| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/03458/И |
| Дугаар | 102/ШШ2020/03303 |
| Огноо | 2020-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2020/03303
| 2020 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2020/03303 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороонд оршин суух Д овогт Ж-ын Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороонд оршин суух, Х овогт А-ийн С-д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 773 682 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б, А.С нар нь 2019 оны 2-р сарын 27-ны өдөр О ХХК-тай ЗГ19/81 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 4 800 000 төгрөгийг 719 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж Тоёота Приус маркийн машиныг өмчлөлдөө шилжүүлж авсан. Хариуцагч нар нь зээл авснаас хойш 2019 оны 6-р сарын 1-нд 500 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 4 731 105 төгрөг, хүү 2 826 789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215 786 төгрөг нийт 7 773 682 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас 7 773 682 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь Ж.Б, А.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 773 682 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
О ХХК нь Ж.Б, А.С нартай 2019 оны 2-р сарын 27-ны өдөр ЗГ19/81 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 4 800 000 төгрөгийг 719 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлэх, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус маркийн машиныг өмчлөлдөө шилжүүлэхээр /хх 10-14/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч нь 2019 оны 2-р сарын 27-нд 4 800 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн /хх 12/, харин зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүнд 500 000 төгрөг төлж, бусад зээл, зээлийн төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч нь гэрээний 2.1.1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.5, хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч 2019 оны 5-р сарын 22, 2019 оны 09-р сарын 07, 2020 оны 01-р сарын 21, 2020 оны 06-р сарын 23-ны өдрүүдэд 4 удаа мэдэгдэл /хх 15-19/ өгч, зээлийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна.
Энэ нь гэрээний 6.2.1-т заасан гэрээг цуцлах үндэслэл болжээ.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10-р сарын 06-ны өдөр, А.С нь 2020 оны 10-р сарын 09-ний өдөр тус тус хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг оршин суух хаягаар хүргүүлсэн боловч тухайн хаягт амьдардаггүй, байраа зарсан, тэдгээрийн 0000-0000, 0000-0000 дугаарын утсаар шүүх хуралдааны мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК болон Ж.Б, А.С нарын хооронд байгуулсан 2019 оны 02-р сарын 27-ны өдрийн ЗГ19/81 тоот зээлийн болон фидуцийн гэрээг цуцалж, Ж.Б, А.С нараас 7 773 682 /долоон сая долоон зуун далан гурван мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг гаргуулж О ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 209 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА