Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

    2024         01           08                                         2024/ШЦТ/46

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З-т холбогдох эрүүгийн 2306 00000 3781 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0-ийн 311 тоот өрөөнд болон тус дотуур байрны 00-ийн өрөөнд хохирогч Б.Т эр эмийг харилцаа хардалтын улмаас маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гараараа цохих шилэн аягаар цохих зэргээр зодож баруун, зүүн зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр оюутны дотуур байранд бид дөрөв байсан. Гаднаас Т орж ирсэн. А пивонд яваад 00 цаг болж байхад бид ууж дууссан. Т луу манай найз охин ёс бус хэллэгтэй чат бичсэн байсан. Хутга барьж дайраагүй. Би 2 удаа цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 21 цагийн үед оюутны байрандаа амрах гэж орсон. Тэгтэл манай өрөөний дээд курсийн З , мөн доод курсийн Ө , Түвшинбат, А гэх хүмүүсийн хамт байж байсан. Тэгтэл З намайг “архи ууя 10.000 төгрөг ол” гэж хэлсэн. Намайг ол гэж дарамтлаад байхаар нь би найзаасаа мөнгө зээлээд Ө  гэх хүүхдийн данс руу хийсэн. Тэгээд оюутны байрандаа хэвтэж байтал З намайг “орноосоо буугаад ир, архи уу” гэж дарамтлаад байсан. Би хоёр аяга пиво уугаад өрөөнөөсөө гараад ариун цэврийн өрөө рүү явтал, З араас дагаж гарч ирээд надад хандан “чи миний харьцдаг охинтой харьцдаг хэн бэ” гэж хэлэн миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод гэдэс рүү өвдөглөсөн. Тэгээд “араас ороод ир би чамайг ална” гэж хэлээд дагуулж ороод өрөөний орон дээр хэвтүүлж байгаад миний хоолойноос боогоод нүүр лүү олон удаа цохисон. Би “болиоч” гэж хэлтэл ширээн дээр байсан аягыг аваад миний толгой руу оносон. Дараа нь З ширээн дээр байсан хутга аваад намайг ална гэж дайраад байсан. Тухайн үед манай өрөөнд байсан хүмүүс салгасан. Одоо миний 2 нүдний доогуур хөхөрч хоолой урагдсан байна. ... Уг бүх гэмтлийг З миний биед учруулсан. Эхлээд араас угаалгын өрөө рүү орж ирээд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгээд би гараад өрөө рүүгээ ортол араас орж ирээд намайг орон дээр боож хэвтүүлж байгаад “би чамайг ална” гээд миний нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон, нүүр болон толгой руу олон удаа цохисон. Тэгээд би болиоч гээд манай өрөөнд байсан Түвшинбат Ө  хоёр салгасан. Тэгээд салгасны дараа З ширээн дээр байсан аягийг авч миний толгой хэсэгт оносон, З харьцдаг охинтойгоо намайг хардаж зодсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 8 дугаар хуудас),

Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдрийн орой 21 цаг өнгөрч байх үед оюутны байрны өрөөндөө Ө  Арвин-Эрдэнэ, Түвшинбат, З , Т нарын хамт мөнгөө нийлүүлж “Сэнгүр” нэртэй 4 том пиво авч уусан. Тэгээд Т бид хоёр 00 өрөө ороод би түрүүлээд гарах гэтэл З ах надтай зөрж “Т хаана байна” гээд 00 өрөө орсон. Тэгээд би өрөөнд орж ирээд сууж байтал З Т 2 гаднаас маргалдаж орж ирээд З Т  заамдаад орон дээр дарж унасан. Тэгээд орон дээр З ах Т  заамдаад тавихгүй байхаар нь би салгасан. Тэгээд тэр 2 салаад юу болсон юм гэтэл З ах “манай найз охин руу чат бичээд байна наадах чинь” гээд ширээн дээр байсан хоолны халуун савны таг авч Т рүү шидтэл нүүр хэсэгт нь оносон. Тэгээд больцгоо гээд Түвшинбат З ыг хориод салгасан. Т  00 өрөөнд байхад З ах надтай зөрөөд 00 өрөө рүү орсон, 00-д ямар маргаан болсныг би мэдэхгүй байна би өрөө рүүгээ явсан байсан, тэр хоёр гаднаас орж ирэхдээ маргалдаж хоорондоо зууралдаж орж ирээд З ах Т  заамдаад дээрээс нь дарж орон дээр дарж унаад тавихгүй байсан. Түвшинбат биднийг хүчээр салгасан. Орон дээр дарж хэвтэхдээ цохиж зодсоныг нь сайн хараагүй. Тэгээд бид хэд өрөөндөө унтацгаагаад маргааш өглөө нь сэртэл Т-ийн 2 нүд нь хөхөрсөн байсан. Тэрийг З ах л тийм болгосон. З ахын найз охинтой Т чат бичсэн байна гээд л хоорондоо маргалдсан. Ямар ч гэмтэл байгаагүй нүүр ам нь зүгээр байсан. Харин маргаан болоод унтаад сэрсний дараа 2 нүд нь хөхөрсөн, шанаа нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн орой өрөөнийхөө Т, З , Ө , Арвин-Эрдэнэ нарын хамт мөнгөө нийлүүлж 4 том “Сэнгүр” нэртэй пиво хувааж уугаад би ядраад орондоо ороод хэвтсэн. Тэгээд хэсэг зүүрмэглээд нэг сэртэл З , Т хоёр маргалдаж, З нь заамдаад Т  ор луу түлхэж дээрээс нь дараад хоорондоо зууралдаад байсан. Тэгээд Ө  бид хоёр хүчээр салгасан. Тэгтэл З ширээн дээр байсан нэг юмны таг аваад Т лүү шидээд хацар хэсэгт нь оносон. Тэгээд салгаад бид нар ор орондоо ороод амарцгаасан. З , Т хоёр маргалдаж заамдалцсан. Намайг орондоо орсон хойгуур тэр хоёр 00 өрөө орсон байсан. 00-д бас З нүүр лүү нь цохисон гэсэн. Гэхдээ би 00-ийн өрөөнд болсон зүйлийг бол хараагүй. Өрөөнд зууралдсан зүйлийг л харсан. Т л З ын найз охин руу чат бичсэн юм шиг байсан. Тэгээд л маргаан болсон. Яриаг нь сонсоод байхад тийм л зүйл ойлгосон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14111 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт баруун доод зовхи, баруун нүдний гадна буланд тархмал хамарсан зүүн нүдний гадна булан зүүн доод зовхи, зүүн хацар, шанааг тархмал хамарсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Духны зүүн дээд хэсэгт 4x3 см талбайд овойж хавдсан эмзэглэлтэй. Хүзүүний баруун хэсэгт 3x1 см, зүүн хажуу хэсэгт 1,5х 1 см хүрэн ягаан цус хуралттай. ДҮГНЭЛТ 1. Б.Т-ийн биед баруун, зүүн доод зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.З нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0-ийн 311 тоот өрөөнд болон тус дотуур байрны 00-ийн өрөөнд хохирогч Б.Т-тэй эр эмийг харилцаа хардалтын улмаас маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гараараа цохих шилэн аягаар цохих зэргээр зодож баруун, зүүн зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.З нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг Их сургуулийн оюутны байрны 311 тоот өрөөнд болон тус дотуур байрны 00 өрөөнд хохирогч Б.Т-тэй эр эмийг харилцаа хардалтын улмаас маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохих, шилэн аягаар цохих зэргээр зодож гэмтэл учруулсан байна.

Хохирогч Б.Т Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14111 дугаар дүгнэлтээр “баруун, зүүн доод зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.З ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.З нь хохирогч Б.Т  гараараа цохих, шилэн аягаар цохих зэргээр, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Б.Т Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14111 дугаар дүгнэлтээр “баруун, зүүн доод зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.З нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.З ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Д.З нь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх боловч түүнд баруун, зүүн доод зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогджээ.

Иймд хохирогч Б.Т өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Д.З аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Д.З ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид баруун, зүүн доод зовхи, баруун, зүүн нүдний гадна булан, зүүн хацар шанаанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл учирсан, 0  оюутан гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.З т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.Т нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Д.З аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл Д.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ