Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

      2020            3             31                                        2020/ДШМ/385                                                         

 

                                 Ш.С, Г.Г нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, С.Ш.С-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.С, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1908048621496 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ш.С-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Ш.С,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;

2. Г.Г,

Шүүгдэгч Ш.С нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцон дотор “чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэх шалтгаанаар Г.Г.Г харилцан зодолдож, Г.Г.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан;

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орц дотор “намайг залилсан мөнгөө өг” гэх шалтгаанаар Ш.Стой харилцан зодолдож, Ш.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.С, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Шийтэрийн Ш.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бажиг овгийн Ганхуягийн Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.С 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; шүүгдэгч Г.Г.Г 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, Г.Г нарын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 27 (хорин долоо) хоногийг тэдний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүгдэгч нарт оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 216 /хоёр зуун арван зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр эдэлсэнд тооцож, шүүгдэгч Ш.С биечлэн эдлэх ялыг 134 /нэг зуун гучин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Г.Г биечлэн эдлэх ялыг 134 /нэг зуун гучин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, Г.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тус бүр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, Г.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ш.С нь хохирогч Г.Гд төлөх төлбөргүй, хохирогч Ш.С нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.С, Г.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдэнд 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч  шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Ш.С нь “Түшигтэн Анар” ХХК-ийн захирал ажилтай, 2013 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Дээрх компани нь барилга, аялал жуулчлал, 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөлтэй. Хавтаст хэргийн материалд тус компанийн гэрчилгээг хавсаргасан байхаас гадна “ЭДМУН” ХХК-тай түрээсийн гэрээгээр контейнер түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг болохоос гадна сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн Хаан банкны 5034335249 дугаарын дансаар 20.837.904.56 төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн тогтоож болно. ...” гэжээ.

Иймд миний үйлчлүүлэгч Ш.С нь дээрх хуулийн шаардлагыг хангасан тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г, Ш.С нар нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Ш.С нь ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй. Хавтас хэрэгт зөвхөн компанийн гэрчилгээ л авагдсан байсан. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ш.С өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд Ш.Ш.С тодорхой орлого олдог гэж дансны хуулгыг гаргаж, торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй хэдий ч давж заалдах шатны шүүхэд тодорхой хэмжээний орлого олдог гэж баримт гаргаж өгч байгаа тул торгох ялаар өөрчлөх боломжтой. Гэхдээ торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.С нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцон дотор “чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэх шалтгаанаар Г.Г.Г харилцан зодолдож, Г.Г.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орц дотор “намайг залилсан мөнгөө өг” гэх шалтгаанаар Ш.Стой харилцан зодолдож, Ш.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г.Г “...би “миний БНСУ-руу явуулна гэсэн мөнгө хаана байна вэ, би тэр мөнгөө аваад явлаа” гэж хэлтэл Ш.С уурласан. Би тэгэхээр нь дургүй хүрээд гэрээс нь гартал араас дагаж гарч ирээд лифтэн дотор муудалцаад барилцаж авсан. Лифтнээс буугаад миний зүүн нүд рүү цохиод, унасан байхад өшиглөсөн. Би доор нь ороод өөрийгөө хамгаалж байхдаа нэг удаа зүүн нүд рүү нь цохисон. Ш.С миний зүүн нүд рүү цохиод, унагаагаад баруун талын шуу, тохой, өвдөг рүү өшиглөөд, хүзүү боож цус хуруулсан байсан. Толгойны зулай хэсэг зулгарсан. ...” /хх 135/,

хохирогч Ш.С “...Манай гэрт хоол цай идээд байж байхад нь би Г.Гд “ах нь бага насны хүүхэдтэй, ариун цэврийн өрөөнд бие засахдаа сууж байгаад бие засаарай” гэж хэлтэл “чи пизда сүртэй юм бэ” гээд уурласан. ...тамхи асуугаад байхаар нь “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж хэлсэн чинь намайг заамдаад зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Лифт онгойгоод барилцаад бид хоёр хана мөргөөд унасан. Манай орцны жижүүр доороос гарч ирээд, манай эхнэр бас гэрээс гарч ирээд, Уламбаяр тэд нар бид хоёрыг салгасан. Салгаж байх хооронд Г.Г зүүн нүд рүү миний гарын хуруу орсон. Унасан байхад нь бөгс рүү нь өшиглөсөн. Г.Г миний зүүн нүд рүү нэг удаа цохиж, заамдаж боосон. Би 2019 оны 6 дугаар сард аялалын компанийн журмаар 850.000 төгрөг Г.Гэс авсан. Уг мөнгө нь буцаан олголт байхгүй, материал бүрдүүлсэн баримтын зардалд ороод дууссан. ...” /хх 140/,

гэрч Д.Адъяагийн “...Г.Г гэх залуу манай нөхрөөс тамхи нэхээд, танайд татна гээд хэрүүл эхлэх шиг болсон. Тэрний өмнө та намайг АНУ-ын визэнд оруулсангүй гэх мэтээр согтуурхаад үг хаяад байсан. ...Лифтээр доошоо буугаад 1 давхарт ирээд эхэлж манай нөхрийн нүд рүү цохиход нөхөр зөрүүлээд 1 цохих шиг болсон. Г.Г гэх залуу орцны хана мөргөөд унасан. Унасан байхад нөхөр “чи муу яаж байгаа юм бэ, яв чи” гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөөд явуулсан. Г.Г манай нөхрийн нүдэн тус газар нь нэг удаа цохисон. Манай нөхөр Г.Г хөл гар луу нь цохиод, сүртэй юм болоогүй. Унасан байхад нь бөгс рүү нь нэг удаа өшиглөж, нүүр лүү нь нэг удаа цохисон. Г.Г визний талаар үг хаяад, гэр оронд тамхи татна, бие засна гээд согтуурхаад маргаан эхэлсэн. ...” /хх 18/,

гэрч Д.Уламбаярын “...Г.Г согтоод “та миний визийг гаргаагүй мөртлөө Уламбаярын Америкийн визний материалыг бүрдүүлж өглөө гэх мэтээр маргаан болсон. Ш.С ах “тайван бай” гээд “ариун цэврийн өрөө орохдоо сууж бие засаарай, би нялх хүүхэдтэй хүн” гэж хэлтэл Г.Г уурлаад “та намайг доромжиллоо” гэж хэлсэн. ...Лифтэнд ороод Г.Г Ш.С ахыг нэг удаа цохиход Ш.С ах зөрүүлээд зүүн нүд рүү нь цохиод, лифтнээс буухдаа хамт хана мөргөөд унасан. Унасан байхдаа Ш.С ах Г.Г бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Г.Г Ш.С ахын нүүрэн тус газар руу нэг удаа цохисон. Ш.С ахын хамарнаас цус гарсан гэхээр хамран тус газар нь Г.Г цохисон. Зодолдох болсон шалтгаан нь визний асуудлаас болж, дүүгийнхээ Америкийн визийг хөөцөлдөөд, миний визийг хөөцөлдөөгүй, БНСУ-руу гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар уурлаад байсан. ...” /хх 20/,

гэрч Т.Сүхбаатарын “...Ш.С гэх залуу согтуу, дахиад хоёр согтуу залуу, эхнэртэйгээ хамт бууж ирсэн. Ш.С туранхай, шар, өндөр залууг тамхи татуулахгүй, битгий тат гэхэд нөгөө залуу нь тамхи нэхээд байсан. Өндөр, туранхай, шар залуу Соёмбын нүдэн тус газар руу цохиод, Ш.С зөрүүлээд нүд рүү нь цохиод унагаасан. Унасан байхад нь дээрээс нь дэвсээд байсан. Миний харснаар 4 удаа өшиглөсөн. Соёмбын хамарнаас цус гарсан. Нөгөө залуугийн хамарнаас бас цус гараад, нүд нь хөхөрсөн. ...” /хх 93/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Г.Г, Ш.С нарын хэн алинд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмт учирсан болохыг тогтоосон 11198, 11522 дугаартай дүгнэлтүүд /хх 30, 36/,

2019 оны 10 дугаар сарын 8, 10-ны өдөр Г.Гэс хар өнгөтэй, улаан цагаан эмжээртэй футболк хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 4-5/, 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Г.Г.Г футболконд үзлэг хийхэд цэнхэр өнгийн, цагаан, улаан захтай, цагаан өнгийн захтай, ...улаан өнгийн эмжээртэй, ...уг цамцны хоёр талын зах сэмэрч урагдсан, футболкны ар хэсэгт 8.5 см, 10.3 см тус тус урагдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 41/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ш.С, Г.Г нар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “...торгох ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ш.Сд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял түүний хөдөлмөр эрхлэхэд нөлөөлсөн, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж тодруулан заажээ.

Шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх, оногдуулахгүй байх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. 

Шүүгдэгч Ш.С нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирлоо төлсөн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.С үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.С өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.Ш.С-ЭРДЭНЭ