| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Т-ын Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын.. .-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн,.. . настай, яс үндэс ..., ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум.... дугаар баг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч овгийн Т-ын Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т-ын Э нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг аюулгүйн тойргийн засмал замд .... улсын дугаартай Toyota sai /Тоёота сай/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "б" дэх заалт буюу “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” 23.8 "суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Х.Ц-ын жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т-ын Э нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр аюулгүйн тойргийн засмал замд ... улсын дугаартай Toyota sai /Тоёота сай/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "б" дэх заалт буюу “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” 23.8 "суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Х.Ц-ын жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Х.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 22-23/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Э.А-ийн мэдүүлэг /хх-ийн 32-33/, насанд хүрээгүй гэрч Э.А-ын мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/ насанд хүрээгүй гэрч Э.А-ны мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-108/, ...-ний 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 117-118/, Техник эвдрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 122-125, 127-129/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 135-136/, ...-ын замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-143/, шүүгдэгч Т.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 158-159/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Х.Ц нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь хохирогч Х.Ц-ын эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 3,033,550 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд зарцуулсан 852,000 төгрөгнөөс 700,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан үлдэгдэл 152,000 төгрөгийг цалингаасаа төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 152,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын Их хурлын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Т-ын Э /РД:.../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-аас хохирогч Х.Ц-ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийн үлдэгдэл 152,000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
5. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц