| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2020/03752/и |
| Дугаар | 182/ШШ2020/02438 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2020/02438
| 2020 10 29 | 182/ШШ2020/02438 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигон овогт Натарын Г /РД:ЕЛ59020612/, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол 113 байр 43 тоот
Хариуцагч: “О” ОНӨААТҮГ /РД:2117118/, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Г.Бумцэндийн гудамж, өөрийн байр
гэм хорын хохиролд 4,788,560 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Норжинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранзаяа, Р.Жамьянжав, Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гадаад улс руу хувийн ажлаар явж, 2018 оны 02 сарын 18-ны өдөр эргэн ирсэн. Тэрээр гадаад улс руу зорчихоос өмнө буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр “О” ОНӨААТҮГ-ын ХҮТ-2 буюу өөрийн харьяалагдах конторт нүүр гарын угаалтуурын крантаас ус гоожоод байгаа талаар дуудлага өгч засварыг хийж гүйцэтгүүлсэн. Нотлох баримтад хавсаргасан дуудлага өгсөн тухай баримтаас хархад “113-43 тоот гол солив” гэсэн агуулга бүхий тэмдэглэл байгаа. Н.Г нь гадаад улсад байхдаа ус алдсан тухай өөрийн бага охиноос 2018 оны 01 сарын 21-ний өдөр утсаар сонссон. Ус юунаас болж алдсаныг тодруулахад нүүр гарын угаалтуурын холигч хүчтэй даралттай ус ирсний улмаас буудаж төмөр нь хагарсан байсан. Дээрх ус алдсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 15-р хороолол 4-р хороо 113 байр 40 тоот буюу тэдний доод давхрын айл болох Л.А нь иргэний хэргийн маргаан үүсгэж, анхан шатны шүүхээс хяналтын шатны шүүх хүртэлх гурван шатны шүүхээр тус хэргийг шийдвэрлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Н.Ггээс учирсан хохирол болох 3,938,560 төгрөгийг гаргуулж Л.Ад олгохоор тус тус хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж эцэслэсэн. Тус маргааныг шийдэхэд “О” ОНӨААТҮГ, ХҮТ 2-ыг гуравдагч этгээдээр татаагүй шийдэрлэсэн билээ.
Гурван шатны шүүх хэргийг хянан шийдэрлэх явцад Н.Гд та хохирлоо “О”-аас нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж удаа дараа дурьдаж байсан. Тус хэргийг шийдвэрлэх явцад манай хүсэлтээр шүүх уг шинжээч томилж, дүгнэлт гарсан ба шинжээчийн дүгнэлтийн 2.1-т холигчийн голд гэмтэл үүсч, ус алдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байхад ус холигч крантыг иж бүрнээр нь солихгүй, уг холигчийг иж бүрнээр нь солихыг хэрэглэгчдэд зөвлөөгүй, 2.3-т нэгэнт эзэнгүй байгаа айлд ус алдсаны улмаас хэрэглээний усыг ташраар нь босоо шугамаар нь хаасан байхад холбогдох арга хэмжээг авалгүйгээр дахин ус тавьж алдалтыг ихэсгэж, хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн нь орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 оршин суугч нь эзэнгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн орон сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай сууц өмгөөлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчдын эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөн гэж заасан.
Н.Г нь гадаад улсруу явахаас өмнө ХҮТ-2-ын засварчин нь түүний өгсөн дуудлагын дагуу угаалтуурын холигчийн голыг сольсон байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд холигчийн голд гэмтэл үүссэнээс ус алдсан байна гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг гаргах явцад шинжээч ажлын зураг авалт хийж, дараах байдлыг ажигласан байна. Үүнд: “О” ОНӨААТҮГ-ын ХҮТ-2-ын холбогдох баримт бичгийн хөтлөлт хангалтгүй, ажлын зохион байгуулалт муу, “О” ОНӨААТҮГ-ын ХҮТ-2-ын засварчид, инженер техникийн ажилтнуудын мэдлэг, чадвар тааруу, сахилга хариуцлага сул зэрэг зүйлийг илрүүлсэн байна. Үүнээс хархад “О” ОНӨААТҮГ-ын ХҮТ-2-ын ажилчдын хариуцлагагүй байдлаас үүдэн эзэнгүй байсан байранд ус алдаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хангалттай үндэслэл байгаа учир тус гэм хорыг учруулсан байгууллагыг Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Гд учруулсан гэм хорын хариуцлага болох нийт 4,788,560 төгрөгийг “О” ОНӨААТҮГ-аас гаргуулан өгч учирсан хохирлыг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Бид иргэн Л.Агийн шаардсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд энэхүү учирсан хохирлыг бид биш харин “О” ОНӨААТҮГ-аас төлөх ёстой билээ. Улсын дээд шүүхийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 001/ХТ2020/00128 тоот тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 3,938,560 төгрөгийг, доод давхрын айлд засварын ажил хийж өгөхөөр Н.Огэх засалчинтай хөлсөөр ажиллаж гэрээ байгуулан, урьдчилгаанд 350,000 төгрөгийг төлснийг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилнэ гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анх 2017 оны 12 сарын 26 өдрийн 21 цаг 17 минутанд Баянзүрх дүүргийн 4 дүүргийн хорооны 113-р байрны 43 тоотоос дуудлага өгсний дагуу засварчин Н.Мочиж ванны өрөөнд байрлах угаалтуурын холигчийн гол сольж зөвөлгөө өгсөн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр н.Хосбаяр инженерийн ээлжинд шөнө 02 цаг 55 минутанд 113-р байрны 34 тоотын дээрээс ус алдсан дуудлагын дагуу очиж шалгахад 5 давхрын 43 тоот эзэнгүй байсан ба доод давхрууд руу ус алдаж байсан тул таширын усыг 03 цаг 08 минутанд засварчин Б.Бат-эрдэнэ хаасан болно. 2018 оны 01 сарын 22-ны өдөр н.Уранчимэг инженерийн ээлжинд 16 цаг 03 минутанд 113-р байрны 34 тоотоос “...дээд айл хүнтэй байна, тиймээс ус нээж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу засварчин Н.Н таширын ус нээсэн боловч эргээд 16 цаг 35 минутанд ус алдаад гээд дахин дуудлага өгсөн тул дахин ташираар нь хаасан. Тус байрыг хариуцсан борлуулалтын байцаагчийн бүртгэлд манай байгууллагатай гэрээ хийгээгүй холбоо барих утасны дугаар тэмдэглэгдээгүй байсан тул тус байрны 43 тоотын эзэмшигчтэй холбогдож чадаагүй тул таширт усыг дахин хаагаад 2018 оны 01 сарын 22-ны орой 113-р байрны 43 тоот ирж холигч солиулж таширын усыг 19 цаг 59 минутанд ус нээсэн. Манай байгууллага нь 43 тоотын оршин суугчийн хүсэлтээр 2017 оны 12 сарын 26-нд холигчийн гол сольж өгөөд шалгаад, оршин суугчид хүлээлгэн өгсөн ба 25 хоногийн дараа холигчийн их бие хагарч ус алдсан нь солигдсон холигчийн голд хамааралгүй тул энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Түүнчлэн даралт ихтэй ус ирснийг юугаар нотлоод байгаа юм бэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, техникийн комиссын акт, дуудлагын дэвтрийн болон шуурхай үйлчилгээний ажлын тэмдэглэлийн хуулбар, параметрийн тэмдэглэл, 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 128 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, дансны хуулга, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн төлбөр хүлээлгэн өгсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч “О” ОНӨААТҮГ-т холбогдуулж гэм хорын хохиролд 4,788,560 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн 4 дүүргийн хорооны 113-р байрны 43 тоотод оршин суугч Н.Г нь ариун цэврийн өрөөний угаагуурын крантнаас ус гоожиж буйг засварлуулах тухай дуудлагыг өөрийн харъяалагдах Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 байгууллагад 2017 оны 12 сарын 26 өдрийн 21 цаг 17 минутанд өгсний дагуу тус төвийн засварчин Н.Мирж угаалтуурын холигчийн голыг сольж засварласан, Н.Г 2017 оны 12 сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл гадаадад явж байр нь эзэнгүй байсан, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн н.Хосбаяр инженерийн ээлжинд шөнө 02 цаг 55 минутанд 113-р байрны 34 тоотын дээрээс ус алдсан гэсэн дуудлагын дагуу засварчин Б.Бат-эрдэнэ очиход 5 дугаар давхрын 43 тоотоос доод давхрууд руу ус алдаж байсан ба эзэнгүй байсан тул таширын усыг 03 цаг 08 минутанд хааж арга хэмжээ авсан, 2018 оны 01 сарын 21-ний өдөр н.Уранчимэг инженерийн ээлжинд 16 цаг 03 минутанд 34 тоотоос “...дээд айл хүнтэй байх тул ус нээж өгөөч” гэсний дагуу засварчин Н.Н таширын ус нээсэн боловч дахин 37 тоотоос 16 цаг 35 минутанд ус алдлаа гэж дуудлага өгсний улмаас халуун хүйтэн усыг дахин ташираар нь хаасан, 43 тоотоос дуудлага өгсний дагуу засварчин Н.Н очиж 19 цаг 59 минутанд 43 тоотын ариун цэврийн өрөөний угаагуурын холигчийг сольж усыг нээсэн нөхцөл байдлууд талуудын тайлбар, техникийн комиссын акт, дуудлагын дэвтрийн болон шуурхай үйлчилгээний ажлын тэмдэглэлийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүүргийн хорооны 113-р байрны 43 тоотын доод айл болох 40 тоотын оршин суугч Л.А нь ус алдсанаас учирсан хохиролд 43 тоот байрны өмчлөгч Н.Ггээс мөнгө нэхэмжилж шүүхэд хандан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Н.Ггээс 3,861,821 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Л.Ад олгохоор шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаар тогтоолоор шийдвэр хэвээр үлдэж хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу хохирлын мөнгийг Н.Г Л.Ад төлж барагдуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч дээрх мөнгийг тэмдэгтийн хураамж 76,739 төгрөг, байранд засвар хийлгүүлэхээр бусдад урьдчилгаанд өгсөн гэх 350,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийн хамт, нийт 4,788,560 төгрөгийг сантехникийн засварчныг ажиллуулж байсан байгууллагаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хариуцагч байгууллагын ажилтан-засварчны буруутай үйлдлийн улмаас ус алдсан, хохирол учирсан гэж үзсэн ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна.
Л.Агийн нэхэмжлэлтэй Н.Гд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцанд ус алдсан шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх ба шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүүргийн хорооны 113-р байрны 43 тоот байрны ариун цэврийн өрөөний угаагуураас ус алдсан шалтгааныг
Нэхэмжлэгч Н.Г өөрийн байрны ариун цэврийн өрөөний угаагуурын крантнаас ус гоожиж байсныг засварлуулахаар 2017 оны 12 сарын 26 өдрийн орой дуудлага өгсний дагуу хариуцагч байгууллагын засварчин Н.Мирж угаагуурын холигчийн голыг сольж засварласан байдаг ба ийнхүү засварлахдаа мэргэжлийн ажилтны хувьд осол гэмтэл гарахааргүйгээр эд ангийг солих засварлах боломжтой байсан гэж, хуучирч элэгдсэн байхад холигч краныг иж бүрнээр нь солиогүйгээс 24 хоногийн дараа холигчийн корпус хагарч задарснаас ус алдсан, үүнд ажилтан буруутай гэж шүүх үзнэ. Засварчин Н.Мтухайн үед хариуцагчийн ажилтан мөн байсан дээр хариуцагч маргахгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ. Иймд ажилтны буруугаас нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй байна.
Гэхдээ нэхэмжлэгч урт хугацаагаар гадаад улсад явахдаа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдэгдэж, өөрийн байранд хамаарах усны хаалтыг хаалгах зэргээр аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах байтал нэхэмжлэгч ийм арга хэмжээ аваагүй буруутай байдал харагдаж байна. Иргэний хуулийн 514.1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу хариуцагчийн хариуцах хохирлын хэмжээг багасгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр Л.Ад төлсөн мөнгөний хэмжээгээр хохирсон гэж үзэх үндэслэлтэй ба түүний 50 хувь болох 1,930,910төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Байранд засвар хийлгүүлэхээр бусдад урьдчилгаанд өгсөн гэх 350,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийн асуудал урьд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдэж байсан байх бөгөөд аль байранд ямар засвар хийсэн нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгч Н.Г шүүхэд нотлох баримт бүрдүүлж гаргахын тулд гаргасан зардал хариуцагчийн ажилтны буруутай шууд шалтгаант байдлаар холбогдохгүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1ийг баримтлан “О” ОНӨААТҮГ-аас 1,930,910 төгрөгийг гаргуулж Н.Гд олгож, нэхэмжлэгчийн 2,857,650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “О” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 45,845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 91,566.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Т.ЭНХТУЯА