Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0008 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 110/ШШ2020/0008
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х холбогдох;
“Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч К.Ержан, хариуцагч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Улсын байцаагчийн уг актад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс суутган З.Мэд олгосон ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг надаас гаргуулахаар акт үйлдсэн байна.
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагын талаар тодорхой зохицуулж өгсөн бөгөөд энэхүү зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна арилгана” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлснээс үүссэн эрсдэл, ялангуяа хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусдад гэм хор учруулсан нөхцөлд намайг ажиллуулж байгаа ажил ологч байгууллага эсвэл төр хариуцахаар тусгасан байна.
2.Мөн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаас үзэхэд илт санаатайгаар эсвэл болгоомжгүй байдлын улмаас гэх хоёрхон тохиолдлоор бусдад гэм хор учруулсан нөхцөлд л энэхүү заалт хэрэгжих учиртай. Мөн энэхүү заалтаас үзэхэд дээрх хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд хохирлоо төлүүлэх шаардах онцгой эрх Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт олгогдсон байна. Гэтэл миний хувьд 498.5-д заасан санаатай буюу илт болгоомжгүй байдлын улмаас бусдад гэм хор учруулсан асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн хуулиар олгосон төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн. Учир нь хэн ч ямар ч зорилгогүй болгоомжгүй байдлаар эрхийн акт буюу гэсэн захирамж гаргахгүй нь мэдээж тул дээрх заалтад заасан болгоомжгүй гэх нөхцөл миний үйлдэлд яригдах учиргүй. Харин санаатай гэх нөхцөлийн хувьд би Засаг даргын Тамгын газрын дарга З.Мийг ямар нэг байдлаар санаатайгаар ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй юм. Намайг 2016 онд Засаг даргаар томилогдох үед З.М нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд би томилогдохоос өмнө З.М нь үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй, тайлан тооцоогоо хугацаанд хүргүүлээгүй гэх мэт байдлын улмаас манай Засаг даргын Тамгын газраас нийгмийн даатгалын байгууллагад төлөх ёстой их хэмжээний өр үүссэнээс нийгмийн даатгалын байгууллага шүүхэд хандаж манай Засаг даргын Тамгын газраас их хэмжээний авлага гаргуулсан байх ба түүний гол буруутан нь З.М байсан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байх ба энэ асуудлын улмаас төрийн ажилд их саатал үүсэж, багагүй асуудал үүссэн бөгөөд аймгийн удирдлагын зүгээс буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Нэгэнт би төрийн албаны тасралтгүй байдлыг хангаж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгаж, хуулийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулах үүрэгтэй, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох хуулиар эрх олгогдсон төрийг төлөөлсөн албан тушаалтны хувьд З.Мэд сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс биш ямар нэг хувийг ашиг сонирхлын үүднээс санаатайгаар З.Мийг ажлаас чөлөөлсөн асуудал биш бөгөөд Засаг даргын хувьд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төрийг төлөөлөн эрхээ хэрэгжүүлсэн явдал юм. Мөн З.Мийг ажилд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах зэрэг шүүхийн шийдвэрүүдэд Засаг дарга С.Б би санаатай буюу болгоомжгүй байдлаар хүн хохироож бусдад гэм хор учруулсан гэсэн нэг ч үг, үсэг байхгүйгээс гадна энэ талаар өөр бусад эрх бүхий байгууллагаас Иргэний хуулийн 498.5-т заасан нөхцөлөөр бусдад гэм хор учруулсныг тогтоосон ямар ч эрхийн акт үгүй юм.
3.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” тус тус заасан байх ба Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2-т заасан зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллага нь дээрх Иргэний хуулийн 498.5-д заасан нөхцөлийг хангаж хохирлоо төлүүлж өгөхийг шаардаж зөвхөн гомдол шаардлага хүргүүлснээр тухайн захиргааны байгууллагын дээд шатны аудитын байгууллага хохирлыг төлүүлэх эрхээ хэрэгжүүлэх юм. Үүнээс биш Иргэний хуулийн 498.5-д зааснаар шаардах эрх тухайн захиргааны байгууллагад олгогдсон онцгой эрх тул аудитын байгууллагад захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол шаардлага ирүүлээгүй тохиолдолд аудитын байгууллага дангаараа дур мэдэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. Манай нөхцөлийн хувьд хохирлоо шаардах эрх бүхий захиргааны байгууллага болох Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын газарт хохирол төлүүлж өгөх талаар ямар ч гомдол шаардлага хүргүүлээгүй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин дур мэдэн акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал юм.
4. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж төрийн албаны үндсэн зарчимд тусгаж өгсөн байна. Харин Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих эхэлсэн хэдий ч дээрх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дангаараа хэрэгжих ямар ч бололцоогүй юм. Учир нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж тодорхой тусгаж өгсөн байх ба харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд нийцсэн буруутай этгээдээр төлүүлэх ямар ч зохицуулалт байхгүй байсан тул төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа болон бүх асуудал Төрийн албаны тухай хуулийн зарчмаар зохицуулагдах тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл нь Төрийн албаны хуульд харшлан хэрэгжих боломжгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болж, шинэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тусгаж өгснөөр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш л хэрэгжих нөхцөл үүссэн.
Манай нөхцөлийн хувьд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар бүхий шийдвэрээр З.Мэд сахилгын шийтгэл ногдуулсан миний Засаг даргын хувьд гаргасан захирамжийг хүчингүй болгож, түүнийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 10.103.584 улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нийт 10.173.784 төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн. Талууд бид дээд шатны шүүхүүдэд давж заалдах болон хяналтын гомдол гаргаж явсаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаар бүхий тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, З.Мийг Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/62 дугаар тушаалаар Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон. Энэхүү байдлаас үзэхэд З.Мтэй холбоотой шүүхийн шийдвэр болон бусад эрхийн актууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гарч дуусгавар болсон бөгөөд би З.Мийг ажлаас чөлөөлөх, ажилд эгүүлэн томилох ажиллагааны үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээгүй байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл хэрэгжих боломжгүй тухайн үед болсон явдалд энэхүү хуулийн заалтыг баримтлан акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал юм. Миний бие хуульд заасан хугацаанд улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаар дээд шатны албан тушаалтан улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13-2/7005 дугаар бүхий албан бичгээр хариу мэдэгдсэн байх ба хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу илгээсэн юм. Уг хариу албан бичгийг би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хуульд заасан 30 хоногтоо багтаан гомдол гаргаж байна.
Иймд дээрх байдлаар хууль зөрчин улсын байцаагч акт үйлдсэн байх тул Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт ,аудитын албаны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаар бүхий улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Иргэний хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан. С.Бийн тайлбарлаж байгаа нь бусдад болгоомжгүй байдлаар гэм хор учруулна гэдэг өөр асуудал, санаатайгаар гэдгийг тогтоосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын эрхийн акт байхгүй. С.Б тухайн үед Төрийн албаны тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээний дагуу төрийн алба тасралтгүй хэвийн явагдах нөхцөлийг хангах үүднээс З.Мэд сахилгын шийтгэл ногдуулсан. Нотлох баримт шинжлэн судлахад уншиж сонсгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт С.Б З.Мийг санаатайгаар ажлаас халсан гэсэн өгүүлбэр байхгүй. Харин ч З.Мийн гаргасан зөрчил бол сахилгын шийтгэл оногдуулахаар зөрчил байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэн байгаа. Энэ нь санаатай байдлаар хийсэн гэдгийг үгүйсгэж байгаа. Мөн шаардах эрх буюу С.Бээр хохирлоо төлүүлэх эсэх онцгой эрх тухайн хохирлыг арилгаж барагдуулсан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт олгогдсон эрх байгаа. Хариуцагч Х.Хы гаргаж өгсөн нотлох баримтад С.Бийн төрд учруулсан хохирлыг төлүүлж өгөх тухай ямар нэгэн санал гомдол аудитын байгууллагад хүргүүлээгүй.
Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах ёстой. Сонсох ажиллагааг утсаар мэдэгдсэн гэж тайлбар хэлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т утсаар санал авах гэж тусгаад өгсөн. 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасан. Хэрэв утсаар мэдэгдсэн бол энэ талаар баримтжуулж, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад эрхийн акт гарахаас өмнө хийгдэх ёстой ажиллагаануудын талаар авагдсан нотлох баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа мөртлөө өөрсдөө хуулийг зөрчиж акт тавьсан байна. Захиргааны байгууллага эрхийн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлах ёстой, хяналт шалгалтыг баталсан удирдамжийн дагуу хийх ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана: 5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал; 5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт; 5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт” гэж заасан. Шалгалтын тэмдэглэлд уг мэдээллүүдийг тусгаж өгсөн байх ёстой. Захиргааны акт гарсны дараа тухайн тэмдэглэлийг хөтөлж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа. Мөн төлөвлөгөөт бус шалгалт хийсэн гэж байна. Шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд 2-3 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар би утсаар мэдэгдсэн, дахиж надад холбогдоогүй гэж байна. Тухайн утсаар мэдэгдсэн болон тайлбар ирүүлээгүй байдлыг тэмдэглэлд тусган баримтжуулах ёстой. Уг ажиллагаануудыг зөрчиж эрхийн акт гаргасан. Иймээс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаар акт бүхэлдээ хууль зөрчиж гаргасан акт учраас хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Б нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай З.Мийг хууль бус ажлаас халсан нь бүх шатны шүүхээр тогтоогдож, З.Мэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.000.0 мянган төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6.163.4 мянган төгрөг бүгд 10.163.4 мянган төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс ажилгүй байсан хугацааны цалин болгон шүүхийн тогтоолыг үндэслэн олгожээ. Уг мөнгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэсэн заалтыг үндэслэн төрийн аудитын байгууллагын ирүүлсэн албан шаардлагын дагуу “Хохирол барагдуулах тухай” 18-01/80 тоот акт тогтоосон болно.
Миний бие тухайн актыг гаргахдаа Баяннуур сумын Засаг дарга С.Бт урьдчилан утсаар мэдэгдсэн. Ганцхан Баяннуур сумын Засаг дарга биш, хууль бус ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн мөнгийг эргүүлэн төсөвт төлүүлж, төрийг хохиролгүй болгож, акт тогтоох тухай манай байгууллагад аудитын байгууллагаас албан шаардлага өгөгдсөн. Албан шаардлагын дагуу удирдамж гаргаж, урьдчилан утсаар мэдэгдсэн. Гэхдээ өөрөө ирж уулзаагүй. Дараа нь актыг тогтоогоод актын нэг хувийг гардуулж өгөхөөр С.Бийг дуудахад хэд хоногийн дараа ирээд би хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд гомдлоо гаргана гэж яваад эргэж ирээгүй. Тэгээд актыг баталгаат шуудангаар явуулсан. Дараа нь С.Б Сангийн яаманд гомдол гаргаж, уг актыг улсын ерөнхий байцаагч бөгөөд Сангийн сайд хянаж үзээд, акт үндэслэлтэй болох талаар хариу ирүүлсэн болно.Сангийн яамнаас уг акт үндэслэлтэй гэж хариу ирсэн учраас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ актыг хүлээн авсан талаар, мөн улсын ерөнхий байцаагчийн албан тоотыг хүлээн авсан талаар С.Б нэхэмжлэлдээ дурдсан байна. Буруу шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр, магадлалаар нотлогдсон, уг хохирлыг барагдуулах үүрэг Санхүү хяналт, аудитын албанд байгаа. Төрийн өмнөөс хохирлыг барагдуулахын тулд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Иймд уг актаар тавигдсан 10.163.422 төгрөгийг З.Мийг хууль бус ажлаас халсан Баяннуур сумын Засаг дарга С.Б төлөхгүй гэх үндэслэл байхгүй болно, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актаар[1] “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс суутгасан З.Мийн цалин болох 10.163.422 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж, хохирлыг арилгах талаар чиглэл өгөгдсөн гэсэн” үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1,103.2-т заасныг тус тус баримтлан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт учирсан хохирол болох 10.163.422 төгрөгийг Баяннуур сумын Засаг дарга С.Бээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] Баяннуур сумын Засаг дарга С.Бийн сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дүгээр захирамжийг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, З.Мийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.103.584 төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч З.Мэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Мэд олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс 10.163.422 төгрөгийг гаргуулан З.Мийн дансанд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.
Мөн Үндэсний аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/170 дугаар албан бичгээр аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор нарт “... төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хохирлыг барагдуулснаас төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллах талаар тухайн байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид албан шаардлага өгөх” арга хэмжээг авч ажиллахаар чиглэл хүргүүлсэн. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газраас аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах”-аар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/80 дугаар албан шаардлага хүргүүлсэн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, 103.3-т “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тус тус зохицуулсан.
Дээрх байдлаар Баяннуур сумын Засаг дарга С.Бийн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн /З.М/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон гэж шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, захиргааны байгууллагын уг хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирол болох 10.163.422 төгрөгийг байгууллагын буюу сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан З.Мэд олгосон үйл баримт тогтоогдож байх тул иргэний хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1,103.2-т заасныг тус тус үндэслэн хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан болох Баяннуур сумын Засаг дарга ажилтай С.Бээр буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт нь үндэслэлтэй бөгөөд хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Бийн “...Иргэний хуулийн 498.5-д зааснаар шаардах эрх тухайн захиргааны байгууллагад олгогдсон онцгой эрх тул аудитын байгууллагад захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол, шаардлага ирүүлээгүй тохиолдолд аудитын байгууллага дангаараа дур мэдэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй,... 2002 оны Төрийн албаны тухай хуульд “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж тодорхой тусгаж өгсөн байх ба харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд нийцсэн буруутай этгээдээр төлүүлэх ямар ч зохицуулалт байхгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл нь Төрийн албаны хуульд харшлан хэрэгжих боломжгүй байсан. З.Мийг ажлаас чөлөөлөх, ажилд эгүүлэн томилох ажиллагааны үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээгүй байсан.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл хэрэгжих боломжгүй тухайн үед болсон явдалд энэхүү хуулийн заалтыг баримтлан акт үйлдэж буй нь хууль зөрчсөн” гэх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т зааснаар улсын ахлах байцаагч нь “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” бүрэн эрхтэй байхаар зохицуулсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны дагуу сумын Засаг даргыг шууд харьяалах буюу томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын дотоод аудитын нэгж болох Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаас төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь чиг үүргийн дагуу гаргасан шийдвэр байна гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.7-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд баримтлахаар зохицуулсан, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан. Эдгээр нь төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах тухай ерөнхий зохицуулалт бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Иргэний хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах талаар тус тус зохицуулсан байна. Мөн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг гаргуулах асуудлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.
Иймд төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах асуудлыг Захиргааны ерөнхий хууль хэрэгжихээс өмнө зохицуулаагүй байсан гэж үзэх үндэслэлгүй, мөн төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах, төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах асуудлын талаарх Төрийн албаны тухай /2002 он/ хууль болон Захиргааны ерөнхий хууль, бусад хуулийн зохицуулалтууд хоорондоо зөрчилдөөгүй байгаагаас гадна хариуцагч улсын ахлах байцаагч Х.Х нь маргаан бүхий актыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буюу Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш тогтоосон байх тул маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “...Иргэний хуулийн 498.5-д заасан санаатай буюу илт болгоомжгүй байдлын улмаас бусдад гэм хор учруулсан асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн хуулиар олгосон төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн. Мөн З.Мийг ажилд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах зэрэг шүүхийн шийдвэрүүдэд Засаг дарга С.Б санаатай буюу болгоомжгүй байдлаар хүн хохироож бусдад гэм хор учруулсан гэсэн нэг ч үг, үсэг байхгүй” гэж маргасан.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.Мийн гаргасан “Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт хууль ёсны эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, хохирол гаргуулах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, энэхүү хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирол болох З.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах ерөнхий зохицуулалтын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулжээ.
Нэхэмжлэгч Баяннуур сумын Засаг дарга ажилтай С.Бээс “санаатай үйлдлээр бусдад гэм хор учруулсан асуудал огт байхгүй, хуулиар олгосон төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэж маргах боловч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж зааснаар Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1,4.2.5-д тус тус зааснаар захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаар зохицуулсан. Гэтэл Баяннуур сумын Засаг дарга С.Бийн гаргасан сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул төрийн албан хаагчийг хууль бусаар халсан шийдвэр буюу шууд санаатай үйлдлийн улмаас иргэнд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй, иймээс иргэнд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтан болох сумын Засаг дарга С.Бээр буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийх, зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх, хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх, төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд 2-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэх гэсэн ажиллагаануудыг зөрчиж эрхийн акт гаргасан” гэж маргасан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана” гэж тус тус заасан байх ба харин төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохицуулсан 52 дугаар зүйлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тохиолдолд шалгуулагч этгээдэд урьдчилан мэдэгдэхээр зохицуулаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тус аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн удирдамжид заасан асуудлын хүрээнд тус албаны улсын ахлах байцаагчаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, холбогдох баримт бичгийг бүрдүүлснээр акт тогтоосон болох нь тогтоогдож байгаа ба энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн дахь 103.2,103.3 дахь заалттай тус тус нийцжээ. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар улсын ахлах байцаагч нь хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэл үйлдээгүй болох нь тогтоогдсон, мөн сонсох ажиллагаа явуулсан талаар “...удирдамж гарсны дараа утсаар С.Бт мэдэгдсэн, гэхдээ өөрөө ирж уулзаагүй” гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Хэдийгээр хариуцагч улсын ахлах байцаагчаас сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулснаа нотолж чадаагүй, хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэл үйлдээгүй болох нь тогтоогдож байгаа боловч дээр дурдсанаар Баяннуур сумын Засаг дарга С.Бийн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мийг ажлаас халсан шийдвэр хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль бусаар ажлаас халсны улмаас З.Мэд учирсан хохирол 10.163.422 төгрөгийг байгууллагын буюу сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгосон, төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх талаар ирүүлсэн албан шаардлагын дагуу эрх бүхий этгээдээс баталсан удирдамжийн хүрээнд улсын ахлах байцаагчаас хяналт шалгалт хийж акт тогтоосон, маргаан бүхий акт нь үндэслэлтэй энэхүү тохиолдолд дээрх үндэслэлүүд нь улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Бийн “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бийн “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ