| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
2024 01 15 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч К.Чимгээ /томилолт/,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О д холбогдох эрүүгийн 2306 05555 0015 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Г.О нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Гал унтраах ... дугаар ангид “машин дутуу угаасан” гэх шалтгаанаар Г.Б тэй маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Г.Б ийн мэдүүлэг /хх-ийн 9-10 дахь тал/, гэрч Г.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14042 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/, яллагдагч Г.О ийн мэдүүлэг /хх-ийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Г.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.О д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ