ийн .... улсын дугаартай тоёота приус 11 загварын тээврийн хэрэгслийг Дөлгөөн гэгчид 950,000 төгрөгөөр зарж борлуулсан. Дөлгөөн хулгайн автомашин гэдгийг мэдээгүй. Би түүнд машиныг зарахдаа манай ахын машин, ах маань хөдөө байгаа, нэрийг нь шилжүүлэх боломжгүй машин гэж худлаа хэлж зарсан. Би өмнө нь фейсбүүк зараас Дөлгөөний тавьсан хуучин машин задаргаанд авна гэсэн зарыг харж өөрийнхөө эзэмшлийн мотор нь цохьсон тээврийн хэрэгслийг зарж байсан юм. Би Д-д надаас машин худалдаж авсан 950,000 төгрөг болон машин ачилтын 140.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч П.Д д А.С өөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дансаар 200,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр 500,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдөр дансаар 400,000 төгрөг шилжүүлэн өгсөн талаарх баримтууд /хх-ийн 62-64, 67 дахь тал/,
Хохирогч Б.Н ид мөрдөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Toyota prius 11 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, тус тээврийн хэрэгслийн гуперны хохиролд А.С өөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, П.Д өөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 150,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 65-66, 148 дахь тал/,
Шүүгдэгч А.С ийн хувийн байдалтай холбоотой
Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дахь тал/,
Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1044 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 89-94 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.С нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эх 1 дүгээр гудамжинд байсан иргэн Б.Н ийн эзэмшлийн Toyota prius 11 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,671,875 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Н , иргэний нэхэмжлэгч П.Д , гэрч Ц.З , яллагдагч А.С нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг хүлээлгөн өгсөн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.С нь урьд фейсбүүк зарын дагуу П.Д тэй холбогдож өөрийн эзэмшлийн хуучин тээврийн хэрэгслийг худалдаж байсан, хохирогч Б.Н 2023 оны 01 дүгээр сараас хойш өөрийн эзэмшлийн Toyota prius 11 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эх 1 дүгээр гудамжинд хашааныхаа гадаа байрлуулсан байсан, А.С нь энэ байдлыг далимдуулан дээрх тээврийн хэрэгслийг П.Д д худалдсан, П.Д нь А.С ийн заасан газарт очиж тээврийн хэрэгслийг ачиж авч явсан, хохирогч Б.Н нь тээврийн хэрэгслээ хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан гэх үйл баримт тогтоогджээ.
Бусдын эзэмшлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч өөртөө захиран зарцуулсан үйлдэл нь нууцаар авсан гэх хулгайлан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байна.
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг ашиглаж гүйцэтгүүлсэн байх боловч тухайн этгээдийн хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөлд төөрөгдөж хийсэн үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжгүй, санаа зорилго агуулаагүй үйлдийг гэмт хэрэгт тооцохгүй, хамтран оролцсон гэж үзэхгүй.
Шүүгдэгч А.С нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл ба уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Бусдын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр нууц далд аргаар халдан эд хөрөнгийг хууль бусаар авч захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогчийн зүгээс эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт сул байдал, иргэний нэхэмжлэгчийн зүгээс эзэмшигчийг нягтлан шалгаагүй хайнга хандсан байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н ид 2,671,875 төгрөгийн шууд хохирол, 350,000 төгрөгийн шууд бус хохирол тогтоогдсон, үүнээс тээврийн хэрэгслийг биет байдлаар буцааж хүлээлгэн өгч, гуперны мөнгийг өгсөн, иргэний нэхэмжлэгч П.Д д 1,150,000 төгрөгийн хохирол тогтоогдсон, үүнийг буцаан төлсөн байх тул А.С ийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.С нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч А.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч А.С ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.С ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан, үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээн тэтгэдэг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хохирол, хор уршгийн шинж чанар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С т хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А.С т мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.С т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С т хорих ял оногдуулахгүйгээр 8 /найман/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. А.С т шүүхээс тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А.С т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ