| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0392/3 |
| Дугаар | 221/МА2026/0388 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0388
Х.Аийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Гомдол гаргагч: Х.А
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч Д.Г
Гомдлын шаардлага: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0135383 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Б, Т.С,
Хариуцагч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0392/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Х.Ааас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчид холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0135383 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаар шийдвэрээр: ... Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х.Ааас гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0135383 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Зөрчлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
3.1.1. Нийслэлийн эрүүл мэндийн газрын улсын байцаагч Д.Г нь гомдол гаргагч Х.Ад холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйл /Эрүүл мэндийн тухай хууль зөрчих/- ийн 1 дэх хэсэг "Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан..." гэх зөрчилд холбогдуулан шалгаж, тусгай зөвшөөрөлгүй тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлээр шийтгэж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмчлэх буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.9-д заасан өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг", мөн хуулийн 3.1.10-д заасан өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг", 3.1.11-т заасан "жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг", сэргээн засах буюу мөн хуулийн 3.1.21-т заасан өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг" эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй буюу Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 8.1 дүгээр зүйлийн 13-т заасан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн болох эрүүл мэндийн сайдаас олгосон зөвшөөрөлгүй эрхэлсэн тохиолдолд шийтгэл оногдуулахаар заажээ. Гэтэл гомдол гаргагч Х.А нь Э их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр суралцан төгсөж, 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 46 тоот тушаалаар D202122098 дугаарт бүртгэгдэж, Бакалаврын зэрэг хамгаалсан, мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 22-ны өдрийн А/395 дугаар тушаалаар Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.9-д заасан Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 06 сарын 22-ны өдрөөс 2026 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл 5 /Тав/ жилийн хугацаатай авсан билээ. Гэтэл анхан шатны шүүхээс "эмчлэх зөвшөөрөл-тэй эсэхийг нягтлах ёстой байхад хуулийн этгээдийн зөвшөөрлийг нягталж, заавал хуулийн этгээд байгуулж, зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, ажилтан буюу эмч байж эмчлэх эрхээ хэрэгжүүлэх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
3.1.2. Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.4-д заасан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн болох эрүүл мэндийн сайдаас олгосон зөвшөөрөлгүй эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.7 заасан зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад зөвшөөрөлтэй хүнийг хууль этгээд байгуулаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Х.А нь Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.4-т заасан "ЭМЧЛЭХ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ зөвшөөрөлтэй. Гэтэл түүнийг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.12.-т заасан "эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх" зөвшөөрөлгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Зөвшөөрлийн тухай хуульд, Зөрчлийн тухай хууль тус хоёр өөр тусгай зөвшөөрлийг хамтад нь авна гэж заагаагүй, мөн Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.12-т заасан зөвшөөрөл хамааралгүй юм. Үүнээс үзвэл улсын байцаагч болон анхан шатны шүүхээс Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд, гомдол гаргагч Х.А нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад үндэслэл буюу эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа огтоос эрхэлдэггүй хуульд заасан зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байхад дээрх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:
3.2.1. Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажуулсан хүн бүрийн суурь эрх буюу жам ёсны эрх юм. Хүн өөрийн хүсэл сонирхол, ур чадварт тохирсон ажлыг хэн нэгний шахалтгүйгээр чөлөөтэй сонгож, хөдөлмөрлөх бүрэн эрхтэй. Гомдол гаргагч нь өөрийн Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрхээ эдэлж, өөрийн эзэмшсэн мэргэжлээр, тусгай зөвшөөрлөө авч, хүнийг үзэх, эмчлэх эрхээ авч, эрүүл мэндийн туслалцаа үзүүлснийхээ төлөө хууль зөрчлийн хэмээн буруутгагдаж буй нь үндэслэлгүй бөгөөд хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Эмч хүн учир хувийн аж ахуй эрхлэх эрхгүй мэтээр дүгнэж, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг нь мөн зөрчсөн гэж үзэж байна. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын улсын байцаагч Д.Г нь 2026 оны 03 сарын 12-ны өдрийн №0135383 дугаар шийтгэлийн хуудастаа Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах" гэх 4 төрлийн үйл ажиллагаанаас алийг нь тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэдэг үндэслэлээ тодорхой дурдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн хууль зүйн үндэслэлээ тодорхой хэлдэггүй гэдгийг энд дурдах нь зүйтэй. Үүгээр зогсохгүй тусгай зөвшөөрөлгүйгээр тусламж үзүүлсэн" гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйл буюу Эрүүл мэндийн тухай хууль зөрчих гэх зөрчилд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан хэр нь шийтгэл оногдуулахдаа тусламж үзүүлсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих гэх зөрчлийн ойлголттой хольж эрх зүйн зөрчилтэй, хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл, оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ шийтгэлийн улмаас Х.А нь Зөрчлийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл хүлээж 300 нэгжээр торгуулах, эмчлэх эрхийн хүрээн явуулсан үйл ажиллагааны орлого болох 5,715,000 төгрөгийг улсын орлогод төлөх, эмчлэх эрхийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад анхаарч үзсэнгүй.
3.2.2. Мөн хууль бус орлогыг тооцохдоо хамтран ажилдаг эмчээс нь шилжүүлсэн мөнгийг бусдыг үзэж олсон орлого мэтээр тайлбарлаж хураан авахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад нотлох баримт байхгүй, өөрөө нотлоогүй гэх үндэслэлээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан зөрчлийн шинж чанарыг маргаан бүхий зөрчилтэй адилтган тайлбарлаж хэрэглэж буй нь хуульд нийцэхгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль зөрчих зөрчил нь "эмнэлэг байгуулалгүйгээр ажиллах", "зохих зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг зөрчлийн шинжийг өөртөө агуулах бөгөөд үүнийг Зөрлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эмчид хамаарах, эмчлэх тусгай зөвшөөрөлтэй хольж хутган хэрэглэж болохгүй юм. Өөр өөр эрх зүйн үр дагавартай хоёр зөрчлийг төсөөтэйгөөр тайлбарлаж, 6.7 дугаар зүйлд заасан зөрчлийг 6.8 заасан зөрчлийн шинжээр тайлбарлах нь Зөрчлийн тухай хуулийг зорилго, агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0135383 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч Х.Ааас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчид холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0135383 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2.1. Маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0135383 тоот шийтгэлийн хуудсаар эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр гомдол гаргагч Х.Ад 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Анхан шатны шүүх ... эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх нь дангаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг бие даан эрхлэх эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг үүсгэхгүй бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрхлэхийн тулд холбогдох чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна ... гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
2.3. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;, 3.1.5-д "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг;, 13 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл гээд 13.1.2-т эмнэлгийн тусламж, үйлчилгээ, 13.4-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна.,19 дүгээр зүйлийн 19.3-д Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно: гээд 19.3.1-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх, 25 дугаар зүйлийн 25.1-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж,
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг;, 3.1.2-т "эмнэлэг" гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг; гэж тус тус заасан.
2.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд байх бол эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн боловсрол эзэмшиж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хувь хүн байна. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь зөвхөн эрх бүхий байгууллагын хүрээнд эрх бүхий эмнэлгийн мэргэжилтнээр дамжин хэрэгжих бөгөөд байгууллага нь үйлчилгээний зохион байгуулалт, нөхцөл, чанарын баталгааг, харин эмнэлгийн мэргэжилтэн нь оношилгоо, эмчилгээ, сувилгааны мэргэжлийн үйл ажиллагааны хууль ёсны байдал, үр дүнг тус тус хариуцах уялдаа холбоо бүхий цогц үйлчилгээ байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл нь тухайн байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх эрх олгож байгаа бол эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь иргэнийг эмчлэх мэргэжлээр ажиллах эрхийг олгож байгаа зөвшөөрөл юм.
2.5. Гомдол гаргагч Х.Аийн хувьд Э их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийг Нүүр амны их эмчээр суралцаж төгсөж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/395 дугаар тушаалаар Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай олгожээ.
2.6. Тухайн тохиолдолд гомдол гаргагч Х.А нь зөвхөн эмчлэх мэргэжлээр ажиллах зөвшөөрөлтэй байх бөгөөд энэ нь дангаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг бие даан эрхлэх эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг үүсгэхгүй бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрхлэхийн тулд холбогдох чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.7. Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүээр зүйлийн 19.1, 19.3.1-д тус тус зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан энэ тохиолдолд хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.8. Түүнчлэн, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.4-д эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус үйл ажиллагааг эрхлэхийг хуульчилсан байх төдийгүй хэрэгт авагдсан нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/876 дугаар албан бичигт ... нүүр амны их эмч мэргэжлээр эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эрүүл мэндийн ажилтан нь бие даан эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд хуулийн этгээд байгуулж, тухайн чиглэлийн зохих тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай ... хэмээн тайлбарлаж ирүүлсэн нь Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалттай нийцэж байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... эмчлэх зөвшөөрөлтэй эсэхийг нягтлах ёстой байхад хуулийн этгээдийн зөвшөөрлийг нягталж, заавал хуулийн этгээд байгуулж, зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, ажилтан буюу эмч байж эмчлэх эрхээ хэрэгжүүлэх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь буруу ... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
2.9. Мөн Э ХХК нь шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй хэдий ч гомдол гаргагч Х.А нь зөвхөн тухайн Э ХХК-ийн байр тоног төхөөрөмжийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Бүртгэлийн 1653 дугаар түрээсийн гэрээний үндсэн дээр ашигладаг, үүнийгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргээс үзэхэд гомдол гаргагчийг тухайн хуулийн этгээдийн нэр дээр олгогдсон тусгай зөвшөөрлийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах эрхтэй байсан гэж үзэхгүй. Учир нь тус хуулийн этгээдийн шүдний оношилгоо, эмчилгээний чиглэлийн тусгай зөвшөөрлийг гомдол гаргагч Х.А ямар нэгэн байдлаар шилжүүлж авсан, хамтран эзэмшигч болсон нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2.10. Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь бусдын эрх, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хуулиар тогтоосон зохицуулалтын хүрээнд хэрэгжихээр эрх зүйн агуулгатай буюу гомдол гаргагч нь нүүр амны их эмч мэргэжлээр ажиллах, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн зөвшөөрлийн хүрээнд хөдөлмөр эрхлэх эрхтэй боловч энэ нь эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр бие даан эрхлэх, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулах эрхийг шууд бий болгохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
2.11. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... хууль бус орлогыг тооцохдоо хамтран ажилладаг эмчээс нь шилжүүлсэн мөнгийг бусдыг үзэж олсон орлого мэтээр тайлбарлаж хураан авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... гэж дурддаг бөгөөд хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд шүдний төлбөр гэх утгатай гүйлгээнүүд хийгдсэн байх бөгөөд эдгээр гүйлгээг хамтран ажилладаг эмчээс нь шилжүүлсэн тусдаа хувийн мөнгө гэж үзэх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА